ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-06-02
Т.ЭНХТҮВШИН: Бид улсын төсөв харж суугаагүй
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 538 удаа уншсан
2020-04-10 16:59:43

Дорноговьчууд бусад аймагтай харьцуулахад хөгжлийн алтан байршил дээр суурьшсан, азтай хүмүүс. Үүгээр Ази, Европыг холбосон төмөр зам, авто зам дайран өнгөрч Замын-Үүдийн боомт улсынхаа бараа эргэлтийн 80 гаруй хувийг дангаар  хангаж байна.

Зам тээвэр, ложистикийн томоохон төв, дэд бүтцийн давуу тал дээрээ суурилан Дорноговь цаашдаа аж үйлдвэрийн хот болсноор бүс нутгийн хийгээд Монголын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэх боломжтой хэмээн Засгийн газар үзэж, газрын тос боловсруулах үйлдвэр болон Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр зам барих үндсэний томоохон бүтээн байгуулалтуудыг нэгэнт эхлээд байна.

Дорноговь аймгийн Засаг дарга Төмөртогоогийн Энхтүвшинтэй ярилцлаа. Тэрээр 2016 оны орон нутгийн сонгуулийн дараагаас аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

 

Орон нутгаас аж үйлдвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон. Аж үйлдвэрийн салбарын хөгжилд тусгасан томоохон зорилтууд хэрхэн хэрэгжиж байгаа бол?

Таны асууж буй  гурван үндсэн салбар Дорноговь аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл юмаа. Ажлаа хүлээн аваад хамгийн түрүүнд уул уурхайн компаниудыг хамруулсан зөвлөгөөн зохион байгуулж хариуцлагын гэрээ байгуулж ажилласан. Орон нутаг болон компаниуд ямар үүрэг хариуцлага хүлээж ажиллахыг гэрээгээр тодорхой болгож байлаа.

Гэрээнд сум орон нутгийн иргэдийг ажилтай орлоготой болгох, ажлын байраар хангах, татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ цаг хугацаанд нь төлөх, аж ахуй нэгж, байгууллага техник, тоног төхөөрөмжөө орон нутагт шилжүүлэх, орон нутагт татвараа төлдөг болох, хөрөнгө оруулалт хийх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, нөхөн сэргээлт, уул уурхайн хариуцлагыг сайжруулах зэрэг таван асуудлыг тусгасан. Амжилттай хэрэгжиж байна.

Тусгай зөвшөөрлийн тоогоор Дорноговь улсад аман хүзүүнд явж байна. Тусгай зөвшөөрлийг тойрсон байгаль орчны асуудлууд хүний болон амьтны амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа нь нууц биш. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тал дээр ямар бодлого баримталж ажиллаж байна?

Ажил хүлээн авахад манай аймаг 561 тусгай зөвшөөрөлтэй байлаа. 2015-2016 оны үед тусгай зөвшөөрлийг цахимаар олгож байсан юм билээ. Орон нутгаас хууль тогтоомжоо биелүүлж, хариуцлагаа ухамсарлан ажиллаж байгаа уул уурхайн компаниудыг дэмжиж ажиллаж байгаа. Харин хариуцлагаа ухамсарладаггүй, татвараа төлдөггүй, байгаль орчныг нөхөн сэргээдэггүй компаниудад хариуцлага тооцож ажиллаж байна.

Сум орон нутгийн удирдлагуудтай ярьж, хяналт тавьж  ажилласнаар тусгай зөвшөөрлийн тоог 346 болгож бууруулсан. Бас зарим компаниуд үйл ажиллагаа явуулдаггүй, зүгээр л тусгай зөвшөөрлөө зарах сонирхолтой байна уу гэж ажиглагдсан.

Тиймээс цаашдаа тухайн орон нутагт өгөөжтэй компаниудаа ажиллуулж үр шимийг нь хүртэх хэрэгтэй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 2.1 хувийг эзэлдэг, хайгуулын тусгай зөвшөөрөл 6.9 хувийг эзэлдэг.

Аймгийн газар нутгийн 25 хувийг аймгийн тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авчихаад байна. Цаашид 30 хувь хүргэх шаардлага бий. Сүүлд улсын тусгай хамгаалалтад Хөвсгөл сумын Хутаг уул, Сүлдэнэ хөх овоо, Айраг сумын Цагаан дэлийн агуйг авсан.

Эдүгээ Хамарын хийдийг тусгай хамгаалалтад авах асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэж БОАЖЯ-нд тавьсан. 200 гаруй тусгай зөвшөөрлийг цуцлуулна гэдэг их ярвигтай ажил байдаг юм байна. Их нартын  байгалийн нөөц газрын алба хаагчдын ажилтнуудын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг ч орон нутгаас шийдвэрлэж байна.

 

 

 

Даланжаргалан суманд хамгийн олон тусгай зөвшөөрлийг олон жилийн өмнөөс олгосон байдаг.  Байгаль орчинд сөрөг нөлөөтэй асуудал ч тэнд бий. Мөн тусгай зөвшөөрөл нэмж олголоо гэж нутгийн иргэд ярьсан. Энэ үнэн юм болов уу?

