ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-11-19
“Хатны булгийн нууц” нь домогт хатан Мандухайн үйл хэрэгтэй холбоотой гэв

Энэ сарын 15-нд Дорноговь аймгийн Сайншанд хотын “Соёмбо” цогцолборт “Дорноговь, түүх соёлын асуудалд” эрдэм шинжилгээний бага хурал боллоо.


Энэ удаагийн хурлыг Монгол Улсад архивын байгууллага үүсч хөгжсөний 90, Дорноговь аймагт архивын алба байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн ЗДТГ, Музей сургалт судалгааны төвтэй хамтран зохион байгуулсан.


Эрдэм шинжилгээний  бага хурлаар МУБИС-ийн түүхийн тэнхмийн багш доктор Б.Баатархүү “Түүх соёлын дурсгалыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломж” сэдвээр, ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн судлаач Х.Хатанбаатар, “Боржигоны угсаа-түүхийн асуудалд” сэдвээр, ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн архелогич, доктор С.Өлзийбаяр, МССТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан А.Уранжаргал “Хатны булгийн нууц” төслийн үр дүнгээс, Лувсанданзан академийн гүйцэтгэх захирал, дэд профессор Ч.Хатанбаатар  “Говийн ноён хутагт судлалын тухай”,Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгийн эрхлэгч, дэслэгч, түүхийн ухааны магистр О.Батцэцэг “Дорноговь аймгийн ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын 1945 оны чөлөөлөх дайнд гүйцэтгэсэн үүрэг” зэрэг  сэдвээр эрдэмтэд арваад илтгэл хэлэлцүүллээ.


 

Археологи, угсаатны зүйн чиглэлээр хоёр дахь жилдээ Хатанбулаг сумын Хатны булаг орчим хэрэгжүүлсэн“Хатны булгийн нууц”  төслийн үр дүн оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан байна. Хатны булаг орчим явуулсан археологийн судалгааны үр дүнд он цагийг нарийвчлан тогтоох ховор үнэт олдворууд гарсан бөгөөд Мин Улсын үед хийгдсэн хөх цагаан шаазан, дээрээ бичиг бүхий хүрэл толь зэрэг аж.


Үүнээс үзвэл Хатны булгийн тухай домог нь эрдэмтдийн судалгааны он цагаар Монголын эзэнт гүрний улс төрийн бутралын үетэй давхцаж буй бөгөөд  Монголын төрийг удирдаж байсан хүчирхэг хатан Мандухайн үйл ажиллагаатай холбогдож буйг тогтоожээ.


Мөн эрдэмтэд  Хатны булгийн орчимд ирэх жил дахин судалгаа хийхээр төлөвлөсөн аж.  Эрдэм шинжилгээний бага хуралд  тавьсан эрдэмтийн  бүтээлийг эмхтгэж ном болгон хэвлүүлэхээр болжээ.



“Хатны булгийн нууц” нь домогт хатан Мандухайн үйл хэрэгтэй холбоотой гэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0