ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Орон нутгийн сэтгүүлчид Өмнийн говийн бүтээн байгуулалттай танилцав
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 257 удаа уншсан
2017-08-06 02:06:31

  

Эх орны өнцөг булан бүрт  ажиллаж, бүтээж туурвиж байгаа 21 аймгийн  сэтгүүлчдийн төлөөлөл дөрөө харшуулж Өмнийн говийг зорив.

Сэтгүүлчид эл аймагт өрнөж байгаа  онцлох уул уурхай, бүтээн байгуулалт, олборлох үйл ажиллагаа, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, байгаль орчны асуудлууд, аймаг сумын хөгжил дэвшил, уурхай дагасан ард иргэдийн амьдралын заримаас нүдээр үзэж, чихээр сонссон.

Сургалт аяллыг “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага Германы “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн /ЭТИС/ дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.

Төслийг санаачилагч  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ "Монголиан майнинг журнал"-ийн сэтгүүлчдийн санаачилгаар  байгуулагдсан ашгийн бус, мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих зорилготой, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага аж. "Орон нутгийн  сүлжээ төсөл нь аймаг, орон нутгийн түвшинд эдийн засаг, уул уурхайн мэдээллийг хүртээмжтэй, хараат бус байдлаар түгээхэд орон нутгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт,мэргэжлийн арга зүйгээр хангах төсөл аж.

Төслийн үндсэн зарчим нь хувийн хэвшлийн аливаа байгууллага, хөрөнгө оруулагчид, орон нутгийн удирдлагын ашиг сонирхлоос ангид байж, мэдээллийн олон талт урсгалыг тогтмолжуулах, орон нутгийн түвшинд мэдээллийг түгээх, дэлгэрүүлэх, мэргэжлийн сэтгүүл зүй ба олон нийтийн харилцааг орон нутгийн түвшинд хөгжүүлэхэд урт хугацаанд хамтран ажиллахад оршдог байна.

Ажлын багийнхан “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг 2015, 2016 онд амжилттай хэрэгжүүлж Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай болон Улаанбаатар хотод зургаан удаа цуврал сургалт зохион байгуулж туршлага хуримтлуулжээ. Хоёр жилийн хугацаанд 16 аймгийн 70 орчим сэтгүүлчийг сургалтад хамруулжээ

Эдүгээ “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн гурав дахь шатны сургалт, аяллыг “ЭТИС” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэ оны зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 02-ныг хүртэл Өмнийн говьд зохион байгуулсан нь энэ. Бид Цогтцэций-Оюутолгой-Ханбогд-Ухаахудаг-Эрдэнэс таван толгой-Даланзадгадын чиглэлд зорчив.

    

  Таван толгойн замаар нүүрс тээвэрлэхэд хэцүү болжээ

 

Улаанбаатараас ганзага нийлсэн сурвалжлах багийнхан автобусаар тухалсаар Цогтцэций суманд ирлээ. Сумаас урагш Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 260 гаруй км үргэлжилсэн нүүрс тээвэрлэдэг замаар “Оюутолгой” ХХК-ийн уурхайг зорьсон. “Нүүрсний” гэх тодотголтой зам руу жолоо залаад л жолооч  хурдаа сааруулах нь тэр.

Урт тэвштэй, хүнд даацын машинууд мөргөлдөх шахам, хажуу бөөрөөрөө нийлэх шахам давхина. Нэг урсгалтай замаар заримдаа хоёр, гурван ч эгнээ гаргаад уралдах мэт давхина. Хүнд даацын тэрэгний жолоочийн хоёр талын цонхонд арын тэвш, чиргүүлийнх нь  булан ч  харагдддаггүй гэх.

Ийм нөхцөлд осол гарвал яах вэ гэх бодол зурсхийв. Хэд хэдэн  машин замын ховил руу орж унасан байхтай тааралдав. Эл замаар нүүрсний томоохон экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, орон нутгийн жижиг “Таван толгой” зэрэг  компанийн 6000 гаруй хүнд даацын авто машин тус бүр 70-120 гаруй тонн нүүрс тээвэрлэж Цагаан хад, Гашуусухайтын хилийн боомт руу өдөр шөнөгүй холхисоор замын зарим хэсэг нь эвдэрч, тээвэр хийхэд хэцүү болжээ.

