ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-09-19
Ард олноосоо холдсон Ардын төрийн наадам
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 248 удаа уншсан
2019-06-29 16:11:21

Үндэсний бөхийн хүрээллийг тойрсон хэл ам, хэрүүл шуугиан тасрахаа байжээ. Олноо нэр хүнд хүлээсэн залуухан дархан аваргууд нэгэн үе зүүнээ булаалдан тэмцэлдэж байв.Тэгснээ бөхийн ам бүлийнхний бүлэг фракцуудын зөрчил хурцдаж монгол бөхийн өргөөгөө хэн нь авах тухай үргэлжилж байснаа эдүгээ доппингийн халуун сэдвээр ид буцалж байна.

Дэвжээн дээрээ нэгийгээ өшиглөдөг, нудардаг, ёс бус үйлдэл гаргадаг, аархаж омгорхдог, уначихаад тахимаа өгдөггүй, хэрүүл хийгээд зогсчихдог гээд бөх  хүнд баймгүй үйлдэл бөхчүүдийн дундаас гараад удаж ээ.

Сүүлийн үед сэтгэлд хүрсэн тийм нэг сайхан наадам үгүйлэгдэж байна. 1940 оны наадамд баруун хязгаарын бөх Ховд аймгийн Буянт сумын харьяат, олноо "Уран мэхт хэмээн алдаршсан улсын арслан Ш.Ванчинхүү, /Түрүүлж улсын арслан болсон/ зүүн хязгаар Дорнод аймгийн хүчтэн "Гулзгай" хэмэх Дамчаа арслан хоёр үзүүр түрүүнд үлдэж зэрэгцэн унажээ.

Хоёр бөх босож ирээд "Та давсан, та давсан" гээд л хоёр бие рүүгээ заагаад байсан гэдэг. Ингээд дахин барилдаж Ванчинхүү гуай түрүүлсэн гэдэг. Ийм шударга, үнэн хүчийг гаргасан наадам үзэх гэж л наадамчид ирдэг юм. Бүгд биш ч гэлээ  цол олгодог улс, аймаг, сумын гээд их бага наадам тодорхой хэмжээгээр будлиантай, найраатай болдог болсон нь нууц биш.

Дорноговьд тэр жил түрүүлэх бөхийн нэр наадмын урд өдөр олны чихнээ хүрч  наадам тарахын орой тэр явган яриа биелж байж билээ.Уран мэх цог залийг бадруулсан сайхан бөхийн барилдаан үзэх гээд ирэх наадамчид ”За да  хэн найраа хийх бол, хэнд өгчих бол доо, урьд орой нэг тийм яриа яваад байна хө, түүний наадам л болох гэнэ ээ” гэхчлэн бүрзгэр бараан үг шидэлдэг болсон юм.”Сайхан наадлаа” гэхээсээ илүү “Найраатай наадлаа” гэх. Энэ бол нэг л жишээ.

Олны үг ортой. Том цолтой бүдүүн гэдэстэй үеэ өнгөрөөсөн шалхайсан гэдэстэй нөхөр ирээд  хаа холын нэг шовойсон залууг цол эрэмбээрээ гаргаж ирээд л наадам будилуулахыг хоёр нүдээрээ харж суугаа болохоор.

Алс ирээдүйд сайн бөх болох нутгийнхаа хүүг ахмад бөхчүүд амлан даваа өгдөг ёсон буй авч энэ нь арай өөр агуулгаар хэрэгжээд байгааг бөх сонирхогчид хэлдэг юм. Тэднийг бөх сонирхогчид наадмын бөхийн барилдааны зохиолыг бичиж найруулан тавьдаг “Найруулагч”-аар тодруулчихсан байх. Өөрөөр хэлбэл барилдахаасаа гадна найраа хийдэг учир тэр. Цаанаа мөнгөний асуудал буй.  

Монгол бөх хөгжөөд байгаа гэж ярих авч бөхчүүдийн барилдааны ур чадварт олигтой өөрчлөлт гараагүй “Шахааны барьц” гэх бүдүүлэг уяа мэх гаргаж үүний төлөө бөхчүүд жин нэмэн барилдаг болсон.

Жалга довны үзэл байх ёстой хэмжээнээсээ хэтэрч үндэсний гэх тодотголтой баяр наадмын утгыг алдагдуулж бөхчүүдийн дунд хагарал, элдэв найрааг  гааруулж байна.Уг нь монгол бөх цаг хугацаа, жин, орон зайг үл хамааран хаана ч очиж барилддаг өөрийн гэсэн дархлааг бий болгосон бөхийн спорт юм. Нүүдэлчдийн соёл иргэншлийн өвийг тээгч, хээгүй гүндүүгүй гэгддэг монгол бөхийн маань талбар яагаад мэнгэ нь голлосон гэрийн эзэнтэй, хэрүүл салдаггүй айл шиг болчихов оо.

