ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-10-21
Б.Ганцоож: Жолооч нар зөвшөөрөл авалгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсныг албадан тараасан

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор хүн болон ачаа бараа тээвэрлэдэг "Уаз 469" машины жолооч нар  зургадугаар сарын 19-нд Замын-Үүдийн шалган нэвтрүүлэхийн наана буй 3-ын хаалтны орох гарах чиглэлийг хааж эсэргүүцлээ илэрхийлсэн. Хууль хяналтын байгууллагаас  тухайн жагсаал цуглааныг албан тараасан байна. Энэ асуудлаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, хошууч Б.Ганцоожоос тодрууллаа.


- Жолооч нар ямар учраас жагсаал зохион байгуулах болов?


-Эрээний талаас Монгол Улсын Замын-Үүдийн боомтоор зорчигч тээвэр  болон ачаа бараа тээвэрлэдэг  машин техникийн шаардлага хангахгүй, ачаа, хүн тээврийн норм зөрчсөн, насжилт ихтэй, орчин тойрондоо аюултай нөхцөл үүсгэж байгааг сануулж,  манай талд олон улсын стандарт шаардлагыг хангаж ажиллах талаар мэдэгдэл өгч, энэ асуудлаар сүүлийн 2-3 жил ярьж байгаа юм байна.
Гэтэл манай жолооч нар машиндаа дүүрэн ачаа ачина гээд зүтгээд байдаг. Ачааны машин шиг их хэмжээгээр ачдаг байдлаа зогсоо, машиныхаа өнгө үзэмж, аюулгүй байдалд анхаар гэдэг  Хятадын тавьсан шаардлагыг эсэргүүцэж  жолооч нар хил хааж эсэргүүцэл үзүүлсэн.


-Жагсаал цуглаан зохион байгуулах талаар албан ёсны мэдэгдэл ирсэн юм уу?


-Аливаа жагсаал цуглаан хийх тохиолдолд цагдаагийн газраас бус хуулийн дагуу харьяалах төрийн байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Өөрөөр хэлбэл ямар байгууллага, ямар зорилгоор хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй жагсаал хийх тухай тодорхой мэдэгдлээ хүргүүлэх  ёстой.
Гэтэл Замын-Үүдийн жолооч нар хуулийн дагуу жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл аваагүй. Хэн нь зохион байгуулаад хэн нь дэмжээд, хэн нь гүйцэтгээд байгаа нь мэдэгдэхгүй эмх цэгцгүй, бужигнасан үйл явдал болсон учир нөхцөл байдлыг хэвийн үйл ажиллагаанд нь оруулахын тулд сумын Засаг даргын захирамжийн дагуу хууль бус жагсаал цуглааныг албадан тараасан.
Хуулийн дагуу зөвшөөрлөө аваад албан ёсоор жагсаал цуглаан хийж байгаа үед бид тэдний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүн жагсаал цуглаан зохион байгуулж байхад өөр нэгэн хүнд таалагдахгүй дундуур нь орж үймүүлээд, эсвэл өдөөн хатгах үйл ажиллагаа явуулаад байвал бид урьдчилан сэргийлж хамгаалалтын ажил  гүйцэтгэнэ. 


-Жагсаал цуглааны үеэр цагдаагийн ажилтнууд  хүний биед халдаж гэмтэл учруулсан талаар ярьж байгаа?


-Жагсаал цуглааны асуудлаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй баг Замын-Үүдэд ажилласан. Цагдаагийн ажилтнуудыг очиход эсэргүүцлийн байдал үзүүлсэн.Цагдаагийн ажилтнууд хуулийн дагуу л үүрэг гүйцэтгэсэн.
Бүх хүн ухаалаг утастай.Энэ цагдаа намайг бороохойдсон, энэ хүн зодсон гээд баримт нь байх ёстой шүү дээ.Цагдаагийн  байгууллагаас зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа зогсоо, нөхцөл  байдлыг хэвийн горимд оруул гэж 30 минут тутамд санамж зөвлөмж хүргэж байсан.
Цагдаагийн ажилтнууд гар гараасаа сугадаж дүрэм журмынхаа дагуу ажиллаж үүрэг гүйцэтгэсэн. Бужигнааны үеэр тэнд ч нэг хүн суучихсан, энд ч нэг хүн гүйн харайж, тэнд ч нэг хүн уначихсан байгаа дүр зураг бий.  Ингэж үймээн самуун дэгдээх нь бусдыг өдөөн турхирах үйлдэл байж болно. Хүн болгон харсан үзсэн зүйлээ өөрсдийнхөө өнцгөөр тайлбарладаг.