Ялангуяа тээвэр хийгээд буцаж яваа жолооч нар хурд хэтрүүлдэг байдал нийтлэг аж. Зам нь  нарийхан, жолооч нар даац, хурд хэтрүүлдэг,  урсгал сөрдөг гээд зүй бус үйлдлээс гадна замын арчилгаа дутсанаас осол гарах нөхцөл бүрдэг тухай сонслоо.

Зам эвдэрч, тээвэр хийхэд хэцүү тул зарим жолооч яарч шороон замаар тоос татуулах нь энүүхэнд.Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүнд даацын машинууд хилээс нааш 70 гаруй км-т дугаарлаж байгаа аж. Боомтын нэвтрүүлэх хүчин чадал бага, хил, гаалийн ажилтнуудын ажлын ачаалал их зэрэг олон хүчин зүйлээс болж ийн түвэгтэй байдал үүсчээ.  Түүхийг эргэн санавал 2011 онд “Энержи ресурс” ХХК  эл замыг анх барьж ашиглалтад оруулж байж.

 

2013 онд Монгол Улсын Засгийн газар худалдан авч “Гашуун Сухайт авто зам” ХХК-ийг компанийг байгуулж хариуцуулсан түүхтэй. Нүүрс тээвэрлэдэг замын тухай сэтгүүлчид аймгийн Засаг даргын Байгаль орчин, уул уурхай эрхэлсэн орлогч С.Мөнхбаяртай хожим Даланзадгад хотод болсон танхимын сургалтын үеэр уулзаж товчхон хариулт авсан. 2017 оны тавдугаар сарын байдлаар авто ослоор тус зам дээр арваад  хүний  амь нас эрсэджээ.

Авто осол гарч хүний амь нас хохирсноос үүдэж орон нутгаас хоёр ч удаа онцгой байдлын хэмжээнд дэглэм тогтоож тээвэрлэлтийг хэсэг хугацаанд зогсоож ажилласан байна. Нүүрс тээвэрлэдэг компаниудын зарим нь хятад эзэнтэй. Компаниуд  жолооч нарын хөдөлмөр хамгаалал, ажил амралтын хуваарь болон тэдэнд хөдөлмөр хамгааллын дүрэм журам зааварчилгаа өгөх нь ховор аж.

Тээвэр эрхэлдэг компаниуд хийгээд жолооч нар орон нутагтай харьцдаггүй, зөвхөн  Авто тээврийн газраас эрхээ авч  гэрээ хэлцлээ хийгээд тээвэр хийдэг байдал нийтлэг. Энэ асуудлыг цэгцлэхээр тээврийн компаниудын захирал нартай уулзаж асуудал тавьдаг ч хэрэгжилт тааруу байдаг гэж Засаг даргын орлогч  хэлсэн. Хүний амиас илүү хөрөнгө хогшил баймгүй.

Уул уурхайн үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болох тээвэрлэх ажиллагаа, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хийгээд жолооч нарын хөдөлмөр хамгаалал энд  орхигджээ. Монголын нүүрсийг өмнөд хөрш рүү зөөж буй стратегийн онцгойлох ганц замыг илүү аюулгүй болгох, арчилж тордох, авто тээврийн хөдөлгөөний дүрэм журмыг сайтар хангуулах, стандарт шаардлага хангасан хос  зам барих, ажил хариуцсан хүмүүс шат шатандаа хариуцлагатай ажиллах гээд шинэ дэг журам тогтоох шаардлага тулгарч буй нь  нүүрсний замын өнгө төрхөөс харагдаж буй.

 

   Дэлхийн жишигт нийцсэн  сургалтын төв

 

Бид “Оюутолгой”ХХК-ийн сайт болон уурхайн үйлдвэрлэл, ил уурхайн  ажилтай танилцав. Ханбогд сумын нутагт сүндэрлэн босож буй томоохон уурхайтай танилцахын өмнө аюулгүй  ажиллагааны дүрэм журмыг сайтар хангасан байх шаардлагатай аж.

Сэтгүүлчдийг хаалгаар нэвтрэхээс өмнө ажилтнууд хөдөлмөр аюулгүй ажиллагааны малгай, нүдний шил, хантааз зэргийг бэлтгэж аюулгүй  ажиллагааны дүрэм журмыг сайтар танилцуулсан. Эхлээд компанийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөр орлоо. Хийц гагнуурын, үйлдвэр цехийн, тоног төхөөрөмж, хүнд машин механизмын, цахилгааны, нарийн хэмжүүрийн гээд таван дадлагын хэсэг бүр дээр багш нар  дадлагажигч нарт хичээлийг онол, практиктай хослуулж заадаг аж. Энэ ч үр дүнгээ өгдөг гэнэ.

