ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-22
Есдүгээр Ноён Хутагтыг тодруулсан түүх
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 1130 удаа уншсан
2017-03-04 16:19:28

 

Есдүгээр Ноён Хутагтыг тодруулсан товч түүх энд буй. Энэтхэгийн Найчүн Чойжин ламтан 2012 онд Монголд морилжээ.

 

Түүнийг ирэхэд манай Ноён хутагтын музейн захирал З.Алтангэрэл тэргүүтэй хүмүүс Хамарын хийддээ залж Ноён хутагтынхаа хувилгаан дүрийг тодруулах тухай Далай багшид айлтгал өргөхөд туслах хүсэлтээ дуулгаж, ламтныг Отгонтэнгэр уулнаа Бадархундага нууранд морилон явах хойгуур Далай багшид барих айлтгал, Ноён хутагтын намтар түүх зэргийг бэлтгэснийг ламтан Энэтхэгт морилсон даруйдаа Дээрхийн гэгээнээ айлтгасан байнам.

 

Уг айлтгалд,
Асар олон төрөлхийтөн бүгдийн
аврал итгэл болсон
Арилсан дээдийн орны номын хурыг буулгагч
Алагчаал үгүй дээдсийн сайн явдлыг тийн үзүүлэгч
Ариун дээд Далай ламын өлмийд мөргөмүй!
Умар зүгийн Монгол орон нь эрт цагаас бурхан шашныг залан дэлгэрүүлж Жагар Түвдийн орноос эхтэй эрдэмтэн дээдэс, хутагт хувилгаадыг тодруулж багш шавийн барилдлагыг тогтоосон нь нэн олон бөгөөд ялангуяа гуравдугаар дүрийн далай лам содномжамцын үеэс номын багшаар залж эрдэнийг арвитган олон дүрийн Далай лам нарыг аврал итгэл хэмээн олон үе дамжин залбирч ирсэн билээ.

 

Бас бээр эрт цагаас манайд уламжлагдан ирсэн хутагт хувилгаадыг тодруулах ёсыг сэргээх нь одоо цагт өдөр ирэх тутам нэн чухал хэрэг болж байна.

 

Жагар, Түвдийн орноо 33 дүр дараалан тодорсон Түвдийн их бүтээлч Санжаабалсан ламын хойд дүрийг тэр үеийн Далай лам болон Банчин богдоор сунтаг шүүлгэн тодруулж залсан уламжлал нь нийтийн он тооллын 1622 оноос эхлээд 1932 он хүртэл 310 жилийн турш тасралтгүй үргэлжилсэн байдаг..., Авралт лам Дээрхийн гэгээн таны айлдал энэрлээр Монгол орны шавь олны хүсэлтийг хүлээн авч Монгол орны хутагт хувилгаадыг тодруулан шүтэх болсныг нь говь нутгийн шавь бид үзээд олон жилийн горь хүсэл маань биелэн бүтэж Ноён хутагт ламынхаа есдүгээр дүрийг тодруулан залах сайн цаг нь болов хэмээн Дээрхийн гэгээн танаа хандан залбиран сууна гэх зэргээр айлтгалд дурдсан аж.

 

Үүний дараа Далай ламаас “Сүжиг төгөлдөр Ноён хутагтын барилдлагаат шавь нараас тугдам айлтгал ирсэнд шинжлэл үйлдсэн утга: Ялгуусны эрхт хийгээд Банчин эрдэнийн төрлийн үе зэрэгт тангараг барилдлагаат Ноён хутагт Лувсанданзанравжайн хувилгаан буй магадлалтай ба тэрбээр өдгөө Сэра брайвүнд сургаал үйлдэгчлэнгийн дунд буй магадтай.

 

Ургуулбаас илэрхий өчүүхэн авъяас сайн хөрөнгө язгуур дор эдлэх уг бээр нэр тэмдэг гарах завсар баттай шийдвэр үйлдэх бөлгөө. Барилдлагаат шавь нугуудаас Жамбалцанжод тэргүүтнийг уншиж байваас сайн. Шагжийн буяныг судлан номыг өгүүлэгч Далай лам. Машид гарсан 17-р жарны усан луу жилийн наймдугаар сарын арван хоёрны өдөр. Нийтийн он тооллын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэжээ.

