ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-22
Нэгдүгээр ангиас нь гадаад хэлтэй сургуульд хүүхэд оруулахыг хуулиар хориглоё
А. Байгалмаа > Нийтлэгч | 389 удаа уншсан
2017-01-06 18:22:20

Эх хэл сөнөлөө мөхлөө гэдэгтээ тулаад одооны энэ хүүхдүүдийг ээ гээд чичлээд суух нь оновчтой бус юм. Үндэсний эх хэлний торгон манаанд зогсох дараагийн хилчид бол бидний ирээдүй үе мөн гэж бодож байгаа бол тэднийг сурган хүмүүжүүлэх их үүрэг нь биднийх гэж бас ойлгох хэрэгтэй.

Энд хувь хүн айл өрхийн хариуцлагаас гадна бас л нөгөө төрийн бодлого гээч нь дутаад байх.  Үнэхээр монгол хэлээрээ ярьж сэтгэж чадахгүй хүүхдүүд олноороо өсөж байна. Зөвхөн монгол төрхтөй гэхдээ бас яалтгүй монгол хүнээс гарсан гадаад хүн гадаадад болоод монголд олширч байна. Гадаадад байгаа нь өнгөрсөн хэрэг дотооддоо ийм хүмүүсийг нэмээд байх хэрэг байна уу. Өөрсдөө бид зохиомолоор тийм хүмүүсийг сурган  өсгөөд дараа нь бид хэндээ гомдож суух юм бэ. Баярхаж чамирхахын өвчин тусаж зарим нь тэднээс дутахгүйг хичээн байдгаа барж  нялх хүүхдээ гадаад хэлтэй сургуульд өндөр үнэ төлөн явуулж байна.  Хүүхдээ монгол сэтгэхүй хэл соёлоос нь хөндийрүүлэхэд хэтэвчээ нимгэлэн хүүхдээ зовоох нь хаанахын ёс  хэний зарлиг юм.

Эх хэлээ бүрэн сураагүй хүүхэд шууд л гадаад хэл сураад түүгээрээ сэтгээд эхлэхээр яах болж байна. Гадаад хэл хичнээн сайн эзэмшээд монгол хэлээ мэдэхгүй болохоор орчуулга ч хийж чадахгүй байх. Орчуулга хийж чадахгүй гадаад хэлтэй хүнийг хэлний боловсролтой хүн гэж хэлэх нь учир дутагдалтай. Нэгдүгээр ангиасаа гадаад  хэлтэй сургуульд орсон хүүхдүүдийн хөгтөй ярианы түүх зөндөөн л байх юм. Энэ нь инээдэм биш эмгэнэл гэдгийг  ойлгоосой.   Манай нэг танил айлын охин орос сургуульд сурдаг юм.

Тэр охин эмээгээ гэртээ ганцаар байхад нь орж очоод “Эмээ таны ард зогсож байгаа хоёр аягыг би авчих уу”  гэж хэлээд эмээгээ айлгасан удаатай. Гэртээ ганцаар байсан эмээ нь  ихэд сандран “ Цөг чи миний ард юу зогсож байна”  гэж уулгалсан гэдэг.  Ээрч муурч үгээ эрж хайж ядсан тэд ээж ааваасаа үүнийг монголоор яг юу гэж хэлэх вэ би ойлгоод байгаа ч хэлж чадахгүй нь гэж тусламж  хүсэх нь энүүхэнд.  Ийм монгол хүнийг бий болгосон ээж аавууд өөрсдөө буруутай. Ер нь манайхан гадаадаар гангалан гайхуулах өвчнөөсөө салах цаг аль хэдий нь болих цаг нь ирсэн баймаар. Дээхнэ үед гадаад хүн гэхээр  соёлтой мундаг бидэнтэй харьцуулшгүй бурхан мэтээр ойлгодог байв. Дараа нь гадаадад гарч чадвал гайхамшигтай болж хувирсан. Мөн гадаад хэлгүй л бол хүн биш гэхээ шахсан. Мэдээж хэлтэй бол хөлтөй гэдэг үнэн хэдий ч хэзээ хэдэн настайдаа ямар үе шатаар бас хэн нь сурах нь бас л хэм хэмжээ бодох асуудал  юм.  Өөрийн орондоо байгаа хэн боловч ихэмсэг эрхэмсэгээр өөрийн хэл соёлоороо гайхуулан суух учиртай.