Намайг аймгийн Засаг даргын ажил хүлээн авснаас хойш Даланжаргалан суманд тусгай зөвшөөрөл нэмж олгоогүй. Аймгаас дэмжсэн санал огт өгөөгүй. Харин ч аймгийн ИТХ болон сумын ИТХ цаашид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн тогтоол гаргасан. АМГТГ-аас сонгон шалгаруулалт хийж нэг л зөвшөөрөл олгосон байдаг. Бусад зөвшөөрлийг өмнө нь олгосон юм билээ. Бид энэ асуудлыг Засгийн гарын хэмжээнд, салбарын яамны хэмжээнд тавьсан учраас цаашид олгохгүй болов уу гэж харж байгаа.

Хамарын хийдийн орчмын тусгай зөвшөөрлийг цуцлуулсан  тухай холбогдох шийдвэр гарсан. Гэтэл үүнийг цуцлаагүй тухай АМГТГ-т ажиллаж байсан хүн ярьсан байсан?

АМГТГ-т ажиллаж байсан Дашзэвэг гэдэг хүний яриа байна билээ. Гэтэл тэр хүн миний хэлснийг өөрчлөөд гаргачихжээ гэж надад хэлсэн. Үүнд ямар асуудал байдгийг би мэдэхгүй. Хамарын хийдийн тусгай зөвшөөрлийн талаар салбарын яам, Засгийн газарт удаа дараа албан бичгээр санал хүсэлт явуулсан. Аймгийн Засаг даргын хувьд Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг тавьж санал хүсэлтээ илэрхийлж байлаа. Д.Сумьяабазар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг ирж ажиллаж ч байсан. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон албан бичиг бий. Харин ч аймгийн ИТХ-аар Хамарын хийдийн газар нутгийг томруулж улсын тусгай хамгаалалт авахаар санал хүсэлтээ хүргүүлсэн.

Нааштай шийдэх байх. Улсын тусгай хамгаалалт авснаар Хамарын хийдийн тусгай хамгаалалтын захиргаа байгуулах, улмаар Байгаль орчны яамны удирдлагад орж хөрөнгө санхүүгээр дэмжих боломжтой болно. Өөрийнхөө аж төрж байгаа газрыг тусгай хамгаалалтад авах сэтгэл зүрх бидэнд байлгүй яахав. Зарим хүмүүс энэ сэдвээр хэн нэгний нэр хүндийг унагаах гэсэн улс төр хийгээд байх шиг.

Уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр бус боловсруулж нэмүү өртөг шингээж борлуулах нь  зөв шийдэл гэж Таны хэлэхийг олонтаа сонсож  байсан. Хэрэгжиж байна уу?

 

 

Уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр зөөх биш хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьснаар Дорноговь аймгийн ихэнх уул уурхайн компаниуд боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Ингэснээр ажлын байр нэмэгдэж, аймаг орон нутагт орох орлого ихэссэн. Аймгийн  хэмжээнд 2017-2019 онуудад боловсруулах үйлдвэр дөрөв, баяжуулах үйлдвэр долоо нийт 11 үйлдвэр шинээр  байгуулагдсан нь 2016 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. 2019 онд уул уурхайн 68 компанитай гэрээ байгуулсан нь урьд оноос  12 аж ахуй нэгжээр нэмэгдсэн байна.

Уул уурхайн компаниудыг орон нутагт бүртгэлтэй болгох ажил цэгцэрч байна уу?

Ажил хүлээн авахдаа л хэд хэдэн зүйлийг зориглон хийе гэж бодсон. Нэг чухал зүйл нь уул уурхайн компаниудыг орон нутагтаа бүртгэлтэй болгох асуудлаар идэвхтэй ажилласан. Одоогийн байдлаар 40 гаруй аж ахуй нэгж байгууллага аймагт бүртгэлтэй болж татвараа төлж байна.

Өмнө нь дээрх компаниуд зөвхөн Улаанбаатарт л татвараа төлдөг байлаа. Татвартай холбоотой хуулиудыг судлаад үзэхээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага хаана ч татвараа төлж болохоор байгаа.

Тухайлбал “МАК”, “Мон цемент” ХХК хүн амын орлогын албан татвар болон бусад татвараа орон нутагт төлж байна. Компаниуд орон нутагт татвараа төлж, машин техникээ орон нутгийн харьяалалтай болгоход л 2.8 тэрбум төгрөг манайд төвлөрч байна. Өмнө нь ийм орлого аймагт орж байгаагүй. Уул уурхайн компаниуд орон нутагт татвар төлдөг болсон, экспортын барааны үнэ өссөн, газрын дуудлага худалдаа өссөн зэрэг нь аймгийн эдийн засагт үр ашгаа өгсөн.

Манай аймаг уул уурхайн компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж ажилладаг. Ажлын байр өнгөрсөн хугацаанд хэр зэрэг нэмэгдэв?

