ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-15
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хүлээн авлаа

Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг хүлээн авах нээлтийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 08-нд Сайншанд хотод боллоо.

Үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, Энэтхэг улсаас МУ-д суугаа элчин сайд М.П.Сингх, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон бусад удирдлагууд, ард иргэд оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 59 дүгээр тогтоолоор “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын хэлэлцээрийн хүрээнд БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Сайншанд хотоос Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбай хүртэлх 18,8 км урт төмөр зам, Сайншанд хотоос Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбай хүртэлх 16,8 км хүнд даацын зориулалт бүхий хатуу хучилттай авто зам, Сайншанд суманд байрлах 110/35/10 кВ-ын дэд станцаас Газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх 110/10 кВ-ын 18,2 км ЦДАШ, дэд станцын ажлыг хийгээд дуусчээ.

Дэд бүтцийн угсралтын ажил хийгдэж дууссанаар 2020 оноос үйлдвэрийн барилга угсралтыг эхэлж, 2023 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийн үр дүнд Монгол Улс түлш шатахууны импортын хамаарлаас гарах, валютын урсгалыг 20 орчим хувиар бууруулж түлш шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалах валютын ханшийг тогворжуулах, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 хүртэл хувиар нэмэгдүүлэх, улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 150 сая ам.доллар төвлөрөх, ажлын байр шинээр бий болох, парафин вакс болон хуванцрын түүхий эд үйлдвэрлэснээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдэх юм.

 



Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хүлээн авлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0