ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-14
Хөх хотоос ногоон хот руу
Б. Туул > Нийтлэгч | 192 удаа уншсан
2018-08-31 09:57:12

Хөх хотод ирсээр гурван сар өнгөрөв. Яаж зүгээр суух уу дөрвөн ч цуврал тэмдэглэл бичжээ. Тэгэх ээ нь тус хотод хэрэгжиж буй бохирдлын эсрэг арга хэлбэрүүдийн талаар товч ч болов сийрүүлэхгүй бол санаа ер ханах юм биш.

Хөх хотод анх ирсэн хүний нүдэнд хамгийн түрүүнд юу их тодоор тусахыг тааж хэлэх юм алга. Ямартай ч зам зуур таарсан элэг нэгтнүүдийнхээ яриаг сонсоход, "Давхар зам нь гоё юм байна, Улаанбаатарт ингээд барьчихвал түгжрэл хамаагүй багасгана даа", "Ногоон байгууламж сайтай юм, ийм олон модтой юм чинь бороо хур оролгүй яахав" гэх буюу эсвэл "Настай хүнтэй хамт ирсэн. Оройдоо цэцэрлэгт хүрээлэнд нь очдог байсан, стресс бухимдал арилаад ёстой аятайхан юм байна билээ" хэмээн ярьж байхтай таарч явав. Энэ бол хүн хүний өөрт таалагдсан өнцөг.

Харин одоо тэдгээр өнцгүүдийг нэгтгэн багцалж бичвэртээ тусгахыг хичээлээ.Миний амьдарч буй байрны өөдөөс харсан зургаан давхар барилгын дээгүүр моддын үзүүр өнгийн харагддаг. Харин үүнийг харах бүрт  "Модод зургаан давхар барилгыг давж ургах хүртэл хэдий хугацаа хэрэгтэй юм бол" гэж боддог ч эл асуултдаа би хариулж чаддаггүй. Үүний оронд харин аливаа хотын бохирдол анх хэзээ эхэлсэн, "эмчилгээ"-нд нь тийм хэмжээний хугацаа зарцуулдаг байх нь гэсэн тэс өмнөө бодол тархинд орж ирээд байдаг билээ.

Хөх хот мод олонтой нь үнэн. Зарим гудамжны модод сар шинийн шинэлээчид золгож буй адил дээгүүрээ "уулзан золгосон" байх ба хурц нар, шиврээ бороотой өдөр тэдгээр моддын доогуур явахад нар хурыг хааж, чийгний үнэр ялгаруулах нь байгальлаг-амьдлаг хот ямархан таатай болохыг арьс махан дээр минь мэдрүүлдэг дээ. Мөн эл хот 10 гаруй цэцэрлэгт хүрээлэнтэй. Тэдгээрийн нэг нь "Мандухай" цэцэрлэгт хүрээлэн. Хотын төвд оршдог учраас энэ зуны халуунд тэрхүү цэцэрлэгт хүрээлэн олон хүний аминд орох шиг боллоо.

Хэлээ унжуулах шахсан амьтан дотор нь яваад орчихно. Хэсэгтээ сэрүүцээд өдрийн алжаал ядрал тайлагдаад гараад ирэх жишээний. Үдэш оройдоо бол хэн хүний хаанаас нэгдсэн журмаар зохион байгуулсан дуу бүжиг, алхалт гүйлтийн тэмцээн болж байна уу гэж эндүүрмээр пиг хүнээр дүүрнэ. Гүйх нь гүйж, алхах нь алхаж, ширээний теннис тоглож, талбайн бүжиг хийж, ёстой л цэцэрлэгт хүрээлэнтэйн хэргийг гаргаж байна аа.

Тэгэх нь ээ замын нөгөө талд гарахад өнөөх л говийн хуурай халуун агаар бүчин авах. Хар замын хоёр талд байдал ийм өөр байхад модтой хот, цементэн хот хоёрын дунд ямархан их зааг ялгаа байдгийг анзаарахгүй өнгөрнө гэж үү. Ажилдаа орсны дараахан Далан харын өвөр хормойгоор байгууллагаараа алхалт хийлээ. Далан харын нуруу бараг ой болжээ. Хэдийгээр одоодоо модод нь нялх, сийрэг ч арваад жилийн дараа гэхэд битүү ой болох нь бололтой. Өвөрмонголын нутгаар хавар намартаа бас л нүдгүй шуурдаг гэх ч Хөх хотыг тойруулж хашсан тэдгээр моддын нөлөөнд хот хавар намрын шороон шуурганд харьцангуй бага өртдөг гэнэ.