 

Дорноговь аймагт уул уурхай эрхэлдэг л бол уг компани орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, шаардлагатай бараа, ажил үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүнийг сум, орон нутгийн аж ахуй нэгж, иргэдээс авах, байгаль орчны болон нийгмийн хариуцлагыг шинэ шатанд гаргах зэрэг иргэдийн эрх ашигт нийцсэн заалт бүхий гэрээг уул уурхайн компаниудтай байгуулаад хэдэн жил боллоо.

Өнгөрсөн хугацаанд манай аймагт 6097 ажлын байр шинээр бий болсон байна. Гэтэл  ажил хийх хүн олдохгүй байна. Даланжаргаланд галч хийх хүн алга. Төмөр замд 200 ажилтан авахаар болоход манай аймаг 100 ажиллах хүч гаргаж чадахгүй байх жишээтэй.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутагт төвлөрүүлдэг болвол бүтээн байгуулах боломж нээгдэнэ гэж зарим мэргэжитнүүд ярьдаг. Та үүнтэй санал нэг байдаг уу?

Тиймээ, миний ярьдаг сэдэв. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутагтаа төвлөрүүлж чадвал бид маш их зүйлийг бүтээн босгож болохоор байна.

Зөвхөн таван хувь нь 15 тэрбум төгрөг болж орон нутагт ирж байна. Газар шороогоо ухуулж байж баялгийнхаа тодорхой хувийг өөрсдөө хүртэж чадахгүй байгаа нь үнэн. Гэтэл уул уурхайгаас орсон орлогыг улсын хэмжээнд бусад аймгуудад тэгшитгээд өгчихдөг. Үүнийг дээд түвшинд судалж уул уурхайн бүтээгдэхнүүнээс орж байгаа орлогыг зөв шударга хуваарилах хэрэгтэй юм. 

Заавал улсын төвлөрсөн төсөв хүлээгээд суух бус татвараа нэмэгдүүлж, үйлдвэрлэл, бизнесийг өргөтгөж эдийн засгаа тэлэхэд өөрсдөө анхаарч ажиллах хэрэгтэй гэж ярьж байсан даа?

Тиймээ. Бид зөвхөн улсын төсвийг хараад суусангүй. Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, бизнесийг өргөжүүлэх, татварын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвх гаргаж ажилласан. Олборлох үйлдвэрлэлийн орлого нэмэгдсэн.

Томоохон төсөл, бүтээн байгуулалтыг дагалдуулж компани, аж ахуйн нэгжүүд газар эзэмших, үйл ажиллагаа явуулах хүсэлт ирж байна. Аймгийн орлого татварын орлого, татварын бус орлогоос бүрддэг. Газрын дуудлага худалдаагаар 2015 онд 300 гаруй сая, 2016 онд 100 гаруй сая төгрөг орж байсан бол 2017 онд 4.2 тэрбум, 2018 онд 3 тэрбум гаруй, 2019 онд 4.8 тэрбум төгрөг ордог боллоо.

Дорноговьд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд “Дорноговь Их хөгжил сан” байгуулсан. Сайн дураараа үүсэн байгуулагдсан байгууллага уу?

Уул уурхайн компаниуд хамтраад өөрсдийн санаачилгаараа төрийн бус байгууллагын хүрээнд энэ санг байгуулсан. ТУЗ-д компаниудын төлөөлөл өөрсдөө багтдаг.

Дээрх сангаар дамжуулж орон нутагт бүтээн байгуулалт өрнүүлэх, зарим тулгараад байгаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ТУЗ нь хуралдаад хэрэгжих боломжтой төсөлд санхүүжилт олгодог. Харин бид нийгмийн тулгамдсан тодорхой асуудлаар хөрөнгө оруулах, бүтээн байгуулалтын санал хүсэлт гаргадаг.

Энэ сангийн үйл ажиллагаа бидэнд ямар ч хамаагүй. Харин төслийн саналыг аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга ч гаргаж болно. Бидний асуудлыг дэмжих бас дэмжихгүй тохиолдол ч бий.

Энэ сангаар дамжуулж Дорноговь аймагт олон бүтээн байгуулалт хийсэн. Бүх ажил олны нүдэнд ил. Даланжаргалан суманд 100 хүүхдийн цэцэрлэг, Олон овоо багт спорт заал, Сайншанд суманд гэр бүлийн талбай зэрэг олон бүтээн байгуулалт хийгээд дараа нь өөрсдөө тайлангаа тавьдаг.

Дорноговь аймаг жил бүр нийгмийн чухал асуудлыг онцолж бүтээн байгуулалт өрнүүлдэг. “Их бүтээн байгуулалтын жил”-ийн ажлыг жил бүр үргэлжлүүлж байгаа нь сонирхолтой санагдаж байна. Сумдыг төвлөрсөн халаалт дулаанд холбох ажил урагштай байна уу? 

Нийгэмд зайлшгүй шийдэх асуудлыг тухайн жилдээ онцолж төлөвлөгөө гарган ажиллаж байна. Сайншандын баг бүрт Иргэдийн хөгжлийн нэгдсэн төвийг ашиглалтад оруулан эрүүл мэнд, төрийн үйлчилгээг  чирэгдэлгүй, чанартай, түргэн шуурхай нэг дороос хүргэж байна.

