ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-11-19
Б.Уртнасан:Уяачид бүтэн жилийн хөдөлмөрөө наадмаар шалгуулдаг
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 199 удаа уншсан
2018-07-26 12:24:15

Газар дэлхий номин ногоон өнгөөр солонго татуулж морьдын тургих, янцгаах, хүүхдийн мэгзэм, гийнгоолох чимээ Сайншандын эргэн тойронд цуурай татуулах.

Сайншандын зүүн этгээд, морь барианы газрын арын дэнж дээр гарч дуран гүйлгэхэд уяачдын гэр майхан,отог, адууны уяа тал дүүрэн харагдлаа.

Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой, говийн бүсийн даншиг наадамд хурдан хүлгээ уяж хурдлуулах уяачдын түрүүч аль хэдийнээ ирж отоглосон нь энэ. Дорноговийн наадам долдугаар сарын 27-29-нд болно.

Урган нартай зэрэгцэн морьдын ажлаа хийж буй уяачийн галд буусан нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын аймгийн алдарт уяач Б.Уртнасангийн гал аж.Түүнтэй морьдын уяа, наадмын тухай хөөрөлдөв.

-Сайхан зусаж байна уу? морь хурдан, уяа эвлэг үү?

Сайхаан. Сайхан уу?  Морь хурдан байна.

-Танай галынхан хэзээ энд буув?

Ирээд хоёр хонож байна. Уяа морьдоо дасгах, газрын байдалтай танилцах гээд ажилтай л сууна. Дүүтэйгээ, мөн нутгийн аймгийн алдарт уяачийн хамт гал болж  ирлээ. Минйи  их  морь хязаалан, дүүгийн болон найзын гээд азарганаас бусад морьд бий.

-Говь нутаг гандуу удсан ч долдугаар сард орсон борооноор газар дэлхий сэргэж, зуншлага сайхан байна?

-Тиймээ. Мал хүний зоо тэнийж байна. 

- Энэ жилийн морьдын өнгө, тамир тэнхээ ямархуу байна?та сумандаа наадаад давхар уяатай ирэв үү?

-Энэ жил сумандаа уралдаагүй. Дан уяагаар морьдоо сойж, хутагтын наадмыг зорьж ирсэн. Адууны онцлог, уяа, байгаль цаг уурын байдлаас шалтгаалж морьд янз бүр л байх. Манай нутагт оройхон  хур орж малчид саяхнаас л зунжиж  эхэллээ. Ийм  нөхцөлд  морьдоос нэлээд тамир шаардах байх.Тамир тэнхэл  сайтай адуу давхар уяагаар уралдаж байна.

 

 

 -Уяач хүний анхны айраг түрүү сонин дурсамж үлдээсэн байх?

-1991 оноос хойш морь уяж байна.Манай өвөө Сэмбэ болон нагац ах Буяндэлгэр нарыгаа дагаж  уяачийн жаахан дөр суусан болов уу.Сумын 40 жилийн ойгоор шүдлэн үрээ гуравт давхиулж сэтгэл их хөдөлж, урам зориг бадарч байсан санагдана.

Үүнээс хойш  сум, аймгийн наадамд их уралдсан. Ноён хутагт Данзанравжаагийн 200 жилийн ойгоор хээр алаг даагаа айргийн  гуравт хурдлуулж, мөн  2006 онд Хэнтий аймгийн Галшар суманд Өвгөн ноён Пүрэвжавын мэндэлсний 162 жилийн ойгоор соёолон азарга айргийн тавд хурдлуулж  бүсийн хоёр айраг, аймгийн гурван түрүү, зургаан айраг авсан амжилтаар 2013 онд аймгийн алдарт уяачийн болзол хангаж байсан.

Та өөрийнхөө хүүхдээр морио унуулж байна уу?  

-Миний хүүхэд ч унаж л байна. Мөн дүүгийн хүүхэд бий.

-Өмнөх үеэ бодоход уяачид морьддоо нэмэгдэл тэжээл хэрэглэдэг болсон. Бодит амьдрал дээр ямархуу байна?

-Уяачид наадмаар уяж сойх боломжтой адуундаа алсын тамир суулгах,  эртнээс өвс тэжээлд бэлтгэх зорилгоор тэжээл өгдөг. Тэжээл бол сүүлийн үеийн  морьдны уяа сойлгын нэгэн хэвшил болж байна.

-Урьдны уяачид  морьдоо хөлөөр нь хөтөлж, наадам холын замд хонон өнжин явж, цагаан өвсөөр уралдуулдаг байсан.  Эдүгээ тэжээлээр, дусал хийж, тамирыг нь засаж, машинаар ачиж уралддаг боллоо. Уяачийн хөдөлмөр, арга ажиллагаа, адууны чанарт өөрчлөлт гарч байна уу? Танд юу мэдрэгдэж байхын?

- Тиймээ. Урьд наадам цөөхөн болдог. Нэг хоёрхон уралдаад л буцаагаад тавьчихдаг байсан. Одоо тэжээл өгч, шингэн хийж цусыг нь шингэлээд л, тамирыг нь засаад  хэдэн ч давхар уяагаар уралддаг болж. Тэжээл, цагаан өвсний уяа тэс өөр.

