ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-09-26
Хөх хотоос бичсэн тэмдэглэл-2
Б. Туул > Нийтлэгч | 127 удаа уншсан
2018-06-16 18:50:06

Намайг Улаанбаатараас хөдлөх үед “Хөх хот руу аялах хамгийн хямд маршрут юу байна вэ, мэдээд хэлээрэй” хэмээн хэд хэдэн хүн захьжээ. Мэдээж Өвөрмонгол руу аялахад онгоц, галт тэрэг, машин гээд бүх төрлийн унаа ашиглах бололцоотой.

Ер нь бол манайхны хамгийн сайн мэдэх маршрутын нэг нь Хөх хот руу чиглэсэн газраарх маршрут юм. Би ч ялгаагүй олонхийн жишгийг дагасан. Олон хүн энэ маршрутыг сайн мэдэх ч хэрэг болох хүнд нэг үг ч эрдэм гэдэг хойно маршрут бүрээ тоочин бичихээр шийдэв.Улаанбаатар-Замын-Үүдийн галт тэрэгний хагас зөөлөн суудлыг нэг хоногийн өмнө захиалав.

Тасалбар дээр тарифт үнэлгээ 19500 гэж бичжээ. Гэхдээ урьдчилж захиалсантай холбоотойүнэ 24350 төгрөг болсон. Галт тэрэг Улаанбаатараас оройны 17:20 минутад хөдөлж, Замын-Үүдэд өглөө 7 цагийн үед ирэв. Би бараг галт тэрэгнээсээ хамгийн сүүлд буусан байх. Намайг бууж ирэхэд вокзалын өмнөх талбай дээр байсан 3-4 автобус Эрээн рүү хөдөлж байв.

Би төдийлөн яарсангүй. Ямар өдөртөө буцна гэх биш яарах шаардлага ч байсангүй. Тэгэх нь гуч орчим насны нэг залуу дөхөж ирснээ “Эрээн явах уу, явбал тэр саарал тэрэг” гээд боломжийн унаа зааж байна аа. Үнэ мөнгийг нь асуусан “50 юань” гэнэ. Ингээд надаас гадна 3-4 хүн нэмж аваад зогсоолоос хөдлөв өө.

Хэсэг яваад нөгөө залуу, “Ачаагаа аваад буугаарай. Тэр тэргэнд суу” хэмээн сандуурхан хэлээд машин гэхэд хэцүүхэн тэрэг рүү заав. Жолооч маань биднийг хуурсан биш юм аа. Эрээн гарах тэргээ цуваанд үлдээж, нөгөө тэргээрээ хүмүүсийг авчирч сэлгэн суулгадаг аж.
Монголд удахгүй эх үрсийн баяр болно. Одоо энд тэндхийн төгсөлтийн хонхны баяр болж байгаатай холбоотой болов уу, наймаачид хөдөлгөөнд оржээ. Эхнээсээ 50 юанийн унаанд суулгүй Замын-Үүд дотор явдаг таксинд суугаад хилийн гарман дээр ирчихсэн хүмүүс олон байв.

Хүн цөөн үед зарим хүмүүс арай хямдаар ингэж хил гардаг гэнэ. Манай машины жолооч сүүхийтэй эр таарчээ. Тэрээр тэргээ нэлээн урдуур цуваанд зогсоосон байж. Хоёр хилийг саадгүй нэвтрээд 9 цаг өнгөрч байх үед бид Эрээн рүү орж ирэв. Жолооч маань биднийг монголчуудын ярьдгаар зээлийн үүдэнд буулгаж, бид ч баярласан талархсанаа илэрхийлээд төлбөрөө хийцгээв.
Баянаа гэх жолоочийн тухай нэлээн хэд хоногийн өмнө фэйсбүүкээс олж уншсан юм. Нэгэн оюутан байрын хүү, “Эрээн Хөх хотын чиглэлд таксинд явдаг Баянаа гэж найдвартай жолооч бий. Энэ ахаар байнга үйлчлүүлж байгаарай” хэмээн бичээд утасны дугаарыг нь үлдээсэн байж билээ. Иймд зээлийн хажуугийн бүхээгээс утас цохьлоо. Баянаа дороо л зээлийн үүдэнд давхиад ирсэн.

Дотор нь Ордосоос яваа Урнаа гэх бүсгүй, монголоос яваа Батаа хэмээх 50 гаруй насны эр эхнэртэйгээ тухалсан байв. Ингээд манай машин өөр хүн нэмж авсангүй, шууд Хөх хот руу хөдлөв. Цаг хугацааны хувьд 5 орчим цаг яваад зорьсон газартаа ирэв.  Анхнаасаа 150 юаниар явна хэмээн тохирсоноосоо жолооч маань урваж шарваагүйн дээр хаа буух ёстой тэр газар бүрт нь буулгаж өгснөөр давхиж одсон билээ.

