ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-22
Бөөрний өвчнийг анагаадаг бүрдэнийн сувиллыг зориорой
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 7769 удаа уншсан
2017-04-29 21:10:15

Дорноговь аймагт аялал жуулчлалыг татах, гадаад дотоодын жуулчдын нүдийг хужирлах байгалын болоод түүхийн дурсгалт газрууд, архелогийн үнэт олдворууд олон буй.Үүнээс гадна эмчилгээ сувиллын газрууд ч цөөнгүй бий.

 

Үүний нэг нь Эрдэнэ сумын нутагт байх бөөрний өвчинд нэн сайн гэгддэг Бүрдэнийн элсний сувилал.Сумын төвөөс баруун урагш 27 км зайд 11 орчим ам дөрвөлжин га талбайд хэсэг хэсгээр сунаж тогтсон  элсэн манхан.

 

Ид шид нь анагаах увидастай. Хүн зоны өвчнийг илааршуулж, оюун санаанд хүрч гайхагдаж байна. Өмнөх нийгмийн үед улсын Клиникийн гуравдугаар эмнэлгийн эмч нар Бүрдэнийн элс бөөрний хурц архаг үрэвсэл, үе мөч, давсагны үрэвсэл зэргийг анагаах шидтэй болохыг судалж тогтоосноос хойш улсаас бөөрний сувиллын үйл ажиллагаа явуулж байжээ.

 

 

Харин 1995 онд тус сувиллыг Эрдэнэ сумын мэдэлд бүрэн шилжүүлсэн төдийгүй 2011 онд байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан нь нутгийн унаган эко системийг хадгалж үлдэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн байдаг. Бүрдэнийн амралтыг “Дагшин-Эрдэнэ” орон нутгийн өмчит компани хариуцан ажилладаг.

 

Эдүгээ сувиллыг түшиглэж  эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэж байна. Үйл ажиллагааг нь өргөтгөх, ажиллах нөхцөл байдлыг сайжруулах үүднээс одоогоос гурван жилийн өмнө улсын төсвийн нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар агаарын цахилгаан дамжуулах шугам барьж, 24 цагийн эрчим хүчтэй болгосон төдийгүй амрагчдын байр, эмнэлэг, хоолны тасалгаа, ариун цэврийн өрөө зэргийг тохижуулсан байдаг.

 

 

Сувиллын өрөөний дотоод тохижилт, тавилга, эд хогшил, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж байжээ. Эдүгээ Бүрдэнийн сувилал үйл ажиллагаагаа өргөтгөж Эрүүл мэндийн яамнаас баталгаажуулдаг магадлан итгэмжлэлд орох зорилтыг 2016 оноос хойш тавьж, бэлтгэл  хангаж байна. Магадлан итгэмжлэлд орсноор сувиллын чиглэлээр Монгол Улсын  анагаах ухааны салбарын эмчилгээ, үйлчилгээний тогтоосон стандарт шаардлагыг хангаж үйл ажиллагаа явуулах боломжтой.

 

Одоогийн байдлаар нэг эмч хоёр сувилагч ажиллаж буй бөгөөд цаашдаа хоёр эмчийн орон тоо шаардлагатай. Өнгөрөгч онд улсын Геологийн төв лабораторид элсний шинжилгээг 44 элементээр шинжлүүлэхэд үр дүн нь сайн гарч зөвхөн бөөрний өвчин биш үе мөч, хөл гар, бага насны хүүхдэд тохиолддог рахитыг эмчлэхэд ч  сайн болох нь батлагджээ.

 

Элсний сувиллыг зорьж биеэ жил бүр эмчлүүлдэг хүний тоо ихэсчээ. Сүүлийн сүүлийн гурван жил төдийгүй арваад жил тогтмол эмчлүүлж байгаа хүн буй. Сувиллаар жилдээ 300 гаруй хүн үйлчилгээ үзүүлдэг бол аялал жуулчлалын чиглэлээр  600-700 гаруй хүнд үйлчилдэг аж. Харин өвөл, хаврын улиралд үйл ажиллагаа нь түр зогсдог байна.

