ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Усны чиглэлээр төслөө үргэлжлүүлж, хамтран ажиллах санал тавив

Дорноговь аймаг, Японы Шизүока мужтай  хамтын ажиллагаа тогтоогоод зургаа дахь жилдээ амжилттай  ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд энэ  сарын 10-нд Шизүока мужийн  Зам тээврийн газрын дарга Сүзүки Кацүхидэ, мужийн Зам тээврийн газрын Хэрэглээний усны Бодлого, хэлстийн дарга Ишино Ёшихико, Хэрэглээний усны Бодлого, хэсгийн дарга Кооно Нобүо нарын төлөөлөгч Дорноговь аймагт зочиллоо. Албаны хүмүүсийг аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, ЗДТГ-ын дарга Б.Ганзориг нар хүлээн авч аймаг орон нутгийн хөгжил дэвшил, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан ярилцав.

Японы төлөөлөгчид энэ удаа Дорноговь аймагт  цэвэрлэх байгууламжид ажиллах мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах чиглэлээр сүүлийн гурван жил хэрэгжүүлж  байгаа  төслийн хэрэгжилттэй танилцах, цаашид хамтран ажиллах талаар орон нутгийн удирдлагуудтай уулзсан.Өнгөрсөн хугацаанд дээрх төсөлд Японы “Жайка” байгууллагаас  21.8 сая иенийн санхүүжилт  төлөвлөж зарцуулсан байна.

Саарал ус гарган авах технологийг эзэмших, Замын-Үүдэд буй  болон Сайншанд суманд баригдах цэвэрлэх байгууламжид ажиллах мэргэжилтнийг бэлтгэх төсөлд Дорноговь аймгаас  Шизүока муж руу 2016 онд эхний ээлжинд дөрвөн мэргэжилтэн 14 хоногийн хугацаатай, хоёрдугаар ээлжинд дөрвөн мэргэжилтэн 19 хоногийн туршлага судалсан бол Японы мэргэжилтнүүд мөн хэд хэдэн удаа Дорноговьд ирж ажиллаж байжээ.

Төслийн хугацаа энэ онд дуусаж байгаа ч цаашдаа усны чанарыг сайжруулах, ундны усны хэрэглээний эх үүсвэрийг судлах зэрэг өргөн хүрээнд төслөө дахин үргэлжлүүлж, хамтран ажиллах саналыг орон нутгаас тавьсан. Хариуд нь Зам тээврийн газрын дарга Сүзүки Кацүхидэ,"Манай байгууллага бохир ус цэвэршүүлэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Усыг цэвэршүүлэх болон  бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад саналыг уламжилна" гэв.

Шизүока мужийн  Зам тээврийн газрын дарга Сүзүки Кацүхидэтэй  уулзаж төслийн хэрэгжилтийн талаар тодруулахад,”Дорноговь аймагт хэрэгжүүлсэн төслийнхөө хэрэгжилтийг  нүдээр харахаар ирсэн. Шизүока мужид сургалтаар очсон монгол мэргэжилтнүүд маань буцаж нутагтаа ирээд өөрийн ажлын байр дээр өөрийнхөө хүсэл эрмэлзлэлээр ямар зүйлүүдийг яаж хийх шаардлагатай байгааг, юуг яаж өөрчилж зохион байгуулсан талаар нүдээрээ харлаа. Хамгийн чухал нь бохир усыг цэвэршүүлэх явцад бичил биетийг үржүүлэх асуудал байдаг. Бохир усыг аквариумд  хийгээд бичил биетийг үржүүлж лагийг бий болгосон байгаа нь том үр дүн.

Дараагийн сард манай байгууллагын мэргэжилтнүүд Дорноговь аймагт  ирж  сургалт зохион байгуулна.” гэв. Арлын орны төлөөлөгчид Улаанбаатарт БХБЯ-ны албаны хүмүүс болон  “Жайка” олон улсын байгууллагын Монголын талын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөсөн аж.  



Усны чиглэлээр төслөө үргэлжлүүлж, хамтран ажиллах санал тавив

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0