ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-09-19
Цагаан дэлийн шаналан хийгээд боржигины нутгийн зовлон-1
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 566 удаа уншсан
2019-09-10 20:59:28

Цуврал-1

Дорноговийн Айраг Даланжаргалан сумын нутгаар явлаа. Боржигины өв соёлыг тээсэн энэ нутаг аргаль, янгирын идээшин дассан Их, бага нартын байгалийн нөөц газартай, нүүрс, жонш, өнгөт чулуу гээд элдэв төрлийн ашигт малтмал, өвчин эмгэгт тустай рашаан ус, өвс ургамалтай говь, тал хосолсон үлэмж сайхан нутаг байх.

Төмөр зам, авто замын хос хөдөлгүүртэй, нийслэл Улаанбаатараас 300 гаруй км алслагдсан, сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайтай, дэд бүтэц хөгжсөн, арилжаа худалдаа үйлчилгээ төвлөрсөн гээд олон давуу талтай ч Дорноговийн уул уурхайн салбарын тусгай зөвшөөрлийн ихэнх нь энэ бүс нутагт төвлөрч, баяжуулах үйлдвэрүүд ажиллаж, нүүрс, жоншны компаниуд хүнд даацын тэргээр тээвэр хийж байгаа бол жонш, өнгөт чулууны нинжа нар ч гүйлдсээр.

 

 

Айраг сум

Цагаандэлийн агуйд ирэхэд урьдын явдлыг эргэн санав. Хоёр жилийн өмнө ирэхдээ би байгаль ээжийн шарх хэзээ эдгэх вэ гэж бодож явлаа. Ухсан нүх, суваг шуудуу, үнсэн саарал өнгө, төмөр сараалжин хашаа, хаа нэгтэйгээс нисэн буух ганц нэг шувууд...

Энэ бүхэн Цагаан дэлийн шаналан. Хоёр жилийн өмнө бичиж нийтэлж байсан зүйлээ ч эргэн харлаа. Ойр орчим явж зураг буулгав. Энэ зургийг өнгөрсөн наймдугаар сарын эхээр авсан юм.

Авсан зургаа өмнөхтэйгөө харьцуулж үзлээ. Өөрчлөгдсөн зүйл огт алга. Өөрөөр хэлбэл энд ямар нэгэн нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль ээжийн бие  илаар болоогүй байна.

Арав гаруй жилийн өмнө энд мянга гаруй нинжа бужигнаж, олз ашиг хайсан хүмүүс жонш ухаж хууль бус наймаа арилжаа цэцэглэж, хүний амь нас үрэгдэж байсан юм.

Харин аймаг орон нутгаас санаачилга гаргаж хөөцөлдсөнөөр 2019 онд УИХ-аас Цагаандэлийн агуйг улсын тусгай хамгаалалттай газар нутагт оруулж тогтоол баталсан нь томоохон дэвшил байлаа.

 

Т.Бямбацогт:Цагаандэлийн агуйг компаниудын хөрөнгөөр нөхөн сэргээнэ

 

Айраг сумын хэмжээнд нөхөн сэргээлт ямар байгаа, Цагаандэлийн агуйг хэрхэн хамгаалах талаар сумын байгаль орчны мэргэжилтнээр олон жил ажилласан Т.Бямбацогтоос тодруулав.

Тэрээр сумын ХАА-н тасгийн бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтнээр саяхан томилогджээ. Гэвч сумын байгаль орчны асуудлыг арван хуруу шигээ мэддэг.

-Хоёр жилийн өмнө  бид уулзаж нөхөн сэргээлтийн талаар ярилцаж байлаа. Байдал дээрдсэн үү?

-Цагаандэл орчмын газар хэвээрэй л байна. Айраг суманд 84 байршлын19.41 га-д хэмжилт хийж үүнээс аймгийн Засаг даргын захирамжаар эзэн холбогдогчгүй газарт 16 сая төгрөгөөр зургаан га газарт бага зардлаар нөхөн сэргээсэн.

-Цагаандэлийн агуйг нөхөн сэргээх талаар аймгийн удирдлага компаниуд хооронд шийдэлд хүрсэн. Ажил хэрэг болж байна уу?

-Өнгөрсөн зургадугаар сард аймгийн Засаг дарга Цагаандэлийн агуйг тойрч үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын төлөөлөл, сумын Засаг дарга, холбогдох ажил хариуцсан хүмүүстэй уулзаж агуйг нөхөн сэргээх талаар үүрэг чиглэл өгсөн.

