ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-22
Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад-2
Б. Туул > Нийтлэгч | 930 удаа уншсан
2017-04-29 13:11:03

 

Говь-Алтайд харуй бүрийд ирлээ. Анх удаа ирж байгааг хэлэх үү, газрын баримжаа алдагдаад аймгийн төв рүү аль зүгээс орж ирж байгааг хэлж мэдэхгүй байлаа. Цуваа эхний колонк дээр  зогсож, шатахуунаа базаав.

 

Хэн хэлснийг бүү мэд, шууд буудалдаа бууна. Эндээ хоноод өглөө эртлэн замд гарах гэнэ. Буудал ч, зоог ч аль аль нь боломжийн юм. Шороон замаар сэгсчүүлсээр сүрхий ядарчээ.

 

Нэг өрөөнд хуваарилагдсан бүсгүй маань чемоданы “юм”-аа задлана гээд гараад явчихлаа. Ханьтайгаа ярилаа. Манай хэд данги л гэнэ. Цаана нь манай хоёр бага шуугилдаж байна аа.Эхний буудалдаа ирчихсэн, өрөөндөө орчихсон, хоолоо идчихсэн, ханьтайгаа ярьчихсан. Элдвийг бодох чадал ч үлдсэнгүй. Шууд л унтахаар орондоо шургав.

 

Долоо хоногийн хугацаат томилолтын маань хамгийн их ядарсан өдөр энэ өдөр байсан юм билээ. Үүнээс хойш замд дассан уу яасан улам л ир орох шиг болсоор томилолтынхоо хугацааг өндөрлөсөн дөө.

Сайхан амарчээ. Өглөөний цайндаа ороод Ховдыг зүглэлээ. Хөдлөхийн өмнө унаагаа сэлгэж, Зол ахынхаа машинд суулаа.Манай машинд "MNC" телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг, "UBS" телевизийн сэтгүүлч Г.Урантөгс тухалжээ. Батцэцэгт өчигдрийн зам бас чанга санагдсан гэнэ.

 

Тэгэх мөртлөө “Би одоо аливаа арга хэмжээг сурвалжлахдаа хамгийн холоос ирсэн хүнээс яриа авч байна аа.Эд маань их зам туулж Улаанбаатарт ирдэг юм байна шүү дээ” гэх. Үе үе хөгжилтэй яриа сэднэ. Намжиртайхнаар тас тас инээнэ.Урнаа маань харин намба заасан шигээ явах.

 

Хаа нэг дуулах нь эвлэгхэн. Зол ахынхаа түшигтэйг бас дурдалгүй өнгөрч яахин болох билээ. Наанадаж л буудлаас гарахад үүдэнд угтаж зогсоод “Алив наад үүргэвчээ” гэснээ машиныхаа ар руу хийчих жишээний. Ийм л нэг баг Өлгий хүртэл ханисав.

 

 

                      ... Зулай юугий нь өнөд үнэрлээд

                          Үрээ төлүүлж хамт байгаач ээ

                          Зуу наслаад үүрд жаргахаар

                          Хайраа асгаж хамт байгаач ээ

                     Цаг цагийн аашинд нь инээж эрхэлж хамт байгаач ээ

                     Цас яргуй хоёрыг угтаж үдэж хамт байгаач ээ ...

 

Бага хүү төрлөө. Хүн гэдэг мэндэлсэн цагаасаа эхлээд түүхээ бичиж байдаг бололтой. Тэгэхэд өвөл цаг байлаа. Өвөл эрт харанхуй болдог хойно доо. Бие нэг л тавгүй. Эртээ хэвтлээ. Жаахан жаахан өвдөөд л. Зурагтаа хань татаад л хэсэг биеэ чагналаа.

 

Орой 10 өнгөрлөө. Ер нь л биш ээ. Ээж рүү залгалаа. Ээж ч төд удалгүй "Үүнийг уучих" гэчихсэн шөл хийгээд ирж. Жаахан шөл, нэг аяга сүүтэй цай уулаа. Бүр ч болохоо болилоо. Түргэн дуудлаа. Дороо л хүрээд ирсэн. Ээжтэйгээ хоёул суугаад явлаа.