Монгол дээл өмсөж, ээтэн гутал жийсэн тэднийг монгол эр хүний үлгэр жишээг үзүүлж айл гэрийн ноён нуруу, гүндүүгүй, хээгүй, цөлх ухаантай гээд л шагшин төр засаг, түмэн олон нь аль өнгөтэй өөдтэйгөө барьж, хайр халамжаа харамгүй үзүүлж ирсэн байдаг юм.

Дээхнэ үед бөхчүүдэд одоогийнх шиг байр машин зэрэг том бай шагнал өгч байсангүй аж. Шунал эд хөрөнгө хүнийг эвддэг гэж үздэг байж. Их эд хөрөнгө томоохон бай шагнал бөхчүүдийг маань эвдээгүй байлтай.

Дээрээс нь мордохын хазгай гэгчээр бөхийн холбоо нь хуваагдаж хоёр холбоотой болж нэгнийгээ хүлээн зөвшөөрөхгүй явсаар сүүлийн үеийн зохион байгуулсан хурал хуй, шийдвэр болгон нь хэл ам  дагуулж хэрүүл тэмцлээр өрнөдөг боллоо.

Ухаангүй ноёнд урагшгүй албат. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй ч гэх үг бий. Хоёр холбооны хоорондоо тэрсэлсэн олхиогүй үйлдлүүд, үүнийг нийтэд мэдээлж байгаа бодлогогүй зүйлээс үүдэж монгол бөхийн нэр хүнд шалдаа бууж хэрүүл ,тэмцлийн бай болж хувирлаа.

Үүний нэг жишээ сэргээш. Аливаа спортод сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэхийг хатуу хориглодог. Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тэмцээнд оролцох эрхийг нь хасахаас гадна тухайн тамирчны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж цаашдын спортын карьер ч төгсгөл болох нь бий.

Доппингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэж эрхээ хоёр жилээр хасуулаад байсан улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан  Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр  нар МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн байна. ҮБХ-ны тэргүүлэгчид эл хүсэлтийг зөвшөөрсөн шийдвэр нийгэмд асуудал дагуулав.

Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн алсын бодолгүй эргэж буцсан, хоердмол утга санааг илэрхийлсэн шийдвэр нь бөхийн спортод ариун цагаан хөдөлмөрөө зориулан яваа хэдэн зуун жирийн бөхчүүдийн эрхийг зөрчиж, сэтгэл санааг нь үймүүлж орхижээ.

Сэргээшийн эсрэг олон бөх эсэргүүцэж байгаа бөгөөд улсын аварга Ч.Санжаадамба оройлон багагүй тэмцэл хийж байгаа аж.Бөхчүүд ил  гаргаж хэлэхгүй л байгаа болохоос сэргээшийг эсэргүүцсэн бөхчүүд дийлэнх нь байгаа аж. Дотроо бугшсан асуудлаа ярьж хэлэлцэж байгаа нь сайн хэрэг.  Ямар ч спортод шударга өрсөлдөөн хэрэгтэй.

Эр нэг алдаж эрэг нэг нурдаг гэх үг бий. Алдаа гаргадаггүй хүн байдаггүй. Гэхдээ  алдаа гаргаснаа ухаарч буруугаа хүлээж байгаа  нэр бүхий бөхчүүдийг дэмжиж болно оо. Гэвч  энэ шийдвэр нь  алсдаа бусад бөхчүүдэд сөргөөр нөлөөлөх болно гэдгийг бөхийн тогоонд чанагдаж байгаа хүмүүсийн үг үйлдэл харуулав.

Үндэсний бөхийн нэр бүхий хоёр холбооны удирдлагуудын холион бантан болсон үг яриа, хэрүүл маргаан утгаа алдаж. Харин холбооны удирдлагуудын үг үйлдэл жирийн бөхчүүдийн сэтгэлд хэрхэн тусч, сэтгэл санааг нь үймрүүлж байдгийг анзаардаг болов уу, тэд.  

Уг нь аливаа салбар дээрээ бодлогын чиглэлийн нэг л байгууллагаар толгойлуулж үүгээрээ дамжуулан хүчтэй үйл ажиллагаа явуулж үндэсний хэмжээний байгууллага болон өргөждөг учиртай юм.

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын гэх мөн Б.Бат-Эрдэнэ аваргын удирдаж байгаа /хуучин/ дээрх хоёр холбоо үндсэндээ бөхчүүдээ талцуулж, эрх ашгийг нь зөрчиж тэдэнд нэмэр болохоос илүү нэрмээс болж байна.

