ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-08-12
С.Түмэнбаяр: Шударгыг эрхэмлэж, үнэнийг хэлж, зөв байхын төлөө ажилладаг
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 1437 удаа уншсан
2020-04-22 11:08:57

Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дөрвөн ч удаа сонгогдсон энэ эрхэм эдүгээ Хурлын даргаар ажиллаж байна.

Улс төрийн гал тогоонд олон жил чанагдаж, нутаг орондоо танил, иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн тэрбээр Монголын Төмөр замаас ажил амьдралын гараагаа эхэлсэн нэгэн. Хариуцлага, дэг журам, ажлын ачаалал, хатуу шаардлага, зарчимч байдлыг бага залуу наснаасаа ойлгож мэдэрсэн хүн.

Цаг ашиглалтын нарийн хуваарь, хүндхэн гэмээр хөдөлмөрийн “гал утаан” дунд хатуужсан түүний шаардлага удаан назгай, хойрго залхуу, алхайрсан байдалтай заримдаа зөрчилдөх нь бий.

Зөрчлийг зөв удирдаж, иргэдийн сонголтын байгууллагын мөн чанар, өөрөө удирдах ёсны зарчим, хурал даргалагчийн мэдрэмжээр аливаа асуудал, ажлын хувь заяаг шийдэж, чадварлаг ухаалгаар хуулийн дагуу зохицуулан зохион байгуулж, туршлага мэдлэгийн хувьд ахиж дэвшиж, төлөвшиж яваа удирдагч, менежер, манлайлагч гэдэгтэй олон хүн санал нийлнэ.

Сонгогдож итгэлийг ганц удаа биш хэд хэдэн удаа нэр дэвшин хүлээж, хөтөлбөр зорилгоо түмэнд таниулан, олны хүрээлэл, санаа бодлыг эзэмдсэн хэвээрээ байна гэдэг амаргүй. Өмнөх он жилүүдээс эрс өөр, өндөр шаардлага түвшинд хүрсэн ахуй орчин, хүмүүс, үзэл бодлын хурц ширүүн гэмээр ялгарал, шалгарал дунд олонхийн саналыг авч ажиллана гэдэг хэцүү.

Түүний дүр төрх, ааш зан, хувийн амьдралын зураг гэхээсээ илүү өөрт нь ноогдсон үүрэгт ажил, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ерөнхий хөгжил төлөв, ирээдүйн хувь заяаны тухай байх нь анзаарагддаг.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил төлөвшлийн талаар яриагаа эхэлье? Учир нь та аймгийн ИТХ-д дөрвөн  удаа сонгогдсон төлөөлөгч.

1992 онд ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан цагаас эхлээд л нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын суурь тавигдсан.

Олон намын тогтолцоо бий болж хүмүүсийг нэр дэвшүүлдэг, мэтгэлцүүлдэг, хооронд нь өрсөлдүүлдэг, үр дүнд нь төлөөлөгчид сонгогддог болсон. Анх материаллаг бааз дутуу, цалин хангамж муутай, орон тооны бус даргатай, ЗДТГ-ын хавсарга байдлаар хоёроос гурван хүнтэй ажиллаж байсан төлөөллийн байгууллага  цаг хугацаа, нийгмийн хөгжлийн явцад тухай бүртээ шинэчлэгдэн өөрчлөгдөж өнөөг хүрлээ.

Гэтэл нөгөө талдаа нутгийн удирдлагын байгууллагын эрх мэдэл хумигдсан явдал бий. Уг нь орон нутгийн өмчийг ИТХ мэддэг төдийгүй аудитын байгууллага хурлын дэргэд ажиллаж байлаа. Хурлын дэргэд аудитын байгууллага байсан гээд бид ажилд нь оролцдоггүй.

Зөвхөн аудитын байгууллага орон нутгийн өмчийг хэрхэн ашиглаж хамгаалж байгааг шалгадаг байсан. Харамсалтай нь Засгийн газрын тогтоолоор Өмчийн албыг ЗДТГ-т, Аудитыг босоо тогтолцоотой болгочихсон.