2017-2019 онд нийт 13,8 км авто замд засвар, шинэчлэлтийн ажлыг хийж, 6,7 тэрбум төгрөгийг зарцуулсан нь 2016 онтой харьцуулахад авто замын хөрөнгө оруулалт дөрөв дахин өссөн. Нутагтаа сайхан амьдрах зорилтын хүрээнд сумдыг төвлөрсөн халаалт дулаанд холбох ажил эрчимтэй өрнөж байна. Өмнө нь  Алтанширээ, Эрдэнэ зэрэг сумыг холбосон бол Хөвсгөл, Дэлгэрэх суманд инженерийн шугам сүлжээг цогцоор нь хийнэ.

Зургадугаар сар гэхэд Хатанбулаг, Алтанширээ, Даланжаргалан, есдүгээр сард Улаанбадрах суманд ашиглалтад оруулна. Ингэснээр боломжтой 12 сумаа инженерийн шугам сүлжээнд холбож дуусна. Бид усан санг, цэвэр ус, халаалт, бохир, цэвэрлэх байгууламжтай нь хийж байгаа. Сайхандулаан, Мандах сум хүн ам багатай тул алдагдалтай ажиллах юм билээ.

Энэ туршлагыг бусад аймагт нэвтрүүлсэн болов уу?

Бусад аймаг цэвэр усгүй, зөвхөн халаалтыг нь дангаар нь шийдсэн байна. Иж бүрнээр нь холбосон туршлага бусад аймгуудад байхгүй юм билээ. Энэ туршлагыг бусад аймгийн удирдлага манайхаас асууж судалж байна. Ер нь 2021 оноос улс даяар хийж эхлэх юм.

Дорноговьд хямд үнэтэй орон сууц бариад хэдэн жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хэчнээн өрх айлыг орон сууцаар хангав?

 

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах зорилт тусгасан. Сайншанд сумын II, III, VII баг болон Замын-Үүд суманд өнгөрсөн жилүүдэд нийт 1500 айлын орон сууцны барилгыг шинээр барьж, ашиглалтад орууллаа. “Мандах наран” хороолол бол харьцангуй хямд өртөгтэй иргэдийн орлогод нийцсэн орон сууц юм.

Замын-Үүдэд хэрхэн анхаарал хандуулж ажиллаж байгаа бол, ялангуяа дэд бүтцийг сайжруулах чиглэлээр?

Замын-Үүд бол манай улсын хамгийн том боомт хот. Замын-Үүдийн хил гаалийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, барилга байгууламж шинээр барих ажлыг Засгийн газраас анхаарал хандуулж байгаа. Замын-Үүдийн боомт нэг цагт 900 зорчигч, 100 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай байгаа.

Харин өргөтгөл шинэчлэл хийснээр 9500 м2 талбай буюу шалган нэвтрүүлэх цогцолборын хэмжээг ес дахин томруулж, цагт 2700 зорчигч, 500 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болно. Мөн Азийн хөгжлийн банкны 75 сая долларын хөрөнгөөр Замын-Үүд суманд логистик терминал байгуулах ажил хийгдэж, ашиглалтад орсон.

Чингэлэг шилжүүлэн ачих 50 тн даацтай 2 өргөгч цамхагийг ашиглалтад оруулснаар хоногт 800 вагон шилжүүлэн ачиж байна. Замын-Үүдийг эрчтэй, хурдацтай хөгжүүлэхэд цэвэр ус, халаалт, дэд бүтэц зэрэг техникийн нөхцлүүдийг хурдан шийдэх хэрэгтэй.

Замын-Үүдийн хөгжил яагаад удаашраад байна гэхлээр техникийн нөхцөлөө авч чаддаггүй. Халаалт авья гэхлээр төмөр замд ханддаг, цэвэр ус түгээе гэхлээр даралт хүрдэггүй. Эхний ээлжинд тухайн дулааны станцыг орон нутагт шилжүүлж, боловсон хүчнийг нь нэмэгдүүлж Замын-Үүдийн “Чандмань бадрал” компанид хариуцуулан ажиллуулах хэрэгтэй. Дулааны станцыг цэвэрлэх байгууламжтай нь хамт орон нутагт шилжүүлж авах саналыг Засгийн газарт тавьсан. Замын-Үүдэд 13 газарт уурын зуух ажиллаж байна.

Засгийн газар эхний ээлжинд нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлье гэсэн. Ингэснээр сумын халаалт, цэвэр ус, бохирын асуудлыг шийднэ. Замын-Үүд нийт 18-19 мега ватт хэрэглэдэг. Гэтэл одоо байгаа дулааны станц 90 мегаваттын хүчин чадалтай.

