ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Дорноговийн Нэгдсэн эмнэлэг батлагдсан стандартын 50 хувьд хүрэхгүй хүний нөөцтэй ажилладаг
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 520 удаа уншсан
2017-04-01 19:43:38

 

Хүн ам  багатай хөдөөгийн аймгийг улсын нийслэлтэй  харьцуулашгүй хэдий ч асуудлууд байна. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг батлагдсан стандартын дагуу 600 гаруй хүн ажиллах ёстой ч төсөвтөө багтааж тал хувьдаа ч хүрэхгүй орон тоотой ажилладаг. Эмнэлэг хавдрын нэг эмчтэй. Нэг эмч нэжгээд олон хүнийг үзэж эмчилгээ бичдэг.

 

Тухайн эмч амралтаа аваад явчихвал оронд нь хэн ажиллах вэ? Нарийн мэргэжлийн эмч ядаж хоёроос гурав байж үзлэг оношилгоог чанартай хийж хэвших боломжтой гэж эмч өгүүлэв. Стандартаар  доторын эмч гэхэд л бөөр, хоол боловсруулах эрхтэн, уушиг гээд төрөлжих учиртай гэнэ билээ. Нэг эмч өдөрт 20-30 хүний эрүүл мэндийг үзэж, эмчилгээ бичиж өгөх ёстой ч энэ тоо заримдаа 60-аас 70 болж нэмэгдсэнээр  эмчийн ачааллыг ихэсгэдэг байна.

 

Нэг хүнийг үзэх хугацаа дунджаар 15 минут байдаг бол уул өвчтөнийг үзэж, өвчний түүхийг сонсож, эм тариа бичиж өгсөөр байтал 30-аас 40 минут  болно. Ингээд дараагийн хүнийг үзэж эхэлнэ. Үзлэг хугацаандаа багтахаа байна.  Ингээд л үйлчлүүлэгчид бухимдаж эхэлдэг аж.

 

Алдар нэрд хүрсэн, хөрөнгө мөнгөтэй, чинээлэг хүмүүс нь ар өврөөр нь гүйж аргалаад л, өндөр үнэтэй, үйлчилгээ сайтай дотоод, гадаадын хувийн эмнэлгээр үйлчлүүлээд явчихдаг бол хөрөнгө чинээ тааруу дундаж давхаргын, эгэл жирийн иргэд л өдий төдий хоногоор төрийн эмнэлэг барааддаг билээ.

 

 

Ажлын ачаалал ихэссэн, үйлчлүүлэгчдийнхээ дугаарт дарагдсан, хөдөлмөрийг нь дутуу үнэлдэг, ажиллах чиг үүрэг нь заримдаа тодорхойгүй, авдаг цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй ийм байхад эмч үргэлж инээмсэглээд ажлаа хийх болов уу? Харилцаа хандлагадаа анхаарах болов уу?

 

Эмчийн цалин дунджаар 500 мянга орчим байдаг бололтой. Алсын дуудлагад явж, хонон өнжин жижүүрлэж байж л  нэг сая орчим  төгрөг авдаг гэх. Ажлын нөхцөл байдлаас шалтгаалж уурлах бухимдах, стрест орох үе гардагийг үйлчлүүлэгч ойлгодоггүй гэж нэг эмч ярина лээ.

 

Үзэж байгаа эмч нь бухимдалтай, үзүүлж байгаа иргэн нь  бас л бухимдал тээчихсэн байхад үзлэг эмчилгээ сайн болно гэхэд итгэхэд бэрх.  Мэдээж бүх эмч биш л дээ. Нэг зүйлийг дурдахад ажлын ачааллаас болж сүүлийн үед эмч нар өвдөх нь ихэсчээ. Тэр бүү хэл орон нутагт хэд хэдэн эмч хавдраар өвчилснийг эх сурвалж хэлэв. Улсын эмнэлэгт  хөрөнгө чинээ тааруу, дундаж давхаргын, эгэл жирийн иргэд үйлчлүүлэхээр ирдэг болохоор эмч нарт ачаалал үүсдэг. 

 

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, тогтолцоо,  төсөв санхүүгийн чадамж,  менежмент зэрэг нь эмч, эмнэлгийн ажилтнууддаа ч дарамт үүсгэдэг, үйлчүүлэгч нартаа ч саад тээг болсоор удаж. Ялангуяа улсын гэгддэг томоохон эмнэлгүүдэд үзүүлэхийн тулд танил тохой татаж, аргадаж наана цаана гүйхгүй л бол бүтэхгүй.

 

АСУУДЛАА ӨӨРСДӨӨ ШИЙДЭЖ, ХАРИУЦЛАГАА ӨӨРСДӨӨ ҮҮРДЭГ БАЙВАЛ...

 

Орон нутгийнхаа асуудлыг өөрсдийнхөө оролцоотойгоор бие дааж шийдвэрлэж чадах тийм л нутгийн удирдлагатай байвал сум, аймаг хөгжмөөр санагдах. Эдийн засгийн, хүний нөөцийн асуудлаа өөрсдөө мэдэж, татвараа өөрсдөө тогтоодог байвал. Гэтэл бүгдийг дээрээс шийдэж байна.