 

Офицерын тойрог өнгөртөл нэг их яарсан шинжгүй явж байтал түргэний эмч "За эмнэлэг ч ирлээ дээ" гэж байна. Өвдөлтөндөө болоод гуравдугаар төрөхөд төрөхгүй гэдгээ хэлэхээ мартчихаж. "Эмчээ би Эх нялхаст төрнө шүү дээ" гэтэл жолооч хурдаа нэмээд дохиогоо хангинуулаад аваад давхичихсан.

 

Эмч ч үглээд эхэлсэн. "Үгүй чи мөн..." хэлэх үгээ олж ядаж байх шиг байна аа. "Өдөр байсан бол түгжрээн дунд машинд төрөх нь ээ. Яадаг хүүхэд вэ" гээд л. Тэгэх мөртлөө "Юмнаас сайн бариарай" гээд л ийшээ тийшээ савчуулсаар Эх нялхаст ирэв ээ.

 

Тэр үед манай хүн мөн л томилолтоор ажиллаж байсан үе таарсан. Юун нөхөр рүү залгах. Үүрээр тав өнгөрч төрлөө. Хань руугаа залгаад "Төрчихлөө, хүү" гэсэн чинь аан ч гэл үү, тоомжиргүй л дуугарах шиг болсон. Саяхан хүүтэй болсон, дээр нь хүйсийг нь харуулчихсан болохоор догдлоогүй юм болов уу гэж бодоод өнгөрсөн.

 

Хожим нь "Чи их тоомжиргүй дуугарах шиг болсон доо" гэхээр манай хүн тэгээгүй л гэдэг юм. Дараа нь дахиж энэ талаар сөхөж яриагүй ээ. Миний нэг найз надтай ойрхон төрсөн юм. Гэртээ гарсан хойноо энэ тухайгаа утсаар ярьсан чинь "Юу вэ. Яагаад өвдөнгүүтээ нөхөр рүүгээ залгаагүй юм бэ. Би байсан бол болгож тавих байсан юм" гээд инээлдэж байсан юмдаг.

 

Яг нэг сар болоод манай хүн ирлээ. Нэг сартай хүн гэдэг чинь юм дагуулж хараад, улаан нь арилаад хөөрхөн болчихсон байдаг байгаа юм биз дээ. Манай хүн хараад л нурсан. Одоо бол бүр ч нураастай. Ингэж л бид тал талаасаа бие биенээ дэмнэж амьдралаа босгосон юм даа.

 

Говь-Алтайгаас Ховд хүртэл 450 км. Зам ч гэж зам. Байгаль ч гэж байгаль. Манайхан тувтан зураг дараастай. Энэ өвөл зуд болно гэж дээр дооргүй сүрхий сандралдсан. Юун зуд. Бараг л намраараа байсаар хавартайгаа золгож байгаа бололтой газрын өнгө шаргалтана.

 

Хэдэн зуун км үргэлжлэх нурууд урт замд дүнхийнэ. Түүний наана бие биенээ бараачлан буусан ганц нэг бүл айл... машин цувааг хараад хөөрч гар далдлах хүү... бэлчээрт яваа тав гурван тэмээ... салхи сөрөн давхих улаан малгайтай ногоон дээлтэй ганц морьтон... дөнгөж хургалсан эх мал...

 

Дуу шиг найраг шиг Монголын эх нутаг хэзээ хэзээгүй цээжээ ярж, дэлгэр зуныг авчрахаар догдлон байх шиг. Гоо үзэмжээ дэлгэн харуулахаар яаран тэмүүлэх шиг. Орон нутаг юугаа харж баясах шиг жаргалыг би юугаар ч хэмжих гээд чадахгүй л явлаа.

 

 

                         ... Уул уулын цаанаас

                             Өндөлзөн харагддаг Цамбагарав минь

                             Цаг нарны уртад

                             Цэцгийн салхитай цэнхэртсэн

                                      Дэлхийн уудмын хаанаас ч

                                     Дэргэд минь байдаг Цамбагарав минь ...

 

Уул усаа магтсан дуу яасан ч олон юм, яасан ч омогшил огшил төрүүлэм юм.

