ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-06-02
Би “ШҮРЭН ЧАГНУУР”-аас “ХУРМАСТ ТЭНГЭР”-т очсон...
Д. Эрдэнэдалай > Нийтлэгч | 151 удаа уншсан
2020-03-05 21:35:48

 

 

1.Багшийнхаа “ШҮРЭН ЧАГНУУР”-аар би “СЭТГЭЛИЙН ГЭРЭЛ” чагнасан юм... 

 

Би багшийгаа ихээр дурсан боддог. Гэхдээ харамслаар биш гэрлийн хас хуйт эргүүлгээр оюун санаа ухамсартаа үргэлж сайхнаар санаж өөрийгөө азтай л нэгэн дээ гэж аминчхан боддог. Балчирхан хүүхэд насандаа бөмбөг өшиглөхийн донг мартагнан БАГШ-даа очсон тэр намар ингэж эхэлсэн юм аа...

Хичээл эхлээд дажгүй хэд хоносны дараагаар ангийн минь найз Р.Энхбаяр /одоо Өргөн сумын физикийн багш/ “Ээж намайг Цээеэ багшид шавь болгосон. Шүлэг бичнэ. Их юм мэддэг хүн” гэх зэргийн үгийг надад хэллээ. Хагас сайн болгон цугладаг гэнэ ээ.

Нэг, хоёр долоо хоног найз минь явлаа. Би нэг сайхан зүйлээс хоцорч байгаа юм шиг нөхөртөө атаархаад ч байгаа юм шиг л байсан. Хүүхэд байсан болохоор яг л тэгж бодсон. Тэгээд нэгэн сайхан нартай хагас сайн өдөр найзыгаа дагаад дэнж рүү хуучин Хүүхдийн эмнэлгийн хоёр давхарт хүрсэн юм.

Энэ бол амьдрал дахь хамгийн зөв алхмаа би өөрийн мэдэлгүйгээр хийсэн явдал байсан. Анагаахын эгч нар голдуу байсан санагддаг юм. Арай бага нь бид хоёр л доо.

Бичсэн шүлгүүдээ уншиж байна, хүмүүс... Надад шүлэг байхгүй ээ... Сэдэв өгөөд бичүүлж байна. Би бичиж чаддаггүй ээ... Бичсэн шүлгүүдийг нь задлан ярьж байна. Би сайн ойлгохгүй юм... Тэгсээр гэртээ бичиж ирэх сэдэв болоод унших номын нэрс хэлж байна. Орос нэрнүүд шүү... Би тогтоосонгүй ээ... заза энэ ч бас л гэж бодоод  ганцаараа баахан нүүрээ улайлган суусан болохоор эвгүй санагдаад урамгүй буцсан юм.

Гэхдээ гурав, дөрөвдүгээр ангиасаа нэлээн олон ном уншсаны буянд /Ээж минь сонин сэтгүүл ихээр захиалж эмээ минь ном уншихыг их дэмжинэ ээ/ шүлэг бичнэ дээ гэж бодоод гэртээ ирж /гэрт хүн байгаагүй юм/ Тэнгэрийн дуутай “Жамба СҮҮ” гэсэн цэнхэр хуурцган дээр гандан хорооллын байрны ордог хашааныхаа айлуудын нохойг өнгө зүсээр нь сайхан ялган нэрлээд:

“...Тэр хашааны

Тэр айлын

Тийм зүсмийн нохой

Айдасын даваа өгсөөд

Алдар толгой ороогоод...” гээд л хурдан морины уралдааныг дуурайн дуугаа бичиж орхив. Тэгээд мартжээ. Хэсэг дугуйландаа явж А.Блок, М.Цветаева гэсэн нэрийг чихэндээ тогтоохчаа болоод байв. Гэнэт нэг өдөр гэрт бөөн инээдэм шуугиан гаднаас орж ирэхэд болж байна. Аав, ээж, эмээ, эгч нар бөөн инээд, миний бичсэн “Нохой уралдаан”-ыг сонссон байжээ.