 

Эмчилгээний сувилал нь зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд үйлчлүүлэгчидээ хүлээн авч сувилал эмчилгээг үзүүлдэг. Учир нь энэ хугацаанд нарны эрчим хүч хамгийн их энерги ялгаруулж, элс эрчимтэй халдаг тул эмчилгээ хийлгэхэд тохиромжтой  гэнэ билээ.

 

Нэг удаа 100 хүн хүлээн авах хүчин  чадалтай төдийгүй халуун элсэнд хүний биеийг бүтэн булах хэлбэрээр эмчилгээ хийдэг. Сувиллын  нэг хоногийн эмчилгээ, хоолны мөнгө нийлээд том хүн 33 мянган төгрөг, 0-2 насны хүүхэд үнэгүй, 2-6 насны хүүхэд 15 мянга, 6-13 насны хүүхэд 22 мянган төгрөг,  13-аас дээс насны хүүхэд том хүний тарифаар үйлчлүүлдэг.

 

 

Амрагч, сувилуулагчид ингэний буцалгаа ууж, халуун элсний шарлага хийж, элсэн манхан, зүлэг ногоон талбай дээгүүр хөл нүцгэн алхаж, ер бусын ундаргатай булаг рашаан, мэлхийтэй худаг, өрхий, заг, суль, шаваг, цулхир, хөмүл зэргийг үзэж говийн ургамал, байгалийн сонин сайхныг мэдрэх болно. Элсний  эмчилгээнээс гадна сувилуулагчид ингэний халуун хоормогийг дотроосоо ууж эмчилгээгээ илүү үр дүнтэй болгодог.

 

Мөн эд эсийг нөхөн сэргээх зорилгоор физик эмчилгээ, иллэг, бариа заслыг хийдэг. Мөн энд108 булаг ундардаг гэнэ билээ. Нэг зүйлийг онцлоход 200 гаруй жилийн өмнө  говийн догшин ноён хутагт Данзанравжаа хийд байгуулсан үеэс шашны нэгэн зан үйлийг хийдэг байжээ. Эрэгтэй, эмэгтэй лам, зоч нарыг авчирч булаг бүрт нэг хоног ном уншуулж лүйжин тавьдаг зоч, лам нарыг бэлтгэдэг байсан баримт бий.

 

Одоо  ч гэсэн Монголын лүйжинч лам нар энд ирж гурваас долоо хоног баясалгал хийх явдал бий.Лүйжин нь бие хэл сэтгэлийн элдэв бузар, мууг арилгахад харанхуй үдэш, бүрийд уншдаг ном.

 

Мөн булгийн хойд хайрхныг талын догшин Догмиддорж уул гэдэг бөгөөд энд эртний амьтдын чулуужсан мод байдаг. Уулын энгэрт дээрх хийдийн туурь бий. Бүрдэнэ булаг гэх ийм нэгэн үүх түүхтэй, эмчилгээ сувиллын газрыг хүн зон андахаа байжээ. Монгол орны дорно зүгийн хилийн манаа, говийн баян бүрд бүхий байгалын үзэсгэлэн бүрдсэн газар орныг зорин ирэх гийчдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Бас мэдэхгүй ч хүмүүс олон байх. Улаанбаатараас засмал замаар Чойр-Сайншанд-Эрдэнэ сум гэсэн маршрутаар  570 гаруй км яваад  очино. Тиймээс сонирхсон хүмүүс 96645202 утсаар холбогдож болно.

 

Гэрэл зургийг Ч.Энхбаатар, Х.Эрдэнэбулган



Бөөрний өвчнийг анагаадаг бүрдэнийн сувиллыг зориорой

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-05-01 15:55:19
    Зочин: Та энэ утсаар холбогдож лавлана уу? 96645202
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-05-01 09:15:22
    undrah: Sain bnu manai aaw buurnii dutagdald Orson yuma odo 3n jil bolj bga apratand ordog dawhar ene elsend ochij emchlvvlvvl yah boloo ulsaas hunglult daatgalaar ywdag uu gorupiin hvmvvsiig ulsaas daah tiim halamj vilchilgee bdag boluu