Ингэснээр хурлын байгууллага өмчөө мэдэх эрхгүй болж зөвхөн өмчийн хөрөнгө оруулалт төлөвлөгөө, актлах зүйлсийг нь хэлэлцэж баталдаг хэлбэр төдий үүрэгтэй болсон.

Уг нь аймгийн хурал өмчийг хэрхэн захиран зарцуулж байгааг шалгадаг, хянадаг,үнэлэлт дүгнэлт өгдөг, шаардлагатай үед ярьж хэлэлцэн шийдвэр гаргадаг байлаа.

Орон нутгийн бие даасан байдлыг хангах асуудлыг байнга л ярьдаг. Эсвэл аймгийн хурал нь шийдээд байгаа ч юм шиг, эсвэл сум мэдээд ч байгаа юм шиг. Мөн  санхүү хөрөнгө хийгээд бусад асуудлыг дээрээс хязгаарладаг практик ч бий?

 

 

Тиймээ. Олон зүйлийг ярьж болно. Үндсэн хуульд төрийн удирдлагыг орон нутгийн удирдлагатай хослуулна гэж заасан.

УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж баталлаа. Удахгүй хэрэгжинэ.Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан дагалдах хууль тогтоомж өөрчлөгдөх ёстой. Тухайлбал, ЗЗНДНТУТХ.

Энэ хуулийн төслийн зарим заалтыг үзэхэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг дэмжээд байгаа ч юм шиг эсвэл бүр дордуулах гээд ч байх шиг санаа оржээ. Нэг жишээ хэлье. Аймгийн ИТХ бол аймгийн 14 сумын хэмжээний асуудлыг ярьдаг, үүний төлөө шийдвэр гаргадаг.

Гэтэл одоо ИТХ-аар хэлэлцэхгүйгээр иргэдээс  санал аваад л Засгийн газар шийдвэрлэх төсөл явж байна. Аймгийн ИТХ аймгийн хэмжээний хөгжлийн асуудлыг томоор нь харж хэлэлцэн шийдвэрлэх ёстой.

Нэг талдаа сумын эрх мэдлийг нэмж байгаа атлаа нөгөө талд аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй, уялдуулах, асуудлыг том зургаар харах  боломжийг үгүй хийж байна. Багийн асуудлаа аймаг дээр шийддэг байтал суманд нь шилжүүлэхээр тусгасан байх жишээтэй. Шинэ хуулийн төсөлд аймаг, сум, аль нь юу хариуцах талаар шинэлэг санаа тусгасан байна лээ

 

-Сонгогдсон төлөөлөгч асуудлыг том зургаар харахаасаа илүү тойргоо услах, иргэдээс үнэлгээ авах тал руу хазайчихдаг тал бий?

-Сонгогдсон төлөөлөгч тойрогтоо хөрөнгө оруулалт татахыг бодох нь мэдээж. Гэвч наана нь нийт аймгийн хэмжээний том асуудлыг харах хэрэгтэй.

Тийм болохоор ямар нэгэн жижиг асуудлаар лобби хийх, өөрийн эрх ашигтай холбоотой санал тавих асуудал гардаггүй.Түмэнбаяртай энэ талаар ярилцахад бүтэхгүй гэж боддог байх л даа.

-Түмэнбаяр гэдэг хүний ажилдаа баримталдаг зарчим юу вэ? Аливаа асуудлаар хэлэх гэснээ шууд хэлчихдэг. Ажлын шаардлагаас болоод дуу хоолойгоо өндөрсгөх явдал гардаг байх?

-Аль болох шударга байх, шууд байх, үнэн байх юмсан гэж хичээж ирлээ. Би төмөр замын холбооны ангид монтёроос байгууллагын дарга хүртэл нийт 27 жил ажиллахдаа олон сайхан удирдагч дарга хүмүүстэй хамт ажилласан.

УБТЗ-ыг олон жил удирдсан дарга Р.Раш, В.Отгондэмбэрэл, В.В.Магдей, Л.Пүрэвбаатар, Дохиолол холбооны гуравдугаар ангийн дарга Б.Чимидбаатар, Ч.Цогтбаяр, Б.Зоригтбаатар, Ц. Бат-Эрдэнэ нар гээд үг нь хатуу хийгээд үйлдэл нь зөв удирдлагуудынхаа үгийг сонсож, ажил дээрээ тусгал болгон ажилласаар ирсэн. Мэдээж ажлын шаардлагаар дуу хоолойгоо өндөрсгөх явдал гаргалгүй л яахав.