Компаниуд тус бүртээ таван сая төгрөг хуримтлалын дансанд шилжүүлэхээр тохирсноос одоогийн байдлаар таван компани тус бүр таван сая, нэг компани нэг сая, нийт 26 сая төгрөг дансанд  төвлөрүүлээд байна.

Сумын Нөхөн сэргээлтийн сангаас 35 сая төгрөг гаргаж 20 саяыг нь Цагаандэлийн агуйг нөхөн сэргээхэд зориулах бол үлдсэнийг нь эвдэрсэн газрын нөхөн сэргээлтэд зарцуулахаар шийдвэрлэсэн.

Агуйн эргэн тойронд “Эм Си Ти Ти” ХХК, “Дунфа лума” ХХК, “Таванбаатар” ХХК, “Мөнхболор хүрээ” ХХК, “ЗЦБЭ”ХХК, “Талс бурханд” ХХК, “Хүрээ дэл” ХХК, “Алтанбарга” ХХК  зэрэг компани тус тус лиценз эзэмшдэг.

-Зарцуулах хөрөнгө нь хүрэлцэх үү?

-Нөхөн сэргээлтийн сангаас гаргаж байгаа 20 сая төгрөгөөр агуйн эргэн тойрны ухсан нүх, овоолгыг нөхөн сэргээнэ. Компаниудын хөрөнгөөр агуй амыг тохижуулах, хашаа засварлах, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлыг гүйцэтгэнэ гэв.

Айраг суманд  эвдэрсэн нэр бүхий 83 газарт 19.4 га газар бүртгэгджээ. Харин дээрх газрыг эвдэлж сүйтгэж, жонш олборлож байгаад нөхөн сэргээлтээ хийгээгүй ухсан нүх, овоолсон шороогоо хаяад алга болсон 20 орчим компани байна.

Нөхөн сэргээлтээ хийгээч гэж араас нь утасдаад ч нэмэргүй, зорьж очиж уулзаад ч тусгүй дээрх компаниудын тэргүүн эгнээнд төрийн үйлдвэрийн Монголросцметмет нэгдэл байна.

Тус компанийн жонш олборлож байсан Хонгор, Бужгар, Дай уул, Дүлий, Хайрт, Бага нард, Бор толгой гэх газар ухсан нүх, гүнзгий ангал, овоолсон шороотойгоо одоо ч хэвээрээ гэж Т.Бямбацогт ярилаа.

Төрийн мэдлийн энэ үйлдвэр байгаль орчинд хор хохирол учруулснаас гадна нөхөн сэргээлт хийдэггүй зуршлаараа бусад компаниудад буруу үлгэр дуурайлал үзүүлээд удаж байна. Байгаль орчныг эрэмдэг болгосон хүмүүс сураггүй алга болжээ.

Айраг суманд тулгамдаж байгаа өөр нэг асуудал нь Цагаандэлийн агуйн ойр орчмоос жонш олборлодог “Эм Си Ти Ти” ХХК-ийн тээврийн асуудал аж.

Сумын төвөөс урагш 22 орчим км-т үйл ажиллагаа явуулдаг компани хуулийн дагуу замаа засаж тээвэрлэлт хийх ёстой атал говийн өнгөн хөрс дээгүүр хүнд даацын машинаар жонш ачиж сумын төвөөр дамжуулан Говьсүмбэрийн наахна байх баяжуулах үйлдвэртээ зөөсөөр.  

Суманд үйл ажиллагаа явуулдаг баяжуулах үйлдвэрүүд одоогоор ажиллахгүй байгаа нь нэг талдаа сайн хэрэг гэж нутгийн иргэний яриа чих дэлсэв. Харин жоншны чиглэлээр найман компани үйл ажиллагаа явуулж буйн зургаа нь хятадын хөрөнгө оруулалттай. Аяны жолоогоо цааш залж Даланжаргалан сум руу хөдөллөө.

 

Уул уурхайг гэх үү, уламжлалт мал аж ахуйгаа бодох уу?

 

“Манай нутагт нүүрс тээврийн асуудал хүнд байна. Уг нь компаниудад зам барих талаар шаардлага олонтаа тавьдагч хэрэгжилт хангалтгүй гэж Дандарбаатар хөмсөг зангидан ярив.

