ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Нөхөн сэргээлтэд “Муу” дүн тавихын учир
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 853 удаа уншсан
2017-09-09 12:06:43

 

 

Байгаль ээжийн шарх хэзээ эдгэх вэ?

 

Байсхийгээд л ухсан нүх, том том чулуутай шороон овоолго замд тааралдах. Жижиг тэрэг явахад бэрх замаар гэлдэрсээр жоншны эх орон гэгддэг Айраг сумаас баруун зүгт 25 км-т Нард багийн нутаг Баруун цагаан дэл хэмээх газар хүрэв.

Хажуугийн овоо дээр гарч дурандахад буусан зураг энэ. Уурхайн хөлд сүйдсэн газарт мал амьтан хийгээд жигүүртэн шувууд ч үзэгдэхгүй, алсын зэрэглээ ч тодрохгүй, байгаль ээжийн шарх нь эдгэрээгүй  цагаан саарал өнгөтэй үзэгдэв.

Говийн эко системийг сүйтгэсний  ул мөрийн зах зух нь  ухсан нүх, шуудуу, шороон овоолго. Одоогоос арваад жилийн тэртээ жонш олборлогч компаниуд хийгээд газар газраас цугларсан “ХАМО” иргэд хууль бусаар гар аргаар  жонш олборлож байлаа.

Айраг сумын ЗДТГ-ын байгаль орчны мэргэжилтэн Т.Бямбацогтоос зарим зүйлийг тодруулав.

 

-Энд хэчнээн га талбай эвдэрсэн бэ? Нөхөн сэргээлт хийсэн үү?

 

 

-Айраг суманд 2016 оны жилийн эцсийн байдлаар 69 тусгай завшөөрөл олгосон байдаг. Энэ газрыг 2003-аас 2013 оны үед нинжа болон олборлогч компаниуд сүйтгэсэн. Арваад компанийн лицензтэй 30 гаруй га талбай.

 

Хөрөнгө санхүүгийн хүндрэл, эдийн засгийн хямралаас үүдэж уул уурхайн компаниудын үйл ажиллагаа сүүлийн хоёр жилд зогсонги байдалд орсон ч энэ жилээс эхлэж сэргэж байна.

Өмнө нь мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай  хуулиар иргэнд ч зөвшөөрөл олгодог байсан. Анх 2000 оны үед “Таван баатар” гэдэг компани тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаад зөвшөөрлөө зарсан.

Мөн Дашдорж гэдэг хүн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаад хятадуудад зарсан нь одоо “Дунфанлунма” гэсэн нэртэй болчихсон гээд эзэмшигч нь өөрчлөгдсөн  жишээ олон.

Компаниуд нөхөн сэргээлт хийхээс зайлсхийж өөрийн зөвшөөрлөө дамлан зарах үйл явц нэгэн үе газар авсан. Зөвшөөрөл нь дахин 2-3 компанид зарагддаг гэж сонссон.Зарахдаа хятадуудад зарсан байдаг.

Компаниуд хуулийн дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон бусад бичиг баримтыг бүрдүүлж батлуулдаг ч хэрэгжүүлдэггүй, төлөвлөгөөгүй ажилласан.Хууль хэрэгжүүлэх, нөхөн сэргээлт хийлгэх талаар орон нутгаас  шаардлага тавьдаг ч компаниуд хөрөнгө санхүүгийн боломж муу, нөөцөө ашиглаж дууссаны дараа нөхөн сэргээлт хийнэ гэж хариулах нь нийтлэг.

Сумын хэмжээнд  олон улсын байгууллагын болон бусад эх үүсвэрээр “Эх орон хамтын хүч” “Хутагтын үр сад” гэх төрийн бус байгууллага, нөхөрлөлүүдтэй хамтарч 30 гаруй га газрыг нөхөн сэргээсэн.

 

Төрийн үйлдвэрийн түгээсэн балаг

 

Бужгарын уурхайд ойролцоогоор 16 га газар эвдэрчээ

 

Монгол, Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай “Монголрос цветмет” нэгдлийн  ашиглаж байгаад орхисон Бужгарын уурхайн эвдэрсэн газарт очив. Газрын гүн рүү багцаагаар 100 метр хүртэл ухжээ.

Бас гүний ус ил гарсан харагдана. Ойролцоогоор 16 га газар эвдэрсэн гэх.Энд 1973 оноос Монголросцметмет нэгдэл жонш олборлож эхэлсэн байдаг.Сумын Хонгор, Бужгар, Дай уул, Дүлий, Хайрт, Бага нард, Бор толгой гэдэг газарт “Монголросцвет” нэгдэл олборлолт хийж ухсан нүх, гүнзгий ангал, овоолсон шороо олонтаа бий болгожээ.

