ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр”  -т саналаа өгнө үү

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын .........тогтоолын нэгдүгээр хавсралт

Төсөл.

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ

 ХАНГАХ, ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР”

 

НЭГ. ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА

 

Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нийт нас барах шалтгааны 8 дугаарт, Монгол улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25-д орж байна. 

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний байдлыг хангах үндэсний стратеги/2012-2020/” батлагдан хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүд гарч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр салбар хоорондын уялдаа сайжирч тодорхой арга хэмжээнүүдийг авсны үр дүнд сүүлийн жилүүдэд Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил тодорхой хэмжээгээр буурсан хэдий ч энэ оны эхний хагас жилийн байдлаар өссөн, цаашид өсөх хандлагатай байна.

Тухайлбал, Улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 644 бүртгэгдэж, осол хэргийн улмаас 147 хүний амь нас хохирч, 446 хүн хүнд, хөнгөн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг 5.3 хувиар, гэмтсэн хүн 6.3 хувиар буурсан ч амь нас нь хохирсон хүний тоо 31.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол манай аймгийн хэмжээнд энэ оны эхний 05 сарын байдлаар байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 29 бүртгэгдэж, осол хэргийн улмаас 6 хүний амь нас хохирч, 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг 2.2 дахин өссөн, ослын улмаас амь насаа алдсан хүн 66.6 хувиар өссөн, гэмтсэн хүн 37.5 хувиар  тус тус өссөн нь үзүүлэлттэй байна.

Манай аймгийн нутгаар улсын чанартай босоо тэнхлэгийн хатуу хучилттай замын 40 гаруй хувь буюу 408 километр зам дайран өнгөрдөг учраас хүн нас барсан гэмтсэн ослуудын 80 хувь энэ замд гарсан нь судалгаанаас харагдаж байна. Ялангуяа нэг ослын үед болж олон хүн нас барж бэртэх тохиолдлууд гарч байгаа нь иргэдийн аюулгүй амьдрах, зорчих эрх ноцтой зөрчигдөж байгаа хүндрэлтэй байдал бий.

Тухайлбал, Дорноговь аймгийн Өргөн сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр босоо тэнхлэгийн хатуу хучилттай замын 465 дахь километрт 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 22 цаг 40 минутын орчим 2 автомашин мөргөлдөж 4 хүн газар дээрээ амь насаа алдан 2 хүн хүнд гэмтсэн ноцтой осол гарсан нь үүнийг гэрчилж байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослуудыг судлан үзэхэд жолооч үзэгдэх орчин хязгаарлагдсан харанхуй үед хурд хэтрүүлсэн, явган зорчигч өөрийгөө хянах чадваргүй  согтсон үедээ замын хөдөлгөөнд оролцсон,  хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож холын замд хөдөлгөөнд оролцсон, бүрэн бус, гэрэлтүүлэггүй мотоциклтой хөдөлгөөнд оролцсон, малчид малаа хариулгагүй зам руу оруулсан зэрэг шалтгаан нөхцөлүүдтэй байлаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах явдал дан ганц цагдаагийн байгууллагын ажил мэт алдаатай ойлголт байсан бөгөөд орчин үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь “Хүн-Тээврийн хэрэгсэл-Зам-Орчин” гэсэн харилцан уялдаа бүхий цогц асуудал гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Мөн Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”/2012-2020 он/-ийг үндэслэн аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/151 тоот Захирамжаар баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”/2012-2020 он/-ийг  хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангах, Монгол Улсын Их хурлаас 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдан 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн9 дүгээр зүйлийн 9.2.2-т “Аймаг, нийслэлийн, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нь “Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх урт болон богино хэмжээний хөтөлбөр батлах” үүргийг хэрэгжүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэдийн аюулгүй зорчих орчинг бүрдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлогын баримт бичигтэй болох зайлшгүй шаардлага тулгараад байна.

