ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Хөх хотоос ногоон хот руу-2
Б. Туул > Нийтлэгч | 35 удаа уншсан
2018-12-06 10:20:50

Сүүлийн 4-5 хоногт Хөх хотын модод навчсаа бараг бүрэн гөвж дуусав. Гудамж талбайгаар нэг хөглөрөх улаан, ногоон, шар өнгө өнгийн том жижиг навчсыг ягаан хантаазтай ТҮК-ийнхэн хэдэн өдрийн турш дэрсэн шүүрээр хамж шүүрдэв. Ойрын хэд хоног дараалан хүчтэйхэн салхисныг хэлэх үү, өмнө нь сэрчигнэх төдий салхинд ганц нэг навчаа дуртай дургүйхэн унагаж байсан модод одоо нүцгэрч үлджээ.

Нарны цацрагийг өөртөө шингээн гялтагнан буух навчисыг харахад утга зохиол оролддог нэгэнд бол яруу тунгалаг шүлэг найргийн санаа төрөхөөр, зурагчин зураглаачдад бол байгалийн тэрхэн агшиныг дуран авайдаа дурайтал буулгаж амьтан хүний сэтгэл зүрхийг гэгэлзүүлмээр гэгээн торгон мөчүүд хэсэгхэн хугацаанд үргэлжлэн өнгөрөв.

Хөх хот мод олонтой, тиймээс төдий хэрээр овоохон навч унадаг байж таарна. Гудамжны нэг цэвэрлэгч өдөрт хэдий хэмжээний навч шүүрддэг, түүнийг нь хаа устгадаг талаар хэлье ч мэдэх юм алга. Гэлээ гэхдээ гудамжиндаа шатааж, утаа май тавьдаггүй юм байна. Одоогоос арваад жилийн өмнө унасан навчаа энд тэнд бөөгнүүлж шатаадаг байсан цаг бол бий гэнэ. Орчин цагт эл явдал ард хоцорчээ.

Хөх хотод ирсээр би гэдэг хүн хогны машин олж үзээгүй юм билээ. Манай хотод бол хогны машин хөгжим дуу хангинуулсаар ирдэг дээ, үгүй юмаа гэхэд үнэр танараасаа андашгүй байдагсан ер олж хараагүйгээ бичих зуураа мэдэж гайхах юмаа олов. Эл хот хогтой сайн тэмцэнэ ээ. Ил үзэгдэхээс нь ярьвал өнөөх л ТҮК-ийн хэдэн хүн л өглөө үдэшгүй цэвэрлэж харагддаг юм.

Тэдний бөөгнүүлсэн хогийг хэн хэзээ ачиж явдгийн бүү мэд. Ер нь хороолол дундах хогийг ачиж байгаатай ч тааралдаагүй юм билээ. Харин манайхны үглэл дуулал болгож “Олшруулмаар байна” гээд байдаг хогийн сав бол хаа сайгүй бий. Шууд хаях, дахин ашиглахаар бодож шийдсэн хоёр тасалгаатай, нүүрэн тус газар нь дахин ашиглахаа ногоон, шууд хаяхаа улаан өнгийн тэмдэглэгээ тавьж гудамж талбайдаа байрлуулсан байдаг.

Харин хорооллуудын дунд төмөр, хуванцар, цаас, нэхмэл гэсэн дөрвөн ангилал бүхий төрөлжүүлсэн хогийн савыг байршуулсан байдаг аж. Ер нь халиаж асгарсан хогийн сав үзэгддэггүйг бодохоор гудамжны цэвэрлэгээ үйлчилгээг сайтар хянаж, цаанаас нь сайн хийхийг шаарддаг бололтой.

Хуванцар сав, хаягдал цаасыг дахин боловсруулах нь аль ч хотод байдаг үзэгдэл. Хог түүж байна гэх үү, мөнгө олж орлогоо нэмэгдүүлж байна гэх үү эсвэл хотын хог хаягдлыг бууруулахад иргэний хувиар оролцож байна гэх үү хогийн сав ухаж зогсоо хүнтэй цөөн бус удаа таарч байв. Гэхдээ яадгаа алдчихсан, хэр дагиндаа баригдсан хүмүүс ч бас хогийн сав ухаад байгаа юм биш.

Настай голдуу ихээ арвич хямгач байрын иргэд л энэ талбарт “ажиллаад” байх шиг байгаа юм. Хуучин тавилга, хөргөгч мэтийг хямдаар худалдаж авдаг худалдаачид энэ хотод санаачилгаараа ажилладаг бол иргэдийн элэгдэж хуучирсан гутал хувцас, хөнжил, ор хөнжлийн даавуу, цонхны хөшиг, ном сонин, цүнх зэргийг хийх төмөр зориулалтын хайрцагууд байруудын дунд байх.

Тэрхүү төмөр хайрцагт дөнгүүр амьдралтайчууд нь дээрх төрлийн эд зүйлсээ угааж цэвэрлээд дараагийн хүн хэрэглэхэд бэлэн болгож хийх зааварчилгаатай. Тэрхүү хайрцаг нь нүүрэн тус газраа амсартай, гэхдээ хүн бүр санасны зоргоор ухаад байдаг юм биш. Түлхүүр болон хайрцагны бүрэн бүтэн байдалд хяналт тавьдаг тусдаа хүнтэй. Хүмүүнлэгийн байгууллагынхан хайрцгаа эргэж ядарч зүдэрсэн нэгэнд тэдгээр хувцас хунарыг тарааж амьдрал ахуйд нь тус дэм хүргэдэг.

