ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-04-08
Cоёлоороо гоёсон малчид
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 192 удаа уншсан
2020-01-16 22:31:31

Эхлэл төгсгөл нь үл мэдэгдэх говийн ээрэм талд цас багагүй унажээ. Аяны замд түр зогсон тэнгэрийн байдлыг ажиглаад хөдлөх зуур гутал дор шинэхэн орсон цас шаржигнан дуугарч байв. Цасны тухай бодол  сонин юм.

Хот хүрээ тийш цас орвол орно л биз гэсэн хэнэггүй бодол маань хөдөө талд, говийн ээрэм хөндийд, малын бэлчээрт, малчдын хотонд болохоор солигдож эргэцүүлэн бодох нь хачин. Цас хэр орсон бол? Малчид отор нүүдэл хийж байна уу гэх бодол өөрийн эрхгүй төрнө.

Хуучцуулын яриаг санахад орсон цасны хэмжээг бодын хар туруу, богийн хар туруу, шувууны мөр төдий, ам малын хэмжээтэй гэж газар бүрийн онцлогт тохируулан янз бүрээр ярьдагсан. Монголчууд цасгүй өвөл малд хэцүү гэх нь бий. Үнэн. Цасгүй  жил мал улддаг, тамир тэнхээ нь барагддаг, өвчин эмгэг ээрэх нь ихэсдэг гэдэг.

Их говийн эргэн тойронд цагаан манан татсан өглөө Эрдэнэ суманд буув аа. Улаан-Уулын отряд гэдэг нэрээр орон даяар танил болсон нутгийн малчид сумаас зохиодог малчдын өдөрлөгтөө өргөн олноороо цугларчээ.

Өдийд сааль сүү татарсан цаг тул малчдын цаг зав, сиймхийг ашиглаж зөвлөгөөн зохион байгуулах нь зөв шийдэл гэж сумаас үзсэн бололтой.

Байгаль дэлхий цасан гоёлоо өмссөн бол малчид ч цайны дээлээрээ гангарч, малч удмын эд хэрэглэлээ өмсөж зүүжээ. Нүүдлийн мал, малчин, бэлчээр гурав янзтай зохицохыг яана.

Ганган тэмээдээ унаж галбын говьд галгиулах нь говийн малчдын жаргал юм. Говийнхон энэ өдрүүдэд тэмээгээ уралдуулж, гар урлал, цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, сайхан тэмээтэй, сайхан хос, шилмэл буур шалгаруулж, орой сумын клубт танц эргэсэн юм.

Цасан өнгөөр бүрхсэн ийм сайхан өвлийг сүүлийн 20 гаруй жил үзсэнгүй гэж малчид ярина. Байгалийн араншинг дагаж малаа адгуулдаг малчдын сэтгэл өөдрөг, малынх нь зоо тэнэгэр байгааг тэдний ярианаас сонсов.

Малчдын өдөрлөгийн завсарлагаар түр гадаалж хөөрөг зөрүүлэн элдвийг хуучлах хижээл насны хоёр эр бол Эрдэнэ сумын Еншөөв багийн харьяат улсын аварга малчид.

Зураг дээрх зүүн гар талын хар хөх торгон дээлтэй, жирэвгэр сахалтай эр Еншөөв багийн улсын аварга малчин У.Энхболд. Өнгөрсөн зууны далаад оноос наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр “Амьдралын зам” нэгдэлд мал маллаж эхэлсэн бөгөөд залуудаа морь сайхан уургалдаг байжээ.

Харин нөгөөх нь мөн нутаг нэгтэн улсын аварга малчин Т.Сарангэрэл.Малд нүдтэй төдийгүй нэгдлийн адуу маллаж, мал маллах гараагаа эхэлжээ. Т.Сарангэрэл 2018 онд улсын аварга малчин болж байсан бол У.Энхболд түүний дараа буюу 2019 онд улсын аварга болж байв.

Тэдний яриа сонирхол татна. Энхболд гуай нэг удаа ороо алаг морь уургалахаар хул хонгор морио сойж байгаад ганц дохиод л уургалж байж. Тэр үед морио байнга унаж эдэлж байдаг болохоор морь мал хөнгөн, унаа, эдэлгээ даадаг байж.

Хавар болж гурван сарын дунд үеэс дэл сүүлээ хяргах том ажил гарна. Адуучид уургын морио хөтөлж бөөнөөрөө адуун сууриа тойрч адууны дэл сүүлийг хяргадаг байсан гэж Сарангэрэл гуай ярив.

Энэ үеэр адуучид мөн л задгай хээр талд морь уургална. Нэгдлийн үед бригадын эмчилгээ цэгийн Бямбаа гэдэг жолооч шар өнгийн “Газ 53” машин жолооддог байж. Гэтэл ганган хээр зүсмийн ороо адууг хүмүүс уургалахаас зүрхшээнэ. Машины тэвш дээр гараад уургал гэлээ.