Элс шорооноос бамбайлдаг эдгээр моддыг хөрш маань хэрхэн амжилттай тарьж ургуулаад байна вэ. Үүнд хэд хэдэн үндсэн шалтгаан байна уу гэж харж байна. Энэ хот, улс саяхныг хүртэл манайх шиг хавартаа сургууль соёл, албан байгууллагаараа мод тарьдаг ч намартаа үхүүлчихдэг байжээ. Тиймээс ганд тэсвэртэй, ус бага хэрэглэдэг моддыг тусгай үржүүлгийн газарт шинжлэх ухаанчаар туршин гаргаж авсан. Тэдгээр нь амьдрах чадвар сайтай, хаа тарьсан газартаа дадан зохицомтгой. Услалтыг нь газар нутгийн онцлогтой тохируулан шийдэж, байнгын арчилгаатай байлгадаг.

Хамгийн гол нь мод тарина гэдэг бол тухайлсан цалин хөлстэй олныг хамарсан компанит ажил болж, энэ чиглэлийн иргэдээс гарах санаачилгыг улсын хэмжээнд бүрэн дүүрэн дэмждэг. Мод тарьсан хүн энд зарим тохиолдолд үндэсний баатрын хэмжээнд яригдаж хүндлэгддэг гээд зөвхөн мод тарихын эргэн тойронд бүхэл бүтэн цикл хөтөлбөр хэрэгжиж байна.

Өөрөөр хэлбэл, наанаа мод зүлэг тариад байгаа юм шиг харагдаж байгаа ч өмнөх алдаатай бодлогын үр дүнд өм цөм ухаж орхисон газар нутгийг нөхөн сэргээх, айл өрхийн чөлөөлж өгсөн буурийг улсын хэрэгцээнд авч ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх, тэгснээр хүчилтөрөгчийн ялгаруулалтыг нэмэгдүүлэх, цөлжилтийг хязгаарлах, ан амьтны оршин амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Бээжин Тяньжин руу хүрдэг шар шуургыг намжаах, эцсийн эцэст иргэдээ ажилтай орлоготой байлгах-эрүүл аюулгүй орчинд амьдруулах гэсэн ганц нэгээр тогтохгүй, тэгсэн атлаа нэг нь нөгөөтэйгээ ихээхэн уялдсан энгийн юм шиг хэрнээ том бодлого, үйл явц яваад байна уу хэмээн олзуурхан харж сууна.

Өнгөрсөн жилийн сүүлчээр хуралдсан Хятадын 19 дүгээр их хурлаас улсын хэмжээнд ирэх жилүүдэд хэрэгжих бодлого чиглэлээ тодорхойлж, дэлхий нийтэд ил тод зарласан. Тэдгээрийн дотор экологийн бүтээн байгуулалт, экологийн соёл буюу ногоон бодлого багагүй орон зайг эзэлж буй.

Тэгэхээр ойрын жилүүдэд энэ улс лав өнгөрсөн он жилүүд шиг хот суурингуудаа ногооруулах үйл явцынхаа эрчийг алдалгүй хадгалах нь бололтой. Миний амьдарч буй Хөх хот гэхэд зөвхөн энэ жилийн тойронд хотын ногоон бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, иргэдийн амьдрах цэвэр тохьтой орчныг бүрдүүлэх үүднээс 30 сая мод тарьж, 160 га талбайг нэмж ногооруулахаар төлөвлөсөн тухай "Синьхау" агентлаг энэ зуны дундуур мэдээлж байв.

Хөх хот ид бохирдлын үедээ өвлийн улиралд болжмор нь болжмор гэж танигдахын эцэсгүй тас хар амьтан нисч явсан гэх. Энэ хотынхон одоо бохирдолгүй хотыг бүтээхийн тулд дээрх жишгээр мод тарьсан бол нөгөө талд нь бас ч үгүй цөөн бус арга хэлбэрийг ашиглаж байна. Хот доторх шугамын автобусыг цахилгаан автобусаар сольж, үнийг нь нэг юань /одоогийн ханшаар бол хаашаа ч явсан 360 орчим төгрөг/-иар тогтоожээ. Би гэдэг хүн эхэндээ хамгийн бага зардлаар хөл дүүжлэх унаанд сууж байна даа гэж боддог байлаа.