 


Энэ зарлиг ёсоор Хамарын хийдийнхэн Жамбалцанжод тэргүүтнийг олон тоогоор урин уншсаар 2012 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 15-ны хооронд Өмнөд Энэтхэгийн Мундгод тосгонд зорчиж Дээрхийн гэгээний Ламрин номын хуралд суух үедээ Дээрхийн Гэгээнээ бараалхаж ноён гэгээнээ тодруулан залах хүсэлт айлтгалаа дахин толилуулахад “Миний бие удахгүй тодруулан олно” хэмээх нигуурийн айлдварыг сонссон байна.

 

Энэ үед Ноён хутагт Данзанравжаагийн музейн захирал. З.Алтангэрэл болон Хамарын хийдийн төлөөлөгчид Сэра, Гоманд сууж байсан болон сууж байгаа номондоо сайн монгол лам нараас 400 гаруй нэр шүүж фото зургийн хамтаар бэлтгэн Дээрхийн гэгээнд барьжээ. 2013 оны 02 дугаар сарын 04-нд Найчүн Чойжин ламтнаас Дармасала хотноо яаралтай төлөөлөгчдөө ирүүлэх мэдээ хүлээн авсан аж.

 

Улмаар хоёрдугаар сарын 10-нд буюу битүүний өдөр Улаанбаатараас яаравчлан хөдөлж шинийн нэгний өдөр Дармасала хотноо хүрэлцэн очиж, Найчүн Чойжин ламтанд бараалхахад тэрбээр Дээрхийн гэгээн Далай ламтны 2012 оны 12 дугаар сарын 29-нд үйлдсэн зарлиг бичгийг уншиж танилцуулаад гардуулав аа.

 


Далай ламын уг зарлигт: Ноён Хутагтын хувилгаанд тусгайлан ялгаж нэрлэсний гол анханд хулгана жилтэй, Гомангийн Лувсантүдэв оношлон барихуйяа сайн. Шагжийн буяныг судлан ном өгүүлэгч Далай лам. Нийтийн он тооллын 2012 оны 12 дугаар сарын 29 гэжээ. Ийнхүү халхын Ноён хутагтын есдүгээр дүр Эрдэнэ Ноён хутагт Данзанлувсантүдэв тодорсон бөлгөө.

 

Залуу гэгээнтэн 1984 оны модон хулгана жил Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт эцэг Отгон- Амжилт, эх Өргөнцагаан нарын арван хүүхдийн долдугаар хүү болж Угтахбаяр нэртэй лагшин мэндэлжээ. 1994 онд Өлгийн хийдийг сэргээн байгуулж асан Жигмэд-Осор гавжид шавь орж төд удалгүй өөрийн хүслээр Өвөрбаясгалант Хамарын хийдэд шавилан суусан.

 

Шашны боловсрол, номд шамдах сэтгэлээр Улаанбаатар хотод Зүүнхүрээ Дашчойлин хийдийн Шашны сургуульд суралцаад 2003 оноос Өмнөд Энэтхэгийн Брайвүн хийдийн Гоман дацанд бага Лувсан хэмээн алдаршсан багшид шавилж Лувсантүдэв хэмээх сахилын нэр залсан аж. 2005 оноос Хамарын хийдээс Энэтхэгт суралцаж буй хүүхдүүдийг хойд Энэтхэгийн Драйдун хот дахь Бригүн Гаржүдийн ёсны Жанчүвлин хийдэд шавилан сууж байсан.

 

Энэ үед гэгээнтэн тус хийдийн Бригүн Гаржүдийн дээд сургуульд дэвшин суралцаж байв. Тэдгээр хүүхдүүдийг өөрсдөө бие даар чадвартай болсны сүүлээр Монголд эргэн морилж Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Занбазарын нэрэмжит Бурхан Шашны дээд сургуульд суралцан 2010 онд дүүргэсэн.

 

Ингээд Хамарын хийднээ хурал номын ажлаа эрхлэн байгаад 2012 оны 12 дугаар сарын 29-нд Далай ламаас Есдүгээр дүрийн Ноён хутагтаар батламжлагдаж улмаар 2013 оны гуравдугаар сарын 1-7-ны өдөр Хойд Энэтхэгийн Найчүн Дияан хийд ба Өмнөд Энэтхэгийн Брайвүн хийдийн Гоман дацанд тус тус сэнтийд залагдсан билээ. Урьдын сахилын нэр дээр нь Дээрхийн Гэгээнтэн өөрийн алдараас “Данзан” хэмээх нэрийг хайрласнаар тэрбээр Данзанлувсантүдэв хэмээх нэртэй болжээ.


Монголын болоод дэлхийн хүн зоны оюуны орон зайд халхын Ноён хутагтуудын нутаг хэмээн алдаршсан Дорноговь аймаг хүндтэй байр эзэлж байна.