Австрали Улстай хамтран дадлагажигч оюутныг бэлтгэх зорилгоор дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж буй  хөтөлбөрт нийт 258 хүн хамрагджээ. Тэд гурван жил эндээ, нэг жил өөр газар дадлагажиж Австралийн мэргэжлийн боловсролын гэрчилгээтэй төгссөнөөс гадна  дэлхийн аль ч уурхайд ажиллах мэдлэг, чадварыг эзэмшсэн байна. Төгсөгчид англи хэлний мэдлэгтэй бол давуу талтай аж.

Тэд Оюутолгой болон бусад уул уурхайн  компанид  мэргэжлээрээ ажиллаж буй.Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төгсөгчид олон улсын болон дотоодын ур чадварын тэмцээнд амжилттай оролцдог уламжлалтай гэнэ. Жишээ дурдахад, Улаанбаатар хотод болсон гагнуурчдын тэмцээнд тус сургалтын төвийн эмэгтэй төгсөгч Монгол Улсын эмэгтэй гагнуурчдаас ур чадвараараа дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт үзүүлж байж.

Тус компани мэргэжлийн сургалтын хүрээнд Дархан, Өмнөговийн Даланзадгад болон Дорнодын Политехник коллежтой  хамтран ажиллаж харилцан туршлага солилцох, сургалт явуулах чиглэлээр ажилладаг гэнэ. Мөн Ханбогд суманд техник мэргэжлийн сургалтын төвийг байгуулж дадлагаар суралцагчийн өмнөх хөтөлбөрийг хэрэгжүүлж, гэрээлэгч компанитай хамтран сургалт явуулдаг. Сургалтын төвийнхөн "Оюутолгой" компанид туслан гүйцэтгэдэг, хамтран ажилладаг байгууллагын ажилтнуудыг бэлтгэх, ур чадварыг нь сайжруулах  хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дээрх сургалтын төв нь дэлхийн болон “Рие тинто” компанийн хэмжээнд жишиг болохуйц сургалтын төв гэдгийг албаныхан хэлсэн.

 

 Хамгийн чухал нь  аюулгүй ажиллагаа

 

“Оюутолгой” компани ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдалд юун түрүүнд анхаарал хандуулдаг гэдгийг дээр хэлсэн. Үүний жишээ компанийн Эрсдлийг үзүүлэх сургалтын төв. Энэ нь сургалтад сууж буй хүмүүсээ дадлага хийлгэхдээ ажлын байр дээр ямар ноцтой эрсдэл гарч болохыг тусгай тоног төхөөрөмж дээр үзүүлдэг байна.

Сэтгүүлчид зургаан өртөө дээр хуваагдаж  ямар эрсдэл гарч болохыг биеэр мэдэрсэн. Үүнд тоног төхөөрөмжтэй буруу ажиллах, ажил дууссаны дараа төхөөрөмжийг бүрэн унтраагаагүй, хамгаалалтын бүс бүслээгүй тохиолдолд гарч болох эрсдэл, цахилгааны утас,залгуурыг бүрэн унтраах гээд ажилчин хүний цаг ямагт мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мэргэжлийн ажилтнууд тус бүр тайлбарлаж билээ.

Оюутолгойн ажилчид “Ухаан“ гэх жижиг цаасанд бичээстэй хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тухай арваад төрлийн асуултыг өглөө бүр сайтар уншиж бөглөхөөс гадна учирч болох эрсдлийн тухай өөрийн санаа, бодлоо нэмж бичиж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженертээ хүлээлгэн өгөөд ажлаа хийдэг тухай сонссон.Дээрх цаасанд  Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар багаар ажиллах тест хүртэл байдаг аж.

    

Ил уурхайн бүтээн байгуулалт

 

Өмнөд Оюу гэх ил уурхайн бүтээн байгуулалтын заримыг алсаас харав. Аюулгүй ажиллагааг хангаж тусгай хашлагатай хэсгээс сэтгүүлчид ил уурхайг дурандаж, сонирхсон асуултаа албаны хүнээс тодруулж явлаа.