Англи хэлтэй Франц хүнтэй нутагт нь ангилаар ярих гэвэл ойлгосон ч үл тоон  францаар ярихыг шаардана. Гэтэл манайхан долдой гэдэг нь. Өөр өөрийнх нь хэлээр л ярихгүй бол болохгүй мэт гүйнэ. Эх хэлийг нь мэддэг ч бай  төр засгийнхан гадаадынхантай ярихдаа  зөвхөн эх хэлээрээ ярих ёстой төдийгүй яриагаа орчуулагчаар дамжуулах ёстой. Зарим нь хэл мэддэгээ гайхуулах гэж далдагнахаа больсон нь дээр.  Монгол цэцэрлэгт явдаг эрлийз хүүхэдтэй багш нь  тэр хүүхэдтэй ойлголцох гэж тухайн хэлээр нь ярьж байх юм гэнэ.

Гадаадын өчнөөн оронд монгол хүүхэд цэцэрлэг сургуульд явж байгаа   гэтэл  багш нь  хөөрхий энэ монгол хэл ойлгохгүй нь гээд монголоор ярина гэж төсөөлөөд ч хэрэггүй. Доголдож сэтгэсэн алдааг авхаалжтайгаар ашиглан гадаад хэлний бага сургууль байгуулж  манай зарим  нэгэн хөлжөөд авсан. Баяжихааар үл баран  хүүхэд нь ихдээд гэдийж суугаад үнээ нэмдэг болсон. Өгөөд байхад хүн авалгүй ч яахав дээ. Сургууль байгуулсан хүний,  сургуульд суусан хүүхдийн буруу гэхээсээ сургуульд хүүхдээ хар нялхаас нь хэлийг нь эвдэх гэж  өгч байгаа эцэг эхийн болчимгүй алдаа мөнөөсөө мөн. Сургуулийн хүүхдийг нэгээс  гурав дугаар анги хүртэл заавал монгол сургуульдаа суулгах албан ёсны шийдвэрийг засаг төрийн гаргах хэрэгтэй . Бүр хуульдаа хатуу зааж хууль эс зөрчих тухай ярих хэрэгтэй. Гадаадын зарим улс орон ийм зарчимтай байна.

Зургаан настныг ул суурь муутай хуулбарлан дууриаж уршиг тарьж суухын оронд энэ мэт зөв бодлогыг нь хуулвал яадаг байна.  Хүүхдийн хэл нь  жигдэрсэн гацаа нь гарсан  үед ямар хэлээ сонгон ямар сургуульд суулгах нь дурын хэрэг. Ганган хүнд гархи нэмэртэй гэхийн үлгэрээр  хүүхдээ хэлтэй мундаг болгох гэж эх хэлийг нь эвдээд хэрэггүй л болов уу.  Бидний  үед орос хэлийг дөрөвдүгээр ангиас  эхлэн заадаг байсан. Үүнийг бодохоор манай боловсролын бодлого  дээшлээд байна уу доошлоод байна уу гэж бодогдож байна. Дуртай бүхэн нь дургиж наадлаа ч боловсрол хэл соёл эрүүл мэндийн дархан хилийг зөрчинө гэдэг эх орноо эмтлэн идэж байгаагаас ялгаа юу билээ.

 

 



Нэгдүгээр ангиас нь гадаад хэлтэй сургуульд хүүхэд оруулахыг хуулиар хориглоё

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0