Үүнээс хямд унаа сонгох бол автобусанд сууж болох гэнэ. Эрээн-Хөх хот хоорондын автобусны үнэ 95 юань байдаг аж. Улаанбаатарт юанийн ханш дунджаар 380 төгрөг байсан. Замын-Үүд-Эрээн-Хөх хот гэсэн маршрутад би 200 юань төлсөн, үүн дээр галт тэрэгний үнээ нэмбэл хэд болохыг уншигчид маань торолгүй бодчихно биз ээ.
Хөх хотод ирээд хаа хоноглохоо сайн тооцоолоорой.

Энгийн бөгөөд юм юмтай боломжийн буудал 100 юаниас эхэлнэ. Эхэлж ирж байгаа хүнд хямд юм шиг санагдах ч бас л мөнгийг уудаг газар хэмээн ойлгоход гэмгүй. Хэрэв удаан хугацааны ажил албатай яваа бол хятад дугаар худалдан авахад илүүдэхгүй. Шинэ дугаар 40 юаниас эхлэх ч эхний сардаа 100 юань төлөх хэрэгтэй. Интернэтийн багц үнэ дотроо багтсан тулшинэ дугаар тань найз нөхөд, бизнесийн хамтрагчидтай чинь холбох хамгийн сайн арга зам байх болно.

Хөх хотод гар утасны ашиг тус их. Зөвхөн ярьж, интернэтийг нь ашиглахаас гадна “Алган дээрх Хөх хот” апплейкшныг татаарай. Тэрхүү апплейкшн дээр автобусны зогсоолууд хаана байдаг, таны суухаар хүлээж буй автобус хэд дэх буудал дээр явж байгааг, хоёр буудлын хооронд ямар нэртэй хэдэн зогсоол байна вэ гэх зэрэг мэдээллийг харах боломжтой.

Мөнхүү апплейкшнд түрээсийн дугуйн цэг, худалдааны төвүүд болон нийтийн бие засах газрын байршил зэрэг хэн хүний жирийн хэрнээ өдөр тутамд хэрэгтэй 7-8 багц мэдээллүүдийг багтаажээ. Түүнчлэн зогсоолууд дээрх самбарт ирэх автобусны дугаарыг хэнд ч харагдахаар томоор бичсэн байх ба эхлээд уйгар монголоор, дараа нь хятадаар зогсоолуудын нэрийг бичижхэвшжээ.
Эхний автобус өглөө 6:10 минутад үйлчилгээнд гарч, орой 21 цагт сүүлчийнх нь явдаг. Автобус хаа ч хүрсэн нэг юань. Хэрэв та автобусны цахим картгүй бол мөнгөө бэлнээр төлж болно. Ингэхдээ жолоочийн хажуугийн лацдаж түгжсэн төмөр хайрцаганд хийж болно. Тэрхүү хайрцгийг хандивын хайрцаг шиг дээрээ онгорхой нүхтэй хэмээн ойлгов. Үгүй юм аа мөнгө хайрцагт орсны дараа зорчигч талын хэсэг дээр гэрлэн үсэг гарч ирэх аж.

Ингээд автобусанд суусан тохиолдолд зогсоол бүрт урд нь монголоор, дараа нь хятадаар аль буудалд ирж байгааг зарлана. Тухайлбал, “Аянчид аа, дараагийн буудал Өвөрмонголын их сургуулийн буудал” гэхчлэн зарлах ба зорчигчдыг урд хаалгаараа оруулж, хойд хаалгаараа буулгана.

Мэдээж газар мэдэхгүйн дээр яарсан сандарсан үед такси шиг сайхан унаа хаа байх вэ. Такси эхний нэг км-т 8 юань. Түүнээс цаашхи км бүрт төлбөр өснө. Такси таниас илүү авна гэж байхгүй. Таны зорьсон газар ирэхэд явсан км, төлөх дүнгийн тухай мэдээлэл дэлгэцэн дээр гарах бөгөөд урдах хянах самбараас талон шиг баримт гарч ирдэг тул зориулалтын такси сонгох нь зөв юм.
Хөх хот нийтийн бие засах газартаа хувьсгал хийж байгаа гэнэ. Хүмүүсийн хөл хөдөлгөөн бүхий газар бүрт 00 байх. Жорлон нь 24 цагийн турш онгорхой, бас үнэгүй. Хэдэн жилийн өмнө эднийхний нутгаар аялахдаа, “Өвөрмонголд юу олон, мод олон” хэмээн бичиж байжээ. Харин одоо цагт бол, “Хөх хотод юу олон, нийтийн бие засах газар олон” гэж хэлмээр цаг ирж дээ. Үүн дээр нэмж хэлэхэд, энэ хотын иргэд усны хэрэглээ ихтэй.

