ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-25
Дорноговийн хийлчид олон улсын тэмцээний дэд байрт шалгарав

"Ану мюзик” хийлийн студийн сурагч М.Анужин, М.Анунгоо, Д.Санчирмаа нар АНУ-д зохиогддог “Крещендо” олон улсын хөгжмийн наадамд амжилттай оролцож, тус бүр дэд байрт шалгарчээ.

 

Уг наадам өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлж, оролцогчдынхоо бичлэгийг хүлээн авч түүнээсээ шалгаруулалтаа явуулсан байна. Ингэхэд дээрх гурван сурагч шалгарсан тул наадмыг зохион байгуулагчдын зүгээс өсвөрийн хийлчдийг алдарт Карнегийн театрын  “Weill Recital” танхимд тоглуулахаар урьсан байна.

 

Энэхүү урилгын дагуу өсвөрийн хийлчид маань энэ сарын 12-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон хүндэтгэлийн тоглолтод оролцож, дэлхийн сонгодог бүтээлүүдээс толилуулжээ. Энэ үеэр дэд байрт шалгарсан батламжийг оролцогчдод гардуулсан аж.

 

“Крещендо” олон улсын хөгжмийн наадам нь АНУ-даа нэр хүндтэйд тооцогддог ба тус улсын бүх мужаас гадна орос, канад, германи зэрэг орны хүүхдүүд оролцсон байна. М.Анужин, М.Анунгоо нар хийлээр 8 жил хичээллэж байгаа бол Д.Санчирмаа нь “Ану мюзик” хийлийн студид сүүлийн 3 жил хичээллэж байгаа сурагч юм.

 

Дараагийн удаад буюу ирэх 4 дүгээр сард АНУ-д болох “Little Mozart” тэмцээнд “Ану мюзик” хийлийн студийн сурагч О.Өсөх-Ирээдүй /4 настай/, Э.Удвал /6 настай/, А.Цэлмүүн /8 настай/ нар оролцохоор бэлтгэл хийж байна.

Авьяаслаг хүүхдүүд Дорноговийнх бөгөөд тэмцээнд оролцоход байнга тусалж дэмжиж байдаг Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, ЗДТГ-ын хамт олонд баярлаж, талархаж буйгаа илэрхийлснийг дамжуулья.

"Монцамэ" агентлаг Б.Туул



Дорноговийн хийлчид олон улсын тэмцээний дэд байрт шалгарав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0