“Ясны тоочин Рэгзэнгийн Энхбаяр” гэсэн магтаал шахуу шүлэг ч цохиж явсан юм. Би их ичиж дугуйлан руу хэсэг явсангүй. Урьдын л хэвийн өдрүүд өнгөрч эхэлсэн. Харин найз маань хань их татна. Дэнж явъя гэж. Тэр үед би “Гэр нь дэнжид болохоор хань татаж дөхүүлүүлэх санаатай” мэтийн олиг муутай юм бодож байсан ч дагасаар очдог болж авлаа. Шүлэг ч бичлээ. Болж байгаа ч юм уу? Үгүй ч юм уу? Зүгээр л очоод байсан... Гадаа хавар иржээ...

Багш “Хайрлах, хайрлахуй гэж ийм юм. Энэрэх, энэрэхүй гэж ийм юм. Нигүүлсэх, нигүүлсэхүй гэж ийм юм” гэх зэргийн учир нь үл олдох юм ярих ба би мэт цонхоор харан салхи шуурганд хийссэн уутанцар энэ тэрээг харж өнжинө. Багш хуучин оросын болов уу? төмөр суурьтай шилэн талст цомонд халаагуураар дүрж байхуу ууна. Сумтай 25-ын “Дарга” үзгээр дэвтрийн цаасыг тэг дундуур нь зүсээд сурагч бэхээр, том том үсгээр бичнэ.

Дугуйлангийн эгч нар цөөрчээ. Бодоход хичээл шалгалт ихэссэн биз дээ. Бид хоёр л очиж байв. Хааяа Ж.Ганхавх эмч хаалгаар шагайж бичсэн шүлэг энэ тэрийг маань үздэг байсан юм. Ингэж явсаар өөрийн мэдэлгүй 1998 онд “Шүрэн чагнуур” яруу найргийн дугуйландаа очин багшийнхаа утга төгөлдөр гэрэлт үгсийг нь сонсож эхэлсэн байдаг юм. Р.Энхбаяртаа, бид хоёрыг их л хөхиүлэн дэмжиж байсан найзын минь ээж Д.Баярсайхан эгчдээ би талархаад ч барахгүй ээ...

Ирэх намраас нь идэвхтэй очсоон... Ингэж явсаар 2000 оны хавар болж аймгийн “Хүрэл тулга” наадамд сургуулиасаа Р.Энхбаяр бид хоёр орох болов. Орсон. Таван минутын шүлгээр байр тодруулах боллоо. Сэдэв нь “СОВИН”...

 

СОВИН

Зүрх зүсэн уйлах оддын сүүдэр орчиж

Зүүдний гүнд хаяарах нарны гэрэл сэмэрнэ

Сэтгэлийн утас алдуурч зүүдний совин татан

Сэтгэж амжаагүй бодол жаргалын дуунд уярна

Сэтгэж амжаагүй бодол

Жаргалын дуунд уярах шиг

Чи миний зүүдийг сахин

Чимээгүй совин зүрх тогшин эрхэлнэ

Зүүдээ манах шүлгийн минь мөр

Зүрх сэмрэх бодлын минь совин /2000.03.08/ гэж бичээд би “Азаар” түрүүллээ. Тэр жилийн улсын “Хүрэл тулга-2000” наадамд багш аймгаас Р.Энхбаяр /хоёрт орсон юм./ бид хоёрыг дагуулан явлаа. Олон улсын “Найрамдал” зусланд очин үе тэнгийн хүүхдүүдтэй танилцаж сайхан л байна аа. Багш нэгэн орой үл ялиг үнэртүүлсэн ирлээ.

