ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-22
ХҮЙ ЦӨГЛӨСӨН НУТАГ
m. moba > Нийтлэгч | 424 удаа уншсан
2017-01-06 19:57:53

Хөх толбот Монгол хүний хүй цөглөх нь учиртай

Унасан газар, угаасан усаа санаж явдаг нь учиртай

хэмээн миний бие “Нутаг амь” шүлгэндээ бичиж байлаа. Хүй минь цөглөсөн нутаг минь Дорноговь аймгийн Өргөн сум.\Хуучнаар Баянмөнх, Цэцэрлэг сумын нэгдэл\

Зээний гурван Овоот

Зэрэгцээ гурван Булан

Зэрэглээ гурван Долоот

 

Оорцог баян Тээг

Овоон Сахиул

Оройн шанд

Цант Мэргэн

Гурван Харуултаар нутагладаг хэмээн эрт дээр үеэс нутгийн уугуул малчид ярилцаж ирсэн сайхан түүхтэй, сайхан намтартай нутаг.

Дорноговь аймгийнӨргөн сумын Өвсөн Сүмбэрийн овоо, \ОдоогийнСүмбэрийн овоо\Эрдэнэ сумын Цантын овоо,Өвөр Монголын Тарган Хонгор овоо энэ гурван тахилгат овоо бие биеэ харан байрладаг байгалийн хүйн холбоотой овоонууд юм.

Цантын овоог Зуны тэргүүн сарын шинийн гурван,Сүмбэрийн овоог намрын тэргүүн сарын шинийн гуравны өдөр тахидаг уламжлалтай. Цантын овоо нь зунаа дааж, Өвсөн Сүмбэрийн овоо нь намраа даадаг учиртайхэмээн ярилцдаг.Мөн нутгийн ард иргэд Алагийн Сүмийн овоо, Баянмөнх, Баянхайрхан уул, Нартын овоо, Дулдуйтын хар овоо зэрэг тахилгат овоонуудыг тахин шүтсээр ирсэн билээ.

Нутгийнхаа талаар бичихийн өмнө би бээр 90 жилийн түүхт замналын хугацаанд болж байсан томоохон түүхэн баримтуудыг сөхөе:

Түүх 1. “Тэртээ 1944 оны өвөл мичин жилийн туурайн зуднаар хойд аймгуудын далан мянга гаруй бод салхинд уруудан Дорноговь аймгийн нутгаар дайран Өргөн сумын нутагт орж ирэн, нутаг усны бүхий л малыг хуйлруулан уруудаж,Хөх булаг, Хар дэл, Ар булагийн заставын чиглэлд уруудан хил давах аюул тулгарч байхад тухайн үед Баянмөнх сумын \Одоогийн Өргөн сум\ дарга Б.Балдан, Намын үүрийн нарийн бичгийн дарга Х.Дамбадаржаа нарын удирдлагууд нутгийн эрэгтэй хүмүүсийг дайчлан далан мянга гаруй адууг зогсоохын тулд өдөр шөнөгүй, нойр хоолгүй олон өдөр тэмцэлдсэний үр дүнд хил давуулахгүйгээр тогтоон манаж, бүрэн зогсоож байсан баатарлаг түүхтэй.

МонголУлсын төрийн шагналт, үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Бямбын Ринчен энэхүү эмгэнэлт агаад эр зоригт үйл явдлын талаар бичихдээ “Их говийн зоригтон” хэмээн нэрийдэн найруулалдаа бичиж, нийтэлснээр нутаг минь “Их говийн зоригтон” хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртсэн байдаг.

