ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-15
Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү?
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 1536 удаа уншсан
2019-01-15 12:48:52

Энэ зураг Сайншанд суманд буй Хамарын хийдийн Энергийн төвийн нэгээхэн хэсэг. Цаана нь харийнхан нүүрс олборлохоор машин техник, амбаар саваа зэхээд бэлэн болжээ.

Говь нутгийн үзэсгэлэн болсон энэ газар 200 гаруй жилийн тэртээ Говийн тавдугаар дүрийн Ноёнхутагт Лувсанданзанравжаагийн номоо бясалгаж хүн зонд сургаалиа айлдаж байсан онгон дагшин  нутаг юм.

Орон нутгийн тусгай хамгаалалттай газар Шамбалын орны энергийн төвийн зүүн хойно долоон км-т "Даблью Эс Жи Эл" ашиглалтын үйл ажиллагаа эхлэхээр байр сууц, шатахууны нөөц, ёмкостууд,техник хэрэгслээ байршуулаад буй.  Зөвшөөрөл хэзээ өгсөн талаар сурвалжиллаа.

 

Сайншанд, Өргөн, Эрдэнэ сумын нутаг Хар тал нэртэй ашигт малтмалын хайгуулын 12618Х дугаартай тусгай зөвшөөрлийг “АОЛК”ХХК-д 2007 оны 05 дугаар сарын 03-нд олгожээ.

Харин “АОЛК”ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнг үндэслэн Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны 2375 дугаар шийдвэрээр тус компанид 12923А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2047.11.08-ныг хүртэл 40 жилийн хугацаатай олгосон байна. 2017 оны 11 дүгээр сарын 15-нд уг тусгай зөвшөөрлийг “Оуяашиёоу”ХХК –д шилжүүлсэн аж.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэх үндэслэлээр Ашигт малтмал Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дүгээр сарын 03-ны  516 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Өргөн,Эрдэнэ сумын нутагт “Хар тал” нэртэй А-12923 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Гэвч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.13-ны 128/ШШ/20174/0466 шийдвэрийг  үндэслэн Ашиг малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017.07.19-ний  404 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн аж.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014.07.30-ний 5/03 тогтоолоор Хамарын хийд орчмын 45200,38 га талбайг түүх соёлын дурсгалт газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад авч 2014.09.22-нд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлд 45164,38 га талбайгаар бүртгэжээ.

Гэвч аймгийн тусгай хамгаалалттай Хамарын хийдийн талбайтай “Оуяашиёоу”ХХК –ийн ашиглалтын талбай давхцалтай байгаа гэх.

Тус компани нь тусгай зөвшөөрөл авсанаас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, ТЭЗҮ, архиеологи, палентологийн судалгаа зэрэг судалгаа хийгдсэн.

Орон нутагт үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар огт мэдэгдэлгүй ашиглалтын талбайд кемп байгуулсан. 2018 онд ашиглалтын талбайн зургаан цэгт нарийвчилсан хайгуулын өрөмдлөгийн ажил хийж орон нутагт хүлээлгэн өгөөгүй.

Ус ашиглах дүгнэлт гаргаж гэрээ байгуулаагүй үйл ажиллагаа явуулсан гэх тайлбарыг Өргөн сумын ЗДТГ-ын Байгаль орчин, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн гаргасан аж.

Мөн Дорноговь аймгийн Сайншанд, Өргөн,Эрдэнэ сумын нутагт “Хар тал” нэртэй А-12923 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хоёр хувааж МV-020873 дугаартай  “Хар тал” нэртэй 16301,21 га талбайг “Даблью Эс Жи Эл” ХХК-д 2018.06.13-нд, МV-021248 дугаартай “Хар тал” нэртэй 8921,23 га талбайг “Олон ихт баян”ХХК-д  2018.11.22-нд тус тус шилжүүлсэн байна.

Харин дээрх хоёр хувааж шилжүүлсэн тусгай зөвшөөрлийн нэгийг эзэмшиж байгаа компани нь Энергийн төвийн орчимд үйл ажиллагаа  эхлэхээр зэхэж  буй “Даблью Эс Жи Эл” ХХК юм.

 

 Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин:

Хамарын хийдийн орчимд уул уурхай эрхлэхийг зөвшөөрөхгүй

 

Дорноговь аймгийн Засаг дарга Улаанбаатар хотод ажлаар явж байгаа ч утсаар холбогдоход дараах тайлбарыг хийлээ. Бид ажил хүлээн авснаас хойш компаниудаас тусгай зөвшөөрөл  хүссэн саналд байнга татгалзсан хариу өгч байгаа.

Өмнөх он жилүүдэд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг замбараагүй олгосноос үүдсэн хор хохирол өнөөдөр ч мөн адил үргэлжилж байна. Бид үүнийг цэгцлэхийн төлөө л ажиллаж байна.

Энэ компанитай холбоотой тусгай зөвшөөрлийг олон жилийн өмнө өгчихсөн байдаг. Гэвч компанийн  тусгай зөвшөөрлийг цуцалсан ч шүүхээр ялж тусгай зөвшөөрлөө сэргээлгэсэн юм байна.