 

ХОЁР: ХӨТӨЛБӨРИЙН ХЭТИЙН ЗОРИЛГО

 

2.1 Аймгийн хэмжээнд 2017-2020 онд зам тээврийн ослын улмаас нас барсан болон хүнд гэмтсэн хүн, осол хэргийн тоог тус бүр 30-40 хувь бууруулна.

 

ГУРАВ: ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

 

3.1 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд нутгийн өөрөө удирдах байгууллага, мэргэжлийн болон хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулан “Хүн-Тээврийн хэрэгсэл-Зам-Орчин” гэсэн системийн аюулгүй байдлыг цогцоор нь бүрдүүлэх замаар зам тээврийн ослын шалтгаан болж байгаа сөрөг үр дагаврыг бууруулахад оршино.

 

ДӨРӨВ: ХӨТӨЛБӨРИЙН ГОЛ ЗОРИЛТУУД

 

4.1 Хөдөлгөөний аюулгүй байдлын менежмент.

4.2 Аюулгүй зам, орчин.

4.3 Аюулгүй тээврийн хэрэгсэл, аюулгүй зорчигч болон ачаа тээвэрлэлт

4.4 Замын хөдөлгөөнд зориулсан аюулгүй байдлаа хангах ажиллагаа.

4.5 Зам тээврийн ослын дараах, тусламж үйлчилгээ.

 

ТАВ: ХАМРАХ ХҮРЭЭ, ХУГАЦАА

 

5.1 Хөтөлбөрийг аймгийн бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар,  Авто тээврийн үндэсний төв, Дорноговь АЗЗА ТӨХК, Мэргэжлийн хяналтын алба болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт хэрэгжүүлнэ.

5.2 Хөтөлбөр 2017 оноос 2020 оныг дуустал 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.

 

ЗУРГАА: ХӨТӨЛБӨРИЙН ГОЛ ЗОРИЛТУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

 

6.1 Хөдөлгөөний аюулгүй байдлын менежментийн чиглэлээр

6.1.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил болгон боловсруулан батлуулж, хэрэгжүүлж, биелэлт, үр дүнг тооцож байх

6.1.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх холбогдох байгууллагуудын хариуцах, ажил үүргийг нарийвчлан тодорхойлж, хэрэгжилтийг зохицуулан зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах

6.1.3 Аймгийн жил бүрийн замын санд орсон орлогын 50 хувийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ашиглах

6.1.4 Замын хөдөлгөөнд хяналт тавих эрх бүхий алба хаагчдыг шаардлагатай техник хэрэгслээр хангах/Согтуурал шалгах, тандах багаж, хурд хэмжигч, цагдаагийн шалгах багаж гэх мэт/

6.1.5 Орон нутагт баригдаж байгаа улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн барилга угсралт, засвар арчлалтын ажил, ашиглалтын байдалд төрийн хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангахад орон нутгийн авто замын сангаас санхүүжүүлэх

6.2 Аюулгүй зам, орчныг бүрдүүлэх чиглэлээр

6.2.1 Аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг улсын чанартай хатуу хучилттай авто замын замын байгууламж, тэмдэг, тэмдэглэл, гэрэлтүүлэг, эвдрэл гэмтэл, бусад хөдөлгөөн зохицуулах болон хяналт тавих техник хэрэгсэлд  үзлэг шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах, арчлалт хамгаалалтыг сайжруулах, урсгал засварын зардлыг санхүүжүүлдэг болох

6.2.2 Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын осол, хэрэг ихээр гардаг хар цэгүүд дээр гэрэл ойлгогч, цацруулагчтай тэмдэг, тэмдэглэлийг байршуулах, замын голоор товруутай цацруулагч, замын 2 талын захыг тэмдэглэсэн тэмдэглэгээг тодруулах, зам салсан хэсгүүд дээр чиг заасан тэмдгийг байршуулж хөдөлгөөнд оролцогчдод мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах

6.2.3 Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай замын суурин газруудаар дайран өнгөрөх хэсгүүдэд замын гэрэлтүүлэг хийлгэх ажлыг зохион байгуулах

