ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-08-20
Их говийн зоригтны нутагт их бүтээн байгуулалт өрнөнө

Дорноговь аймгийн Өргөн сумын ЗДТГ-аас малчдын зөвлөгөөнийг нэгдүгээр сарын 25-нд зохион байгууллаа.

Өнгөрсөн жил сумын хүн ам өсөж 2000 гарсан, мал сүрэг 152 мянган толгой болж өссөн, иргэдийн хөгжлийн төвийг ашиглалтад оруулсан,аргалийн уулаа уурхай эрхлэгчдээс хамаалж чадсан, ундны усны эх үүсвэрийг буй болгож Өргөнчүүд цэвэр ус хэрэглэх боломж бүрдсэн гээд тодорхой бодитой ажлууд өрнөжээ.

Харин 2019 он бол “Их говийн зоригтны 75 жил”-ийн ойн тохиож байгаа онцлог жил аж. Ой угтаж зоригтнуудын алдар гавьяаг мөнхжүүлэх, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах, бэлчээр усжуулах, сумын нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, иргэд аж ахуй нэгжүүдийн оролцоотойгоор хашаа хороогоо цэвэрлэх зэрэг тохижилт үйлчилгээний олон ажлыг хийхээр төлөвлөсөн талаар сумын Засаг дарга Ж.Сүхбаатар дурдав.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин малчид, ард иргэдтэй уулзаж Өргөн сум 2018 оны ажил үйлсээрээ аймагтаа тэргүүн байрт шалгарсныг дуулгаад аймаг орон нутгаас зохион байгуулж буй ажил үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл өгч, малчдын сонирхсон асуултад хариуллаа.

1944 оны бичин жилийн цасан шуурганаар эх орны зүүн өмнөд хил рүү  уруудсан дал гаруй мянган адууг тогтоож улс даяар алдар нэрээ цуурайтуулсан Төвийн Балдан тэргүүтэй их говийн зоригтнуудын өлгий нутагт аймаг орон нутгаас анхаарал хандуулж хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт өрнүүлэхээр төлөвлөсөн талаар Засаг дарга Т.Энхтүвшин онцлов.

Тухайлбал Сайншанд-Замын-Үүд чиглэлийн замаас Өргөн сум хүртэлх 18.5 км авто замыг энэ жил ашиглалтад оруулах, сумын төвд спорт цогцолбор байгуулахаар боллоо. Малчдын зөвлөгөөний үеэр Өргөн сумаас төрсөн сумын сайн малчин,сумын мянгат малчдын шагналыг гардуулав.

 



Их говийн зоригтны нутагт их бүтээн байгуулалт өрнөнө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0