Эндээс, зэс, хүдэр, алт зэрэг ашигт малтмал олборлож туузан дамжуулагч хоолойгоор зөөж баяжуулах үйлдвэрт хүргэдэг. Талбайд 100 тоннын  нэг шанагаар хутгах  хүчин чадалтай цахилгаан экскаватор,70 тоннын нэг  шанагаар хутгах хүчин чадалтай  аварга том гидр экскаватор гээд олон техникүүд ажиллахаас гадна хүдэр зөөж буй том самосвалууд 24 цагийн турш тээвэрлэлт хийнэ. Уурхайг ашиглаж эхлээд газрын гүн рүү 200 гаруй метр хүртэл олборлосон бөгөөд цаашдаа 700 орчим метр хүртэл олборлолт хийх аж.

Ил уурхайгаас олборлосон хүдрийг туузан дамжуулагч хоолойгоор дамжуулж баяжуулах үйлдвэрт  хүргэдэг

Үүнээс гадна далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буйг албаныхан тодотгосон. Үйлдвэрийн шат дамжлагаар гарсан баяжмалыг хоёр тонны багтаамжтай уутанд савлаж Гашуун сухайт хилийн боомт руу тээвэрлэж экспортод гаргадаг аж. Эл томоохон бүтээн байгуулалт улс болон орон нутагт үр ашгаа өгдөг байна.

Оюутолгойн ордын нөөцийг Монгол Улсын Эрдэс баялагийн нэгдлийн зөвлөлөөс 25.4 сая тонн зэс,1028 тонн алт, 5144 тонн мөнгө, 81600 тонн молибден бүхий 2.7 тэрбум тонн хүдрийн нөөцтэй гэж бүртгэсэн байна.

Компанийн хоёрдугаар улирлын тайлангаас харахад татварт 77.8 сая ам.доллар, үндэсний худалдан авалтад 153 сая ам.доллар, Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийн төслүүдэд 3.1 сая ам.долларыг тус тус зарцуулжээ.

  

    Ханбогдын ирээдүй гэрэлтэй байна

 

Үдээс хойш Ханбогд сум руу хөдлөв. Сэтгүүлчдийг сумын Засаг дарга  Б.Дэндэвсамба, ИТХ-ын дарга И.Эрдэнэжаргал нар хүлээн авч уулзан орон нутгийн хөгжил дэвшил, хөрөнгө оруулалт, иргэдийн аж амьдралын талаар дэлгэрэнгүй танилцуулж харилцан яриа өрнүүлсэн.Засаг дарга Б.Дэндэвсамба,”21 аймгаас дөрөө харшуулж манай нутагт зочилж байгаа  эрхэм сэтгүүлчид та бүхэнд талархал илэрхийлье.

Оюутолгой компани аюулгүй ажиллагааг сайтар баримталдаг шиг сэтгүүлч та бүхэнд аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл хүргэе. Өнөөдөр манай суманд нэмэх 39 хэмийн халуун байна. Хөрсөнд бараг 70 хэм хүрч байгаа. Цаг уурын мэдээнд гардаг бүс нутгуудын хамгийн халуун цэг.

Хуурай уур амьсгалтай, 32 км-ийн тойрог үүсгэсэн шүлтлэг боржингийн массивын сүүдэрзүйн хойд талд оршдог тул халуун хүйтнээс шалтгаалах “Жин” цохих өвчин бий. Халуун хүйтний хямрал.Үүнтэй холбоотой хууч өвчин сэдэрдэг. Үүнээс  болгоомжилж ажиллаарай гэж  сануулж байлаа.

ИТХ-ын дарга И.Эрдэнэжаргал," Мянга сонсохоос нэг удаа үз гэдэг. 21 аймгийн сэтгүүлч та  бүхэн манай суманд зочилж орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалт, ард иргэдийн аж амьдралыг чихээр сонсож, нүдээр  харж байгаад талархал илэрхийлье.

Төвийн сонин, телевизээр манай сумын тухай үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн мэдээлэл гардаг. Нүдээр үзээгүй болохоор тэгдэг байх. Манай сумын талаарх мэдээлэл хийгээд та бүхний ойлголт бодитой болно байх гэж итгэж байна. Ханбогд сумыг Оюутолгойн бүтээн байгуулалттай холбож ярьдаг. Энэ нь ч үнэн. Оюутолгой төсөл ажиллаж эхэлснээр Ханбогд сумын хөгжил дэвшил хийгээд ард иргэдийн амьдралд томоохон ахиц гарч байгаа.