Малын хөлийн тоос агаарт дэгдэхдээ цагаан шаргал суунаг татуулаад замхардагсан. Хүнд даацын нүүрсний машины дугуйнаас үсэрсэн тоос нүүрс, ус, шороо, юм юмтай холилдон хавь ойрын амьд амьтдыг хордуулдаг бололтой.

Өөдөөс ирэх шалаанзны тоос ойр орчмыг бүрхэж юмс үзэгдэхээ байх агшинд бид замаас гарч зогслоо.

Энэ бол Даланжаргалан сумын Элдэв багийн нутаг Элдэвийн гэх бүлэг уурхайн ордоос Олон овоо багийн Төмөр замын ачилтын хэсэг рүү нүүрс тээвэрлэж буй хүнд даацын  машинууд.

Бид явсаар сумын төвөөс хойд зүгт 15 орчим км-т нутаглах Элдэв багийн малчин Ц.Чинзоригийн гэрээр оров. Үдийн нар баруунтай гудайж гадаа бараг 30 хэм хална.

 

Хоймортоо дугхийж байсан гэрийн эзэн биднийг очих үед өндийлөө. Харин наймаас арав гаруй насны хоёр хүүхэд хаяа шуулттай гэрийн хананы толгой руу толгойгоо харуулан салхи үнэртэн нойрсож байснаа хүний хөлийн чимээнээр бас л сэрчихэв.

Чинзоригийнх бог голдуу 500 гаруй малтай аж. Эргэн тойрондоо долоогоос найман уурхай дунд, нүүрс тээврийн зам дээр манайх зусаж байна гээд тэр яриа дэлгэлээ.

Нүүрс тээврийн жолооч нар төв замын хажуугаар давхиж бэлчээр талхлаж байна. Шаардлага тавихаар зарим нь ойлгодог, зарим нь зодож нүдэх нь холгүй.

Нүүрсний үнэр хоолой хорсгоод хэцүү. Уурхайн тоосжилт ихтэй, хонь муулахад уушги нь тас хар болчихсон байдаг. Манай энэ хавийн орчим тийм нэг үнсэн саарал өнгөтэй болчихож.

Шатаж байгаа нүүрсний хог, нүүрсний угаар амьсгалын замаар дамжаад хүний дотор эрхтнийг яаж хордуулж байгааг мэдэх  юм алга. Ямаагаа самнаад худалдахад нүүрс, шороо ихтэй гээд ченжүүд үнэ унагасан.

Уурхайн үр ашгийг хүртсэн юм одоогоор алга. Манайх хөгшин настай хүнтэй тул өвөлдөө 2  тонн нүүрс авдаг. Хамгийн урд талд “Чингэсийн хар алт” ХХК-ийн уурхай бий. Тэгээд хойшоо үргэлжилнэ.Бэлчээр хомсдоод малаа зүүн урагшаа бэлчээсэн. Олон жижиг уурхай газрыг там болгох юм. 

Том талбай эзлээд тойруулаад шуудуу татчихдаг. Ингээд малын бэлчээрээс хомсолдог. Манай ундны ус шар өнгөтэй болчихож. Олон жижиг уурхайгаас шалтгаалж мэдэх. Эцэг өвгөдийн нутаг хойно орхиод нүүчихэж чадахгүй юм. Уул уурхайгаа гэх үү, уламжлалт мал аж ахуйгаа авч үлдэх ёстой юу гэв.

 

Г.Бат-Очир: Сайжруулсан шороон замын зураг бэлэн болж байгаа

 

Бид малчин Ч.Чинзоригийн гэрээс ойрхон харагдах “Чингисийн хар алт ХХК-ийн баяжуулах үйлдвэрт очиж уурхайн дарга Г.Бат-Очироос зарим зүйлийг тодрууллаа.

Баяжуулах үйлдвэрт монгол, болон цөөн тооны хятад ажилчид ажилладаг байна.

-Зориулалтын зам бариагүйн улмаас нүүрс тээврийн хүнд даацын авто машин говийн өнгөн хөрсийг эвдэж тоосжилт үүсгэн байгаль орчныг сүйтгэлээ гэж иргэд гомдол гаргаж  байна. Аймгийн Засаг даргаас компаниудад зам тавих шаардлага тавьсан. Хэрэгжүүлж байна уу?

-Иргэд хатуу хучилттай зам барих шаардлага тавьсан.Компаниуд хөрөнгө санхүүгийн хувьд боломжгүй гэсэн.

Харин аймгийн Засаг дарга бидэнтэй уулзаж зам тавих шаардлага тавихад компаниуд сайжруулсан шороон замтай болъё гэсэн санал гаргаж бүгд дэмжсэн. Энэ зам албан ёсны зураггүй.