Энэ нь нэг дор олон хүний гутал хувцас хөглөрч хог хаягдал үүсэхээс сэргийлсэн, нөгөөтэйгүүр хэсэг бүлэг хүмүүсийг хэрэгтэй шаардлагатай зүйлсээр нь хангах гэсэн хоёр талт арга ухаан хэмээн уншигдаж байгаа биз.

Сүүлийн үед зарим хороолол дунд лонхыг “үмхдэг” машин хүртэл суурилуулах болжээ. Уг машин нь бар кодтой лаазыг дор нь “залгиж” орхидог аж. Ер нь жижиг гэлтгүй бохирдлыг бууруулахад чиглэсэн бүхий л арга хэлбэрүүдийг хотын удирдлага үйл ажиллагаандаа ашиглаж байна гэж өмнөх тэмдэглэлдээ дурдсан даа. Ийм нэг жишээг энд дахинтаа нэгийг сийрүүлье.

Тус хотод өдгөө бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж буй. Тиймээс хотын дотор гадна ялгалгүй зам гүүр, барилга байгууламжийн бүтээн байгуулалт явагдсаар байна. Тэдгээр зам барилгын ажлаас гарсан шороо чулууг ногоон өнгийн сатуркан тороор хучиж, тоос шороо дэгдэхээс сэргийлдэг ба шороо ачсан машин гэхэд тэвшээ тийн бүрж замын хөдөлгөөнд оролцдогийг үзвэл хэрэгжүүлэх хүнд бас л авууштай санаа шиг.

Гэрэлт буудлага нь хятад орон, хятад хүмүүсийн хувьд уламжлалт баяр ёслолын үеэрх чухал зан үйлийн нэгээхэн хэсэг юм. Улсын хэмжээнд салют буудахыг хориглосон шийдвэр гараад удаж байна. Их дуу чимээ гаргаж, агаарын бохирдлыг нэмэгдүүлдэг энэхүү уламжлалт үйл өмнөхөө бодвол харьцангуй багассан гэх ч хурим найр, төрсөн өдрийн баяр, дэлгүүр хоршоо шинээр нээх, барилга байгууламж ашиглалтад орох зэрэгт одоо ч өнөөх ёслолын буудлагаа буудуулсаар буй.

Мөн сар шинийн битүүний орой аж ахуй эрхлэгчид үүдэндээ түүдэг асааж, ирэх жилдээ мандан бадрахыг билэгддэг байж. Зарим нэг иргэдийн асаасан түүдэг шинийн нэгний өглөө гэхэд бүрэн унтраагүй, цогшин утаа май тавьсаар байдаг байсан гэхийг бодвол овоохон том гал ноцоодог байсан бололтой. Одоо цагт энэ зан үйлийг мөн л болиулжээ.

Жорлонгийн хувьсгал Хөх хотод үргэлжлэн хийгдсээр байна. Гурван сая хүнтэй гэгдэх энэ хотын оршин суугчдыг оруулахаа больё, хөдөө гадаанаас ирсэн эсвэл аялагч жуулчид өмнө нь хэрхэн биологийн асуудлаа “шийдэж” байсан юм болоо гэж бодогдохоор олон тооны нийтийн бие засах газрыг хотын эргэн тойронд суурилуулсаар байна. Миний ажилдаа явдаг замд гэхэд тус бүр хоёр 00 шинээр суурилуулжээ.

Ажих нь ээ хотын төв орчмоор газрын хүрэлцээ тааруу тул багашаархан зайнд тааруулсан хэмжээ томгүй жорлон барьж байгаа бол зах дүүргийн 00-ууд нь бололцоотой айлын зуслангийн байшин шиг хоёр давхар, уужуу ч гэж жигтэйхэн юм байх юм. Ихэнх 00 нь үүдэндээ царай зүсээ харах тольтой, гар угаах угаалтууртай бол зарим нь ус ундаа болон ойр зуурын хэрэгцээний зүйл зардаг худалдаатай, түргэн хоолны цэгтэй, амарч тухлах тусдаа өрөөтэй, тэр зуураа ном сониноо гарчигладаг, гар утсаа цэнэглэдэг бие засах гэхээсээ биеэ амраах газар гэмээр.

Хятад улсын өнөөгийн удирдагч Ши Жиньпиний санаачилгаар орон даяар хэрэгжиж байгаа уг компанит аяны хүрээнд өвөрлөгчдийн нийслэлд өдгөө 3000 орчим ийм төрлийн байгууламж барьсан гэсэн статистик байна.

Арван сарын 15-наас хот даяар нэгэн зэрэг айл өрх, албан байгууллагууд халаалтаа авсан. Гэсэн хэдий ч Хөх хотын тэнгэрт утаа униарны өчүүхэн ч илэрцгүй байна. Арван сарын сүүлч арваннэгэн сарын эх гэхэд Хөх хот өдөртөө нэмэх градусын дулаантай, налгар сайхан намрын өдрүүд үргэлжилж байгаатай ч холбоотой байж болох.

Гэсэн хэдий ч тус хот агаарын бохирдлынхоо ихэнх хувийг бууруулж чадсан, өвөлдөө ч тийм их хар утаа суунагладаггүй болсон гэх. Тоо баримт сөхвөл, Хятад улс томоохон хотуудын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чаджээ. Хөх хотын оршин суугчдынх нь өгүүлж байгаагаас тунгаавал, орчны бохирдлын хэмжээ эрс буурсан нь үнэн ч дуу чимээний давтамж нэлээн ихэссэн хэмээн ярилцана.

 

 



Хөх хотоос ногоон хот руу-2

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0