/Багш минь тэр идээг хүртдэггүй юм шүү!!!/ Одоо бодоход баруун аймгийн болов уу? /биш ч байж магад. Тэр үеийг би тэгж санаж байна. Ямартаа ч их л дотно найз нь юм шиг байсан./ нэг багштай хамт тасагт ирж юм ярьж суулаа. Чиний авчирсан хүүхдүүд аль вэ? гэж нөгөө багш асууж байна. Багш бид хоёрыг түүнд танилцуулаад:

-Энэ Энхээ, Далай хоёр бол миний хөлийг угаа гэсэн ч угаах л хүмүүс шүү. Би тэгж л боддог шүү!!!  гэж өнөөх багшид шавь нартаа ойр гэдгээ хэлэх шиг болсон.

Нэг хүүхэд багшаас:

-Ер нь шүлгийг урт бичвэл зүгээр үү? богинохон бичвэл зүгээр үү? гэж асуулаа. Багш минь хэллээ:

-Чамайг яг энэ байгаагаас чинь сунгаад татчихвал ямар болох уу? Бүр дараад навтайлгачихвал ямар болох уу? гэсэнд бид инээлдэж өөр өөрийн ухаанаар ойлголт авах шиг боллоо. Улсын наадмын тоос үзээд бид нутаг руугаа буцаж “Шүрэн чагнуур” дугуйландаа арай идэвхтэй явах боллоо. Дараа жил нь Р.Энхбаяр маань хот шилжиж би гэдэг хүн ганцаар очдог болов.

Удалгүй бүр доод дөрөвдүгээр ангийн Б.Мөнх-Эрдэнэ гэх дүүгээ дагуулан очлоо. Надад үсэг нүдлүүлсэн Ч.Отгонбаяр /Монгол улсын Гавъяат багш/ багшийн маань анги. Бид дээд анги нь доод ангиа даан сургадаг арга барилыг нэвтрүүлсэн нэг багшийн шавь нар юм. Бид хоёр жил багшдаа очсон.

Заримдаа “Равжаа” музей дээр дуудна. Тэр үед аймгийн Засаг дарга Л.Одончимэд гуай, багш, Г.Цагаандэрэм багш, Б.Төмөрпүрэв ах, Л.Эрдэнэбат ах, А.Эрдэнэ-Очир ах, Ш.Энхбаяр ах, ТМС-ээс Э.Анхбаяр, С.Билигсайхан, О.Энххуяг нар ирнэ. Хаа нэг С.Боргил ах үзэгддэг байсан санагдана. Бусдыг нь би таньдаггүй байсан байх... Тэд сайхан ч бичнэ. Сайхан ч унших юм аа. Би бараг шүлэг уншиж байгаагүй ээ...

Ингээд 2001, 2002 оны “Хүрэл тулга”-д аймагтаа түрүүлээд улсад арай чүү 2002 онд хоёрдугаар байрт орсноор хүүхэд насны яруу найраг “Өндөрлөлөө”.

Оюутан болж амралтаараа ирэх болгондоо багш руугаа би гүйнэ. Бичсэн ганц нэг юмаа үзүүлдэг. Үзүүлдэг ч гэж... Багш:

-За, шүлэг сонсъё л гэнэ. Магтана. Муулна. Магтана. Тэгээд ярилцана. Багштай уулзах, ярилцах их сайхан. Сонин юм их ярина. Түүнийг нь сонсоод сууж байх сайхаан...

Оюутан цагийн тураг биетэй байхад нэг өвөл бөөр их өвддөг боллоо. Багшид очиж хэлтэл хойд өрөөндөө оруулаад Манал бурхандаа мөргүүлэв. Тэгээд:

-За би чамд 3000 жилийн тэртээх нэг дасгал заая. Үүнийг хийгээд сурчихвал биен дээгүүр чинь танк гарсан ч чи зүгээр гэж хэлээд дасгалаа зааж байна. Сунгалтын дасгалууд юм аа. Би яг мод. Багш хажууд нэлээн хийж байгаад:

-Чи хэдэн настай билээ.

