ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
“Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 1985 удаа уншсан
2017-04-18 22:09:34

Энэ сарын 17-нд Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн шагналт Цэгмидийн Намсрайжавын нэрэмжит Улсын филармони гэх их айлын гурван том найрал хөгжмийн хамтлагийн нэг “Морин хуурын чуулга” бүрэн бүрэлдэхүүнээрээ Дорноговь аймгийн  Сайншанд хотын “Саранхөхөө”  театрт  үндэсний сонгодог  бүтээлээ эгшиглүүллээ.

 

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн говь”, “Цагаан суварга”, “Найман шарга”, төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  Б.Шаравын “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, “Үхэж үл болно” киноны хөгжим зэрэг сор болсон бүтээлийг  морин хуурчид тоглож, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ерөнхий удирдаач  Д.Түвшинсайхан  удирдаж олны сонорт хүргэв.

 

Дэлхийн сонгодогуудтай эн зэрэгцэх Монголын хамгийн том мэргэжлийн урлагийн байгууллагынхан 21 аймгаас онцолж Дорноговь руу жолоо цулбуураа эргүүлсний шалтгаан байх.

 

 

Эл чуулгыг байгуулах анхны санаачилгыг гаргаж  тулгыг нь тулж,  тооныг нь өргөж, өрхийг нь таталцсан  хүмүүн бол Мандах сумын уугуул морин хуурч, морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, Монгол Улсын ардын жүжигчин, профессор, удирдаач Цэндийн Батчулуун агсан.

 

Өөр нэг зүйл нь морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож буй явдал тэднийг говь газар руу дөтлөх  сэжим  нь  болсон байх.

 

Эгэл хийгээд  эрдэмт их хүмүүнтэй мөр зэрэгцэн ажиллаж явсан хамт олон нь, шавь нар нь, нөхөд нь Батчулуун багшийгаа, эрхэм нөхрөө  хүндэтгэн дурсаж, буян санаж, уугуул нутгийнх нь ард иргэдэд бүтээл туурвилыг нь эгшиглүүлж яваагаа улсын Филармонийн дарга, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн гуай таниулан хэлнэ лээ.

 

Тэр бүү хэл Мандах сумын соёлын төвийн жижигхэн тайзнаа алдарт хуурчийн төрсөн өдрийг тохиолдуулж Монголын төдийгүй дэлхийн "Брэнд" болсон морин хуурын чуулга заларчээ. Буйдхан суманд шүү дээ. Сайхан байгаа биз. Ямар их бахархал, хүндлэл вэ? Үүнийг үзэгч зон олон ямар их хувь ерөөлтэй вэ? Өөр хаана, ямар аймагт, ямар суманд чуулгынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж тоглосон бол?

Алдарт морин хуурчийн хүй цөглөсөн нутагт морин хуурын гэрэлт хөшөөг бүтээхээр хамтран зүтгэгчид нь  шав тавьжээ. Энэ ажлыг наадмаас өмнө дуусгаж хүлээлгэж өгөхөөс гадна хөшөөний нээлтэд морин хуурийн чуулгынхан хүрэлцэн ирж бүтээл туурвилаа дээжлэн барих аж.  

 

Ийм их хүндлэл, уран бүтээлийн өв сан, бүтээл туурвил, хөдөлмөр зүтгэлийг Батчулуун багш монголын урлагт, тэр дундаа мэргэжлийн урлагийн байгууллагад үлдээсэн болохоор л энэ буюу. Учир мэдэх хүний ярихыг  сонсож суухад чуулгын уран бүтээлчид олон аймгаар бараг тоглохгүй. Зөвхөн Батчулуун багшийнхаа дурсгалд зориулж  л тоглолт зохион байгуулж байгаа  гэсэн.

 

 

Тоглолтын дараа Морин хуурын чуулга  өөр аймаг, сум руу  дөрөө харшуулаагүй, Улаанбаатар руу буцсан гэж сонсогдоно. Морин хуурын чуулга байгуулагдсан цагаасаа хойш яваагүй  газар, тоглоогүй томоохон тайз бараг үлдээгүй гэдэг.

 

АНУ-ын Нью-Йорк хотын НҮБ-ын Ерөнхий Ассамб­­лейн танхимаас Францын Парис хотын ЮНЕСКО-гийн Ерөн­хий чуулганы тан­хим, дэлхийн сон­го­дог урлагийн өлгий ну­таг Италийн “San Giovanni Maggiore”, ОХУ-ын Моск­ва­гийн Их театр, БНХАУ-ын Бээ­жингийн Үндэсний театр, Австрийн Вена хотын “Musicverein”-ын Алтан танхим, Токио­гийн “Sun­tory” концер­тийн их тан­хим  гээд дэлхийн хүн төрөлхтний сор болсон тайзнаа заларч, үзэгч олны халуун алга ташилт, ер бусын гайхамшигт эрчим энергээр одоо ч хүрээлүүлсээр явна.

 

Эл том оюуны суваргыг  Цэндийн Батчулуун  гэдэг эгэлгүй авьяастан, урлагийн зүтгэлтэн эрхэм нөхөдтэйгээ эвсэн бүтээж босгосон учраас л говь нутаг руу Морин хуурын чуулга  дөрөө харшуулахын шалтгаан болсон нь энэ.

 

Зуу, зуун жилийн цадиг түүхийн нугачаанд морин хуурын чуулга үл хуучирч, үргэлж шинээрээ байж Дорно зүг рүү довтолгосоор байх  нь магад.

 

Ийнхүү Сайншандчууд нэгэн орой үндэсний сонгодог бүтээлийг тухлан сууж, нүдээр үзэж, чихээр сонсовай.  Алдарт морин хуурын чуулгын хөг аяз хүмүүсийн оюуны орон зайд  бодохын шалтаг, бясалгахын, ухаарахын шалтгааныг үлдээгээд буцав. “Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир энэ буюу.



“Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-23 20:05:00
    ?????: Сайхн нийтлэл бичжээ.Морин хуурын чуулгын уран бүтээлчдэд амжилт хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-23 14:32:58
    ??????: эдгээр зохиолуудыг Түвшинсайхан удирдаач, Морин хуурчдын хамт олны сонорт хүргэсэн юм уу?Морин Хуурын чуулгыг удирдан тоглуулж үзэгч олны сонорыг мялаасан юм биш үү?Ойлгож уншихад хэцүү л юм байна,Морин хуурчдаас өөр хөгжим байгаагүй ч юм шиг,хүнд ойлгомжтой бичээч