-Шаардлага өндөр болохоор төмөр замд хүмүүс ажлын хариуцлага гэдгийг сайтар ойлгодог байх?

 -Төмөр замын даргын үзлэгээр Раш даргаар зэмлүүлэх, магтуулах гээд юм юмыг л үзсэн. Хэрэв чи инженер юм бол хөдөө зам дээр ямар ч гэмтэл гарсан засах ёстой, засаж чадахгүй бол битгий ирээрэй гэдэг.

Өмнөх дарга нар маань ийм шаардлага тавьдаг байсан болохоор би ч дараагийн залуустаа мөн л ийм шаардлага тавьдаг. Шүүмжлэлийг өөртөө хүлээн авч ажлаа сайжруулж байвал хэрэгтэй  гэж боддог.

Манай байгууллага нь төмөр замын аудитын байгууллагын үзлэгээр гурван жил дараалан санхүүгийн баримт бичгийн ямар ч зөрчилгүй байгууллагаар шалгарч тухайн үед батламж авч байлаа.

Энэхүү дүгнэлт нь ерөнхий нягтлан П.Болорчулуун, санхүү тасгийн хамт олон болон нийт хүмүүсийн ажлын үр дүн байсан. Ингээд төмөр замын хэмжээнд тэргүүн туршлагын сургууль хийж байлаа.

Энэ хүн миний алдааг хэлж байна, тиймээс би анхаарах ёстой гэж бодож байвал сайн. Олон залуус шинээр ажилд орж, надтай хамтран ажиллаж байлаа.Тэд маань одоо төмөр замын дохиолол холбоо гэдэг их айлын ачааг үүрч явааг харахад тэд нараараа өөрийн эрхгүй бахархдаг.

Шинээр ажилд томилогдон ирж байгаа залуусыг егөөдөн хэлэхдээ “Миний гарын  аяыг даана шүү, би хүнд өгсөн үүргээ өөрөөр нь биелүүлүүлэх гээд байдаг муу зантай” гээд эртхэн хэлчихдэг.Энэ зан маань надаас салахгүй надтай цуг өтлөх байх даа.

-Та сөрөг хүчний бүлгийн даргаар өмнө нь найман жил ажилласан. Сөрөг хүчний бүлгийн даргаар ажиллах, олонх болсон  ИТХ-ын даргаар ажиллахад аль  нь хэцүү байсан бэ? Ямар ялгаа байна?

-Том ялгаа байна аа. Сөрөг хүчний бүлгийн дарга бол сөрөг хүчний л бүлгийн дарга. Ямар нэгэн цензур байхгүйгээр асуудлыг чөлөөтэй ярьж санал шүүмжлэл өрнүүлдэг. Өөрөөр хэлбэл 100 хувь эрх чөлөө ханхлуулдаг.

ИТХ-ын дарга бол яг үнэндээ дарга биш шүү дээ. Төлөөлөгчидтэй адилхан эрхтэй, хурал удирдах л үүрэгтэй. Манай улсын хууль тогтоомжоор ИТХ-ын дарга гэсэн нэрээр явдаг.

Олон түмний эрх ашиг,  намын эрх ашиг, бүлгийн эрх ашиг гэж байна. Үүний зааг ялгааг нь гаргах, нийтийн эрх ашгийг түрүүнд тавих нь чухал. Үнэн хэрэгтэй ИТХ-ын дарга  аймаг орныг удирдах том эрх ашгийн хувьд нэг чигт харж явах шаардлага гардаг юм байна.

Тэр зорилгын төлөө зүтгэсэн. Хуралдаанаа зөв зохион байгуулах, төлөөлөгчдийн үзэл бодлыг зөв уралдуулах, эцэст нь нийтэд тустай зөв шийдвэр гаргуулахад л хурлын даргын үүрэг оршиж байна.