-Би төдөн настай. /20 хүрээгүй.../

-Хн... Хар залуу байж. Наад хөл гараа тэнийлгээд хий. Болдог бол сайн зодох юм сан гээд хаанаас ч юм нэг улаан сухай мод барьчихсан инээгээд зогсч байсан сан. Би тэр дасгалыг одоо мартжээ...

Ноён хутагтын 200 жилийн ойгоор дэмий сэлгүүцэж явтал Ш.Энхбаяр ах, Л.Эрдэнэбат ах хоёр театрын үүднээс дуудлаа. Юу хийж яваа юм, хаачих нь уу? Яруу найргийн наадам болох гэж байна “Ор” гэлээ. Би ч буцан гэр рүүгээ гүйж “Пижаак” углаад ирж орсон юм.

Дэмий явсан нөхөр наадамд түрүүлж Тахилч З.Алтангэрэлээс /Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн/ “Баян намсрай”-н дэлгэмэл том танка, ном сэлт, ихээ мөнгө, “Таван дохио” жуулчны баазад нэг хоног үнэ төлбөргүй амрах эрх гээд л шагнуулав. Яруу найрагч Б.Лхагвадорж, Х.Данзанравжаа хоёр минь удаалжээ. Энэ том бурханыг шагналд аваад би үнэхээр их баярлаж “Дотор бугшаа” хүн чинь хатуу идээ хүртдэг юм аа...

Багштайгаа ч зургаа татуулав. Багшаа би “ЯРУУ НАЙРАГЧ БОЛНО ОО”...

 

2. Бидний багшийг Хандын ЦЭРЭНДОРЖ гэдэг...

 

ХҮН байхын учир шалтгааны тухайтад сургасан бүгдийг нь тарнилан давтаж хожмын хүмүүст “ХҮН” байлаа хэмээн тунхаг хүргэнэм, шавь нь... /Цонжи ладдү цам най май да/

Монгол улсын Хүний Гавъяат эмч Хандын Цэрэндорж багш минь 1936 онд Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг “Хаалгын хуудас, Хар толгой” гэдэг газарт төржээ. 1957 онд Хүн эмнэлгийн дунд сургууль, 1966 онд Анагаах ухааны Дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн юм. 
Өмнөговь аймгийн Хүрмэн, Баяндалай, Сэврэй, Ноён сумдад Бага эмч, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт Зүрх судасны эмч, Дорноговь аймаг дахь Анагаах ухааны дунд сургуульд багш, захирал, Аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар үр бүтээлтэй ажиллаж байв.

1960-аад оноос Утга зохиол, яруу найраг бичиж уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн бөгөөд “Наранбадрах”, “Мөнгөн буйл”, “Гурван уулын гэгээ”, “Гурван зул цэцэг” шүлэг, өгүүллэгийн номууд, “Гэгээн домог”, “Ариун дууль”, “Ариусахуйн гэгээ” гурван ангит жүжиг, “Гэрлийн сүүдэр”, “Надад бас Та бий”, “Номын цагаан адис”, “Хөх сарнайн дууль”, “Гудайгаагүй тэргүүн” зэрэг 10 гаруй жүжиг, “Бөмбөлдэй баатар”, “Хайрын цагаан дууль”, “Есөн шаргын тоос”, “Шар домог” зэрэг дуурийн цомнолууд туурвижээ.

Дорноговь аймгийн Зохиолчдын “ХУРМАСТ ТЭНГЭР” төвийг үүсгэн залуусыг уран бүтээлийн замд хөтлөн оруулсан Номын ачит багш, Соён гэгээрүүлэгч хүн. Түүний Монголын Утга зохиолд оруулсан хувь нэмрийг тэмдэглэж 2006 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналаар шагнасан билээ. Мөн “Оточ Одь” эмнэлгийн Зөвлөх эмчээр ажиллаж Тэжээхүйн ухааны чиглэлээр Эмчлэх арга зүй, Судсаар оношлох судалгааны олон бүтээл туурвиж нийтийн хүртээл болгосноос гадна “Судсаар онож танихуйн 108 шид оршив” ном, “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй”, “Найман Маналын гэгээ”, “Мөнхөд бадамлах зул”, “Тулгын гурван чулуу” зэрэг эмнэлгийн түүхэн баримтат кино бичиж дэлгэцэнд шилжүүлсэн нь олны талархал хүлээсэн юм. 