Төсөв нь 40 орчим сая төгрөг. Тиймээс зураг хийлгээд дуусч байгаа. Зураг батлагдсаны дараа албан ёсны хөрөнгө санхүүгийн тооцоо гарах байх. Компаниуд зам барих шаардлагатай хөрөнгийг дундаасаа гаргаад мэргэжлийн компаниар хийлгэх байх. Өмнө нь компаниуд хоорондоо техникээ гаргаж зам тавьсан ч стандартын дагуу хийгээгүй учир үерийн уснаас болж урссан.

-Нүүрсний үнэр байнга үнэртэж, амьсгалын замаар дамжиж байна, тоосжилт их гэж малчид ярилаа. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?

-Нэгэнт нүүрс олборлож байгаа тул үнэр гарах нь дамжиггүй. Зуу хувь шийдэхэд хэцүү. Бид нүүрсний үнэрийг багасгахын тулд ажиллах ёстой. Боломжийн хэрээр ажиллаж байна. Нүүрс шатамхай бодис.

Янз бүрийн химийн урвалд орж дотроосоо уугиж эхэлдэг. Үүнийг бага байлгах дүрэлзүүлэхгүй байх талаас нь арга хэмжээ авдаг. Нийт 20 км зам барьж дуусгах төлөвлөгөө бий.

-Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх ажил ямар түвшинд байна?

-Баяжуулах үйлдвэрийн хувьд дөнгөж үйл ажиллагаа эхэлж байгаа. Уурхайн хувьд овоолгын налуу хучилтын ажил, үүн дээр техникийн болон нөхөн сэргээлтийн ажил түрүү жилээс эхэлсэн, энэ жилийн хувьд дотоод овоолго, дүйцүүлэн хамгаалах ажил тусгасан.

-Нийт 80 гаруй ажилтны 25 орчим нь орон нутгийнх. Үнэн хэрэгтэй ажлын байранд ажиллуулахад шаардлага хангахгүй тохиолдол гардаг. Их хөгжил санд манайх 350 сая төгрөг өгсөн байх шүү. Сумын “Боржигон туяа” хоршоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтарч ажиллаж байна гэв.

 

 Даланжаргалан сум

 

Даланжаргалан суманд эдүгээ 93 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байна.Үүнийг бусад аймгийн сумтай харьцуулахад их тоо. Харин сумын хэмжээнд Бичигт, Өнгөт, Элдэв багт эдүгээ 283 газарт 50 га газар эвдрэлд оржээ.

Тусгай зөвшөөрлийнхөө тоогоор улсад тэргүүлдэг энэ суманд Засгийн газрын тогтоолоор 40-50 гаруй байршилд хайгуулын сонгон шалгаруулалт зарлажээ. Өөрөөр хэлбэл дээрх газруудад ашигт малтмалын хайгуул хийх боломжтой гэсэн үг.

Элдэв багт нүүрс тээврийн зам асуудал дагуулж буй бол Бичигт багт “Олон Ихт баян” ХХК хайгуулын талбай дээр үйлдвэрлэлийн ашиглалтын барилга барьжээ.

Үүнээс гадна “Олон ихт баян” ХХК  газар ашиглах зөвшөөрөлгүйгээр хууль бусаар төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн суурь цутгасан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэлгүйгээр ашиглалтын зөвшөөрөл авсан гэх мэдээлэл дуулдав.

Харин Цомог багт жоншны чиглэлийн "Эко хэлхээ" ХХК-ийн хаягдлын далан сэтэрч жонш угаасан хаягдал ус хөрс даган урссаныг мэргэжлийн байгууллагын шаардлагаар цэвэрлэж биологийн нөхөн сэргээлт хийжээ.

Харин баяжуулах үйлдвэрт нь өнгөрсөн долдугаар сард осол гарсан тул үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа аж. Баяжуулах үйлдвэрийн усыг далан руугаа юүлээд эргүүлж ашигладаг тул үйл ажиллагаа зогссоноор даланд хуримтлагдсан ус эргэлтэд орохоо больж өмхийрөн үнэр нь сумын хэмжээнд тархаад байгаа юм.

Энэ нь сумын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ноцтой зөрчиж  буй. Сумын эргэн тойронд 10 гаруй нүүрсний уурхай, хоёр угаах үйлдвэрийн үйл ажиллагаа, тээврээс үүдсэн тоос тортог нэмэгдэж буй.