Байгаль орчны мэргэжилтэн Т.Бямбоцогтын хэлснээр Айраг суманд 300 орчим га газар уул уурхайн нөлөөллөөс үүдэж сүйдсэн гэж үзэхэд үүний 200 орчим га буюу 60-70 хувийг “Монголросцметмет” нэгдлийн ашиглаж байсан талбай эзэлдэг гэлээ.

Орон нутгаас Байгаль орчны хуульчдын холбоотой хамтран тус компаниар нөхөн сэргээлт хийлгэхээр Шүүхэд хандаж заргаа авч байсан тохиолдол бий.Талууд эвлэрлийн гэрээ байгуулж “Монросцветмет” нөхөн сэргээлтээ хийхээр ажлаа эхэлсэн ч хөрөнгө санхүүгийн улмаас  зогссон аж. Төрийн өмчит энэ компани Бужгарын уурхайд сард хоёр сая төгрөгийн түрээсээр бичил уурхайчдыг ажиллуулж байсныг “Эх орон хамтын хүч” ТББ-ын тэргүүн н.Лхагва хэлсэн.

“Монросцветмет” нэгдэл бол манай улсын төрийн өмчит  олон жилийн түүхтэй уул уурхайн томоохон аж ахуй нэгж. Улс орны хөгжил дэвшил, татвар бүрдүүлэлт хийгээд улсын төсөв сан хөмрөгт  хувь хэмэр оруулж ирсэн нь үнэн.

Гэлээ ч алтыг авчихаад авдрыг нь хаяж боломгүй.Төрийн үйлдвэр нь хуулиа хэрэгжүүлдэггүй, ашигласан газраа нөхөн сэргээхгүй өдий төдий га-гаар байгаль орчин сүйтгэж байхад хувийн хэвшлийнхнийг хууль хэрэгжүүл гэж хэлэх нь шударга үнэнд нийцэх үү?

 

 

Нард багийн малчин, Айраг сумын ИТХ-ын төлөөлөгч Э.Бархасбаатартай уулзлаа.

 

-Хариуцлагагүй уул уурхайн нөлөөллөөс үүдэж танай нутгийн олон газар эвдэрчээ. Малчдын бэлчээр, ус, амьдрах орчинд ямар нөлөөлөл үзүүлж байна? 

-Нард бол миний малаа маллаж явсан нутаг. Бэлчээр сүйдэж, ус ховордсон. Монголын хамгийн том, байгалын гайхамшиг болсон Цагаан дэлийн агуй сүйдсэн.Сөртийн ус гэж ундарга сайтай ус байсан нь жонш олборлосноор ширгэсэн.

Бага нардын ундны ус ширгэснийг сүүлийн үед хамгаалж, гүнзгийлж ухаж, засаж додомдсоноор бага зэрэг сэргэж байгаа. Манай нутагт Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд давамгайлж лиценз авсан газраа тойруулаад нүх ухаж, шуудуу татаж мал бэлчээрлэх нөхцөлгүй болгосон байдаг.

Уг нь уурхай ажилласнаар олон хүн ажилтай болж малчид мал махаа хамгийн өндөр үнээр борлуулж, ашиг орлого нь дээшилж  байсан ч хариуцлагагүй ажилласны улмаас ийм байдалд орлоо.

 

Цагаан дэлийн агуй сүйтгэгдсэн хэвээрээ

 

 

Айраг сумын нутагт байх аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэг Монголын хамгийн том Цагаан дэлийн агуйг сүйтгэжээ. Агуй гадна талдаа хоёр амтай. Нэг нь эгц доошоо дүүжингээр ордог, нөгөө нь хоёроос гурван метр орчим гүнтэй таван  хантай гэрийн буйрын хэмжээтэй. Дотроо сэрүү татсан нэн тааламжтай төдийгүй цаашаа явахад зарим газраа улаан хондтой, цэнхэр туяатай мөс үргэлжилдэг байжээ.

Агуйн жонш чанартай, жин ихтэй, сайн чанарын жонш байсан аж. Хүний гараар могой бариулна гэдэг шиг  компаниуд хамо иргэдээр ухуулсан нь энэ. Агуй орчмын талбайд Ашигт малтмалын газраас 2000 онд “Таван баатар” ХХК-д хайгуулын лиценз олгосон  байдаг ч тусгай зөвшөөрөл нь  “Эрдэс плазм” ХХК дараа нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эжумэн” ХХК-д шилжсэн байдаг.