Дорно дахины Анагаах ухаанд Монголын үе дамжсан оточ Одь хэмээх Дорж маарамбаас “Жүд” хүртсэн шавь нь бөгөөд “Дээд эрүүл мэнд” гэсэн анагаах, эдгээхийн шим эрдэм түүний онолын сэтгэлгээний бүтээл туурвиж АНУ, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудад лекц уншиж Анагаах ухааны онол арга зүйд шинэ уур амьсгал оруулсан сэтгэгч.

Мөн Чингэс хааны дэлхийн академийн Академич, “Түгээмэл” дээд сургуулийн Хүндэт профессор цол хүртсэн Азотрик эмч, судлаач. Монгол улсын Төр засаг түүний гавъяа зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол улсын Соёлын Тэргүүний ажилтан, Эрүүл Мэндийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Алтан гадас” одон, ойн медалиуд, Монгол улсын Хүний Гавъяат эмч цолоор шагнасан.

Ноён хутагтын мэлмий гийсний 210 жилийн ойгоор “Хуучин дэлхий” анхны яруу найргийн түүврээ би багшдаа барьж очин өмнөх үг бичүүлсэн юм. Энэ бол 2013 он. Багш:

-Чиний номноос роль гэдэг үгийг төрх болгож зассан шүү. Өөр гар хүрээгүй гэж хэллээ. Багшийн минь өнөөх л сурагч бэхээр дэвтрийн цаас дундуур нь хуваасан номын өмнөтгөл үгийн гар бичмэл одоо надад үнэт ӨВ болон хадгалагдаж байна. Хааяа гаргаж ирэн харж суудаг юм даа...

Дорноговийн үе үеийн сэхээтний тархинд “Гэрэл харвуулж” оюун билгийн ай сав мандлаас харамгүй хүртээсэн багш минь эгэл хүн. Эгэл хүн... Одооний хүмүүс “Эгэл” байхыг л сурах хэрэгтэй шиг санагддаг. Эгэл, эгэл, эгэл...

...Багшийн бие муу байгааг яруу найрагч Анандын Байгалмаа эгч утас цохин хэллээ. Бид нэг өдрийн ажил тарах үес багшдаа очицгоолоо. Г.Цагаандэрэм багш, яруу найрагч Л.Эрдэнэбат, Ш.Энхбаяр, А.Байгалмаа эгч бид хэд...

Тэд яах ийх талаар ярилцаж байна. Би ярианд орох эрхгүй ба мэдэх чадах ч юм үгүй тул зүгээр сонсон суусан. Нэг өгүүлбэр намайг хачин харанхуйгаар нөмрөн авлаа. Багш:

-Одоо ер нь өөрийн чадалтай дээрээ хүний гар үзэлгүй шиг л явах хэрэгтэй гэх маягийн, бараг л бэлдчихсэн мэт үгийг их зоримог, дотор гуниггүй намуухан хэллээ. Гэхдээ энэ намуухан өгүүлбэр хамгийн чанга сонсогдож дотор үлдсэн байна шүү...

