ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-09-19
“Их нартын бэлчээрийн менежмент” хэлэлцүүлэг боллоо

Денверийн Зоологийн Сангаас санаачлан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Монголын ховор амьтныг хамгаалах эвсэл” ТББ, Их нартын байгалийн нөөцийн газрын хамгаалалтын захиргаа хамтран “Их нартын бэлчээрийн менежмент” хэлэлцүүлгийг 08 дугаар сарын 21-нээс 22-нд Сайншанд суманд зохион байгууллаа.

Монголд анх удаа  орон нутгийн санхүүжилт, менежментээр байгуулагдаж үйл ажиллагаа нь тогтмолжсон Их нартын байгалын нөөц газрыг Байгалын цогцолборт газар болгосноор байгаль хамгаалал хийгээд ан амьтныг хамгаалах үйл ажиллагаа, хамрах хүрээ нь  өргөжих боломжтой аж.

Их нартын байгалийн нөөц газар нь Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутгийн дамнан орших бөгөөд говийн аргалийн байршлын хамгийн зүүн хойд хил байгаль, түүхийн дурсгалт зүйл ихтэй газар юм. ИХ нартын байгалын нөөц газрын хамгаалалтын захиргааны дөрвөөс таван хүний орон тоо, цалинг аймгийн ИТХ-аас шийдвэрлэдэг бөгөөд орон нутгийн ан амьтан, байгаль экологийн асуудлыг идэвхтэн байгаль хамгаалагчдын тусламжтайгаар хамгаалж иржээ.

 Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг учир УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн ЗДТГ, Даланжаргалан, Айраг сумын удирдлага, мэргэжилтнүүд, Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил сумын төлөөлөл, ШУА-ын судлаачид, АНУ-ын Денверийн зоологийн сангийн судлаач, төлөөлөгчид, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, байгаль хамгаалагч нарын төлөөлөл болсон 95 хүн хамрагдсан юм.

 Их Нартын Байгалийн нөөц газрын бэлчээрийн менежментийг зохион байгуулах нь өсөн нэмэгдэж байгаа уул уурхайн нөлөөллөөс газар нутгийг хамгаалах, бэлчээрийн зохистой харьцааг бий болгох, орон нутгийн иргэдийн байгаль хамгаалах оролцоог нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой аж.Тиймээс оролцогчид эхлээд саналаа дэвшүүлж дараа нь бүлгээр ажиллаж Их нартын ан амьтан, бэлчээр, агаар, ус, хөрсийг хамгаалах талаар саналаа дэвшүүлсэн юм.  Юун түрүүнд малчдын олонх нь бэлчээрийг хамгаалах, усны зохистой хэрэглээг буй болгох, иргэдийн байгаль хамгаалах мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, уул уурхай эрхлэхгүй байх зэрэг санал гаргасан байна. Дээрх хэлэлцүүлэг цаашид дахин үргэлжлэх аж. Их нартын байгалийн нөөц газрын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд ИТХ-аас  жил бүр тодорхой төсөв хөрөнгө төсөвлөж ажиллаж буй. Мөн энэхүү бэлчээрийн менежментийн хэлэлцүүлгийн дэмжин ажиллаж орон нутгаас сонгогдсон аймгийн ИТХ-ын  төлөөлөгчдийг оролцуулж, мэдээлэл сонсож, цаашид байгаль орчныг хамгаалах асуудлаар шийдвэр гаргах үйл явцад бодит өнцгөөс хандах, тулгамдсан асуудлыг шийдэхэд чухал талаар аймгийн ИТХ-ын дарга  С.Түмэнбаяр байр сууриа илэрхийлсэн.

Их нартын байгалийн нөөц газар  АНУ-ын Денверийн зоологийн сантай 2000 оноос хойш хамтран ажиллаж, Монголын ШУА-ийн биологийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, МУИС, МУБИС-тай хамтран биологийн мониторингийн судалгааг амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд АНУ-ын Денверийн зоологийн сангийн санхүүжилтээр судалгаа, шинжилгээ, олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, олон нийтийн оролцоог хангасан “Гэрээс гэрт” хөтөлбөр, Даланжаргалан, Айраг сумын сурагчдад экологийн боловсрол олгох, Эко клубын аялал, сайн дурын идэвхтнүүдийн цалин, нөхөрлөлийн бүлгүүдийг ажиллуулж Монгол улсад томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа юм.

 

 

 



“Их нартын бэлчээрийн менежмент” хэлэлцүүлэг боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0