Зол ах бараг 140 км/цаг хүрч гишгэсэн байх аа.  Дороо л Ховдод давхиад хүрчихсэн. Бас л шатахуунаа сэлбэж авлаа. Энэ хооронд Ховд аймаг дахь сурвалжлагч А.Бямбасүрэн эгчтэйгээ ярьлаа. “Бид бензин аваад Өлгий шууд гарлаа. Эргэж ирэхдээ уулзая” гээд болзчихлоо. Ингээд л бид Баян-Өлгий рүү гарав. 

 

Ханьтайгаа ханилаад удаагүй байсан цаг. Хүүхнүүдийн дунд аминчхан яриа хааяа болдог доо. Найз Сараатайгаа “Би ийм нэг хүнтэй сууж гэж байгаа” гээ л буу халлаа . Гэхдээ ийм тийм царай зүстэй гэсэн юм ярьсан юм биш шүү. Иймэрхүү хандлагатай, ханилж сууж болмоор хүн байна аа гэтэл манай найз “Яасан халуун сэтгэлтэй залуу вэ” гэж хэлэхэд нь би арайтай л цочоогүй.

 

Яг л энэ үгийг онож хэлэх гэж найздаа тойруулж яриад байснаа тэгэхэд л ойлгосон. Өнгөрсөн он жилүүдэд би энэ “онош”-ийг өөрчлөх шалтгаан шалтаг гараагүй өдийг хүрчээ.Үүнийг уншиж буй та бүхэн минь манайх гэдэг айлыг хошуугаа цорвойлгосон хоёр улс байдаг юм байна гэж эндүүрэв.

 

Айл л юм чинь ам мурийна шүү дээ. Бас ч үгүй бие биенээ давсан үг хэлэх гээд юм юм болж л байлаа. Гэхдээ гэрээ нураатлаа муудаж сайдаж, биесээ буруутгалд унагаж байсангүй.

 

Айлыг айл шиг авч явахад эмэгтэй хүнээс их ухаан шаарддаг л гэдэг. Үнэн ч биз. Гэхдээ эр хүн түүнээс ч их ухаан зарцуулах ёстой. Нэг удаа манай хүн ямар ч билээ дээ нэг хувцас хайгаад олохгүй нь гэж байна аа. Би жаахан төвөгшөөх янзтай байгааг хань маань олж “уншсан” бололтой “Чи бол манай гэрийн ой санамж юм шүү дээ” гэж хэлээд намайг хөөрөгдөж, тэр хооронд би тайвширч инээд наадаан болж л байлаа.

 

Бид гэж  ийм л нэг энгийн амьдралтай хоёр. Би ч ханийнхаа хүчинд өдий зэрэгтэй яваа эмэгтэй. Сэтгүүлч мэргэжлийг маань хүндэтгэж ойлгож, өдийгөөс төдий хүрсэн ханиа бодохоор үүнийг бичихгүй байхын аргагүй.

 

                             ... Үүл шиг нүүгээд алс одохгүй

                                 Дэлхий шиг эргэлдээд хамт байгаач ээ

                                 Өд шиг хийсээд нисэхгүй

                                 Дэнлүү шиг гэрэлтээд хамт байгаач ээ

                                            Цаг цагийн аашинд нь инээж эрхэлж хамт байгаач ээ

                                            Цас яргуй хоёрыг угтаж үдэж хамт байгаач ээ...

 

 

Ховдоос Баян-Өлгий хүртэл 200 гаруй км. Энэ замын 153 км зам нь шороон зам юм. Баян-Өлгий дөхөхөд цас будраад эхлэв. Уулс нь биенээ дэрлээд байгалийн тогтоц арай өөр болоод явчих шиг санагдсан. Гэхдээ миний төсөөлсөн шиг их цас байсангүй.

 

Хангай газар худаггүй юм аа гэхэд тогтоц устайнх мал малчин усгүйдэхийн зовлонгүй юм даа. Түүнээс ч их л халцгай газар харагдаж байсан. Өнөө өвөл Өлгийд мөн л ганц хоёрхон удаа цас орсон гэнэ. Биднийг очихын өмнө цас ороод одоо л өвөл шиг харагдаж байна гэцгээсээр Өлгийхөн угтсан. Бид 19-ний өглөө Улаанбаатараас гараад нэг өдрийн дараа гэхэд гэрэлтэй гэгээтэйд Баян-Өлгийд хүрчихсэн байсан юмдаг.