Багш минь удсангүй... Сайхан монгол орондоо гүн утгын нойр авч бишрэлт гэрлийн сүнсээ тарнийн орхимжноо хураан сансрын мэдэлд очив. Монголын Зохиолчдын “ХУРМАСТ ТЭНГЭР” төвийнхөн, шавь нар нь нам гүмийн агуулга дор сөхөрлөө. Улаанбаатараас яруу найрагч А.Эрдэнэ-Очир ах минь, яруу найрагч Ү.Хүрэлбаатар гэргийн хамт, Г.Мөнхцэцэг эгч, Говьсүмбэрийн Утга зохиолын салбараас Б.Энхтөр ах, Лу.Содномдорж багш маань, Сайншандаас Ш.Энхбаяр ах, Г.Цагаандэрэм багш, Ж.Заяабаатар ах, Л.Эрдэнэбат ах, А.Байгалмаа эгч, Л.Сандуй гуай, хөгжмийн зохиолч Б.Мөнгөн-Өлзий ах /хүн мартсан бол намайг өршөөчих/ бид бөөгнөж аваад багшийгаа хөрстөд даатгаад буцацгаасан юм. Гэвч багшийн минь үйл хэрэг үлдсэн гэдгийг бид дор бүрнээ ухаарсан.

Удаах яруу найргийн ном “Миний БУДДА”-гаа 2018 оны Хутагтын наадмын өмнөх шөнө хотоос авч ирээд ойр дотны хүмүүстээ бэлэглэсээр явлаа. Хэсэг өдрийн дараа багшийндаа хүрч Х.Хүүхэнээ эгчид номоо барилаа. Р.Дэмбүү маань бас бурхан болсон нэг тийм өдрүүд байсан юм аа. Х.Хүүхэнээ эгч:

-Намайг айлын ажилд авч явах хамт олон, хүн амьтан байхгүй шиг байна. Яая даа гэхээр нь:

-Би маргааш 11 цагт ирье. Та бэлэн байгаарай гэж хэллээ. Номыг маань баахан үзээд:

-Би заавал уншина аа гээд надад багшийн тухайтад бичсэн “Наран дороос мандсан наран” номыг нэг том хэвний ааруулын хамт өглөө. Тэр шөнө бүр нойр хүрсэнгүй ээ. Өгсөн номыг нь уншиж багшийгаа ямар их ХҮМҮҮН байсныг бүр баттай ухаарч гэрээс нэг гарч, нэг орж байсаар үүрийг харлаа.

Яруу найрагч С.Боргил ахтай яруу найргийн талаар ярьсан ярилцлага нь нэг тийм өөр бодомжинд намайг хөтөлж би багшийнхаа хүүхэд ахуйд минь ярьж хэлж байсныг ихээ сүүлд “Тасхийтэл” ухаарах шиг болсон.

Маргааш нь бид хоёр ажил явдалд очин баахан уйлцгаагаад “Ажнай” худалдааны төвийн урд модны сүүдэрт хэсэг зүйлийн талаар халуун наранд удаан зогсон ярьсан юм. Багшийн минь үйл хэрэг үргэлжийн утгатай зүйл юм шүү.

Х.Хүүхэнээ эгчээ бид хоёрт ярьсан “Зүйл” бий тийм ээ...

3. Монголын Зохиолчдын “ХУРМАСТ ТЭНГЭР” хэмээх их айлд...

Би Монголын Зохиолчдын “ХУРМАСТ ТЭНГЭР” төвийн яруу найрагч гэж цоллуулах дуртай. Энэ бол нэр төр бат мөн. Аль тэр 1998 оноос эдүгээх 21 жилийн хугацаанд шүлэг үл мэдэгчээс яруу найрагч гэж хүндлүүлэх зам ямагт гэгээн сайхан байсан. Орчлон ертөнцийг гагц нүдээр биш бүх мэдрэхүйн далд зөнгөөр харж болоход сургасан миний 21 жил. Багшийн минь ач аа...

“ХУРМАСТ ТЭНГЭР” төв маань утга зохиолын, гэгээрлийн албаа нэр төртэй гүйцэтгэж явна. 2017 оны зун Дэлхийн яруу найргийн 37 дугаар Их чуулганыг нутагтаа заллаа. Монголд анх удаа. Эрэмбэ дараа яривал энийг хэлээд цэг тавьсан ч болохоор тийм их аз завшаан...