Орон нутгаас  компанийн үйл ажиллагааг яагаад ч  дэмжихгүй. Яг ийм байдал Өргөн сумын Аргалийн уул хавьд олгосон компанид гарсан. Бид мөн л тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох, үйл ажиллагааг нь зогсоох талаар боломжтой бүх ажлыг хийсэн. 2017 онд үйл ажиллагааг нь зогсоосон.

Хамгийн сүүлд аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаад улсын тусгай хамгаалалтад авахаар саналаа өгчихсөн. Үүнтэй адилхан байдал Хамарын хийд орчмын газар нутагт үүссэн. Бид Хамарын хийд орчимд ашигт малтмал олборлуулахгүй. Холбогдох хууль, хяналтын байгууллага, сумын удирдлагуудад үйл ажиллагааг зогсоох үүрэг чиглэлийг өгсөн.

Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр:

Аялал жуулчлалын төв Хамарын хийд орчимд ашигт малтмал олборлуулахгүй  

Тухайн газарт тусгай зөвшөөрлийг  аймгийн ИТХ-аас орон нутгийн тусгай хамгаалалтай газар болгон батлахаас өмнө олгосон юм байна. Тийм учраас тусгай хамгаалалтай газар нутагтай давхцал үүссэн харагдаж байгаа.

Өргөн, Сайншанд, Эрдэнэ зэрэг сумын зарим газрыг хамарсан тусгай зөвшөөрөлтэй 25 мянга орчим газрын 8.9 га нь Сайншанд сумын Хамарын хийдэд хамаарч байна.

Талбайн ихэнх нь Өргөн,Эрдэнэ сумын нутагт буй. Энэ нь тухайн үед олон жилийн өмнө олгогдсон байдаг. 2018 зунаас Хамарын хийд орчимд гадны хүмүүс, хятадууд яваад байгаа талаар иргэд, малчдаас мэдээлэл ирүүлсний дагуу бид цагдаагийн байгууллагуудтай хамтарч шалгаж арга хэмжээ тооцож, тухайн хүмүүсийг буцааж явуулсан байдаг.

Хамарын хийдийн орчмын газар аймгийн ИТХ-аас баталсан орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хамаардаг. Тийм учраас тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулуулахгүй.

Бид дээд шатны байгууллагуудад холбогдох хүсэлтээ явуулна.  Сайншанд сумын Засаг даргын хувьд  ялангуяа Хамарын хийд орчимд хамаарч байгаа хэсгийг тусгай зөвшөөрлийн талбайгаас гаргуулна гэсэн бодолтой байгаа.

Нэгэнт тусгай хамгаалалтай газар нутагт Хамарын хийд орчмын тухайн газрыг хамааруулаад авчихсан, тогтоолоор баталчихсан нөхцөлд орон нутгаас шат шатны байгуулагууд, тусгай зөвшөөрөл олгодог, цуцалдаг газарт нь хандаж шийдвэрлүүлнэ.

 Саяхнаас контейнер байрлуулж үйл ажиллагаа явуулахаар болсон тухай мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллагыхан ч өчигдөр мөн л энэ талаар ажилласан. Энергийн төв гээд хүмүүс сүсэглэдэг, улс даяар мэддэг, аялал жуулчлалын төв болсон бүс нутагт уул уурхайг зөвшөөрөөд, компани ашигт малтмал олборлоод байж таарахгүй.

Мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.



Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-02-19 18:07:32
    zochin: uursduu ard ni baij jujig tabiad bainaa. delgersaixan ,enkhtuvshin
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-18 18:17:44
    Lojoo: Deere tur zasag huulitai.derged n nutgiin ard tumen bga bolhoor yaran gazar nutgaa uhuulchihgui bha.Taivan amaglan baitsgaaya.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-16 11:06:15
    Зочин: Дээгий гишүүн 2020 онд УИХ-д гарахгүй нь тодорхой боллоо, одоо шархаа нөхөе гээд 20 оноос өмнө ДГ аймгийн байж болох бүх төрийн мөнгийг өөрийн компани руугаа тендэр, концесс нэрээр тууж байж магадгүй тухай хүмүүс ярьж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-16 08:27:23
    ?????: Энэ м.энхболдтой холбоотой дэлгэрсайханы хийж байгаа ажилаа зогсоосон юмыг 2018 онд сэргээсэн байгаа биз дээ Энхтүюшин диййлэхгүй найдаад хэрэггүй 1д ард түмэн өөрсдөө л тэмцэх хэрэгтэй 2 т энэ манан унах хэрэгтэй ингэж байж энергийн төв.дорноговь аврагдана барьсан ч алдахгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-15 20:04:10
    ?????: Одоогийн удирдлагууд үйл ажиллагааг нь зогсооно гэдэгт найдаж байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-15 19:38:50
    Зочин: Зогсоох хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-15 14:32:19
    Зочин: Minii duu zuv zuiliig survaljiljee sain bn ter saihan ongon dagshin gazraa dornogovichuud tudiigui mongolchuud bid hamgaalj ayalal juulchilaliin chigleleer hugjuulj ashiglah n zuv