 

Эдүгээ Ноён хутагтын Есдүгээр дүрийг Дээрхийн гэгээнтэн Далай лам тогтоон соёрхож уул аймгийн Хөвсгөл сумаас Эрдэнэ Ноён хутагт Лувсанданзантүдэв сахилын нэртэй гэгээнтнийг тодруулаад байгаа нь Ноён хутагтаа дээдэлдэг сүсэгтэн олны хувьд ихээхэн хүндэтгэл, сэтгэлийн баярыг дагууллаа.

 

Есдүгээр Ноён хутагтыг сэнтийд нь залах өдөр буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 28-нд Монголын ихэнх аймаг, гадны улсаас ирсэн 24 мянга гаруй сүсэгтэн мөргөлчдийн хөлд Хамарын хийд дарагдав. Цаг агаарын хувьд сэр сэр сэрхрээ салхитай, халуун сэрүүний эрчим зохицсон тааламжтай ийм цаг дор наян настай буурлаас найман настай балчир хүртэлх мөргөлчин ахуй амьдрал, ажил алба, хүсэл мөрөөдөл, ам бүл, хамаатан саднаа даатгахаар ирсэн байлаа.

 

Тэднийг байрлуулах байр хүрэлцээгүй учир зарим нь майхандаа, машиндаа отоглосон нь баяр наадмын оройг санагдуулав. Өвгөн суваргын баруун талд аймаг сумдаас санаачлан тус бүр нэг гэр барьж морилсон хүн зоныг ялгалгүй идээ будаа тэргүүтнээр урин золгосон нь Ноён хутагтаа дээдэлдэг, сүслэн залбирдаг Дорнын говьчуудын сэтгэлийн илэрхийлэл болов.

 

Манайхны хэлж заншсан гэр буудал, гуанзууд Хийдийн өмнөхөн бий. Тэд энэ үеэр толгой өндийх завгүй ажилласан байх. Ширхэг хуушуур 600 төгрөг, оройдоо үнэ нь нэмэгдсэн гэж дуулдсан. Хадгаламж банкны явуулын үйлчилгээ ажиллаж үйчлүүлэгчдийн очер дугаарыг хэдэнтээ үүсгээд авна лээ. Шашин мөргөлийн эд бараа худалддаг дэлгүүрээс хамгийн түрүүнд шар хадаг эрэлттэй, мөн хамгийн ашигтай, эрэлт ихтэй бизнесийн нэг авто тээврийн үйлчилгээ байлаа.

 

Дунд оврын автобус Сайншандаас Хамарын хийд рүү өдөрт хоёроос гурван удаа хүн тээвэрлэхдээ нэг зорчигчоос 15-20 мянган төгрөгөөр авсан гэсэн. Гэрийн тойрог хэлбэртэй том Өвгөн суварга Хамарын хийдэд бий. Монголын хамгийн том, дэлхийн жагсаалтад V эрэмбэлэгдэх 32 орчим метр өндөр “Өвгөн суварга”.

 

XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, тавдугаар дүрийн Эрдэнэ Мэргэн Ноён хутагт Лувсанданзанравжаа 1823 онд Өвөрбаясгалант Хамарын хийддээ эх болсон зургаан зүйл хамаг амьтныг цөвүүн цагийн гэм нүгэл, осол аюулаас хамгаалах хийгээд Монгол Улсын тусгаар тогтнол, мандал бадралын тухайд газар орныг тэтгэх их суварга бүтээсэн нь хол ойрын эргэлчин, мөргөлчин бүгдийн сэтгэлийг баясган, шүжгийг арвижуулах шүтээн болон цогцолж байжээ.

 

Энэхүү суваргыг бүтээхдээ тарнийн номонд нэвтэрхий Ноён хутагт бээр өөрийн өмнөх олон дүр, төрлийн эрдмийг цогцлоосон гэх бөгөөд жагарын орны их бүтээлчдийн тэг ёс, нууц тарнийн гүн увдисаар цогц болгон бүтээсэн болой. Анх тус суваргын өндөр нь 15 жан (алд), өргөн нь 15 жан хэмжээтэй бүтээсэн бөгөөд жил жилийн цагаан сараар элдэв дарцаг, хадаг зэргээр чимж, бурхадын дүр, хийморийн бэлгэдлийг байрлуулан тусгай зан үйл гүйцэтгэдэг байжээ.

 

Тийнхүү үе үеийн ихэс дээдэс, мэргэдийн билиг билгүүний охь шимээр адистлагдан өргөн олны даатгал залбирлын гүн хүндлэл шингэсэн тул монгол түмнээ “Өвгөн суварга” хэмээн алдаршжээ.