Одоо бид шинэ залуусаар утгын хүрээгээ тэлж байна. Залуучууддаа заан сургах, зөвлөх, хойно урд нь орж хөөцөлдөх их ажил ард байгаа. Бид ч, би ч их “Морины ажил” орж байж өдий шахуу болсон болохоор дараа үеэ сайхан бэлдэх тухай бодож тус дэм хүргэхийг өөрийн зүгээс бодож явдаг.

Үлгэрлэхийг ч хичээдэг болоод байгаа. Залуусаас маань номоо гаргаад эхэлжээ. Яруу найрагч Д.Батсүрэн “Гэрэл түүх хугацаа” анхны түүврээ хэвлүүлж салхи хагаллаа. Сайхан сайхан ажлууд ч ярианаас биетэд шилжээд байгаа болохоор урам авч өдөр бүхэнд бараг хайртай болж байна аа.

Сайншандын утга зохиолыг Ш.Энхбаяр ах, Л.Эрдэнэбат ах, А.Байгалмаа эгч нар тулгын чулуу мэт өргөж явна. Бид дэм болохоос хүч болж чадахгүй л байна. Манай Лхагваа /яруу найрагч Б.Лхагвадорж/

-Дорноговийн Утга зохиолын туг дарцаг нь болж яваа шүү энэ гурав. Энэ гурвыгаа хайрлаж яваарай гэж хаа ганц дуу гарах үедээ залууст захин байгаа нь их л дулаахан харагддаг шүү. Бид авъяастны нэгдлээс сэтгэлтний нэгдэл болж яваа...

Багшийгаа дуулан магтах эрх надад бий байх хэмээн бодсоны үндсэн дээр би үүнийг бичин сууж байгаа юм. Бичих нь ч зайлшгүй л дээ. Би удаах номондоо:

 

ТАРНИЙН ҮСЭГТЭЙ НАРАН

 

/Зохиолч, яруу найрагч Хандын Цэрэндорж багшдаа/

Сурвалжит ноён уулсын давалгаан мэт

Сунаж хатирсан Зээгийн хөтөл дээгүүр

Оддын хуйлраа шиг хас цацрагтай

Оюун санааны наран говьд минь мандаж байна

Цацраг солонгон чулууд гэрлийн жигүүр дэвээд

Цаад далайн усыг бие дотроо цалгиаж байна

Үүсэхийн оньсыг хүрдэлж наран ургаад

Үзэмжит байгаль салхины амьсгалаар сэрж байна

Хуурмаг шөнийн сүүдэр цэцэг бүхнээс нь үргэж

Хуучин хүн чулуу ч бурханы мэлмийгээ нээж байна

Оюун санааны наран хүмүүн бүхэн дээр тусч

Орчлон ертөнцийн тухай гэгээн шүлэг төрж байна

Түүнийг хардаа... тэртээ дээрээс

Тив тив алгассан тэнгисийн цаанаас

Нууц шидийн үсэгтэй наран

Нутагт минь мандаж байна

Тэнгэрийн хаяанаас

Тарнийн үсэгтэй нар мандаж байна

Оюун санааны гэрэл

Орчлонгоор дүүрэн гийж байна.

2016.12.12 /Миний БУДДА х.х-98/ хэмээн багшдаа шүлэг өргөжээ. Хөх хотын шөнө дундын тэнгэр харан зогсоход одод хурц түгэж Монгол нутгийн минь морин салхи бодолд шилгээн хангинатал янцгаалаа...

Багшийг шүтэхийн их агаарыг хүртээхээр удахгүй үүр цайх нь ээ...

Багшаа би ЗОХИОЛЧ болж яваа шүү...

Хөх хот. 2019.04.14

МЗЭ-ийн гишүүн, Монголын Зохиолчдын “ХУРМАСТ ТЭНГЭР” төвийн гишүүн

 



Би “ШҮРЭН ЧАГНУУР”-аас “ХУРМАСТ ТЭНГЭР”-т очсон...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0