Цэвэр ус, халаалтыг нь хангалттай өгөөд эхлэхээр энд олон давхар орон сууц, барилга байгууламжийг компаниуд бариад эхэлнэ, хэрэглэгчтэй болно. Ингэснээр 13 уурын зуухаа буулгах болно. Эхний ээлжинд алдагдлыг төрөөс зохицуулах, цаашлаад өөрөө өөрийгөө аваад явах ийм горим руу шилжих нь зүйтэй.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслүүд болох газрын тос боловсруулах төсөл, Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын бүтээн  байгуулалт Дорноговьд хэрэгжиж байна. Энэ жил ямар ажлууд өрнөх вэ?

 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хүлээн авлаа. 2019 он.

Аймгийн төв Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т цахилгааны дэд станц, агаарын шугам, төмөр зам, авто зам зэрэг газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг УБТЗ болон бусад холбогдох компаниуд 2018 оноос эхлэн гүйцэтгэж дууслаа. Аймгийн МСҮТ-д төмөр замын анги нээчихсэн. Энэ хүүхдүүд удахгүй ажлын байраар хангагдана.

Энэ жил газрын тосны үйлдвэрийн барилга байгууламж гээд маш их ажил өрнөнө. “Газрын тосны үйлдвэр” ТӨК-ийн хүмүүстэй уулзсан. Бүтээн байгуулалттай холбоотойгоор Энэтхэгчүүд тендерээ зарласан гэсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 15-ны үед тендер дуусахад барилга байгууламж баригдаж эхэлнэ.

Дорноговийн барилгын компаниуд хамтарч орон сууцны барилга барьж байгаа гэсэн?

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэхээр гадаад мэргэжилтнүүд ирж техник хэрэгсэл, тоног төхөөрөмж угсарна. Инженер техникийн ажилчдад зориулж Сайншандад 540 айлын орон сууц барина. Дорноговийн барилгын компаниуд хамтарч энэ бүтээн байгуулалтад оролцож байгаа.

Нийт 8.9 тэрбум төгрөгийн тендерийн ажил хийнэ. Барилгын компаниудад хандаж нэг зүйлийг хэлсэн.  Хамгийн гол нь чанартай сайн барилга барих хэрэгтэй. Эхний ажил амжилттай болвол дараагийн боломж нээгддэг. Тийм учраас гадаад мэргэжилтнүүдийн хоол унд, орон байрыг бэлтгэх шаардлагатай.

Энэ  нь цаашлаад Дорноговьд бүтээн байгуулалт болж үлдэх юм. Өөрөөр хэлбэл дээрх бүтээн байгуулалт газрын тос боловруулах үйлдвэрийн хотхон бөгөөд үйлчилгээний төв, ресторан, сургууль, цэцэрлэг гээд нийгмийн үйлчилгээг төвлөрүүлнэ.

Орон сууц гэснээс Сайншандад шинээр барилга байгууламж барих багтаамж ямархуу байна вэ?

Сайншандад томоохон барилга байгууламж баръя гэтэл газар олдохгүй байна. Офицерын 80 айлаас цааш баруун тийш төлөвлөлт хийж барилга барих гэтэл иргэдэд 0.7 га газрыг өгчихсөн байдаг. Аймаг орон нутгийг хөгжүүлэхэд аль болох урт хугацааны төлөвлөгөө баталж олон жилээр хэрэгжүүлж байх нь чухал юм. 

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын дагуу хөндлөн чиглэлийн төмөр зам барих ажил Өмнөговийн Тавантолгойгоос мөн л Зүүнбаянтай холбогдож байгаа. Ажлын явц ямар байна?

Ажил хэвийн явж байгаа. Хөндлөн төмөр замын трасс нь Тавантолгойгоос Зүүнбаян-Сайншанд-Бичигт гээд зүүн тийш чиглэсэн.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд өрнүүлж байгаа шинэ төмөр зам барих төсөл нэмүү өртөг шингээсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хүргэх, улсын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, орон нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийн хүрээг нэмэгдүүлэх томоохон боломжийг буй болгоно гэж үздэг.

Төмөр замын гол ажил бол суваг шуудуу, далан шорооны ажил юм билээ. Үүгээр байгалийн зэрлэг амьтад их бэлчээрлэдэг тул усны хоолой, нүхэн гарцыг томхон байдлаар хийлгэх хүсэлт тавьсан.

Ханги-Тавантолгой хатуу хучилттай авто замын концесс зарлагдаж Хятадын компани шалгарсан. Замыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглаад тодорхой хугацааны дараа шилжүүлж өгөх гэрээтэй. Ингэснээр тээвэр нэг замаар явж говийн өнгөн хөрсийг сүйтгэхгүй байгаль орчныг хамгаалах боломжтой.

Нийгмийн суурь үйлчилгээ болсон боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрхэн хөрөнгө оруулж байна? Ялангуяа цэцэрлэгийн хүртээмж, боловсролын чанар чухал байдаг? 

Боловсролын салбарыг хөгжүүлэхээр хэрэгжүүлж байгаа “Хөрш орноосоо суралцья”, “Маргаашийн нар багшийн гар дээр мандана” хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа.