-Жагсаалд оролцсон хүмүүсийг  автобусаар Сайншандад авчирч шалгаж байгаа юм уу?


-Шөнийн дөрвөн цагийн үед улсын хил дээр хориотой бүсэд хууль бус үйл ажиллагаа зохион байгуулаад байгаа хүмүүсийг тарахыг шаардсан.Шаардлага биелүүлээгүй хүмүүсийг  авчирч хэн бэ гэдгийг тодруулах үйл ажиллагаа явагдаж байна. Ирсэн хүмүүсээс эрх, үүргийг нь асууж, хаана оршин суудаг, юу санаж хүсэж яваа, жолоочоор ажилладаг  эсэх зэрэг шаардлагатай зүйлийг асууж баримтжуулж  байна. Тэрнээс биш жагсаал хийсэн хүмүүсийг авчирч хориод, зодож занчаад хүний эрхийг зөрчөөд байгаа юм байхгүй.

н.Зулаа: Бидний замыг  булааж авах гэсэн, хятадад худалдагдсан хэдэн дарга нарын ажиллагаа



Жагсаал цуглаан зохион байгуулахад оролцсон н.Зулаа гэдэг бүсгүй Сайншандад ирээд байхад нь зарим зүйлийг тодрууллаа.


-Өчигдөр чухам юу болсон юм бэ?


-Бидний тэмцлийн гол шалтгаан нь ачаа бараагаа ачдагаараа ачъя.Ачихдаа хятадын талаас тавьж байгаа шаардлагын дагуу сандлынхаа ард бараагаа ачья гэсэн бидний хүсэлт.Гэтэл хятадын талаас  сандлын ард бараа ачуулах нь бүү хэл  өргөн хэрэглээний бараа ачуулахгүй, зөвхөн гар тээш ачих шаардлага тавьсан.Энэ нь жижигхэн хоёр цүнх.
Би дөрвөн хүүхэдтэй эх хүн. Хүүхдүүдээ хэнээр тэжээлгэх вэ. Яаж амьдарч, юугаараа орлого олох вэ? үгээ хэлж тэмцэх ёстой юм байна гээд ирсэн.Тэр үед олон хүн миний адил ирээд  зогсож байсан.Гэтэл хятад руу гарах  автобусыг Чөлөөт бүсийн замаар гаргасан.Гаргахгүй гэж хэлсний төлөө намайг ийм болголоо. /Гар, тохойгоо үзүүлэв/      
-Хэн ийм болгосон бэ?
Цагдаа нар. 15-20 цагдаа байсан. Намайг  чирч гулдраад аваад явсан.  Гахай, нохой шиг чирсэн.


-Зүгээр байхад чинь үү?


-Бид тайван жагсаж байсан. Гэтэл тайван жагсаалыг цагдаа нар  эвдэж сөрөг байдлаар бидний өмнөөс ашигласан.Хэрэв автобуснуудыг хилээр гаргахаар бол бид сөрж эсэргүүцэх байсныг мэдэж Чөлөөт бүсийн замаар явуулсан. Бүр буутай цэргүүд ирчихсэн байсан.  Гэтэл тэр зам нь Хятадын нэг л мөнгөтэй хүний зам.


-Юунаас болоод ийм байдалд хүрчихэв?


-Бидний замыг  булааж авах гэсэн, хятадад худалдагдсан хэдэн дарга нарын үйл ажиллагаа гэж харж байна.Зам булаана гэдэг 1000 жолоочийн хоолыг булааж байгаа хэрэг биздээ. Нэг жолоочийн ард 2-3 хүн гээд бодоход хэдэн хүний амьдрал байгаа нь тодорхой.  Замын-Үүдийн  Засаг дарга Алдарбаяр “Би үүнийг шийдэж чадахгүй гэж байна” билээ. Үүнийг шийдэж чадахгүй бол Засаг дарга гэж яваад яах вэ. ИТХ-ын дарга Анхбаярыг бидний төлөө дуугараач гэж хэдэн сар гуйсан, ирээгүй.



Б.Ганцоож: Жолооч нар зөвшөөрөл авалгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсныг албадан тараасан

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0