ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Ноён хутагтын лагшин дүрийг өрх айлд бэлэг болгон гардууллаа

Дорноговь аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран говийн тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тохиолдуулж Дорноговь аймгийн нийт өрх айлд хутагтын лагшин дүрийг бэлэг болгон гардуулж байна.
Долдугаар сарын 24-нд Сайншанд сумын иргэдийн төлөөлөлд хутагтын лагшин дүрийг гардуулах ёслол болсон бөгөөд есдүгээр дүрийн ноён хутагт Данзанлувсантүдэв сүсэгтэн олонд ерөөл айлдаж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр  нар иргэдийн төлөөлөлд гардууллаа.
“Дорноговь аймаг 2018 оныг Хүний хөгжлийг дэмжих-Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд Сайншанд суманд 50 ортой төрөх эмнэлэг, төмөр замын суурин буюу Сайншанд сумын дөрөвдүгээр багт 320 хүүхдийн багтаамжтай бага сургууль, Данзанравжаагийн музей, болон орон нутгийг судлах музейн засвар, хүүхдийн цэцэрлэг, “Мандах наран-3” орон сууцны хороолол, авто замын шинэчлэл, цэнгэлдэх хүрээлэн, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн, гэр бүлийн талбай гээд олон бүтээлч ажлыг  өрнүүлж байна.
Мөн Их хутагтынхаа ойг угтаж аймгийн ЗДТГ-аас хутагтынхаа бүтээл туурвилыг алдаршуулах, эрдэмтдийн дуу хоолойг сонсох зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний хурал, мөн “Хурмаст тэнгэр” яруу найргийн наадам зэргийг зохион байгуулж буй. Өнөөдөр аймгийнхаа нийт өрх айлд хутагтын лагшин дүрийг бэлэг болгон гардуулж байна” гэж аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин онцлов.
Хутагтын лагшин дүрийг гардуулах аравнайлах ёслолыг долдугаар сарын 23-нд Айраг, Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд суманд зохион байгуулжээ. 



Ноён хутагтын лагшин дүрийг өрх айлд бэлэг болгон гардууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0