Тэжээсэн адуу мэдээж тамир сайтай, суулт багатай. Тэжээлийн адууны гэдсийг айхтар чангалаад байж болохгүй. Харин цагаан өвсний адууны гэдсийг нь эвийг нь олоод тогтоогоод байж болдог.Хашаан дотор тэжээл  өгөөд байлгах, мөн өвөл, зуны цас бороо байгалийн хатууд бэлчээртэй байгаа адуу хоёрын хооронд ялгаа бий.

 

 

Адаглаад  өвлийн тэсгим хүйтэнд  цан хүүрэг татуулж барьж унаад хорыг нь  гаргаад тавиад байсан адууны тэсвэр тэвчээр сайн. Харин хашаа дотор тэжээл идүүлээд байлгах ямар байхав. Хүний гар харсан амьтан болж  хувирна.  

-Цагаан өвсөөр уралддаг адуу бараг байхгүй болж байна уу?

-Хөдөөгүүр бага наадамд мэр сэр  байна аа. Тэр болгон уяачид бүх адуугаа тэжээгээд байж чадахгүй л дээ

-Тэжээл гэснээс, морь уяна гэдэг хөрөнгө  санхүүгээс ихээхэн шалтгаалдаг  юм шиг.  Тэжээл, машин унаа, гэр бараа, хоол хүнс гээд...?

-Уяачийн хөдөлмөр жилийн турш үргэлжилдэг. Хөрөнгө  зардлаа тооцох, өвс тэжээл, витамин, эм тариа,ус, хоол хүнсийг цуглуулах, машин унаа, шатахуун, түлшээ бэлдэх гээд  зардал гарна.

-Хоёр хурдан адуу тэжээлээ гэж бодоход нэг жилийн турш уяачаас хэдий хэмжээний  зардал гарах вэ?

-Ганц хоёрхон морь тэжээж байна уу? арав орчмоор нь тэжээж байна уу гэдгээс шалтгаална. Гурван сарын хугацаанд сая гаруй төгрөг зарцуулаад байх шүү. Морьдын онцлог байгалийн хүчин зүйлсээс шалтгаалж янз бүр.

-Та ямар угшлын адуутай вэ? Хэчнээн адуу маллаж байна? Дорноговь хурдтай газар. Банди, тайж гээд сайн угшил энд бий. Мөн зүүн талаараа хурдны нутаг Сүхбаатар, хойд талаарааХэнтий аймагтаа хил залгаа оршдог.

-Манай өвгөн ажаа буюу Сэмбэ гэдэг хүн хонгор голдуу адуутай хүн байлаа. Нарийн угшлыг нь хөөвөл Иххэтийн Адилаа адууны угшил. Мөн Дэлгэрэхийн тайж адуу, Хэнтий, Сүхбаатараас нэлээн цус сэлбэсэн дээ. Одоогоор гурван азарга адуутай.

 

 

-Хутагтын наадмын дараа өөр наадамд уралдах уу?

-Наймдугаар сарын 06-нд Дэлгэрэх суманд тайжийн хурд болон. Мөн Алтанширээ  сумын нутагт ургийн баяртай. Тэнд гурван нас уралдуулна.

-Морь түрүүлэх тэр өдрийн өнгө,  уяачийн эрдэм,  адууны угшил гээд юм юмны л тохироо бүрддэг гэж сонссон?

-Хурдан адуунд уул адууны угшил чухал нөлөөтэй. Улс, аймаг, суманд айрагдаж түрүүлээд байгаа адууг судлаад үзэхлээр эцэг, эх талдаа ямар нэгэн хурдан адууны угшил яригддаг. Мөн тэр үеийн уяа сойлго, цаг агаарын байдал, уяач хүүхдийн овсгоо самбаа бүрдэж байж л түрүүлнэ. Уяачид бүтэн жил хөдөлмөрлөж байж шалгалтаа наадмаар л өгдөг.

-Уламжлалт ёс заншил, морины уяа сойлго,  ахас ихсээ хүндлэх гээд монголчуудын бүтээсэн өв соёлыг залуу үе хэрхэн өвөлж авч байна?

-Монгол хүн, морь хоёр хэзээ ч салшгүй. Миний хүүхдүүд намайг дагаад морины ажилд туслаад явж л байна. Нэг хэсэг залуучууд хот хүрээ рүү хошуурсан тал бий. Харин энэ байдал эргэчихлээ. Залуус хөдөө рүү тэмүүлж байна. Мал маллаад, ажил хөдөлмөр эрхлээд, морь уяад хөдөө сайхан амьдрал байгааг ойлгож мэдэрч байгаа.

-Унаач хүүхдийн аюулгүй байдал, хамгаалах хувцас хэрэглэлийг  та хангачихсан уу?

-Төр засгаас энэ асуудал дээр анхаарч байгаа учраас бид ч бас хууль дүрмээ баримтлах учиртай. Малгай, өвдөгний хамгаалалт, даатгал гээд шаардлагатай зүйлсийг бэлдээгүйгээс болоод морио уралдуулж чадахгүй хасуулбал бүтэн жилийн хөдөлмөр талаар урсана. Мөн унаач хүүхдийн аюулгүй  байдал, эрүүл мэндийг  хамгаалах нь чухал.   

-Олон айраг түрүү авахыг ерөөе!

-Баярлалаа. Ерөөл оршиг.



Б.Уртнасан:Уяачид бүтэн жилийн хөдөлмөрөө наадмаар шалгуулдаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0