Гэтэл сүүлд мэдэх нь ээ сарын хугацаатай карт ашиглавал 15 мөнгөөр, хязгааргүй хугацаатай карт худалдан авбал 5 мөнгөөр хямд юм билээ. Мөн ахмадууд нийтийн тээвэрт үнэгүй зорчдог гээд унаа машины уналгыг багасгах хөшүүргийг нийтийн тээврээр орлуулах оролдлогыг хийсэн байна. Таксины хувьд хийгээр явдаг. Дуудлагын такси нь илүү хямд. Одоогийн байдлаар метроны хоёр шугам тавьж байгаагаас нэг нь ирэх жил ашиглалтад орно.

Дотор газарт дугуйн хэрэглээ их. Хөх хотод ч Хятад орны энэ цаг үеийн дөрвөн их ололтод тооцогдож буй түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. Сарын хугацаанд 5 юанийн өртөгтэй дугуй унаж болно. Эсвэл нэг сард 200 юань төлөөд  түрээсийн дугуй авч болох ч сардаа багтан авчирч өгвөл төлбөрийг нь буцааж өгдөг. За тэгээд дугуйн зам байдаг байдаггүй тухай бичих нь илүүц хэрэг юм.

Түүнчлэн манайд хэрэгждэг орон сууцны дахин төлөвлөлт ч тус хотод амжилттай хэрэгжиж байна. Ганц нэг өрх засаг захиргаанаас тавьсан үнийн саналыг зөвшөөрдөггүй бололтой, өндөр барилгуудын дунд Хөх хотын хуучин хэв маягийг илтгэсэн улаан тоосгон байшингууд ч харагддаг л юм. Гэхдээ энэ хөтөлбөрт хэдийнэ хамрагдаад газраа чөлөөлснөөр хоёр өрөө байр хоёртой болчихсон насны эцэст бодож санах юмгүй, нийгмийн шинэ урсгалд дасан зохицоод амьдарч яваа хотын уугуул хөгшчүүл ч цөөнгүй гэх.

Ер нь анзаарч бичвэл бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ энэ хотод багагүй. Хүнд үл анзаарагдам хотын бохирдолд нөлөөлж байж болзошгүй шалтгаан бүрийг хотын удирдлагууд орхигдуулахгүйг хичээж  байна. Тухайлбал, өнгөрсөн жил ӨМӨЗО байгуулагдсаныхаа 70 жилийн ойг тэмдэглэв дээ. Энэ хүрээнд шорлогийг гудамжинд ил зарахыг зогсоож, бүгдийг жижиг мухлаг руу шахаж оруулжээ. Ингэснээр агаарт цацагддаг утаа униарыг багасгасны зэрэгцээ хотын гудамж талбайг тос тортогоор бохирдуулахаас сэргийлсэн арга хэмжээ болсон гэж оршин суугчид нь сонин болгож хүүрнэв.

Хөх хот нь дундуураа хиймэл гол байгуулсан, үйлдвэрүүдийг хотоос шахаж гаргасан, түүхий нүүрсний хэрэглээг болиулж түүний оронд шахмал түлшний хэрэглээг дэмжсэн, олон нийтийн газарт тамхидалтыг хориглосон, гудамж талбайд нус цэрээ хаяхыг цээрлэсэн, хог хаягдлаа ил задгай хаядаггүй, яндангуудыг буулгаж нэгдсэн халаалтад холбосон гээд нэгбүрчлэн "самнавал" олон сайхан амжилттай туршлагын жишээ энэ хотоос гарсаар байх нь бололтой. Эцэст дүгнэж хэлэхэд, төр иргэнийхээ амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хангана-хамгаална гэдэг л жинхэнэ утгаараа хэрэгжиж байна гэхээс өөр юу гэлтэй.

Мөнхүү тэмдэглэлээ бичихийн өмнө ганц нэг хүнээс юуны учир Хөх хот хэмээн нэрлэсэн болохыг асуулаа. Хөх хот нь дээхэндээ хөх тоосгон хэрэмтэй байсан. Тэрхүү хэрэм нь алсын газраас хөхөрч харагдсан байсан учраас ийн нэрийдсэн гэх ахмадтай таарсан бол хөх Монголчуудын суурин учраас ингэж нэрлэсэн гэх ч хүнтэй таарч байв.

Мөн Далан харын нурууны энгэр дэх эл хот холын газраас хөхөрч харагддагаас Хөх хот гэж нэрлэсэн гэсэн хэд хэдэн хувилбарыг олж сонссон ч миний энэ удаагийн тэмдэглэл хотын нэрийг лавшруулахад чиглээгүй учир эдгээр санааг цухас дурдаад өнгөрсү.

 

 

 
 

 

 



Хөх хотоос ногоон хот руу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0