ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-04-26
Дорноговийн музей үзмэрийн гурван танхимаа шинэчиллээ

Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төв үзмэрийн гурван танхимаа шинэчлэн зохион байгуулж албан ёсны нээлтээ нэгдүгээр сарын 28-нд хийлээ.

Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжлийг харуулсан  танхимыг Монголын Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа тэргүүтэй Сэргээн засварлалт, үзмэр үзүүллэг үзэсгэлэн дэглэлтийн албаны баг өөрсдийн хүч хөдөлмөрөөр шинэ оны өмнөхөн сэргээн засварлаж хүлээлгэн өгсөн юм.

Хоёр дахь танхим нь  Их Монгол улсын үүх түүхтэй холбогдуулж сүлд шүтээний танхимыг тохижуулсан. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт буюу мэргэн вангийн хошуунд тахиж байсан  Хангал эхт цагаан туг нь Чингэс хааны сүлд шүтээний нэг бөгөөд үүнийг тугчин удмынхан 300 гаруй жил тахиж хамгаалсаар ирснийг судалсан байдаг.

 

 

Тиймээс 1996 онд МССТ-ийн сан хөмрөгт дээрх тугийг залжээ. Цагаан тугийг хүндэтгэн байрлуулж, Түшээт хан аймгийн Говь Мэргэн вангийн хошууны ноён Анандбазар, Сэцэн хан аймгийн Боржигин Сэцэн вангийн хошууны ноён Гомбосүрэн нарын өмсөж байсан ямбаны дээл, бусад он цагийн дагуу холбогдох үзмэрүүдээр Сүлд шүтээний танхимыг дэглэжээ.

Харин гурав дахь танхим нь эртний болон орчин үеийн хэв маяг, өнгө дизайны шийдлийг харуулсан  монгол хувцасны иж бүрдэл бүхий хувцасны коллекц юм. Энэхүү үндэсний хувцас болон булан байгуулахад шаардагдах төсвийг  
Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, Дорноговийн театрын анхны мэргэжлийн найруулагч Д.Дуламсүрэн агсны том охин Д.Тунгалаг, хүү Д.Мөрөн, бага охин Д.Бурмаа музейд бэлэглэсэн байна. Уг танхимыг мөн МССТ-ийн сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй үнэт үзмэр болох XIII зууны үеийн монгол эмэгтэйн гурван дээл, монгол малгайн төрлүүд, эхнэр дээл зэргээр баяжуулан дэглэжээ. 


 

Монгол Улсын гавьат багш, төгөлдөр хуурч Д.Тунгалаг, “Миний ээж Д.Дуламсүрэн Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул “Саран хөхөө” театрын  анхны мэргэжлийн найруулагчаар 1943-1949 оны хооронд ажиллаж байлаа.

Ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 205 жилийн ойг тохиолдуулан "Монгол костюмс" төвийн уран бүтээлчид урлаж, "Үлэмжийн чанар" театрчилсан загварын тоглолт зохион байгуулан, 2007 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын Хүндэтгэлийн тайзнаа соёл урлаг, үндэсний хувцсаа сурталчлах арга хэмжээнд толилуулсан байдаг.

"Монгол костюмс" төвийн захирал  Б.Сувд найз маань дээрх монгол хувцсыг надад бэлэглэсэн. Ээжийнхээ төрөлх нутгийнхантай холбоотой байх юмсан гэж боддог байлаа.

Хутагтын 215 жилийн ойгоор ирэх бодолтой байтал гадаадад хүүхдүүдтэйгээ уралдаан тэмцээнд оролцоод амжаагүй.Өнгөрсөн оны намар Дорноговьд ирээд Музейн дарга Л.Эрдэнэбаттай уулзахад хувцсыг орон нутгийн музейд байрлуулбал ямар вэ гэсэн санал тавихад нь талархан хүлээж авсан.

Үүнээс гадна миний ээжийн амьдрал уран бүтээлийг алдаршуулж, хүндэтгэж дурсгалын булан байгуулсан нь надад маш сайхан санагдлаа. Ээжийн намтар, манай гэр бүлийн зураг, төр засгаас авч байсан шагналуудыг нь  жагсаажээ. Бид эцэг эхээс гурвуулаа.

Ээж минь 17 насандаа урлагийн сургуульт орж суралцаад дараа нь Дорноговийн театртаа ажилласан. Удалгүй төрийн хүн болж Самбуу даргын хажууд 11 жил, Цэдэнбал даргын хажууд есөн жил, Лувсан гуайн дэргэд таван жил цайны аягчнаар ажиллаж байсан юм.

Төрийн том хүмүүсийн дэргэд, Улс төрийн товчоонд 26 жил ажиллана гэдэг том шалгуур. Ээж минь чекист хүн байсан. Аав, ээж минь цагаан мөртэй байсан учраас бид сайн сайхан явж байна” гэв.

Музейн шинэ танхимд зориулж орон нутгийн музейн дэргэдэх уртын дууны дугуйлангийн сурагчид Ноён хутагтын бүтээл "Үлэмжийн чанар" дуугаар ая дууны хадаг өргөлөө. 

 



Дорноговийн музей үзмэрийн гурван танхимаа шинэчиллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0