Орон нутгаас агуйг сумын тусгай хамгаалалтад авсан боловч “Эрдэс плазм” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцсан тул тухайн шийдвэрийг АМХЭГ-т баталгаажуулж чадаагүй гэсэн. 2008 оны 10 дугаар сарын 10-нд орон нутгийн удирдлага, “Эжумэн” ХХК-ийн төлөөллүүд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, агуйн амыг хашаажуулж доошоо орох бетонон шат зэргийг хийж хамгаалалтад авснаар эргэн тойрны 100 м2 газарт олборлолт хийхийг хоригложээ.

2010 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас агуйг сумын байгалийн дурсгалт газар болгосон. Мөн онд тус газарт хүн амины хэрэг гарч “Эжумэн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш тухайн талбайд дахин тусгай зөвшөөрөл олгоогүй юм.

2013 онд агуй орчмын 3.63 га талбайг оролцуулж 116 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад, 2014 онд аймгийн ИТХ-ын  тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад тус тус авчээ. Мөн  аймгийн байгалын есөн гайхамшгийн нэгээр баталж байв.

 

Дорноговьд олборлох чиглэлээр 20 орчим үйлдвэр, уурхай ажиллаж байна

 

Дорноговь аймгийн хэмжээнд ашигт малтмалын нийт 468 тусгай зөвшөөрөл буй бөгөөд үүнээс 162 нь ашиглалтын, 306 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Тус аймагт 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 440 гаруй илэрцүүд тогтоогдсон.

Дээрх 468 тусгай зөвшөөрлөөр олгогдсон нийт талбайн хэмжээ 2363372,62 га бөгөөд энэ нь нийт газар нутгийн 21,5 хувийг, ашиглалтын 162 тусгай зөвшөөрөл олгосон талбай 178074,73 га буюу нийт газар нутгийн 1,6 хувийг, 306 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон талбай 2185297,89 га буюу нийт газар нутгийн 19,9 хувийг эзэлж буй. Өнөөгийн байдлаар уул уурхайн салбарт жонш, нүүрс, барилгын материал, төмрийн хүдэр зэрэг төрлөөр ашигт малтмалын 20 орчим үйлдвэр, уурхай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ихэнх нь Айраг, Даланжаргалан, Иххэт суманд төвлөрсөн байдаг.

 

Нөхөн сэргээлт хангалтгүй

 

Эх сурвалж: Дорноговь аймгийн БОАЖГ

 

Дорноговьд  уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд сүүлийн  жилүүдэд нөхөн сэргээлт хэрхэн хийснийг аймгийн БОАЖГ-аас өгсөн мэдээллийн дагуу графикт үзүүлэв.Эндээс компаниуд хэдий хэрийн газрыг нөхөн сэргээснийг хараарай. Жил бүр хийсэн нөхөн сэргээлтийн хэмжээ төлөвлөсөн газрынхаа 50 хувьд ч хүрэхгүй байна. 

Компаниуд  хуулийн дагуу жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан гаргаж байгаль орчны чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагаар дүгнүүлэх ёстой.

Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн  10 компани 2016 оны  байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлангаа төрийн захиргааны байгууллагад ирүүлжээ. Ажлын хэсэг тайланг хянаж зургааг нь 80-аас дээш, гурвыг нь70-аас дээш, нэг компанийг 60-аас дээш хувьтай дүгнэсэн аж.

Жилд  байгаль орчны менежментийн  төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлангаа дөнгөж арваад компани ирүүлдэг төдийгүй үүний тал нь хангалтгүй дүн үзүүлж буйгаас үзэхэд уурхайг нөхөн сэргээх, байгаль хамгаалах асуудалд хойрго ханддаг, хууль дүрмээ биелүүлдэггүй байдал илт. Компаниуд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр заасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлсэн ч хангалтгүй.

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг хийлгэдэггүй, тухайн оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилладаг, төлөвлөгөөтэй ч бүрэн хэрэгжүүлдэггүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгэдэггүй. Ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээ, эрхийн бичиг авдаггүй.

Газар ашиглах гэрээг жил бүр тогтоосон хугацаандаа байгуулдаггүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нь ашигт малтмал олборлоод нөөц нь багасах үед үйл ажиллагаагаа зогсоож тусгай зөвшөөрлөө өөр этгээдэд худалдаж нөхөн сэргээлт хийх үүргээсээ зугтаадаг.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээхэд хяналт тавьдаг зарим байгууллагын хариуцлага, санаачилга, сэтгэл дутдаг гээд түмэн зовлон буй аж. 2016 оны гүйцэтгэлээр уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн 1006,1 га талбай эвдрэлд орж, 221,19 га-д техникийн, 117,85 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн нь 21,98 хувьтай гэж аймгийн МХГ-ын тайланд дурджээ.

