ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-09-26
Замын-Үүдэд урьд орж байгаагүй усархаг бороо оржээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд долдугаар сарын 19-нд орсон түр зуурын усархаг борооноос үүдэж зарим байшин барилга, обьект усанд автлаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан.
Энэ талаар тус сумын ЗДТГ-ын дарга Б.Батдуламаас тодруулахад “Долдугаар сарын 19-нд орсон усархаг борооны улмаас зарим  байшингийн орц, хонгилд ус нэвтэрч, зам талбайд ус дүүрч, суваг шуудуу, хонхор газар ус тогтсон. Үүссэн нөхцөл байдлын дагуу сумын Онцгой комисс хуралдаж  шаардлагатай авто техникийг дайчилж борооны усыг зайлуулах зэрэг ажлыг зохион байгууллаа.
Борооны уснаас сэргийлж  мэргэжлийн хүмүүс цахилгааны утасны шон, гэрлийн аюулгүй ажиллагааг хангаж үзлэг шалгалт хийсэн. Байгалийн хүчин зүйл, усархаг аадар бороо зарим барилга байшин, зам талбайн чанарыг шалгалаа. Авто тээврийн биржийн харьяа орон сууц, мөн Замын-Үүдийн  хот тохижилтын байранд ус нэвтэрсэн. Дээрх барилгууд  олон жил болж чанар нь муудсан байдаг.
Гэхдээ гамшгийн хэмжээнд хүртэл хор хохирол учраагүй. Онцгой байдлын албаныхан одоо ч ажиллаж байна. Цаг агаарын нөхцөл, усархаг борооноос сэрэмжүүлэх тухай хэдэн хоногийн өмнөөс айл өрх, албан газарт зар мэдээллийг хангалттай өгсөн” гэв. Замын-Үүд суманд долдугаар сарын 19-ний өглөө зөөлөн бороо шивэрч байснаа өдрийн 12-14 цагийн хооронд гэнэт ширүүсч 50.1 мм  хэмжээтэй хур тунадас оржээ.

Уг нь аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний албанаас Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл сумын нутгаар 20-31 мм хэмжээтэй усархаг бороо орно гэж анхааруулж байсан хэдий ч Замын-Үүд суманд 50.1 мм хүртэл орсон нь өмнө орж байгаагүй хур тунадас аж. Хотыг анхнаасаа төлөвлөхдөө ус зайлуулах хоолой бариагүй  тул борооны ус хонхор газар тогтож, зам дагуу урссан байна. 



Замын-Үүдэд урьд орж байгаагүй усархаг бороо оржээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0