6.2.4Аймгийн автозамын байгууламжийг төлөвлөх, зураг төсөл зохиох, түүнийг барих, ашиглах, арчлахад аюулгүй байдлын үнэлгээ заавал хийж, замын аюултай хэсгийг тогтоон засаж сайжруулах

6.2.5 Аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ачаа тээвэрлэлтийн замын чиглэлийг хууль, дүрэм, журамд нийцүүлэн баталж байх

6.2.6 Хөдөлгөөнд оролцогч хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, өндөр настан, явган зорчигч, унадаг дугуйгаар зорчигч, мотоциклоор зорчигч нарт зориулсан зам, аюулгүй бүс бий болгох

6.2.7  Сайншанд суманд тээврийн хэрэгслийн бүх жинг хэмжих авто пүү, хяналтын постын хамт байгуулах

6.2.8Сайншанд сумын төвийг камержуулах, босоо тэнхлэгийн хатуу хучилттай замд зөрчил илрүүлэгч камер тавиулах

6.2.9 Нийтийн тээврийн үйлчилгээний замуудын дагуу шаардлагатай тооны буудал зогсоолуудыг “нийтийн тээврийн ангилал, зогсоол, ангилал, техникийн шаардлага” MNS 5879:2008 стандартад нийцүүлэн иж бүрэн төлөвлөж байгуулах ажлыг зохион байгуулах

6.3 Аюулгүй тээврийн хэрэгсэл ашиглах талаар

6.3.1 Тээврийн хэрэгсэл, техникийн байдалд тавигдах хууль, дүрэм, журам стандартыг хангуулах хяналт, шалгалт, ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулах

6.3.2 Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн улсын чанартай автозамаар хүнд даацын автомашины даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих

6.3.3 Мотоциклд тавих хяналтыг сайжруулах, ашиглалт аюулгүй байдлын судалгааг хийх, дугааржуулах, А зэрэглэлийн үнэмлэхтэй болгох

6.3.4  Нийтийн болон хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулах, хулгайгаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зөрчлийг илрүүлж таслан зогсоох, нийтийн тээврийн хэрэгслүүдийг GPS-тэй болгох асуудлыг зохион байгуулах

6.3.5 Авто үйлчилгээний байгууллагуудыг ангилж стандартын шаардлага хангасан үйлчилгээ явуулахад нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах

6.4 Хөдөлгөөнд оролцогчдод зориулсан арга хэмжээний талаар

6.4.1 Сургуулийн өмнөх насны боловсрол олгох байгууллага болон Ерөнхий боловсролын сургуулиудад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадлыг олгох сургалтыг сургалтын хөтөлбөрт тодорхой хэмжээгээр тусган оруулах

6.4.2 Хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаагүй сургуулийн орчныг сайжруулах

6.4.3 Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн боловсрол олгох, ухамсар, соёлыг төлөвшүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийттэй хамтран уулзалт, зөвлөгөөн, өдөрлөг, аян, сургалт сурталчилгаа зохион байгуулж иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх

6.4.4 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хангахад олон нийтийн мэдлэг, чадвар, ухамсрыг дээшлүүлэх, тэдэнд тайлбарлан таниулах зохион байгуулахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгийг авч хамтран ажиллах

6.4.5 Телевиз, радио, сонин, сайт болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэдэд замын хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцох талаар байнга сурталчилгаа хийх, замын хөдөлгөөний бодит байдлын мэдээг өгөх, хөтөлбөрийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил үйлчилгээгээ сурталчлах зэрэг ажлуудыг зохион байгуулах

6.4.6 Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хүн, ачаа тээвэрлэх журам зөрчих, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох  хамгаалах малгай, хамгаалах бүс, хүүхдийн суудал хэрэглэхгүйгээр хөдөлгөөнд оролцох  зэрэг зөрчлүүдэд ногдуулах хариуцлагыг чангатгах чиглэлээр хяналтын байгууллагуудын хамтарсан шалгалтыг зохион байгуулах

6.4.7 Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан “Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах

6.4.8 Жолооч бэлтгэдэг авто сургуулиудын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн болон мэргэшсэн жолоочийн шалгалт авах нэгдсэн төвийг байгуулах асуудлыг судалж шийдвэрлүүлэх

6.4.9 Зам тээврийн осол гаргасан жолооч нарын судалгааг гаргаж жолооны сургуульд нь хариуцлага тооцдог эрх зүйн орчинг бий болгох талаар зохих байгууллагад санал хүргүүлэх

6.5 Ослын дараах тусламж, үйлчилгээний талаар

6.5.1 Эмч, эмнэлгийн ажилтан, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийг осол, гэмтлийн үед авах арга хэмжээ, тусламж үйлчилгээний гарын авлага, удирдамжаар хангах

6.5.2 Алсын дуудлагад явах туулах чадвар сайтай тусгай тоноглогдсон эмнэлгийн автомашиныг дотор байх багаж хэрэгсэл, эм бэлдмэлийн хамт шийдвэрлүүлэх

6.5.3 Зам тээврийн осолд өртөгсдөд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг олгох сургалтыг тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын алба хаагчдад болон иргэд, олон нийтэд зохион байгуулж явуулах

6.5.4 Аймгийн нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай замыг дагасан сум, суурийн газруудын яаралтай тусламжийн нэгжийн хүчин чадлыг сайжруулах, чадавхижуулах ажлыг шат дараатай хийх

 

ДОЛОО. ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

7.1 Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг дүгнэн үнэлэхажлыг аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга нар мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах ба хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг нь салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулна.

7.2 Хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг аймгийн Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх жил бүрийн төлөвлөгөө болон бусад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлнэ.

7.3 Хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн байгууллага, аж ахуйн нэгжүүд төлөвлөгөөнд заагдсан хугацаанд хэрэгжилтийг Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлнэ.

7.4 Хууль, эрх зүйн хэлтэс нь хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавих бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг нэгтгэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд жил бүр танилцуулна.

 

 НАЙМ. ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ

 

8.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

            8.1.1 Улсын болон аймгийн төсвийн хөрөнгө. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн аймгийн “Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд заалт нэг бүрээр тусгаж шийдвэрлүүлж байх.

            8.1.2 Зээл, тусламж, төслийн санхүүжилт

            8.1.3 Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив тусламж

            8.1.4 бусад эх үүсвэр

 

ЕС.ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД, АЛБАН ТУШААЛТАН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРОЛЦОО

 

9.1 Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн Засаг дарга

9.1.1 Хөтөлбөрийн зорилго, зарчим, үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагууд болон хяналтын чиг үүргийн байгууллагуудын хэрэгжүүлэх ажлыг тодорхойлсон төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих

9.1.2 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудад заасан эрх үүргийг хэрэгжүүлж, эдгээрт нийцсэн шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хяналт тавих

9.1.3 Хууль, журамд заасны дагуу хөтөлбөрийг санхүүжүүлэх

9.1.4 Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж дүгнэн сайшаан шагнах, хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэх

9.1.5Аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа алба, газар, хэлтэс, сум зэрэг байгууллагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд хэрэгжүүлэхээр заагдсан ажлыг хугацаанд нь хийц гүйцэтгэн холбогдох газарт нь тайлагнана.

9.2 Цагдаагийн газар

9.2.1 Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ажлын хэсгийг мэдээллээр ханган бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

9.2.2 Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай замд эргүүл постуудыг ажиллуулан хяналт тавьж зөрчил гаргагчдад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж дэг журам тогтоох

9.2.3 Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулах,  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах

 9.2.4 Гэмт хэрэг, осол зөрчлийн дуудлага мэдээлэлд түргэн шуурхай очиж хойшлуулшгүй ажиллагааг түргэн шуурхай хуулийн хүрээнд явуулж иргэдэд үйлчлэх

9.2.5 Зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, тэмдэг тэмдэглэлд хяналтын байгууллагуудтай хамтарсан шалгалтыг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулан илэрсэн зөрчлийг хариуцсан байгууллагуудаар арилгуулах шаардлага тавих