 

Олборлох салбарын орлого хэдэн зуун саяар тоологддог 

 

 Эх сурвалж: https://e-reporting.eitimongolia.mn/ 

 

Дараагийн графикт Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын сүүлийн 10 жилийн  бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалт, туршилтын олборлолтоос олсон орлогыг мөнгөн дүнгээр  харуулав.

Дорноговь аймагт олборлох  салбараас олсон орлого 2006 онд 72 орчим сая төгрөг байсан бол энэ тоо 2012 онд хамгийн дээд цэгтээ хүрч нэг тэрбум 898 орчим сая төгрөг болж өсчээ. Улс, орон нутгийн эдийн засгийг тэтгэх, төсөв санхүү, татвар хураамжийг бүрдүүлэх, бүтээн байгуулалт өрнүүлэхэд уул уурхайн салбарын оруулж буй хувь нэмэр их.

Сүүлийн найман жилийн хугацаанд Дорноговь аймагт 15 цэцэрлэг, гурван ч сургууль ашиглалтад орсон нь олборлох салбарын үр өгөөжтэй холбоотой юм.

Аймгийн хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын байдлаар газрын тосны хайгуулыг  хоёр, ураны хайгуулыг  мөн хоёр компани гурван сумын нутагт тогтмол хийж буй. Мөн таван компани  гурван сумын нутагт ашигт малтмал боловсруулах, баяжуулах үйлдвэр барьж буй гээд цаашид олборлох үйлдвэрлэлийн  үйл явц нэмэгдэх төлөвтэй.

 

Байгаль хамгаалахад зарцуулсан хөрөнгө чамламаар

 

Эх сурвалж: https://e-reporting.eitimongolia.mn/ 

 

Дараагийн графикт компаниудын нөхөн сэргээлтэд зарцуулсан хөрөнгийг он дарааллаар үзүүлэв. 

Компаниуд газрын хэвлийн баялгийг олборлож орлого олж буй ч эргээд  байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлийн ажилд хэдий хэрийн хөрөнгө зарцуулж буйг уншигч та тунгаана биз. Олсон орлого нь хэдэн зуун саяд тоологдож байхад байгаль хамгаалахад зарцуулсан хөрөнгө нь чамламаар. Орлого нэмэгдэж улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамж өсч буй ч уурхайн үйл ажиллагааны нэгээхэн хэсэг нөхөн сэргээлтийг орхигдуулсанд “муу” дүн тавих бус уу.

 

Австралийн уул уурхайг дурдахын учир

 

Ашигт малтмалаа дэлхийн зах зээлд гаргаж, олон улсад гол тоглогч болж өдий төдийгөөр доллар халаасалж чадаж буй Австралийн туршлага моодонд орж байна. Тэдний туршлагыг 2017 онд Монголын сэтгүүлчид хэвлэлдээ цөөнгүй буулгасан.

Австралийн Күинслэнд мужийн Дарлинг Даунс бүс нутгийн Түвүүмба хоттой ойролцоо орших Нью-Акландын нүүрсний уурхайд олборлолт явуулж буй ч залгаа газартаа нөхөн сэргээлтийг хамтатган хийдэг гэхлээр атаархмаар. Нөхөн сэргээсэн газарт ан амьтан чуулж хүмүүс фермерийн аж ахуй эрхэлдэг гээд бод. Уул уурхайн компаниуд нь иргэддээ мэдээлэл өгөх төвтэй,үйл ажиллагаа нь ил тод.

Тэд төлөвлөдөг бол бид эмх замбараагүй ажилладаг. Австралид гүний усаа нүдний цөцгий мэт хайрладаг бол монголд баяжуулах үйлдвэрүүд 24 цагийн турш “мангас” шиг сордог. Манайх гол төлөв ухсан нүхэндээ шороогоо буцааж булахыг нөхөн сэргээлт гэдэг бол холын ногоон тивд төрөл бүрийн ургамал тарьж ан амьтан жигүүртэн шувууд чуулдаг жаргалын орон болгож сэргээдэг гээд  өдөр шөнө шиг ялгаа буй.

 

Төгсгөлд нь өгүүлэх нь

 

Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбар улсын сан хөмрөгийг бүрдүүлэх, орлого нэмэгдүүлэх, иргэддээ хувь хишиг тараах гээд эдийн засгийн хөдөлгөгч хүч байсан ч байгаль орчинд ээлтэй байсангүй.