Б.Балдан,У.Дамбадаржаа нараар ахлуулан тухайн үед өөрсдийн амь насаа ч үл хайхран долоон түмэн адууг тогтоохын төлөө өдөр шөнийн алинд ч хоол ундаа умартан, ангах цангахаа ч анзаарах сөхөөгүй явсан тухайн үеийн баатарлаг эр зоригтнуудын дунд олон бүсгүйчүүд, эрчүүдийн хамтаар морин дэл дээр дарцаглан, хуйлралдан давхиж буй адуун сүргийг зогсоохын төлөө эр хүнээс дутахааргүй их хүч, хатан зориг гарган тэмцэлдэж байв. Тэрхүү хатан зоригт бүсгүйчүүдийн нэг бол өдгөө 93 насыг хүртэж яваа Өргөн сумынөндөр настан Түдэв овогт Галсангийн Цэндсүрэн билээ. Тухайн үед Г.Цэндсүрэн гуай 18 настай байв.\“ТЭР” хөрөг нийтлэлийн 5 дахь дугаарийн зочин\

Бичин жилийн зудын талаар тэрээр ийн хуучилж байлаа: “Гадаа маш хүйтэн байсан болохоор хүмүүсийн чих, хуруу хөлдөж, цасан шуурганд төөрөх, осгох зэрэг үзэгдлүүд олон гарч байсан. Эмэгтэйчүүд нь зуухнаас тогоо салгах ч сөхөөгүй хоол хийж, ихэнхидээ танихгүй маш их даарсан, өлссөн, өөрсдийн адуу малаа хайсан хүмүүс хоол идэж, дулаацахаар айлуудаар орж ирж байлаа” хэмээн сэтгэл зовнисон байдалтай ярьж байв.\ “ТЭР” нийтлэлийн хэсгээс\

Түүх 2. Халхын Долдугаар Ноён Хутагт Агваанлувсандамбийжанцан Өргөн сумын Сүмийн булаг багийн Луугар дэрс хэмээх газарт 1875 онд төрсөн. Долдугаар ноён хутагт бол Манж Чин, Олноо өргөгдсөн Монгол улс, БНМАУ гэсэн гурван төрийн нүүрийг үзсэн, түүхийн маш сонирхолтой бөгөөд эгзэгтэй цаг үед амьдарч, бясалган бүтээж, туурвин зохиож байсан дээдэстэн байв.

Одоогийн Өргөн сумын удирдлагууд болон Сүмийн булаг багийн удирдлагууд, багийн иргэдийн санал санаачилгаар 2014 оны 10 сард Халхын Долдугаар Ноён Хутагт Агваанлувсандамбийжанцанд зориулан Суварга босгон хүндэтгэл үзүүлсэн байв. Хутагтын “Ноён хутагтын сургаал оршивой” хэмээх муутуу цаасан дээр Түвд хэлээр бичигдсэн, 20*6.5 хэмжээтэй, дөрвөн хуудастай, мөн Түвд монгол хэлээр муутуу цаасан дээр хадаж бичсэн 20*8 хэмжээтэй таван хуудас бүхий хоёр хувилбар Дорноговь аймгийн Данзанравжаагийн музейд хадгалагдан байдаг.

Түүх 3. 1884 онд Оросын тойрон аялагч, байгаль судлаач, Оросын газар зүйн нийгэмлэгийн гишүүн, Шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн, хошууч генерал, Н.М.Пржевальский Өргөн суманд хайгуулын ажлаар ирж байсан.Түүний томоохон нотолгоо бол түүний  “Монгол Росцветмент”-ийн харьяа уулын үйлдвэрт гаргаж өгсөн “Сэнжийн худаг” нэртэй худаг. Тэрээр өөрөө энэхүү худгийг гарган Өргөн сумын удирдлага, уулын үйлдвэрт хүлээлгэн өгч байсан. Н.М.Пржевальскийн Өргөн суманд ирж байсныг гэрчлэх бас нэгэн түүхэн баримт бол түүний өөрийн хэлсэн “Хүнд хүчир хөдөлмөр хийж, бие махбодь ба сэтгэл санааны янз бүрийн сорилыг давж байж анхны өчүүхэн ч гэсэн нээлтийг хийдэг” хэмээн хэлсэн үгийг нь буулгасан хөшөөний эх хувь  Дорноговь аймгийн Байгалийн түүхийн музейд хадгалагддаг. Хөшөөний ижил хувилбар нь Өргөн сумын төвд байрладаг.