9.2.6 Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран замын хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцох мэдлэг, дадлыг олгох сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах

9.3 Автотээврийн үндэсний төвийн Дорноговь дахь салбар

9.3.1 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад автотээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагч нараас тавих хяналтыг сайжруулан хууль зөрчигчдөд эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага тооцох

9.3.2 Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, засвар, оношлогооны бүртгэлийн хөтлөлтийг сайжруулах, мотоциклыг дугааржуулах ажилд санаачлага гаргах

9.3.3 Мэргэшсэн жолооч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, шалгалтын нэгдсэн төвтэй болох асуудлыг судлах

9.3.5 Нийтийн тээвэр, хүн ачаа тээвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах

9.3.6 Хулгайгаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зөрчлийг холбогдох байгууллагуудтай хамтран таслан зогсоох ажлыг зохион байгуулах

9.4 Дорноговь АЗЗА, Борхойн зам ТӨХК-ууд

9.4.1 Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн автозамын өөрсдийн хариуцсан хэсгүүдийн арчлалт хамгаалалтыг бүрэн хариуцах

9.4.2 Хариуцсан замынхаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр идэвх санаачлагатай ажиллах

9.4.3 Хариуцсан замдаа холбогдох байгууллагуудтай хамтран жилд 2-оос доошгүй удаа үзлэг шалгалтыг хийж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах

9.5 Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн төв

9.5.1 Яаралтай түргэн тусламж үзүүлэхэд шаардагдах тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм бэлдмэлийг бэлэн байлган зам тээврийн ослын дуудлагад түргэн шуурхай очиж хохирогсдод эмнэлгийн тусламж үзүүлэх

9.5.2 Дутагдалтай байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм бэлдмэлийг холбогдох газруудаар шийдвэрлүүлэх

9.5.3 Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулах

9.5.4 Тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын алба хаагчид болон иргэд олон нийтэд эмнэлгийн анхны тусламжийн сургалтыг зохион байгуулах

9.6 Мэргэжлийн хяналтын газар

9.6.1 Хяналт шалгалт явуулдаг үүрэг бүхий байгууллагуудтай хамтарч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамтарсан шалгалтыг зохион байгуулах

9.6.2 Авто зам, замын байгууламж төлөвлөх, зураг төсөл зохиох, барих, ашиглах үед орчин үеийн техник, технологи, стандартыг хэрэглэж аюулгүй байдлыг хангуулж буй эсэхэд хяналт тавих

 

АРАВ. ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН

 

10.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ.

            10.1.1 Аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах байгууллагуудын чадавхи дээшилж, зам тээврийн ослын тоог багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагаа сайжирч нэг баг болж ажиллана.

            10.1.2  Иргэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөл бүрдэнэ.

            10.1.3 Зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах явдал 30-40 хувь буурна.

            10.1.4 Иргэд, олон нийт замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадалтай болно.

            10.1.5 Зам тээврийн осолд өртсөн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ.

 

АРВАН НЭГ. ХӨТӨЛБӨРИЙГ ТАЙЛАГНАХ, ДҮГНЭХ

 

11.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтнууд төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаарх биелэлтийг жил бүрийн 6, 12 дугаар саруудын 15-ны дотор Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлнэ.

11.2 Хөтөлбөрийн биелэлт үр дүнг нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж үнэлгээ өгнө.

 

АРВАН ХОЁР. ХЯНАЛТ ШАЛГАЛТ

 

12.1 Хөтөлбөрийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, явцыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ажлын хэсэг гарч улирал бүр хянаж шалгана.

12.2 Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулна.

12.3 Хяналт шалгалтаар зөрчил илэрвэл хууль, хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

ХОЛБОО БАРИХ

  • Утас(976) 7052 3036
  • И-мэйлzdtg@dornogovi.gov.mn
    Dga_zdtg@yahoo.com


“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр”  -т саналаа өгнө үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0