ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-10-20
Дорноговь аймгаас хоёр гавьяат цолтон төрлөө
2020-10-06 13:50:59

Эрхэлсэн ажилдаа үр бүтээл гаргаж бусдыгаа манлайлан ажилласан зарим хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган төрийн дээд одон медаль, цол олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорноговь аймгийн "Саран хөхөө" театрын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, багш, МУСТА Буяндэлгэрийн Мөнгөн-Өлзий Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, "Загийн говь" хоршооны тэргүүн Баасанжавын Мөнхөө Монгол Улсын Худалдааны гавьяат зүтгэлтэн боллоо.

Хөгжмийн зохиолч, удирдаач Б.Мөнгөн-Өлзий улсад 41 жил ажилласан бөгөөд “Саран хөхөө” театрт 39 жил ажиллахдаа зургаан жил хөгжимчин, бусад хугацаанд хөгжмийн багш, хөгжмийн удирдаач, ерөнхий удирдаач, уран сайхны удирдаачаар ажиллажээ.

Тэрээр нийт 500 гаруй уран бүтээл туурвисан бөгөөд дуурийн дөрвөн хөгжим, ардын найрал хөгжим болон цөөхүүл хөгжимд зориулсан 30 гаруй бүтээл, дан найрал дууны 30 орчим, нийтийн болон хүүхдийн дууны олон арван уран бүтээл туурвисан байна.

Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчидтэй хамтарч олон арван бүтээл туурвиснаас гадна дөрвөн жилд нэг удаа болдог Өвөр монголын урлагийн их наадам 2019 онд болоход тэргүүн байрын шагнал хүртэж байжээ.

Шинэхэн гавьяатуудтай Дорноговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар уулзаж баяр хүргэлээ. 



Дорноговь аймгаас хоёр гавьяат цолтон төрлөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0