ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-10-20
Онцгой байдлын газарт шуурхай албаны зориулалттай хоёр автомашиныг шийдвэрлэв
2020-09-28 18:19:16

Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар Дорноговь аймагт есдүгээр сарын 28-нд ажиллаж байна.

Шадар сайд тус аймгийн иргэд болон аймгийн Онцгой байдлын  газрын алба хаагчидтай уулзсан бөгөөд Алтанширээ суманд баригдах газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн зарим бүтээн байгуулалттай танилцсан юм.

Тэрээр Онцгой байдлын газарт шуурхай албаны зориулалттай хоёр автомашиныг шийдвэрлэсэн байна. Шадар сайд Я.Содбаатар иргэдтэй уулзахдаа Дорноговь аймаг бол Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслүүд болох газрын тосны үйлдвэр, ган, ширэм хайлуулах үйлдвэр, Зүүнбаян-Таван толгой  чиглэлийн төмөр зам, Замын-Үүдийн чөлөөт бүс зэрэг томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа манай улсын хүнд аж үйлдвэрийн төв болон хөгжих ирээдүйтэй бүс нутаг.

Дорноговь аймаг иргэдийнхээ амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт томоохон бүтээн байгуулалтууд өрнүүлж байна.Тиймээс Монгол Улсын Засгийн газраас үе шаттайгаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын материалаг баазыг нэмэгдүүлэх, парк шинэчлэлтүүдийг хийхийн сацуу энэ бүс нутгийн хөгжил дэвшилд онцгой анхаарал хандуулж байгаа.

Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, мах боловсруулах үйлдэрлэлийг бий болгох, цаашид хийхээр чиглэсэн ажлынхаа талаар  мэдээлэл өгч иргэдийн асуултад хариулсан юм.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт инженерчлэл, худалдан авалт, барилга-угсралтын дөрвөн багц хэсгээс бүрдэх аж.

Эхний багц буюу технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажлыг хийх ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “JMC Projects” компани шалгарсан байна. Тус компани үйлдвэрийн талбайд иргэний барилга байгууламж буюу захиргааны байр, агуулах, засварын цех, гал командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр, ус хангамжийн систем, талбайн дэд бүтэц зэрэг барилга байгууламжуудыг барих ажлыг гүйцэтгэх гэнэ.

Мөн  ажилчдын орон сууцны хотхоны нэгдүгээр ээлжийн барилга угсралтын ажлыг 2021 оны зургадугаар сард бүрэн дуусгах бол хоёрдугаар ээлжийн барилгыг мөн оны есдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.

Шадар сайдын албан томилолтын багт Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин болон Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БСШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон, Сангийн  дэд сайд С.Мөнгөнчимэг  нар ажиллаж байна.



Онцгой байдлын газарт шуурхай албаны зориулалттай хоёр автомашиныг шийдвэрлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0