 

Гэгээнтнийг залах ёслолын эхэнд Монголын сүм, хийдүүдийн төлөөлөл болсон 500 гаруй лам хуварга Цагаан дарь эх ном айлдав. Суваргын баруун зүүн хэсгээр зассан олбог дээр лам хуваргууд, урилгаар оролцож байгаа мөргөлчид гол хэсгээр, Монголын Бурханы шашны төв “Гандантэгчинлэн” хийдийн хамба лам Д.Чойжамц, “Мамба дацан” хийдийн хамба лам Д.Нацагдож, “Дашчойлин” хийдийн хамба лам Ч.Дамбажав нар тусгайлан зассан олбог дээр тус тус заларсан билээ.

 

Ноён хутагтаа сэнтийд нь залах дэг ёс эрэмбэ дараатай. Шинэ хутагт гаднаас морилон ирэхдээ хамгийн түрүүнд бурхан шүтээндээ гурван удаа сунаж мөргөөд гоёмсог торгоор урласан долоон давхар гудас бүхий сэнтийдээ заларахад нь лам нар даншиг өргөж, ламын чодон, Дүнхэр зэрэг олон ном ээлж дараалан хурсан. Үүнээс Дарь Эх номыг олонтаа уншсаныг лам нар ярьж байсан.

 

Мөн төвд хэл дээр хоёр лам ном хаялцаж байгаа нь хурсан олонд ихээхэн сонирхолтой байсан нь магад. Аливаа хүнд сүжиг байна гэдэг буян байгаагийн бодит шинж чанар. Цаашдаа сайн явахын, сайхан явахын шинж, бурханы хутгийг олох агуу их шинж чанартай хэмээн бурхны номонд үздэг.

 

Тийм ч учраас жирийн сүсгтэн олноос гадна манай улсын урлаг спортын алтартнууд ч цөөнгүй ирсэн байв. Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат, дархан аварга Х.Баянмөнх, Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, ардын уран зохиолч Т.Галсан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Ш.Гүрбазар, Л.Цагаандалай нар ирсэн байна лээ.


СҮСЭГТНҮҮДИЙН ХӨЛД ХАМАРЫН ХИЙД ДАРАГДАВ

 

Ёслолын үйл ажиллагаа эхлэхээс өмнө Өвгөн суварга дотор зохион байгуулах эрх бүхий мандаттай хүмүүс, сурвалжлагчид, лам нар, тусгай урилгаар ирсэн сүсэгтнүүд байраа эзэлсэн байлаа. Урилгагүй, мандатгүй нэг ч хүнийг дотогш оруулаагүй.

 

Сүсэгтэн олны мөргөлийг зохицуулахаар Хэнтий, Сүхбаатар, Төв, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймгийн нийт 87 цагдаагийн алба хаагч ажилласан. Өвгөн суваргын баруун зүүн талаар урагшаа Хамарын хийд хүртэл хязгаарлалтын бүс тогтоож хууль хяналтынхан эгнэн зогссон харагдсан.

 

 

Өглөө есөн цагт эхэлсэн ёслолын үйл ажиллагаа үргэлжилж бараг бага үдийн нэг цаг руу дөхсөн нь гадаа зогссон мөргөлчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгэв. Холоос зорин ирсэн зочин гийчин, жирийн сүсэгтэн мөргөлчид Ноён Хутагтдаа мөргөх гэж яарсан нь ийнхүү бужигнаан үүсгэсэн. Хэдийгээр цагдаа нар зохицуулж байсан ч бужигнасан олон түмний хөдөлгөөнийг барьж дийлэлгүй алдчихсан.

 

Энэ бужигнаанд нэг эмэгтэй ухаан алдаж нэлээд хүн олны хөлд гишгүүлсэн, цөөнгүй хүн боройхоодуулсан. Уг нь ховор тохиолдох энэхүү түүхэн үйл явдлыг зохион байгуулсан эрх бүхий хүмүүс болон цагдаагийн байгууллага ач холбогдол өгч ажилласан ч арга хэлбэр нь тийм оновчтой байсангүй. 24 мянга гаруй хүн сүсэглэж мөргөх гээд цугларчихсан байхад өнөөх л тойрч зогсдог арга хэлбэрээрээ, бүүр болохгүй бол цахилгаан бороохой гозолзуулж, ард иргэдээ хамгаалахаасаа өмнө айлгадаг хуучинсаг аргаа хэрэглэсэн.