Өнгөрсөн онуудад 960 хүүхдийн ахлах сургууль, 320 хүүхдийн бага  сургууль ашиглалтад оруулсан бол сургуулийн өмнөх насны боловсролын хүртээмжийг зуун хувьд хүргэж, боловсролын салбарт хэдэн зуун саяар хөрөнгө оруулсан. Энэ жил Сайншандад 640 хүүхдийн сургууль барьж эхэлнэ.

Материаллаг зүйлийг бүтээж болж байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж тоног төхөөрөмж гээд хангалттай анхаарч байгаа. Боловсролын салбарт “Шинэ монгол” сургуультай хамтарч багш нарыг тодорхой хэмжээнд сургаж буйгаас гадна багш нарыг хөрш орнуудад туршлага сургах, давтан сургах, мэргэшүүлэх тал дээр анхаарч байна.

Элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан багш сурагчдын амжилтыг үнэлж, урамшуулдаг боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг торгон хилийн нутгаар аялуулж эх орноороо бахархах үзлийг суулгаж байна.

Улсын хэмжээний томоохон олимпиадыг орон нутагтаа зохион байгуулж багш сурагчдынхаа мэдлэг оюуныг тэлж, туршлага судлуулсан. Нутгийн зөвлөлтэй хамтарч зохион байгуулдаг “Алтан зул” наадмаар шилдэг багшийг шалгаруулж урамшуулдаг боллоо.

Аймгийн Засаг даргын хувьд эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийг жилдээ нэгээс хоёр удаа хөдөлгөх боломж байдаг. Үүний дагуу багш нарын цалин дутахад нөхөн олгож байна. Дөрвөн жилийн өмнө элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 11 дүгээр байрт байсан бол 2019 онд улсын  хэмжээнд 3 дугаар байрт шалгарсан. Орон нутгийн мэргэжилтнүүдийг гадаадад сургах, мэргэжил дээшлүүлэхэд анхаарч байна.

Аймгийн МСҮТ, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь Анагаах ухаан сургууль, дунд сургуулийн гурван багшийг мэдээллийн технологийн чиглэлээр Энэтхэгт сарын сургалтад хамрууллаа. Цаашдаа 10 хүүхдийг ирэх долдугаар сард Энэтхэгт сургана.

Дахиад 30 хүүхдийг мөн л сургана. Хүүхдүүдээс тодорхой хэмжээний шалгалт авч тэнцсэн тохиолдолд Энэтхэгт сурах боломж бүрдэх юм. Цаашдаа богино хугацааны сургалтад англи хэл, мэдээллийн технологийн чиглэлээр хүмүүсийг сургах төлөвлөгөөтэй.

Спорт, соёлын салбарыг хэрхэн дэмжиж байна? 

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудал, мөрийн хөтөлбөрт нийгмийн олон талын асуудлыг хөгжүүлэх, хэрэгжүүлэх зорилт тусгасан байдаг. Аймгийнхаа соёл урлагийг сурталчлах бодлогын хүрээнд  “Дорноговийн соёлын өдрүүд” урлаг соёлын үйл ажиллагааг өнгөрсөн оны намар нийслэлд зохион байгуулсан.

Одоогоос 40 жилийн өмнө  1979 онд соёл урлагийн арав хоногоо Улаанбаатарт зохион байгуулж байсан Дорноговьчууд энэ удаа 1000 бүжигчин хүүхдээр төв талбайг чимэж, үндэсний бүжиг, язгуур урлагийн гайхамшгийг нийслэлчүүдэд хүргэсэн юм.

Мөн “Дорнын өнгө” нэртэй Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төв, Данзанравжаагийн музейн үзмэр, аймгийн урчууд, зохиолчдын уран зураг, ном, бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн гаргалаа. Үүнийг Дорноговийн төдийгүй нийслэлийн иргэд шимтэн сонирхож байсан.

Аливаа салбарын материаллаг баазыг нэмэгдүүлж боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах нь хамгийн чухал байх?

Дал гаруй мянган хүн амтай Дорноговь аймгийн  “Саран хөхөө” театр 10 гаруй мянган хүнээр бага зэргэлдээх Сүхбаатар аймгийн театраас орон тоогоор бага байж болохгүй. Бид театрын орон тоог 15 хүнээр нэмэгдүүлсэн. Цалин, нийгмийн даатгал, орлогын албан татварыг аймаг бүрэн хариуцаж байна.

Улс болон бүсийн хэдэн ч уралдаан тэмцээн зэрэг зохион байгуулах боломжтой 1000 хүний багтаамжтай спортын ордон энэ онд ашиглалтад орно. Залуус, хүүхэд багачуул, иргэдийн оюуны эрэлт хэрэгцээнд зориулж 3D кино театр барьлаа Усан спорт сургалтын төвийг шинэчлэлээ.

Орон нутагт үндэсний спортыг хөгжүүлэх, тамирчдын буухиаг үргэлжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үүднээс Биеийн тамир, спортын газрын орон тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүллээ. Аймгийнхаа бүх суманд Соёл, спортын төвийг байгуулж байна.