Хүмүүс нь баялгаасаа яаж хүртэж байгаа, аж амьдрал нь ямархуу байгаа, ямар асуудал байгаа талаар та бүхэн тодорхой мэдээлэлтэй болох байх. Манай суманд бүх аймгаас иргэд ирж суурьшин ажиллаж амьдарч байна. Бүр увс хороолол, Өвөрхангай хороолол босож байна гэж хүмүүс ярьдаг. Тэгэхээр эдгээр хүмүүс Оюутолгойн хишгээс мөн л адил  хүртэж байгаа. Өөр нэг зүйлийг онцлоход Оюутолгойн уурхайн нөлөөллөөс үүдэж  малчдын бэлчээр сүйдэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх зэрэг олон асуудал сүүлийн жилүүдэд  гарч нутгийн малчид гомдол, санал гаргаж, уйгагүй  хөөцөлдсөний үндсэн дээр нийт малчдынхаа эрх ашгийн төлөө  гурван талт зөвлөл байгуулж  асуудлыг шийдвэрлэсэн. Магадгүй манай туршлага зөвхөн Ханбогд сум гэлтгүй Монгол оронд, цаашдаа олон улсад  жишиг ажил байж болох" гэв.

Улсдаа тэмээнийхээ тоогоор 2003-2016 онд байнга тэргүүлж буй, аймагтаа үхэр сүргийн тоогоор сүүлийн таван жилд тэргүүлсэн, хонин сүргийнхээ тоогоор сүүлийн хоёр жил дэд байранд яваа, аргаль, янгир, хар сүүлт зэрэг ховордсон ан амьтдын өлгий нутаг гээд ярих юм ихтэй Галбын говийн сум  “Оюутолгой” гэх томоохон компани ашиглалтад орсноор Өмнөговь аймгийн жилийн төсвийн орлогын  50 хувь буюу 42.7 тэрбум төгрөг, ус ашигласны төлбөрийн 95 орчим хувь буюу 15 орчим тэрбум  төгрөгийг төвлөрүүлдэг болсон гээд үүрэг оролцоо, орон нутгийн хөгжилд эзлэх байр суурь өсчээ. Сумын хэмжээнд 300 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг бол 400  гаруй ажилгүй иргэн буй. Оны эхний зургаан сарын байдлаар 110 хүн үйлдвэр болон бусад чиглэлээр ажилд орсон гэх мэдээллийг өгсөн.

Сумын төвдөө засмал замтай, явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээтэй, гэрэлтүүлэгтэй, хүн ам нь 6000 хүрч барилга, үйлчилгээний төвүүд олширсон, интернет, зөөлөн дэд бүтэц хөгжих суурь тавигдсан, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан гээд  орчин үеийн  суурин соёл иргэншлийн хот болох ирээдүйг  говьд сүндэрлэсэн сумаас харж болно.

Иргэдийн зарим  нь уурхайд ажиллаж, бизнес  худалдаа үйлчилгээ эрхэлдэг болсон, уурхайд ханган нийлүүлэлт хийдэг болж амжиргаа дээшилсэн  нь том төслийн хаялга. Цаашид хэрхэн хөгжих тухай сумын удирдлагаас тодруулбал,”Эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй, дараа  нь уул уурхай, гурав дахь нь хил орчмын аялал  жуулчлал байх болно. Цаашдаа уул уурхай шүтсэн  амьдралаас ангижирч, өөрсдөө бүтээдэг, бодлого чиглэлийг баримталж мал аж ахуйг түшиглэн ингэний хуурай сүүний үйлдвэрийг байгуулах, малын эрүүл мэндийн сум дундын төвийг байгуулах гээд ажил ундарч байгаа тухай өгүүлсэн.

   

"Хан богд хурд" ХХК шилдэг ханган нийлүүлэгч

 

Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг “Ханбогд хурд” компанийн байраар оров. “Оюутолгой” компанид 2016 онд автобус жолоодож байсан залуу тээврийн үйлчилгээний томоохон компанийг байгуулжээ.