Би ч тэвш дээрээс уургалж орхисон гэж Энхболд сахлаа илбэн ярина. Бүрдэнэ нутагт зуугуул адуу их байдагсан. Заримынх нь эзэн олдоно, зарим нь эзэнгүй, тэгээд л адууны бэлтгэлд өгнө. Мотоцикл дээрээс уурга шүүрч л байлаа. Одоо айлын гадаа давхиад очиход сайхан уурга, уургын морь харагдахаа байжээ.

Нэгдлийн мал алдаж үхүүлбэл хариуцлага үүрдэг байлаа. Бид багадаа шилбүүр унаж хурдан хүлгийн зоон дээр салхи татуулан давхиж явсан найзууд байгаа юм. Энэ хүн надаас нэг нас ах.

Бас миний өмнөх жил аварга болсон учраас би хүндэтгэдэг. Цагаан сараар очиж золгоно, сураглах үедээ сураглаж, уулзах үедээ уулзаж явна даа. Бас манай ангийн охиныг аваад суучихсан зайтай эр, манай хүргэн гэж Энхболд хошигнов.

Аварга малчид 1990-ээд он хүртэл адуугаа маллаж байгаад хувьчлалаар хууль гарч тараажээ. Гэвч өвгөдийн үлдээсэн буяныг үргэлжлүүлэн мал малын захтай болсон байна.

Тэднийх тус бүртээ 2000 дөхсөн малтай. За хө энэ жил  манай нутагт ам малын цастай, идэш, ус тэнцүүхэн ойрын 20 гаруй жил болоогүй өвөл болж байна. Мал усан дээр зогсоод байхгүй сайхан. Манай энд идэш хоол армаг тармаг тул зуд болохдоо амархан.

 

Мал хүн хоёр жаргалаа эдэлж байна.Социализмын үед 1100 гаруй адуу малладаг байлаа. Усалж гаргаад л бэлчээрийн сайныг дагуулаад маллана даа.  Бага насандаа адуунд сонирхолтой байсан. Манай нутаг талтай, уултай, юм юмтай таван хошуу малд зохицсон газар гэж Сарангэрэл гуай хууч дэлгэнэ.

Тэд нутгийнхаа олон айлыг 1000 гаруй малаар малжуулж байжээ. Эртнээс Еншөөв нутаг адуутай байж. Зургаан суурь бүхий зургаан мянган адуутай бригад байсан гэлцдэг.

Адуу ихтэй байсан болоод ч тэр үү нас харьж яваа өвгөн адуучдыг “Өвгөн мянгат”, анхны адуучдыг “Ууган мянгат”, залуу үеийнхнийг “Залуу мянгат”, дунд үеийнхнийг “Идэр мянгат” гээд зургаан суурь адуу тус бүрийг ийн нэрлэж байжээ.

Еншөөв багийн адууг Алтан гадаст Жимээ, Мижиддорж гэх хүн 1960-аад оны үед өсгөсөн гэдэг. Үүнээс хойш Еншөөв  багийн адуу мянга мянгаар өсч тус бүртээ мянга гаруй зургаан суурь адуутай болсон байна.

Тэд эдгээр адуун сүргийн сүүлийг 1990-ээд он хүртэл маллаж байгаад зах зээлтэй залгажээ.Аваргуудын нэг том ажил нь агт туух. 1980-аад онд агт тууж Улаанбаатарын наана байх  Мааньтын хооронд бишгүй явж байв.

Яаралгүй явахад сар гаруй, түргэн явахад хорь орчим хоног явдаг байж. 12 дугаар сарын 01-нээс эхэлж малаа бөөгнүүлээд л тооллого хийнэ.

Одооны малчдын мал маллагааны арга барилын талаар асуухад “За даа бидний дээд үеийнхэн голох л байх. Бид ч адилхан техник хэрэглэдэг болчихлоо. Соёл уламжлал, зан заншлаа бодвол морио унаж малаа маллах  нь чухал. Одоо ч  уурга барьдаг, морь унадаг залуус ховор болж.

Залуу байхад өвгөчүүлийн үгийг сонсдоггүй байж. Одоо бодох нь ээ  тэдний үгийг сайтар сонсож байхгүй яав даа гэх бодол эргэлддэг болсон.Одоогийнх  шиг бид архи уудаггүй байлаа.

Ахмад настан, дарга нараас айж эмээдэг даруулгатай байсан. Хүүхдүүд ном эрдмийн мөр хөөж, тусдаа айл өрх болоод бидэнд олдохгүй, дэргэд байх хүнгүй болж хэцүүхэн л байна. Эрдэнэ суманд мал маллах хүн олдохоо байсан.Гэхдээ яахав туслах малчин хөлслөөд малаа маллуулдаг.

Мал маллах хүсэл сонррхолтой хүн ховор болжээ. Залхуурахгүй бол мал маллахад сайхан амьдрах бүрэн боломжтой гэв.

Хилийн сумын малчид мал маллахаас гадна хил хамгаалахад туслах хүчний ажилд хүчин зүтгэдэг тул тэд ч мөн адил залуудаа хил хамгаалах туслах хүчний ажилд зүтгэж явжээ. Аварга малчдын яриа ийн өндөрлөж хурлын танхим руу орлоо.

 



Cоёлоороо гоёсон малчид

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0