 

Өлгийд ирсний миний нэг зорилго бол Наурызын баяр үзэх байв. Биднийг ирсний маргааш аймгийн Засаг дарга А.Гылымхан Сагсай сум оруулж, казах түмэн хэрхэн Нарны баяраа тэмдэглэдгийг үзүүлж билээ. Тэр шөнөө би буудлын өрөөндөө нойроо хагаслан “Ажилгүйдэл гэдгийг огтоос мэддэггүй Ж.Сезимхан гуайнд зочилсон минь” гарчигтай сурвалжлага бичив ээ.

 

Буудлын өрөө давчууханы дээр хүйтэн. Жижүүр хүүхнээс явган сандал гуйтал “байхгүй” гэнэ. Орон дээрээ компьютерээ тавиад эхний хэсгийг нь бичлээ. Удаан сууж бичиж боломгүй. Тэгэхээр нь үүргэвчин дэхээ гаргаад оронд нь хөнжилөө чихээд сандал болгоод суув аа.

 

Малгайнаасаа бусад гадуур хувцасаа давхарлаж өмслөө. Өглөө үүрээр нэг цаг хэртэй унтаад сурвалжлагаа бас нэг ярилцлага буулгаад, 22-ны өглөө ажил эхлэхэд сайтдаа нийтэлж байснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ. Сэтгүүлч хүний ажил ингэж л  баяжигдаж туршлагажиж явдгаараа өвөрмөц юм даа.

 

Наурызын баярын өглөө бид тэндээсээ Улаанбаатарыг чиглэсэн. Буцах замд цас орчихож. Дугуйн хөлөөр шороо босоод урдахаа харахтайгаа үгүйтэй байсан зам харин цас пургиад хальтиргаа үүссэн байв. Ингэж л томилолтоор таван аймаг үзэх учиртай байж.

 

Нээрээ Бямбаа эгчтэйгээ эргэх замдаа Ховдод уулзсан. Нэг хөгжилтэй гэмээр түүх энд өгүүлье. Ховдын театрт Ерөнхий сайд иргэдтэй уулзалт хийв ээ. Биднийг театрт орох үед иргэд нь суучихсан, дарга нар суудлаа эзэлж байв. Ийш тийш гүйлгэж харвал сул суудал нэгээхэн ч алга.

 

Тэгэхээр нь театрын зүүн талын хамгийн эхний эгнээний өөдөөс хараад хөлөө жийгээд газар суув аа. Компьютерээ асаах үед уулзалт ч эхэлж, би ч шууд шивж эхэлсэн. Тухайн үед мэдээгээ яаж хурдан бичиж хурдан дамжуулах вэ гэж бодохоос өөрийг бодож байсангүй.

 

Гэтэл хожим нь Бямбаа эгч, “Ерөнхий сайдын театр дээр хийсэн уулзалт дээр шууд орж ирээд шалан дээр суугаад мэдээгээ шуурхай бичиж дамжуулж байгааг хараад бахархаж байсан шүү” хэмээн бичиж явуулсан байж билээ. Уг нь ч бахархаад сүйд болохоор зүйл ч биш л дээ. Ёстой л тэрхэн агшиныг сэтгүүлч хүн ойлгож харах эгшин байсан байх даа гэхээс өөр юу гэлтэй.

 

Мөн Баянхонгорт ирэхэд  тэндхийн сурвалжлагч Б.Мөнхзул маань тосч уулзаж, дэм үзүүлсэн гэдгийг хэлэх нь зүй юм. Улаанбаатар-Өвөрхангай-Баянхонгор-Говь-Алтай-Ховд-Баян-Өлгий-Ховд-Говь-Алтай-Баянхонгор-Өвөрхангай-Улаанбаатар.Овоо явсан байгаа биз. Одоо явбал намайг танил зам угтах болно. Гэхдээ сэтгүүлчдийн эрэл хайгуул маань ШИВ ШИНЭХЭН байх нь дамжиггүй ээ.

 

                                   ... Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай

                                       Нулимстай нүдийг арчиж хайрлаарай

                                       Чи бидний орчлон ганцхан шүү

                                       Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай ...



Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад-2

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0