"Даланжаргалан сумын иргэд агаар нь бохирдсон,өмхий үнэртсэн, тоосжилт шороо ихтэй орчинд амьдарч байна. Суманд нэг юм уу хоёр уурхай байхад болох атал  Даланжаргалангийн даац нь хэтэрч  тусгай зөвшөөрлийн тоогоор тэргүүлж байна"  хэмээн нутгийн иргэн Б.Чулуунзүрх ярив.

 

Жоншныхонтой нүүр тулав

 

Дандарбаатар бид хоёр цааш явлаа. Зам зуураа чулуу, жонш ухаж байгаа хэн нэгэнтэй тааралдаж магадгүй гэж тэрээр ярьж явтал Портер машин хөлөглөсөн хоёр хүн жонш ухаж байхтай таарлаа.

Биднийг харвал шууд л зугтаана гэсэн нь ч үнэн байв. Тэднийг босон харайхын зуургүй бид дэргэд нь очив. "Prius" машин дуу багатай тул мотороо асааж чулуу нурааж байсан хүмүүс биднийг сонсоогүй байх.

Тэд мотор асааж цахилгаан дрил ажиллуулан ханыг нураах ба жонш жижиг биш том хэмжээгээр нурах нь аюултай харагдав. Өмнө нь энд нэг хүн жонш ухаж байгаад дарагдаж амиа алджээ. Хоногтоо портер машины тэвш дүүрэн жонш ухаж ченжүүдэд 500-600 мянган төгрөгөөр зардаг болохоор жонш тэдний хувьд ашигтай бизнес бололтой.

Дандарбаатар хууль бусаар жонш олборлосон тохиолдолд тооцох хариуцлага, арга хэмжээг танилцуулж, тэдний цахилгаан мотор, багаж хэрэгслийг хураан сумын төвд ЗДТГ-т ирж уулзахыг санууллаа.

Шийтгэлийн хэмжээ бага тул хуулийн дагуу 200 мянган төгрөгөөр торгодог. Гэтэл энэ мөнгийг хүмүүс ганц хоногт олчихдог. Урилгагүй зочид жонш, өнгөт чулуу ухахаар ирэхдээ нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Харин нутгийнхны зарим нь хэл ам хийж мөнгө төгрөг нэхдэг гэнэ. Мөнгө төгрөг дээрээ тохиролцож чадахгүй бол суманд хов хүргэнэ. Тохиролцож чадвал мөнгийг нь аваад чимээгүй болчихдог аж.

 

Дандарбаатарыг танилцуулахын учир

 

С.Дандарбаатар бол Даланжаргалан сумын ЗДТГ-ын байгаль орчны бодлогын мэргэжилтэн ажилтай. Уг нь сумын ЗДТГ-т байгаль орчны чиглэлээр хоёр хүн ажиллаж байсан ч нэг нь ажлаасаа гарчээ.

Зуу дөхсөн лицензтэй суманд байгаль орчны асуудлыг ганцхан хүн хариуцан ажиллаж байна. Цалин багатай ч ажилдаа дуртай гэдгийг хоёр удаа хамт яваад мэдрэв.

Амралтынхаа өдрийг гэрийнхэнтэйгээ өнгөрөөхийг хүсч "Хамт явж амжихгүй ээ" гэж  надад хэлбэл хэлэх. Гэтэл тэгсэнгүй. Түүнд амралтын өдөр байхгүй.

2006 онд Их нартын байгалийн нөөц газрын судалгааны төвд туслах судлаачаар ирж ажилласнаас хойш Их нартын идэвхтэн байгаль хамгаалагч, 2012 онд аймгийн БОАЖГ-ын Их нартыг хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад 2019 оны зургадугаар сараас эхлэн шинэ ажлаа хүлээн аваад байгаа тэрээр байгаль орчны улсын байцаагчийн үнэмлэхээ  удахгүй гардана.

Байгаль орчны салбарт 13 жил ажиллаж байгаа тэр жоншныхон, өнгөт чулууныхантай байсхийгээд л нүүр тулдаг аж.

Хууль зөрчигчдөд шаардлага тавихад өөдөөс эсэргүүцэж хэл амаар доромжилж, цохиж зодох, машин тэрэгтэйгээ зугтаах, машинтайгаа чирээд давхих, тэр бүү хэл цагдаагийн албан хаагчийг чирээд давхисан удаа бий. Эрчүүд гайгүй, учраа олж болдог. Эмэгтэйчүүд хэцүү. Шаардлага тавихаар ирээд л  загнаж зандарч, шууд цохиод авна. 