Үүний нэг тусгал нь  уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоогоор улсад тэргүүлдэг, ашигт малтмалын арвин нөөцтэй, төмөр зам авто замын хос сүлжээтэй, бүтээж босгосон  гээд онцлох юмтай Дорноговь аймгийн нутаг дахь хариуцлагагүй уул уурхайн  нөлөөгөөр эвдэрч сүйдсэн, нөхөн сэргээгээгүй орхисон нүх, жалга, шороон овоолго.

Уурхайгаас үүдэж эвдэрсэн газрын байгаль орчны хохирлыг мэргэжлийн байгууллагаар гаргаж мөнгөн дүнг тооцсон  жишээ одоогоор Дорноговьд алга. Хохирлыг тооцох гэтэл хөрөнгө санхүүгийн хүндрэл бэрхшээл гардаг талаар албаны хүн өгүүлсэн.

Мөн  төрийн өмчит "Монгол рос"  цветмет нэгдэл Дорноговийн зарим сумын байгаль орчинд учруулсан хохирол, алдаа завхралаа засаж, нөхөн  сэргээлтээ хийх шаардлагатай байна.  

Уул уурхайн салбар одоо ч Монголын эдийн засгийг тэтгэх ундарга нь хэвээрэй байна. Улс орноороо урагшаа хамт алхах томоохон төслүүд гараанаасаа гарчихсан, ирээдүйд хайгуул, ашиглалтын түвшинд тодорхой төслүүд хэрэгжих шатандаа байгаа гээд чухал үед манай улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр эрс шинэчлэл хийх шаардлагатай болжээ.

Яаж бид Австрали шиг хариуцлагатай уул уурхай эрхэлж байгаль орчноо нөхөн сэргээж, долларыг бөөн бөөнөөр халааслах вэ? Эхнийх нь хууль эрх зүйн шинэчлэл гэж албаныхан тодотгож байна. Учир нь орон нутгаас нөхөн сэргээлт хийгээгүй компаниудыг нөхөн сэргээлт хийлгэхээр шүүхэд хандахад Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5.дахь заалт /Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно./ гэх заалтыг үндэслэснээр шүүхийн шийдвэр компаниудын талд гардаг жишээ буй. 

Мөн уул уурхайн чиглэлийн нарийн мэргэжлийн боловсон хүчин орон нутагт байдаггүй. Байгаль орчны асуудлыг сумын ЗДТГ-ын мэргэжилтэн хавсарга хэлбэрээр эрхэлдэг нь уурхайн үйлдвэрлэлд хяналт тавих бололцоог сулруулдаг аж. Мөн ажил хариуцсан хүмүүс  хувийн  эрх ашгийг урьтал болгож ашиг сонирхлын зөрчилд автдаг, иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажилладаггүй, уул уурхайн компаниудтай хамааралтай болж байгаа нь нөлөөлдөг аж.

Тиймээс босоо тогтолцоотой, хуул зүйн хувьд хараат бусаар ажиллах чадамжтай, байгаль   орчны мэргэжлийн багийг орон нутагт байгуулах шаардлага буй. Цаашид энэ салбарт хууль сахин дээдлэх, олон талын оролцоог хангах, ил тод нээлттэй байх, байгаль орчин хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх, ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, үр өгөөжтэй байх, хүмүүнлэг  ёс зүйтэй, дэвшилтэд технологи нэвтрүүлэх шаардлага урган гарч буй. Монголд нүүрлэсэн хариуцлагагүй уул уурхайн нөхцөл байдлыг  Дорноговийн жишээ дээр тольдсон нь энэ буй.

 



Нөхөн сэргээлтэд “Муу” дүн тавихын учир

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-09-09 14:43:10
    Зочин: Энэ газар шороогоо хужаа нараар ухуулхаа зогсоогооч ээ арай дэндэж байгаа юм биш үү.Даланжаргалан сум айраг сум бүүр хэцүүдлээ хөдөө явж байхад сэндвичэн барилга барьсан эргэн тойрон битүү нойлын цаас тархсан байх юм байна шүү дээ .Аймгийн засаг дарга мэргэжлийн хяналтын газар.баыгаль орчны байцаагч нар хяналтандаа авах цаг болсон шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-09-09 14:20:05
    Зочин: Одоо энэ уул уурхайгаа зогсоогоочээ соц нийгмийн үед хэдхэн уурхай Монголыг хөгжүүлж авч явсан одоо хаа сайгүй уул уурхай ажиллах юм тэгээд Монгол хөгжихгүй ингэж байхаар бүгдийг нь хааж ирээдүй үр ач нартаа үлдээж Оюу толгой, Таван толгойгоо л ашиглая