Музейтэй, номын сантай, урлаг уран сайхны арга хэмжээ зохиох боломжтой, хөгжмийн дугуйлан хичээллэдэг, спорт залтай цогцолбор барилгыг долоон суманд барьж ашиглалтад орууллаа. Үйл ажиллагааг нь хэвийн хэмжээнд авч явах боловсон хүчин хэрэгтэй.

Тиймээс сумдад баригдсан байгууламжид заал зохион байгуулагч, ахлах дасгалжуулагч, үндэсний бөхийн дасгалжуулагч, нийтийн биеийн тамир хариуцсан дасгалжуулагч, үйлчлэгч гэсэн орон тоог нэмж Соёл спортын төв гэдэг нэрээр тогтвортой ажиллуулж байна. Хөвсгөл, Улаанбадрах, Хатанбулагт ашиглалтад орно.

Дэлгэрэх, Өргөн суманд спорт заал барина. Орон тоог нь ч нэмсэн. Цаашлаад бүх суманд ийм барилгыг барина.

Дорноговь төрөх эмнэлэгтэй болсон, мөн шинээр эмнэлэг ч барилаа. Эмнэлгийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэхэд юуг анхаарч ажилласан бол?

 

50 ортой төрөх эмнэлгийн барилга ашиглалтад орлоо. 2019 он.

Эмнэлгийн салбарт чанартай барилга байгууламж, дээрээс нь тоног төхөөрөмж, үйлчилгээний чанар, хүртээмж чухал юм. Бид төрөх эмнэлгийнхээ барилгыг дуусгалаа. Сайншандын Өрхийн эмнэлгүүдээ шинэ байртай болголоо.

Халдвартын эмнэлгээ энэ жил бариад ашиглалтад оруулчихвал хүн ам хурдацтай өсч байгаа өнөө үед нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд дөхөм болно. Аймгийн Нэгдсэн эмнэлэг уг нь 260 орчим хүний орон тоотой байх ёстой ч орон тоог нь салбарын яам дутуу баталдаг юм билээ.

Зэргэлдээх Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатараас хүмүүс ирж үйлчлүүлэх нь  ердийн. Манай аймагт босоо тэнхлэгийн 600 гаруй км авто зам дайран өнгөрч уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж байна.

Дамжин өнгөрч буй хүний тоо их буйгаас гадна хурд хэтрүүлээд машинтайгаа осол гаргадаг, хүний амь эрсдэх тохиолдол цөөнгүй. Тэр болгонд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч ажилтнууд шуурхай ажилладаг, зардал гаргадаг. Орон нутгаас жил бүр 15 орон тоо нэмж байна. Гэхдээ л  өнөөдрийн байдлаар  далаас наян хүний орон тоо дутуу. Зайлшгүй 20-30 хүнийг нэмэлт гэрээгээр авч ажиллуулах шаардлага бий. 

Аялал жуулчлалын чиглэлээр орон нутгаас ямар ажил хэрэгжүүлж байна?

 

Аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг салбарын мэргэжилтнүүд, иргэд олон нийтийн оролцоотойгоор боловсруулж байна. Үүнээс гадна нэг өдрийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Өвөрмонголчуудыг татах боломж байгааг холбогдох яам,  албаныханд тавьсан. Хамгийн гол нь виз олгох асуудал удаашралтай байгаа. 120 гаруй мянган жуулчин Хамарын хийдэд өнгөрсөн онд зочилжээ.

Энэ тоо жил бүр нэмэгдэж байна. Дорноговьд ирэх гадаад жуулчдын ихэнхийг Өвөрмонгол, хойд нутгаас Буриадууд эзэлж байна. Бүс нутгийн аялал жуулчлалыг ямархуу байдлаар хэрэгжүүлэх, жуулчдыг хэрхэн татах асуудлыг БОАЖЯ болон холбогдох газруудад тавьдаг. Жишээ нь Их нарт руу тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжих боломжтой. Жуулчид ч их очдог болсон. Харин Бүрдэнэ булаг руу эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Ханбаянзүрх хайрханы замыг энэ жил дуусгана. Ингэснээр Дорноговь аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд бүтэц хангалтай бүрдэнэ.

Хөдөө аж ахуй салбар бол манай улсын тэргүүлэх салбар. Дорноговийн хөдөө аж ахуйн салбарт ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнөж байна? 

Хөдөө аж ахуйн чиглэлээр хэд хэдэн бодлогын баримт бичгийг баталж хэрэгжүүлж байна. Жишээ нь “Дорноговийн хонины мах” хөтөлбөрийг боловсруулснаас гадна малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Шинээр байгуулагдсан Мал эмнэлгийн үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор дэмжлэг үзүүлж ихэнх сумдад фургон машин нийлүүлсэн, мөн  вакцины хөргүүртэй болгож, мал эмнэлгийн тасгийг комьпютер, тоног төхөөрөмжөөр хангалаа. Одоо малчдаараа явж үзлэг шинжилгээгээ тогтмол хийх, малын ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрвэл үзлэг тандалтаа хийж, эмчлэх ажил чухал.