Эхлээд компанийн автобус дараа нь хувийнхаа “фургон”, “Уаз 469” машинаар үйлчилгээ явуулж байснаа өргөжүүлж компани байгуулсан бөгөөд Оюутолгойгоос нээлттэй тендер зарлахад амжилттай оролцож шалгарсан түүхтэй. Нийт 250 гаруй ажилтан алба хаагчидтай, 40 гаруй тээврийн хэрэгсэлтэй.

Албан хаагчдын 85 хувь нь орон нутгийн иргэдээс бүрдсэн гэнэ. Тус компани Оюутолгойд нийтийн тээвэр, засвар үйлчилгээ, аж ахуйн тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Ажилчдын нийгмийн даатгал болон бусад татвар хураамжийг тогтмол хугацаанд төлдөг төдийгүй компанийн жолооч нар дунджаар нэг сая орчим төгрөг цалин авдаг. "Хүний амийг хариуцаж явах жолооч бол хамгийн өндөр шалгууртай. Оюутолгойгоос ч мөн адил аюулгүй ажиллагааг тэргүүнд тавьдаг" гэж тус  компанийн ерөнхий захирал Б.Наранбаатар ярьсан.Харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай түнш байж чадсан нь амжилт дагуулж аймаг сумын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарч байжээ.  

  

Галбын говийн шүтээн Дэмчогийн хийд

 

Ханбогд сумын нутагт буй Дэмчогийн хийдийн орчимд ирж “Бурхан заяа” жуулчны баазад хоноглов. Арван есдүгээр зуунд говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаа Галбын говийн уулсын дунд Дэмчогийн хийд, Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд хэмээх холбоо гурван хийдийг байгуулсан нь  эдүгээ Дэмчогийн хийд хойч үед уламжлагдан үлджээ.

Ноён хутагт Ханбогд уулыг нягтлан  шинжээд, ”Энэ уул газрын хөрс дээрээ баялаг эмийн ургамалтай, хөрс доороо эрдэнэстэй, баян хайрхан байна. Ертөнц шилгээж галав юүлэх цагт ч хүмүүсээ аваад үлдэж мэдэх гайхамшигтай уул юм” хэмээн бахархаж “Гайхамшигт галба” хэмээх магтаалыг хайрханд зориулан шүлэглэжээ. Сэтгүүлчид өглөө эртлэн говийн алтан шаргал нарыг тольдож, Дэмчогийн хийдэд сүслэн залбирч, хайрхан ууланд хүслээ шивнэж, ар гэр, эрүүл мэнд, ажил албаа даатгасан билээ.

   

"Ухаа худаг" монголчуудын бүтээсэн  төсөл

 

Бидний дараагийн буудал Цогцэций сум дахь “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхайн бүтээн байгуулалт. Улаанбаатараас 540, Даланзадгад хотоос 90, өмнөд хилээс 260 орчим км-т буй нутгийн нэрээр нэрлэсэн Ухаа худаг уурхайг  анх 2005 онд “М-Си-Эс”, “Петровис” групп, “Шунхлай”, “Европын сэргээн босголт” банк, “Хөгжлийн банк”-ны хөрөнгө оруулалтаар байгуулжээ.

2009 оноос олборлох үйл ажиллагаа эрхэлж 1.8 сая, 2010 онд 3.9 сая, 2011 онд 7.1 сая, 2012 онд 8.6 сая, 2013 онд 9.7 сая тонн нүүрс олборлосон нь  хамгийн оргил үе байсан гэж албаныхан тайлбарласан. Үүнээс хойш дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурсантай холбогдож 2014 онд 4.6 сая, 2015 нд  2.7 сая, 2016 онд 2.98 сая тонн нүүрс олборлосон бол 2017 оны эхний хагаст 3.2 сая тонн нүүрс олборлож өсөлт гарч буй.

Ухаа худаг төслийн Цанхийн уурхай

Ухаа худаг төсөл монголчуудын өөрсдийн гараар бүтээсэн томоохон төсөл гэдгээрээ онцлогтой. 2008 оны долдугаар сард “Норвест” корпорацийн гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгээр тухайн  орд газрын нүүрсний нөөцийг 364 сая тонн гэж тооцоолсныг “Ухаа худаг” төслийн товч тайланд дурджээ.