Хүн болгон өөр өөрийн арга барилтай. Өмнө нь ИТХ-ын даргаар найман жил ажилласан Г.Ганбаатар ямар их тэвчээртэй байсан юм болоо гэж заримдаа боддог. Хуралдааныг гал ус шиг харшилдуулаад эцсийн шийдвэрийг үгүй хийчхээгүй авч явж байжээ.

-Сөрөг хүчингүй хурлын сул талыг тодорхойлвол?  

 

2008-2016 он хүртэл манай нам цөөнх, сөрөг хүчин байлаа. Тэр үед хурлаар хэлэлцэх асуудлыг яаж шийдвэрлэх, ямар алдаа байгааг судалж, мэтгэлцдэг, шийдвэр гаргахад нөлөөлдөг байсан.

Төлөөллийн байгууллага хэтэрхий үнэмлэхүй олонх болчихлоор дээрх байдал сул талруугаа эргэчихдэг талтай. Гэхдээ бид хурал дээр сөрөг хүчин, бие даагчаа үг хэлэх боломжоор түлхүү хангаж, тэдний санал хүсэлтийг харгалзан үздэг.

-Аливаа нам, эвсэл хуралдааны өмнө бүлгийн хурлаар тухайн асуудлаа хэлэлцээд тохирдог. Асуудлыг зөв өнцгөөс харж чадаж байна уу?

Бүлгийн хуралдаан болоод л өнгөрдөг. Бүлгийн хуралдаанд асуудал ярихад надад амар байдаг. Яагаад гэхлээр би бүлгийн дарга биш учраас жирийн гишүүний хувиар асуудлыг ярьдаг, санал шүүмжлэл өрнүүлдэг. Дэмжих үедээ дэмжиж татгалзах үедээ татгалзана.

-Иргэдээс мандат авч сонгогдсон төлөөлөгч дөрвөн жил болоод солигддог.  Төлөөллийн байгууллагын учрыг ойлгож  дасаж байтал дараагийн сонгууль болж хурлын бүтэц өөрчлөгддөг. Ахиад л шинэ хүн?

Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн тухай хуульд дөрвөн жилийн хугацаатай сонгоно гээд заачихсан болохоор энэхүү тогтолцоогоороо л  явахаас өөр аргагүй.

Монгол Улсын Их Хурлын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс Дорноговь аймгийн ИТХ-тай хамтран “Төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Дорноговь аймгийн 14 сумын ИТХ-ын нийт  төлөөлөгч, тэргүүлэгч, багийн иргэдийн нийтийн хурлын дарга, эмэгтэй төлөөлөл нараа хамруулсан Сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн суурь сургалтыг Сайншанд хотноо цөөнгүй удаа зохион байгуулсан.

Төрд тухайн хүний мэдлэг чадвар, боловсрол, сэтгэл чухал байдаг. Ямар хүн аймаг, суманд төлөөлөгч болохыг иргэдийн сонголт мэддэг. Ээлжит сонгуулийн олон жилийн дунджийг ажиглаж байхад төлөөлөгчийн 40-60 орчим хувь нь шинэчлэгддэг.

Өмнө нь хуралд сонгогдсон хүмүүс дахиад сонгогдоод ирэхлээр мөн л зүг чиг болоод асуудлыг тодорхойлоод явна. Шинэ төлөөлөгч нар дагаад туршлага сууна, ахиц дэвшил гарна.

-Аймгийн ИТХ-д батлуулахаар оруулж байгаа баримт бичгийн төсөл, томоохон хөтөлбөрүүдийн агуулга чанарт хэрхэн шаардлага тавьж байна? Тухайн асуудлаа судлаагүй, хөнгөн хийсвэр хандсан зүйлүүд  заримдаа харагддаг шүү дээ?

-Аймгийн ИТХ болон Тэргүүлэгчдийн хуралдаан хийхээс өмнө журмын дагуу тухайн асуудлыг танилцуулсан байдаг.

Хурлаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн материал үнэхээр шаардлага хангаагүй тохиолдолд засаж сайжруулах шаардлага тавьж шууд буцаадаг. Ялангуяа ашигт малтмал, түгээмэл тархацтай холбоотой асуудлаар хурлын байр суурь хатуу байгаа.