Түүх 4. Домогт Арслан Чуваа хэмээх Өргөн нутагт домог болон яригддаг эгэлгүй хүчит арслангийн тухай хуучны өвгөчүүл ам нэгтэй домоглон ярилцдаг.

Чуваа арслангийн тухай домог: “Дөрвөн ханатай гэр баглаад, ээжийгээ мөрөн дээрээ суулгаад Модон дөрвөлжийн усанд очин цангаагаа тайлах гэтэл хорин хэдэн адуучин залуучуудын нэг нь ус өгөхгүй хэмээн дургүйцэн худгаа таглаад хэвтэв. Ядарч туйлдсан Чуваа арслан уурлаж худгийн дэргэд байсан чулууг өргөж худгийн амсар дээр доош унахааргүй таглан энэ худаг надад ч хэрэггүй, та нарт ч хэрэггүй болог гээд тавив.\Үхэр хэвтэж байгаа юм шиг том чулуу\ Залуучууд Ноёндоо болсон явдлыг хэлэхэд: Ноён Чуваа арсланг дуудаж манай нутгийнхан буруу үйлдэл хийжээ.

Та чулуугаа холдуулаад өгөөч хэмээн хүсэхэд ёсоор болгож, өнөөх худаг дээр очин чулууг ганц өргөөд хажууд нь авч тавихдаа ийн хэлэв: “Үеийн үед дурсагдаж, хурга ишиг дээр нь тоглож, хүүхэд нөмөрт нь сууж байг” хэмээсэн гэдэг. Ноён Чуваа арслангаас “Таны алдрыг хэн гэдэг вэ?” хэмээн асуухад “Миний алдрыг 20 муу гэж хариулжээ. 20 залууг дооглож хэлсэн байна\Үүнийг сонссон ноён түүнд амбан сувай гүү зааж өгөхөд Чуваа арслан адууг онгоцон дундуур гарахад ганц дайрч шилдэж аваад явав.Үүнээс хойш долоо хоногийн дараа Чуваа арслантай уулзахаар очиход өнөөх адуунаас нь сэвснээс нь өөр юм үлдээгүй байсан гэдэг. Чуваа арслан хожим нь Үйзэн хээр хэмээх газарт нутаглаж байгаад нас барсан.

Нутаглуулахаар очиход мах нь байхгүй, шөрмөс нь хадаг шиг хийсч байсан гэлцдэг. Хавирга нь үегүй мэт битүү байсан бөгөөд цээжний ясан дотор нь чоно үүрлэсэн байсан хэмээн нутгийн ард иргэд ярьдаг. Чуваа арсланг арслантын тойром гэж дундаа аралтай тойромд нутаглуулсан. Баруун хойд аймгийн аянчин нутгаар дайрч Утай Гүмбэн орох замдаа Чуваа арслангийн ясыг нууцаар хулгайлан нутаг руугаа авч явсан гэдэг. Ийн баруун хойд аймгаас бөх олон төрдөг нь ийм учиртай.2013 оны намар Өргөн сумын Баянмөнх багийн нутагт Үүдийн Ухаа овоо  гэдэг газар Чуваа арслангийн хөшөөг босгож Өргөн сумын удирдлагууд болон Сумын Үндэсний бөхийн холбоо, Аймаг, сумын цолтой бөхчүүд цуглан хүндэтгэл үзүүлсэн.