Уг нь хоёр холбооны нэр бүхий төлөөлөл буюу алдарт дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй  хүмүүс хоорондоо цөөнгүй удаа уулзаж ярилцсан ч одоог хүртэл нэгдсэн шийдэлд хүрээгүй байна.

Бөхийн өргөө гэдэг дугуй байшингаар бамбай хийж наанаа бөхийн эрх ашиг хөгжлийн тухай мэт ярив ч цаанаа бөхийн холбооны тэргүүний албан тушаалд шунасан, эд хөрөнгө, санхүүтэй холбоотой асар том эрх ашгийн зөрчил нуугдаж байгааг ний нуугүй хэлдэг.

Эхлээд бөхийн холбооны асуудлаа эмх цэгцэд оруулж байж цаашдын хөгжлөө ярих хэрэгтэй. Нийлж суугаад ч эвээ олдоггүй, нэгдэж эвлэрэх гээд ч шийдэлд хүрч чадахгүй бол тэдгээр хүмүүс сайн дураараа бөхийн холбоогоо орхиод шинэ цагийнханд зай талбай гаргаж өгвөл яасын.

Хоорондоо хамтарч ажиллаж чадахгүй бол бүр больчихож болдоггүй юм уу. Яасан ч дуусдаггүй эрх ашиг, яасан ч дуусдаггүй хэрүүл вэ? Амьдрал мөнх биш. Юмс үзэгдэл хоосон чанартай. Монгол бөхийн хөгжилд та бүхний хийсэн олон зүйл бий. Одоо болно.

Ер нь аливаа зүйл үе үеэрээ байдаг. Монгол бөхийн ам бүлд бөхчүүдийнхээ хүсэл эрмэлзлийг ойлгож, нэгэн зорилгын дор нэгтгэж холбоогоо  удирдаад явчих  үнэнч шударга, сэтгэлтэй хүн байгаа.

Морь уралдаж, бөх барилдаж, нум сум харвах нь Монгол төрийн үйл хэрэг мөн гэж нэгэн сурвалжит ноён өгүүлсэн байдаг. Бөхийн барилдаанаа дэг ёсоор нь шударга зохион байгуулж аваас монгол төрийн дархлаа байх болно.  Нүүдэлчний энэ өв соёл нь цаад утгаараа  улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалтай холбоотой юм.

Яагаад "Төрт ёсны, үндэсний их баяр наадам" гэж тодорхойлсныг эрдэмт мэргэдийн хэлснээс ухвал нийтээрээ, ард түмнээрээ баярлах, нийт ард түмний цэнгэлийн баяр, үүгээр дамжуулж монголчууд эвлэлдэн нэгдэх, тусгаар улсынхаа түүхээр бахархах зэрэг өргөн утгатай.

Гэтэл эдүгээ бүх ард түмэн наадмаараа цэнгэн баясаж чадаж байна уу? жирийн нэгэн залуу бөх сумандаа барилдаж түрүүлэх боломжгүй болсон, жирийн малчин сүргээсээ барьж уясан хүлгээр наадамд уралдах боломжгүй болсон.

Ингэхлээр морь бөх мөнгөтэй, бэл бэнчинтэй цөөн хүмүүсийн хүрээлэл дунд өрнөж үндэсний гэх утга алдагдахад хүрсэн нь тодорхой. Монгол Улс  эдүгээ улсын баяр наадмын тухай хуультай хэдий ч наадмыг шударга явуулах, бэл бэнчинтэй хөрөнгөлөг хүмүүсийн хүрээллээс аль болох холуур байлгах, нийтээр баярлан цэнгэх нэгдсэн бодлого хүч дутагдаж байна.   

Юуны өмнө сэргээшийн асуудалтай холбоотой асуудлыг  улсын баяр наадмын комисс наадмаас өмнө цэгцлэх нь зүйн хэрэг байх. Үхрийн бөөр шиг хоёр талд суучихаад хоорондоо хэрэлддэг, нэгдсэн удирдлагагүй, аль нь хүчин төглдөр нь мэдэгдэхгүй, шүүхийн шийдвэрээ дагадаггүй ҮБХ бөхийн хөгжлөө хойш нь татсаар. Бөхийн салбарт шийдэх олон асуудал бий. Ардын төрийн наадам ард түмнээсээ холдох учиргүй.  



Ард олноосоо холдсон Ардын төрийн наадам

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-29 18:44:00
    ?????: Нийгэмд ямарч бүтээмжгүй хүмүүс шдээ