Өнгөрсөн хугацаанд батлагдсан олон дэд хөтөлбөрүүдийн заримыг буцааж засаж сайжруулах шаардлага тавьж ажиллаж байлаа. Аймгийн хэмжээнд анх 561 гаруй тусгай зөвшөөрөл байсан бол одоо 358 болсон байна. 2016 оноос хойш өнөөг хүртэл түгээмэл тархацтай ашигт малтмалын хүсэлтэд нийт 12 удаа дэмжсэн хариу өгч байсан.

Тухайн асуудлаар сумын хурал нь дэмжсэн учир аймгаас дэмжих хандлага байдаг?

Тиймээ. Нэгэнт сумын ИТХ дэмжсэн тохиолдолд шийдвэрийг хүндэтгээд аймгаас татгалзаад яахав гэдэг байр суурьтай байлаа. Гэтэл болдоггүй юм байна.

Даланжаргалан сумын гуравдугаар баг буюу Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах Гишгэр нэртэй 197.31 га газарт олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийн талаар сумын иргэд маш их  шүүмжилсэн.

Гэтэл анх санал өгөхдөө сумын ИТХ дэмжсэн байсныг аймгаас мөн л дэмжээд явуулсан. Гэтэл түгээмэл тархацтай ашигт малтмал хайх нэрийн доор өөр зорилгоор ашигт малтмал хайх санаархал байна уу гэсэн хардлага төрсөн учраас энэ асуудалд хатуу байр суурьтай болсон.

Иргэдээс ирүүлсэн санал гомдлыг хэрхэн шийдвэрлэж байна?

Ямар ч иргэн уулзахаар ирэхэд миний бие хүлээж авдаг. Иргэдтэй тусгайлан уулздаг ажлын цаг надад байдаггүй, нэг ёсондоо миний ажлын өрөөний хаалга хэн бүхэнд ажлын цагаар нээлттэй байдаг.

Мөн зарим үед ажилтай, хуралтай үе таараад гар утсандаа хариу өгч чаддаггүй тохиолдолд эргээд хэн ямар ажлаар залгасныг нь заавал буцаж асуудаг. Иргэдийн төлөөлөл болж төрийн ажлыг гүйцэтгэж байгаагаа хүн бүр дор бүхнээ ухамсарлаж ажиллах ёстой гэж боддог.

Төлөөллийн байгууллагын хувьд иргэд байгууллагаас ирсэн санал хүсэлтийг судалж үзээд шаардлагатай гэж үзвэл ажлыг хэсэг байгуулж газар дээр нь ажилладаг.

Зарим тохиолдолд тухайн байгууллага холбогдох албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлдэг. 2016 оноос өнөөдрийг хүртэл ажлын байран дээр ойролцоогоор 2350 гаруй иргэд ирж уулзаж нийт 120 орчим өргөдөл, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

-Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэх асуудлын заримыг тэргүүлэгчдийн хуралд шилжүүлэн хэлэлцэх тохиолдол зарим цаг үед байсан. Танай хурлын үед яаж ажиллав?

-Ажил хүлээн авсан цагаас эхлэн өнөөг хүртэл аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэх асуудлыг тэргүүлэгчдийн хуралдаанаар шилжүүлэн хэлэлцсэн нэг ч тохиолдол байхгүй.

Хурлын хэлэлцэх асуудлыг хурлаар, тэргүүлэгчдийн хэлэлцэх асуудлыг мөн л тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэж ирлээ.  Өөрөөр хэлбэл хуралдааны бүрэн эрхэд халдаагүй.

Аймгийн ИТХ-ыг удирдсан он жилүүдэд таны хэвшүүлж хэрэгжүүлсэн хамгийн  чухал ажлууд гэвэл юуг онцлох вэ?

2016 онд ажлаа хүлээн аваад сумдаар тойрч ажил байдалтай танилцсан. Нэгдүгээрт Нутгийн өөрөө удирдах байгууллагыг ард иргэдэд ойлгуулахыг хүссэн. Хурлын төлөөлөгч сонгуулиар ирчихээд алга болдог биш жил бүр иргэддээ тайлан тавьдаг, нээлттэй байх зарчмыг баримталсан.