Шаардлагын хариуд зарим нь “Энэ нөхөр ашиг хонжоо хараад байна гэж буруугаар дүгнэдэг тал бий.Тэднийг үйлдэл дээр нь бариад хариуцлага тооцно. Заримдаа танил тал, дарга даамлаар дамжуулан ийм ч зовлон, тийм ч асуудал яриад анхааруулж, сануулаад явуулчих гэсэн гуйлт зовлонтой тулгардаг.

Хуулийн зүйл заалтад анхааруулах гэсэн заалт байхгүй тул нэг талаараа дарамт болдог гэж Дандарбаатар өгүүлэв.

Замын  цагдаагийн ажилтнууд шиг байгаль орчны байцаагчид торгуулийн арга хэмжээг тухай бүрт нь газар дээр нь авдаг болчихвол ажилд тустай. Ажлын чанар сайжирна, бичиг цаасны ажил багасна. Дээрээс нь торгуулийн хэмжээг чангатгах хэрэгтэй. Хууль зөрчсөн иргэнд арга хэмжээ авах гэхлээр сунжирдаг. Эхлээд хэргийн материалыг бүрдүүлнэ, тэгээд цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын аль нэг рүү шилжүүлнэ.

Байгаль орчны чиглэлээр  анх ажилд ороход төрийн албаны хуулийн дагуу ТЗ/2-оор сард 300 гаруй мянган төгрөг гар дээрээ авдаг тул тогтвор суурьшилтай ажиллахад хэцүү.

Байгаль орчны байцаагчийг босоо удирлагатай болгож хангамжийг шийдвэрлэн, цаг тухай бүрт нь тоног төхөөрөмжөөр хангах шаардлага байгааг тэрээр дурдсан юм.

Тэрээр он гарснаас хойш жонш ухсан таван иргэнийг үйлдэл дээр нь барьж цагдаад шилжүүлж, өнгөт чулуу түүсэн 31 иргэнд торгууль тавьжээ. Ер нь байгаль орчны чиглэлийн ажил сэтгэл санаа болоод ар гэрт муугаар нөлөөлдөг.

Өмнө нь энэ чиглэлээр ажиллаж байсан хоёр ч хүн ажлаасаа гарсан. Хүний хэл ам, дарамт шахалт, янз бүрийн асуудлаас болсон болов уу гэв. Орой болж бид сум руу давхилаа. Харуй бүрий болох үеэр суманд ирэхэд Дандарбаатар ажил руугаа ирж хураасан эд зүйлсийг баримт хөтлөн тэмдэглэнэ. Харин жонш олборлож байгаад баригдсан портертой хоёр хүн түүний хойноос орж харагдлаа.

Өөрийгөө хамгаалах зэвсэгггүй, гартаа барих багажгүй, албаны унаагүй, цалин хангамж багатай ийм нэг залуу байгаль хамгаалагч тусгай зөвшөөрлийнхөө тоогоор улсад тэргүүлдэг Даланжаргалан сумын байгаль орчныг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, ар гэр амьдрал ахуйгаа хойш тавин иргэдийн гомдол дуудлага хийгээд хууль зөрчсөн үйлдлийн эсрэг хоёргүй сэтгэлээр зүтгэж байна.

Ерэн гурван тусгай зөвшөөрөлтэй суманд ганц байгаль хамгаалагч ажиллана гэхлээр хэцүүхэн санагдсаныг нуух юун.

Айраг, Даланжаргалан суманд уул уурхайн компаниуд ажиллаж улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлж хувь нэмэр болж байгаа ч уурхайгаас үүдсэн сөрөг нөлөөлөл ихэсч, байгаль орчин сүйдэх нөхцөл бүрдэж байгаа нь аян замын явцад тодорхой байлаа.

Түрүүлж өргөдлөө өгсөн нь тусгай зөвшөөрөл авдаг байсан тэр цагаас Айраг, Даланжаргалангийн  нутагт тусгай шөвшөөрлийг хавтгайруулан олгож эхэлсэн юм. 

Уламжлалт мал аж ахуй, уул уурхай хоёр хаяа дэрлэн оршив ч нэгнээ үл хүлээн зөвшөөрсөөр.

Үргэлжлэл бий.



Цагаан дэлийн шаналан хийгээд боржигины нутгийн зовлон-1

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0