 

Хэрэв орон тоо, ажлын ачаалал, давхардал, хөрөнгө санхүү зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж  эмнэлгийн ажил цалгардаж, хүний амь хохирлоо гэхэд тухайн эмч, эмнэлгийн ажилтнууд хариуцлага хүлээхээс бус төвд суугаа, яаманд суугаа хүмүүс хариуцлага хүлээхгүй.    

 

Эрүүл мэндийн салбар босоо тогтолцоотой. Боловсон хүчин, хүний нөөц төсөв санхүүг салбарын яам мэднэ. Орон тоогоо нэмүүлье, хөрөнгө санхүүгээ тодотгоё гээд л орон нутгаас хэдэн арван удаа бичиг тоот шидээд ч нэмэргүй, зөвхөн цаасан дээр үлдсээр он, оныг үддэг болов.

 

Хотод суугаа  хэдэн хүн хөдөөгийн эмнэлгийн  нөхцөл байдлыг мэдэрч төсвийг нь баталж, бодлогоор хангадаг гэхлээр хэцүүхэн санагдах.Орон нутгийн асуудлыг аймагт нь өгчихвөл яаманд суугаа цагаан гартнууд ажилгүй болчих магадлалтай гэж  нэгэн хошигнов.

 

Орон нутгаас эрүүл  мэндийн салбарыг дэмжиж өөрийн эрх мэдлийн хүрээнд тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө, материаллаг эд зүйлсээр туслахаас бус асуудлыг шийдэх хэмжээний эрх мэдэл, төсвийн чадамж алга.

 

Орон нутаг төсвөө мэдэж, хаана хэдэн хүн ажиллуулахаа өөрөө шийддэг байвал дэвшил гармаар. Ажиллах боломжийг нь олгоод эргээд хариуцлагаа нэхдэг болох нь зүйд нийцмээр. Эсвэл орон нутгийн нөхцөлд байдалд тохирсон орон тоо, төсөв санхүү, хүний нөөцийг шийдвэрлэж  өгөх  шаардлага нэн түрүүнд тулгарч буй. Манай төр төсвөө данхайлгаад л. Зөвлөх, дэд сайдууд, төрийн нарийн гээд л ойролцоо чиг үүрэгтэй албан тушаалууд буй болгож түүнд зориулсан цалин хангамж баталдаг.

 

Дорноговьд саяхан дэд сайдуудын десант буув. Хоол унд, цалин хангамж, шатахуун түлш гээд сая саяаар нь салхинд хийсгэчихээд явав, тэд. Үнэндээ  тэдний хэлж ярьж буй нь өрөвдмөөр. Шийдэж буй асуудал гэж алга. Төр энэ мэт тансаглалаа багасгаж эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж хөдөөгийн эмнэлгүүдийнхээ нарийн мэргэжлийн эмчийн тоог ядаж хоёр, гурваар нэмчих хэрэгтэйсэн.

 

Гэлээч Дорноговийн Нэгдсэн эмнэлгээс санаачилга гаргаж иргэд эмчид үзүүлэхээр өглөө үүрээр дугаарладаг байсныг  халж, бүтэн өдөр дугаар олгодог болсон, шинжилгээний хариуг интернетээр явуулдаг болсон, эх хүүхдийн эндэгдэлгүй болсон гээд эмч, эмнэлгийн ажилтнуудын хүчин чармайлтаар  ахиц дэвшил гарчээ.

 

Эмч, болон эмнэлгийн ажилтны ажил үйлчилгээ, тэдний ёс зүйтэй холбоотой санал гомдол, сайшаал магтаал өдий төдийгөөрөө л хөвөрдөг.

 

“Нөгөө хэний охин Дулмаа  зан ааш сайтай, мэргэжилдээ сайн, сэтгэлтэй мундаг эмч болжээ” гэж ам булаалдан ярих нь эмч хүнд одон зүүгээд өгснөөс илүү “Шагнал” байх аа. “За даа тэр ч дээ сэтгэлгүй,  тааруухан юм билээ” гэж гомдол, харууслын үг чулуудах нь бий.

 

Сайнаар дуурсуулах, саараар хэлүүлэх нь эмчийн хариуцлага, ажилдаа хандах хандлагын илрэл. Цагаан халад нөмөрч, тангараг өргөж, хүний амь хариуцан ажилладаг учраас л хүмүүс хариуцлага, ёс зүй, итгэл сэтгэлийг эмч нараас нэхдэг юм. Тэгэх ч ёстой.

 

Үхэл амьдралын зааг дээр байсан хүнийг босгоод авдаг байхад өвчнийг нь дийлэлгүй цөхрөнгөө бараад алддаг үе  эмч нарт бий. Сайн нь саараасаа илүү учир л хүмүүс амьдарч, эрүүл саруул болж, инээд хөөртэй алхаж явна.Эрүүл  байвал бусад нь болно.

 

 Ажиллах боломжийг нь олгоод, цалин хангамжийг нь нэмээд, дараа нь хариуцлагаа нэхсэн шиг нэхвэл яасын!. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт тулгарч буй бэрхшээлийн зах зухаас дурдахад ийм буй.

Үргэлжлэл бий.



Дорноговийн Нэгдсэн эмнэлэг батлагдсан стандартын 50 хувьд хүрэхгүй хүний нөөцтэй ажилладаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0