Жилдээ 50-60 өрхийг малжуулж байна. “Масс мессеж” үйлчилгээг нэвтрүүлж, нийт малчин өрхийн 77.8 хувийг хамрууллаа. Өнгөрсөн онуудад бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр 128 инженерийн хийцтэй, 57 гар худаг тус тус ашиглалтад оруулж 786 худгийг сэргээн засварлалаа. Ноос, арьс, шир тушаасан 23 мянга гаруй малчинд 4.4 тэрбум төгрөгийн урамшууллыг олгоод байна.

Аймгийн хэмжээнд 2019 оны жилийн эцэст анх удаагаа 2,4 сая толгой малтай боллоо. Малчдын дунд малын тоо бус чанарт анхаарах чиглэлээр олон удаагийн сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэ жилийн улсын аварга шалгаруулах малчны журам өөрчлөгдсөн. Журамд малын тоо толгойг заахаа больсон. Зөвхөн ашиг шим, чанар, үүлдэр угсаа, нийгмийн хариуцлага, олон нийтийн тусын тулд хийсэн ажил, малын хөлийн даатгал, шинэлэг санаачилга нэвтрүүлсэн хүнийг шалгаруулахаар журамд өөрчлөлт оруулсан нь зөв болсон.

Говийн нөхцөлд газар тариалан эрхлэх нь тийм ч хялбар биш гэж ярьдаг. Хүнсний ногооны хэдэн хувийг хангаж байна вэ?

“Дорноговийн тарвас” нутагшсан сорттой болсон. 2019 онд аймгийн хэмжээнд 163 өрхийн тариалан эрхлэгч нийт 101,6 га талбайд тариалалт хийсэн бөгөөд хүн амын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 10,7 хувийг дотоодоос хангаж байна. Орон нутгаас жил бүрийн тариалалтад шаардагдах төмсний элит үр татан авахад зориулан 10 сая төгрөгийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр шалгарсан аж ахуйн нэгжүүдэд олгодог. 2016-2019 онд нийт 72 хүлэмжийг хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд олгож, хамгаалагдсан хөрсний тариалалт 24 хувиар өссөн. “Сум хөгжүүлэх сан”-гаас газар тариалангийн чиглэлээр 42 төсөлд 324.5 сая төгрөг, хадлангийн чиглэлээр 4 төсөлд 33 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгосон.

Дорноговь өрсөлдөх чадвараар 2019 онд аймгуудаас эхний гуравт шалгарсан. Олон шалгуур үзүүлэлтэд тулгуурлаж гаргадаг бололтой?  

Намайг Засаг даргын  ажил хүлээн авахад аймгуудаас 13-т, дараа жил нь 7-д, түүний дараа жил 3-т шалгарч байна. Олон хүчин зүйлийг тооцож үздэг юм билээ. Орхон аймагт “Эрдэнэт” үйлдвэр байхгүй бол, Өмнөговьд “Оюутолгой” байхгүй бол манайх тэргүүлэх байж дээ гэж бодсон. Манайд эдийн засаг солонгорч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үнэтэй боллоо. Уул уурхайн бүтээгдэхүүнийг хагас боловсруулан борлуулж буй бол аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжиж эхэллээ. Бид орон нутагт өрнүүлж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж шаардлагатай тусгай зөвшөөрөл, бичиг баримт зэрэг хэрэгтэй зүйлийг нь цаг алдалгүй гарган өгч дэмжиж ажилладаг. Аймаг орныг хөгжүүлэх үйлсэд бид хамтдаа хүчин зүтгэж ажиллаж ирлээ. Хамтын хөдөлмөрийн үр дүн гэж хэлэх байна.

Дорноговь аймгийн төрийн үйлчилгээний чанар, нээлттэй байдлыг та хэрхэн  үнэлж дүгнэж байна? 

 

Бид төрийн үйлчилгээг түргэн шуурхай, санхүүгийн үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгахыг зорьсон. Иргэн бүрт алагчлалгүй тэгш хүртээмжтэй үйлчлэхийг төрийн алба хаагчдад хандан шаарддаг.

Гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Дорноговь аймаг хэрхэн ажиллаж байна вэ?

Гадаад харилцааг өргөтгөн Япон, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Турк, Арабын Нэгдсэн Эмират, Франц, Герман, АНУ, Англи зэрэг улстай эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, аялал жуулчлал, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Дорноговь аймаг, Японы Шизүока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцооны хөтөлбөр болон бусад чиглэлээр богино хугацааны мэргэжилтэн бэлтгэх ажил өрнөж байна.

Аймаг орон нутгийн хөгжил, дэвшлийн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.



Т.ЭНХТҮВШИН: Бид улсын төсөв харж суугаагүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-04-11 09:29:27
    Uyanga: Mundag shuu amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-04-10 22:24:36
    ganaa: Saihan yriltslaga boljee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-04-10 22:24:36
    ganaa: Saihan yriltslaga boljee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-04-10 22:24:36
    ganaa: Saihan yriltslaga boljee