 

Ийм үед мэдээж олон түмний сэтгэл санаа хөөрсөн, догдолсон байх нь аргагүй. Хаа холоос мөргөх гээд ирэхдээ боройхоодуулаад буцах нь тийм ч сайхан санагдахгүй л байх. Мөргөлчдийн нэлээд олон нь Хутагтынхаа адисыг хүртэж чадаагүй буцсан. Үүнийг зохицуулах оновчтой шийдэл яагаад гаргасангүй вэ гэх талаар сүсэгтнүүд ам муутай байсан.

 

Томоохон үйл явдлуудыг урьдчилж төлөвлөөд зохицуулчихдаг жишээ бий. Бээжингийн төмөр замын вокзалд /Beijinj rail way station/ Орос, Монгол, Хятадын нутгийг дайрсан олон улсын зэрэглэлийн галт тэрэг зогсоход зорчигчид газар доогуурх тунелээр дээш гардаг. Тэнд хүмүүс төв талбайн хажуугаар явган хүний хөдөлгөөнийг хязгаарлаж барьсан нарийн хашаагаар дамжиж явдаг.

 

Хашаагаар ороход л өмнөөс нь такси угтана. Ямар ч бэрхшээл гарахгүй. Гадна дотны олон мянган хүн үүгээр зорчдог учраас иргэддээ аюулгүй, эдийн засагт хэмнэлттэй арга хэлбэрийг их гүрэн ингэж хэрэгжүүлсэн байдаг. Ноён хутагтыг залсны дараа зохион байгуулалтын талаар олон хүн ярьж байна лээ.

 

Нэг ахмад суваргын хоёр талд коридор маягаар хашаа барьчихаж болоогүй юм болов уу гэсэн. Өөр нэг хүн ингэж очёр дугаар үүсгэж байхаар гадаа сүсэгтэн олныхоо нүдний өмнө залчихаж болоогүй юм уу гэх санал хэлсэн.


СҮСЭГ БИШРЭЛ ҮҮ ЭСВЭЛ МУНХАГИЙН ГАЙ ЮУ?

 

 

Сүсэгтэн олны хувьд ч өөрсдөө таагүй байдал үүсгэсэн. Хэтэрхий дайрч улайран зүтгэсэн. Үнэхээр мундаг сүсэг бишрэл үү аль эсвэл мунхагийн гай юу гэх сонин үйл явдал болсон.

 

Ноён хутагтаа сэнтийд нь залсны дараа сүсэгтэн олныг хэсэг хэсгээр Суварга руу оруулж мөргөлийн зан үйл үйлдүүлээд буцаад гарахад нь хутагтын дур бүхий хөрөг, рашаан утлага, үрлийг бор цаасанд нямбайлан хийж сүсэгтэн болгонд өгөхөөр зохион байгуулагчид төлөвлөсөн байтал үүнийг бусдаас түрүүлэн авах гэж улайрсан нэг хэсэг эр биеийнхээ чадлыг гайхуулав.

 

Уг нь зохион байгуулагчид тэрхүү хишгийг тараах байтал хэд хэдээр нь шүүрч, зугтааж, нуугдаж нүдний булай болов. Бүр хайрцагийг нь хоослоод чулуудсан. Нэг эмэгтэй арваадыг аваад цамцан дотроо нууж орхисон. Арай ч дээ, ойрын хэдэн жилд бүр хэдэн зуун жилд ч барагтай л бол тохиохгүй ховор түүхэн үйл ажиллагаа шүү дээ.

Арга ядахдаа Ноён хутагт бужигнасан олныг зохицуулахаар өөрийн биеэр гарч ирсэн. Хутагтаа хүндэлж, бас хайрлаж мөргөж болно доо, гэхдээ хурдан морио давхиад ирэхэд нь магнайных нь хөлснөөс авдаг шигээ зүтгэж болмооргүй. Монголын бүх сүм хийдийн төлөөллөөс гадна Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц тэргүүтэн хүртэл Ноён хутагтад сүслэн мөргөж байна билээ.

 

Ийнхүү Ноён хутагтын есдүгээр дүр тодорсон нь ноён хутагтаа дээдэлдэг говийн зон олон хийгээд Монголын сүсэгтэн олны сэтгэлийг баярлуулсан баярт үйл явдал төдийгүй Догшин Ноён хутагт Данзанравжаа Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн болохоор түүний хойд дүр мөн Хөвсгөл сумаас төрсөн нь санаандгүй хэрэг биш билээ.



Есдүгээр Ноён Хутагтыг тодруулсан түүх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0