ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-09-26
ЭЕШ-д амжилт гаргасан сурагчид болон шавь нараа амжилттай бэлтгэсэн багш нарыг урамшуулав

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчид, тэднийг бэлтгэж амжилт гарган оролцуулсан багш нарыг долдугаар сарын 09-нд хүлээн авч уулзлаа. Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг нэг сая, тухайн сурагчийг бэлтгэж оролцуулсан багшийг 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах шийдвэрийг Засаг дарга гаргасан юм.

Энэ жил Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн  сурагч Л.Мөнхбаясгалан монгол хэлээр, Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Э.Түвшинцэнд математикаар, сурагч А.Буянтогтох нийгмийн шалгалтад 800 оноо авчээ. Засаг дарга Т.Энхтүвшин амжилт гаргасан сурагчдад нэг сая төгрөгийг, шавь нараа амжилттай бэлтгэсэн багш нарт  500 мянган төгрөгийг гардуулж баяр хүргэв.

Сурагч Э.Түвшинцэнд гавьяат багш Б.Бадарчийн,А.Буянтогтох нийгмийн ухааны багш н.Ганбаярын, Л.Мөнхбаясгалан монгол хэлний багш Д.Мөнхчимэгийн шавь ажээ. Математикаар шалгалт өгсөн Э.Түвшинцэнд ШУТИС-ийн механик инженерийн ангийг сонгожээ. Харин  нийгмийн ухааны чиглэлээр  А.Буянтогтох МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангийг онооны давуугаар сонгосон бол  II сургуулийн сурагч Л.Мөнхбаясгалан МУИС-ийн монгол хэлний ангийг сонгожээ.

“Бид боловсролын салбарыг дэмжих  зорилгоор тодорхой төсөл, дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 2018 оныг хүний хөгжлийг дэмжих жил болгон зарлаж хүүхэд залуус, багш нар, ахмадууд, гэр бүл рүү лүү чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж буй.

Тухайлбал, Нутгийн зөвлөлтэйгөө хамтарч амьжиргааны түвшнээс доогуур орлоготой айлын сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй хүүхдийг санхүүгээр дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Бид саяхан математикийн улсын олимпиадыг орон нутагтаа зохион байгуулсан. Улсын хэд хэдэн томоохон спортын уралдаан тэмцээнийг ч орон нутагтаа зохион байгууллаа.

Тэмцээнээс манай хүүхдүүд туршлага судлах, бусад аймгуудтай өөрсдийг харьцуулах, цаашид хөгжиж дэвжихэд чухал нөлөөтэй юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр аймгуудыг  жагсаасан байна.  Манай аймаг  нэлээд  хойно байсан. Энэ жил   амжилтаа ахиулсанд баяртай байгаа. Боловсролын салбарыг бодлогоор дэмжсэний эхний үр дүн бол та бүхний амжилт юм.

Цаашдаа элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр эхний тавд орох зорилтыг дэвшүүлж байгаа. Дорноговь аймгийн хүүхдүүд гадаад дотоодын их дээд сургуульд сурдаг, амжилт гаргадаг боломжийг бүрдүүлэх нь бидний зорилт. Мөн хүүхэд залуусын тоглож наадах, ахмадуудын амрах орчныг бүрдүүлэх зорилгоор  “Алтанговь” худалдааны төвийн урд талбайг  тохижуулсан, одоо гэр бүлийн  талбайг шинээр тохижуулж гээд дэд бүтцийн салбарт ч хөрөнгө оруулж байна. Хүүдүүд, багш нарын эн удаагийн амжилт түүчээ болж үүнээс олон хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтдаа 800 оноо авах байх гэж найдаж байна. Та бүхний сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье” гэв.

 

 Нийгмийн ухааны чиглэлээр  ЭЕШ-д 800 оноо авсан А.Буянтогтох

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангийн оюутан болов

 

ЭЕШ-д 800 оноо авсан  II сургуулийн сурагч Л.Мөнхбаясгалан МУИС-ийн монгол хэлний ангийн оюутан

 

Математикаар ЭЕШ-д 800 оноо авсан Э.Түвшинцэнд ШУТИС-ийн механик инженерийн ангийн оюутан болов



ЭЕШ-д амжилт гаргасан сурагчид болон шавь нараа амжилттай бэлтгэсэн багш нарыг урамшуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0