Иргэд олон нийтийн хооронд эргэх холбоо үүсгэх, амьд харилцаа бий болгох зорилгоор 2017 оноос жил бүр уламжлал болгон “Төлөөлөгчийн өдөр”-ийг зохион байгуулж хэвшлээ. “Төлөөлөгчийн өдөр”-ийг 14 сумандаа зохион байгуулж, сум, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ИНХ-ын дарга нарыг оролцуулж иргэдийн санал бодлыг сонсдог уламжлалт ажил болголоо.

“Төлөөлөгчийн өдөр”-өөр цагдаа, шүүх, прокурор, хүүхдийн байгууллага, соёл, боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн холбогдох хүмүүсийг оролцуулж иргэдэд цогц үйлчилгээ үзүүлээд ирэхлээр хүмүүст шууд хүрч байгааг мэдэрсэн.

Иргэдтэй анх уулзаж байхад “Та нар сонгууль болоогүй байхад бас өрх айлаар явдаг юм уу. Сонгууль болохоор л биднийг дэмжээрэй гээд явдаг биз дээ” гэж гайхсан байдалтай асууж байсан.

-Аливаа ажил гүйцэтгэхэд хөрөнгө санхүү чухал байдаг?

 

 

 

-Өөр нэг ажил нь ГХУСАЗСЗ-ийн ажлыг эрчимжүүлэх төсөв хөрөнгөтэй болгох асуудлыг шийдвэрлэж байлаа. Гэтэл сумын хурал цалингаас гадна үйл ажиллагаа явуулах зардалгүй байлаа. Огт зардалгүй байгууллагыг ажил хий гэж шахаж болохгүй.

Манай аймаг орлогоо өөрсдөө бүрдүүлж, төсвөө баталдаг  давуу талтай учир юуны өмнө сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл тус бүрт 2017 оноос  Сайншанд, Замын-Үүд сумдад гурван сая төгрөг, бусад сумдад тус бүр нэг сая төгрөгийг төсөвлөж үйл ажиллагаа явуулах эхлэлийг нь тавьсан бол  дараа жил нь буюу 2018 оноос энэ оныг хүртэл Сайншанд, Замын-Үүд сумдад  таван сая бусад сумдад хоёр сая төгрөгийг төсөвлөсөн.

Мөн сумдын ИТХ-ын үйл ажиллагааны зардалд 2017 оноос эхлүүлэн таван зуун мянган төгрөгийг төсөвлөж нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг санхүүгээр  дэмжсэн нь ажил зохион байгуулах цар хүрээг нь тэлсэн гэж боддог.

Дараагийн ажил нь 2017 онд бүх сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн зохион байгуулсан. Аймгаас сумдын Засаг даргын ажлыг дүгнэж шагнаж урамшуулж байна. Гэтэл сумдын ИТХ сайн ажиллаж байгаа нь, тааруу ажиллаж  байгаа нь ч мэдэгддэггүй.

Тиймээс журам боловсруулж жил болгон сумдын ИТХ-ын үйл ажиллагааг гурван байраар шалгаруулж, хоёр тусгай байраар урамшуулдаг болсон. ИТХ-ын ажлыг дүгнэж шалгаруулдаг болсон нь сумдын ИТХ-ын үйл ажиллагааг эрчимжүүлж, идэвхжүүлэн улмаар бусдаас суралцах, туршлага солилцох, өрсөлдөөн бий болох боломж бүрдсэн юм.

Шат шатны хурлын байгууллагууд хоорондоо харилцан уялдаа холбоотой байх нь ажил урагшлахад дөхөм гэж үздэг. Мөн төвийн бүсийн долоон аймагтай хамтын ажиллагаатай байж, бүсийн аймгуудын уулзалт зөвлөгөөнд зарим сумынхаа төлөөллийг оролцуулж туршлага судлуулдаг боллоо.