Нутгийнхаа тухай хүүрнэн суугаадаа сэтгэл минь ихэд баясан, нутаг орноороо машид бахархан сууна. Дорноговь аймаг 14 сумтай. Аймгийн төвөөс хамгийн ойрхон буюу 60 км зайд байрладаг, дэд бүтэц сайн хөгжсөн, шилэн кабельд холбогдсон, Алтанбулаг-Чойр-Замын-үүд чиглэлийн улсын босоо тэнхлэгийн авто зам сумаас 18,2 зайтай дайран өнгөрдөг, Сум руу салаалсан, босоо тэнхлэгийн замтай холбосон 18,2 км авто замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Агаарын тээвэр, усан тээврээс бусад тээвэр буюу төмөр зам, авто замаар сумын иргэд Сайншанд аймгийн төв рүү болон Улаанбаатар зэрэг төв суурин газар руу саадгүй зорчих бүрэн боломжтой.

Өргөн суманд жоншны үйлдвэр, цементийн үйлдвэр, шохойн чулууны орд зэрэг уул уурхайн томоохон нөөц газрууд үйл ажиллагаагаа явуулдаг. Монполимет группын салбар компани Сэнж Сант ХХК нь Сэнжит худгийн шохойн чулууны ордыг түшиглэн жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий, орчин үеийн хуурай аргын цементийн үйлдвэрийн нээлтийг өнгөрсөн  оны 9 дүгээр сард хийж ашиглалтад оруулсан. Одоогоор төслийн гүйцэтгэлийн ажлын явц 90 гаруй хувьтай амжилттай үргэлжилж байна. Энэхүү төсөл бүрэн хэрэгжиж эхэлснээр үйлдвэрийг түшиглэсэн ажилчдын амьдрах болон амрах орчныг бүрдүүлэх зорилгоор сумын хэмжээний томоохон цогцолбор баригдаж, үүнийг даган Өргөн сумын хүн амын өсөлт нэмэгдэж, байнгын 24 цагийн цэвэр усны шугаманд холбогдож, нутгийн боловсон хүчнийг ажлын байраар хангах зэрэг ажил нэмэгдэж, Өргөн сум хөгжин дэвших өргөн боломж бүрдэж байгаагийн маш том жишээ юм.

Нутгийнхаа нэрийг Монгол улсын хэмжээнд төдийгүй тив, дэлхийн хэмжээнд өндөрт өргөн яваа нийгэм, соёл, урлаг, спортын алдартнуудаа дурсвал:Өргөн сумын уугуул төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ерөнхий сайд асан Д.Содном, ургамлын ухааны доктор, профессор Ц.Жамсран, Хөдөлмөрийн баатар О.Мажиг, Хөдөлмөрийн баатар, эх баригч, бага эмч Ч.Дүгэрээ, Морьтны соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгэн сэтгэлээр зүтгэж яваа МҮОНТ-ийн спортын нэрт сэтгүүлч, спортын мастер,СГЗ Л.Цагаандалай, Данзанравжаа музейн захирал, СГЗ З.Алтангэрэл, Байгалийн түүхийн музейн дарга Д.Цагаандэрэм, хөгжмийн зохиолч Н.Батнасан, эрдэмтэн Ш.Жадамба, М.Жамсран, үндэсний сурын харвааны хошой мэргэн И.Цэнгэл, жудо, кураш, жию-жицү бөхийн төрлүүдээр дэлхийн 3 удаагийн аварга ОУХМ О.Болд-Эрдэнэ, воллейболын спортын мастер У.Гэндэн, СМ Г.Төмөрбаатар, СМ х.Шүрэнцэцэг, СМ М.Батбилэг, СМ М,Готов, эмнэг хангалын СМ М.Түмэнбаяр, эмнэг хангалын СМ М.Түмэн-Эрдэнэ, СМ Н.Дорж, СМ Г.Чинзориг, аймгийн арслан М.Буянжаргал, өсвөрийн сурын харваан өсөх дархан мэргэн М.Оюунзул зэрэг олон арван алдартнууд нутгаас минь төрөн гарч, хүй цөглөсөн нутгийнхаа нэрийг улам өндөрт өргөж Монгол орны дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч байна.



ХҮЙ ЦӨГЛӨСӨН НУТАГ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0