2009 онд Хонконгийн хөрөнгийн бирж дээр анх удаа IPO гаргасан, нүүрс баяжуулах анхны үйлдвэрийг барьсан, усыг эргүүлэн ашиглах  дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн, усны хэрэглээг хянах тоолуур суурилуулсан, 18 мега бт-ын хүчин чадалтай цахилгаан станц  барьсан гээд нүдэнд харагдаж гарт баригдах бүтээн байгуулалтыг хийснийг үзэхэд далайцтай, ирээдүйтэй төсөл гэдэг нь харагдана.

Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 810 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн гэж албаны хүн хэлнэ лээ. Баяжуулсан  нүүрсийг Хятадын гангийн үйлдвэрүүдэд нийлүүлэхээр гэрээлсэн төдийгүй  хоёрдугаар шатанд эрчим хүчний нүүрс гарган олон улсын зах зээл дээр нийлүүлэх зорилго тавьж, 2017 онд анхны борлуулалтыг  хийгээд амжжээ. Нийт 4000 гаруй хүнийг шууд ба шууд бус ажлын байраар хангадаг бол 3500 аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж дэмжлэг үзүүлж буй. Говийн байгаль  орчныг хамгаалах зорилтын хүрээнд  2.5 га талбайд мэргэжлийн  хүмүүсийн дэмжлэгтэйгээр модлог ургамал, тарьж ойн зурвас байгуулсан байна. 

"Ухаа худаг" төслийн санхүүжилтээр баригдсан орон сууцны хороолол

Нийгмийн хариуцлагыг ухамсарлаж эрүүл мэнд боловсрол, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, соёлын өвийг хамгаалах, малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг аж.Томоохон бүтээн байгуулалтаас дурдвал Цогцэций суманд орон сууцны хороолол босгосон, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын  хамтарсан хөрөнгө оруулалтаар 700 хүүхдийн сургууль,144 хүүхдийн цэцэрлэг,100 хүүхдийн дотуур байрыг ашиглалтад оруулжээ.

     

"Эрдэнэс таван толгой" өрөө бүрэн төлж ашигтай ажиллажээ

 

Аяллын төгсгөлд “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит компанийн уурхайтай танилцав. Тус компани 642 ажилтантай, уурхай дээр 540 орчим хүн ажилладаг. Норвест” компанийн  олон улсын “Жорк” ангилалд дүйцүүлсэн нөөцийн урьдчилсан тооцооллоор Таван толгойн орд нь 300 метр хүртэлх гүнд 7.4 тэрбум коксжих нүүрсний нөөц байх боломжтой гэж үзжээ.

Орд нь Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог,Онч хараат,Ухаа худаг гэсэн зургаан хэсгээс бүрдэх бөгөөд үүнээс Цанхийн нүүрсний талбай нь коксжих нүүрс агуулсан хамгийн том хэсэг аж. Он цагийн товчооныг сөхвөл компани 2010 онд байгуулагдсан. 2011 онд Хятадын  “Чалко” компанитай гэрээ байгуулж  898 мянган тонн нүүрс олборлосон. 2013 онд Цанхийн баруун уурхайн олборлолтыг эхэлсэн. 2015 онд Цанхийн зүүн уурхайг олборлох ажиллагааг эхэлж 2016 онд 20 сая тонн нүүрс олборлосон гэх түүхтэй.

Эрдэнэс тавантолгойн төсөл эхэлснээс хойш нийт 27.5 сая тонн нүүрс олборлож экспортолсон байна. “Баруун, зүүн цанхийн  уурхайд олборлолт явуулахаар тус бүр 30 жилээр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд цаашдаа олборлох хугацаа нэмэгдэнэ. Одоогийн байдлаар 3.4 сая тонн нүүрсийг олборлож худалдахад бэлэн болсон гэж уурхайн ерөнхий геологич Г.Сумьяа хэлсэн.

Эдүгээ нэг тонн нүүрсийг 73.4 доллараар борлуулж байгаа нь нүүрсний үнийн  хувьд хамгийн дээд ханш бөгөөд он гарснаас хойш 257 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 149 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Ажилчдын цалин бусад туслан гүйцэтгэгч компаниудын  ажилчдынхаас хамгийн өндөр байгаа гэх мэдээллийг өгсөн.