Хөх хот өөрөө их дулаан, өвөлдөө өнтэй өвөлждөг газар санж. Зуны 7-8 сард нохой гаслам халуун болдог гэх. Цаг агаартай нь холбоотойнх уу, ер нь иргэдийнх амьдралын хэвшил юм уу ус их уух юм.
Хөх хот хоолны газраар хахна. Гудамж руугаа харсан олон жижиг хоолны газрууд захаас аваад тааралдана. Эгзэг нь таарвал манайхны иддэг уудаг бүхэнтэй сайхан монгол хоолны газрууд ч байх. Хот дотор мөн “Шар гудамж” гэх дан хоолны газрууд байршсан бүхэл бүтэн гудамж байх ба тэндээ хятад гэлтгүй бусад үндэстний хоолоор дагнасан газрууд байх юм. Хөх хот ч, иргэд нь ч их европжуу болжээ.

Кофены шофууд, амьд цэцгийн дэлгүүрүүд, бялуу тэргүүтэй амттаны дэлгүүрүүд гээд хэрэглээний өөр нэг соёл энэ хотод хүч түрэн орж ирсэн байна. Оршин суугчид нь үүнийгээ дагаад тансаг хэрэглээ рүү ихээхэн хошуурах болсон гэх.
Энэ хот мөн л худалдааны төвүүдээр хахна. Хэдий л бол хэдий худалдан авалт хийх боломжтой. Уламжлалт жижиг мухлагууд ч үйлчлүүлэгчдээ татахын тулд гаднах өнгөнөөсөө эхлээд доторх бараа туруугаа өрж тавьсан нь өөр болжээ.

Манайхны худалдаачид эндээс бараа татдаг эсэхийг би сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан интернэтээр бараа захиалахад хямд байдаг гэх. Заримдаа битүү наймаа бүрхэг л байдаг даа. Харин томоохон худалдааны төвүүдийн бараа чанартай ч, үнэтэй талдаа тусна. Аргагүй шүү дээ амьдрал сайн, авдаг цалин нь хангалттай байхад дэлхийн брендүүд тэдэн рүү цэцгийн бал руу тэмүүлэх зөгий адил хар аяндаа шуурч байгаа байлгүй. 
Хөх хотыг зорьж ирдэг монголчуудын нэг урсгал бол эмнэлэгт үзүүлж оношлуулах явдал юм. Сайн эмнэлэг, эмч олон гэнэ. Энэ талын олигтой мэдээлэл би лав Улаанбаатарт олонтаа олж харж байгаагүй. Явсан суусан улс бие биенээсээ мэдээлэл солилцдог юм уу гэж боддог. Хөх хотын эрүүл мэндийн байгууллагууд нь оношилгоо сайтай, орчин үеийн тоног төхөөрөмжтэйн дээр уламжлалт эм эмнэлгийг хослуулсан эмчилгээ явуулдаг гэдгээрээ монголчуудад хэдийнэ танигдсан билээ.Өөр нэг тооцож ирэх асуудал бол түрээсийн байр.

Дунджаар 1300-1500 юань. Түрээсийн үнээ гурван сараар авдаг. Зөвхөн үүргэвчтэйгээ орчиход болохоор тансаг зэрэглэлийн байр бол дунджаар 2000 юань. Гурван сарын түрээс дээр нэг сарын барьцаа мөнгө нэхэж магад. Уншигч та дуу алдаж байна уу, Хөх хот ч гайгүй, Бээжингийн түрээсийн байр 5000 юаниас эхэлдэг.
Мэдээж та хоосон гудамж, зам талбай, барилга байшингуудын дундуур явахгүй нь тодорхой.

Өөртөө засах дотроо нийт 25 сая хүнтэй ч монгол үндэстэн 4.2 сая. Хөх хотын 3 сая иргэний 300-400 мянга гаруй нь монгол үндэстэн. Тэгэхээр таны алхам тутамд ах дүүс өвөрлөгчид тааралдана гэвэл басхүү эндүүрэл. Гэвч эндхийн өвөрмонголчууд Улаанбаатарт юу болж байгааг гаргаахгүй мэддэг шигээ өөр өөрийн хот дүүрэгт ирж байгаа монголчуудыг анддаггүй бололтой.

Бие биенээсээ дам дамаа сонсчихдог бололтой, тиймээс тэд таныг эхний удаад хоолонд урина. Энэ газарт хэн нэгнийг хоолонд урина гэдэг ихэд хүндэтгэж байгаагийн хэлбэр юм. Гэвч бусдад төвөг уддаг хүмүүст хэн дуртай байх билээ, “Өвөрмонголчууд гурав хоолонд оруулна аа, тэгээд зугтана аа” гэсэн хошин яриа ч бас оргүй үг биш биз ээ.

2018.05.18 Хөх хот
 



Хөх хотоос бичсэн тэмдэглэл-2

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0