Бид 2017 онд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 25 жилийн ойг тэмдэглэж байлаа. Өнгөрсөн онд аймаг сумын үе үеийн  ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарын “Бидний үе” уулзалт зохион байгуулж тухайн үед энэ байгууллагын хөгжил дэвшлийн төлөө хамтран зүтгэж байсан хүмүүсийн  санал сэтгэгдлийг сонссон.

Ахмадууд маань маш олон сонирхолтой дурсамж, үйл явдлыг эргэн санаж залуу үедээ ажлын дадлага туршлагаа хуваалцаж байснаас гадна хойч үе тэдний санааг сонсож цаашдын ажил үйлсдээ тусгаж байсан нь сайхан санагдаж байлаа.

Энэхүү яриандаа дурдахад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр ажилласан /1992-2020/ нийт хүмүүсийн түүхэн зурган монтажийг бий болгож мөн аймаг, сумдын Нутгийн өөрөө удирдах байгууллагын 1992 оноос өнөөдрийг хүртэлх түүхэн номыг бүтээхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

-Та төмөр замын суурингаас сонгогдсон. Тойргийнхоо хувьд ямар ажил амжуулав?

-Сонгуулийн үеэр дэвшүүлж байсан ажлаа бүрэн хийж дуусгахын төлөө багаараа хичээн зүтгэж ажиллаж байна. Багтаа  бага сургууль, эмнэлэгтэй боллоо.

Орон сууцны хороололтой болж гудамж талбайгаа өргөсгөж, гэрэлтүүлэг хийж, дугуйн замаа барилаа. Дөрөв, долдугаар багийнхаа төвийг шинээр барилаа. Аймгийн орлого жил бүр нэмэгдэж олон бүтээн байгуулалтыг хийлээ.

Анх дэвшүүлж байсан амлалт, ажлууд маань цаг хугацаатай өрсөж биеллээ олж сүндэрлэж байгаад бид бүхэн баяртай байгаа. Бид бүхэн гэдэг маань иргэдээс сонгогдсон төлөөлөгч мөн нийт иргэдээ хэлж байгаа юм шүү.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаарх  таны бодол?

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулж анх орон нутгаас санал авахад дэвшүүлж байсан санал хүсэлтээс зөндөө л юм хасагдсан байна билээ. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг үг бий.  Давхар дээлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэлээ.  Ерөнхий сайд кабинетийн зарчмаар ажиллах боломж бүрдлээ. Хууль шүүхийн байгууллагын зааг ялгааг гаргаж өглөө. Удахгүй хэрэгжээд ирэхлээр ард иргэдэд илүү мэдрэгдэх байх.

Үндсэн хуульд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой хоёр заалт бий. Эхнийх нь “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан байсныг тодруулж “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж өөрчилсөн.

Үүнийг одоо шинэчлэн батлах нэгжийн хууль болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд маш тодорхой тусгаж өгөх нь чухал. Түүнчлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэхээр нэмж тусгасан.

Нөгөө нэг өөрчлөлт нь Тавин есдүгээр зүйлд “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.” гэж заасан байсныг өөрчилж “Тэргүүлэгчид” гэдгийг нь Үндсэн хуулиас хассан онцлогтой болсон.

Өөрөөр хэлбэл нутгийн өөрөө удирдах байгууллага нь шат шатны хурал л юм. Түүнээс хурлыг төлөөлж буй тэргүүлэгч гэдэг бүтэц хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх нь зохимжгүй гэж үзэж байгаа юм.

Мөн энэхүү 59 дүгээр зүйлд Хурал нь хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй байхаар тусгайлан заалт нэмсэн нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодосгож өгөх ач холбогдолтой заалт болсон гэж үзэж байна.

Эцэс нь хэлэхэд бид дүгнэхээсээ илүү манай төлөөллийн байгууллага ямархуу өнгө зүстэй, ямар үйл ажиллагаатай байсныг ард иргэд үнэлж дүгнэх байх аа.



С.Түмэнбаяр: Шударгыг эрхэмлэж, үнэнийг хэлж, зөв байхын төлөө ажилладаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-04-22 11:52:37
    ????? : Шударга зарчимч, үнэнийг шууд хэлдэг хүндээ. Гэхдээ одоо үед ийм хүн үнэлэгдэхээ байсан цаг даа