Монголын Засгийн газар нүүрсээ барьцаалж Хятадын "Чалко" компаниас 350 сая долларын зээл авч хүмүүст бэлэн мөнгө хэлбэрээр тараасан байдаг. Олон жил өртэй явсан энэ компани “Чалко”-гийн өрийг энэ оны дөрөвдүгээр сарын 01-н гэхэд бүрэн төлж барагдуулсан, 2011 онд улсын нүүрсний экспортын 1.4 хувийг бүрдүүлж байсан бол оны эхний таван сарын байдлаар  5.4 сая тонн нүүрс  экспортолж, Монгол Улсын нүүрсний нийт экспортын  34.8 хувийг дангаараа бүрдүүлж эхэлсэн, энэ онд 11.5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй гээд чихэнд чимэгтэй сайн мэдээ сонсов.

Цаашид төр  тогтвортой байж, компанийн ашгаас сонгуулийн амлалтад зориулж мөнгө босгодог байдлыг халж,  компанийг өөрийн менежментийн дагуу ажиллуулж чадвал Эрдэнэс таван толгойн ирээдүй гэрэлтэй байна. Эдийн засгийн хямрал, хөрөнгө санхүүгийн хүндрэл тохиож буй ч компанийн хувьд аль болох тогтвортой, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хичээж  ажиллаж байгаа талаар албаны хүн ярьсан.

Сэтгүүлчид иргэдийн 1072 ширхэг хувьцаа  баталгаажсан эсэх, хувьцааны үр ашиг,“Чалко” компанийн  өр, нүүрсний замын арчлалт  хамгаалалт, тээврийн талаар компанийн удирдлагаас асуулт асууж, хариулт авсан. Компанийн удирдлагын зүгээс төмөр зам бариагүйн улмаас тээврийн асуудал хүндэрсэн. Авто машинаар нүүрс тээвэрлэх нь төмөр замаар тээвэрлэснээс хоёроос дөрөв дахин их өртөгтэй.

“Энержи ресурс” компанийн барьсан  нүүрс тээвэрлэх замыг төр худалдан авснаар нүүрс тээврийн машинууд 2015 оны дөрөвдүгээр сарын 01-нээс засмал замаар тээвэр  хийж эхэлсэн.Энэ нь байгаль орчны асуудалд ч эерэг нөлөө үзүүлсэн. Замын эвдрэл гэмтэл, даац, чанараас  шалтгаалж  дахин хүнд даацын засмал зам барих талаар харьяалах яам,  холбогдох компаниудын түвшинд  яригдаж байгаа. Сүүлийн хоёр сараас эхлэн нүүрс тээврийн зам дээр томоохон засварын ажил хийгдэж эхэлсэн.

Уурхайн амнаас Ухаа худгийн нүүрс тээвэрлэдэг зам хүртэлх 10.4 орчим км шороон замыг хүнд даацын засмал замын зориулалтаар барьж ашиглалтад оруулахаар  шийдвэрлэж хөрөнгө санхүүг нь төсөвтөө суулгасан. Хэрэв төмөр зам барьсан тохиолдолд нүүрс тээврийн 10000 гаруй жолооч  ажилгүй болж гэртээ харихаас өөр замгүй.Үүнийг бодох л асуудал. Иргэдийн хувьцааны асуудлыг баталгаажуулах асуудлаар Ерөнхий сайдаас шат шатны байгууллагад үүрэг чиглэл өгсөн.

Манай компани мөн адил энэ асуудлаар ажиллаж байна. Компанийн  хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр гарсан тохиолдолд хувьцаа жинхэнэ утгаараа баталгаажих ёстой гэсэн хариулт өглөө.

Монголдоо газар нутгийнхаа хэмжээ болон эрдэс баялгийнхаа нөөцөөрөө бусад аймгаа тэргүүлдэг энэ бүс нутагт “Оюутолгой”, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”-ийн Ухаа худаг, орон нутгийн жижиг Таван толгой  гэх томоохон төслүүд өөр өөрсдийн менежментэд тулгуурлаж, хөгжлийн гарцаа тодорхойлон ийн урагшилж байна. Аяллын төгсгөлд сэтгүүлчид Даланзадгад хотноо танхимын сургалтад оролцсоноор 21 аймгийн сэтгүүлчдийн өмнийн говь нутагт хийсэн сургалт, аялал өндөрлөсөн билээ.

 

  



Орон нутгийн сэтгүүлчид Өмнийн говийн бүтээн байгуулалттай танилцав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0