ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-05-21
Дорноговь аймагт буй хөшөө дурсгал

Дорноговь аймгийн газар нутаг, түүхэн хүмүүс, үйл явдалтай холбоотой хөшөө дурсгалын заримаас толилуулж байна.  

Суурийг нь хоёр метр гаруй өндөртэй гантиг чулуугаар урлаж, баруун мөр дээр нь хилэнц хорхой сууж буйгаар дүрсэлсэн Ноён хутагтын хөшөөг Сайншандын төв цэцэрлэгт 2013 онд түүний мэндэлсний 210 жилийн ойгоор сүндэрлүүлжээ.

Хутагтын шүтдэг шүтээн нь эмэгтэй хүн, уран зураг, хун шувуу, яруу найраг, дигваранз буюу хилэнцэт хорхой зэрэг байсан гэдэг. Хилэнцэт хорхой нь гүн ухааны бэлгэ тэмдэг бөгөөд уурлахаараа өөрийгөө хатгаж алдаг хорхой аж. “Хүн өөрийнхөө алдааны учрыг дотроосоо хайх ёстой” гэж шавь нартаа сургадаг байв.

 

Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчигийн хөшөө

 

Минометоо үүрч алсын барааг ширтэн зогсож байгаа дайчин цэргийн дүр бүхий хөшөө Сайншанд сумын арын хөтөл дээр сүндэрлэнэ.

Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул Дашийн Данзанваанчиг Монгол ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн Японы милитаристуудыг бут цохиход баатарлаг байлдаж таван удаа шархадсан ч тулалдаж гарамгай гавьяа байгуулжээ.

Түүний баатарлаг үйлсийг үнэлж Ардын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар 1945 оны есдүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цолоор шагнасан. Хөшөөг Дорноговь аймаг байгуулагдсаны 80 жилийн түүхт ойг тохиолдуулан  барималч Б.Мөнхтөр, С.Оюунтуяа нар урласан.

 

   Зургаан баатрын хөшөө

 

Дорноговь аймгийн харьяат Монгол Улсын баатар Д.Данзанваанчиг болон энд цэргийн алба хааж байсан С.Дампил, Л.Аюуш, хошууч Т.Дүүдэй, холбоочин М.Жанчив, хурандаа Д.Нянтайсүрэн нарын гэгээн дурсгалд зориулж зураач, уран барималч Баадгайн Даваа энэхүү зургаан баатрын хөшөөг урласан түүхтэй.

Дайчид улс орны тусгаар тогтнол, батлан хамгаалах үйлсэд гарамгай гавьяа байгуулж Монгол Улсын баатар цол хүртсэн. Эх орны дайны хүнд жилүүдэд Сайншанд хотод Монгол, Зөвлөлтийн цэргийн ангиуд байрлаж Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг харийн түрэмгийлэгчдээс сахин хамгаалж байсан.

Харин Зөвлөлтийн Улаан армийн хурандаа И.С.Дорожинский даргатай мотобуудлагын 27 дугаар тусгай бригад тус хотын урд дэнж дээр байрлаж байгаад 1945 онд чөлөөлөх дайнд оролцсон билээ. 1945 оны чөлөөлөх дайнд хурандаа Д. Нянтайсүрэнгийн командалсан хуягт бригад эх орны дуудлагаар мордож гарамгай гавъяа байгуулсан  түүх олны ам дамжин үлгэр домог мэт яригддаг.  

 

            Танктай хөшөө

 

Чөлөөлөх дайны ялалтын 40 жилийн ойгоор Сайншандын хойт өндөрлөг дээр нэгэн танкийн хөшөө сүндэрлүүлсэн нь одоог хүртэл буй.

1945 оны чөлөөлөх дайны өмнөхөн Монголын мотобуудлагын анги хороо байрлаж байсан энэ газрын дурсгалыг хүндэтгэж дайны талбараас төрж гарсан баатруудад, эрэлхэг дайчдад  зориулсан дурсгалын хөшөө эдүгээ аялагч жуулчдын үзэх, очих дуртай газрын нэг болжээ.

Сайншандын урд дэнж дээр орос нөхдийн барьсан дан, давхар барилгууд нь 70 гаруй жилийн тэртээ энд Монгол Зөвлөлтийн цэргийн анги байсныг илтгэдэг.

 

                      Их говийн зоригтнуудын хөшөө

 

Их говийн зоригт баатарлаг малчдын дурсгалыг хүндэтгэсэн морьтой малчны хөшөө Дорноговь аймгийн Өргөн сумын төвд буй.

Одоогоос 75 жилийн өмнө эх орны төв, өмнөд хэсгээр цасан шуурганд уруудсан 70 гаруй мянган адууг хахир өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд зориг, зүрх гарган хил давуулалгүй тогтоож улс даяар алдар нэрээ цуурайтуулсан Төвийн Балдан тэргүүтэй их говийн зоригтнуудын гавьяат үйлсийн талаар төрийн соёрхолт эрдэмтэн, зохиолч Б.Ренчин сурвалжлан “Их говийн зоригтон хүмүүс” хэмээх найруулал бичиж байсан. Дээрх хөшөөг Өргөн сумын ЗДТГ-аас санаачилж 2015 онд босгожээ.

 

  Банди тайж адууны хөшөө

 

Дорноговь аймгийн Дэлгэрэх сум Галсанбанди, Дэндэв тайжийн адууны угшлаар гайхагддаг. Хурдан адууны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор нутгийн иргэн сэтгүүлч, зурагчин, ард түмний гавьяат Л.Сандуйн санаачилга, зураг төслөөр 2003-2004 оны үед Дэлгэрэх сумын төв наадмын талбайд тамгатай зэсэн дээр товойлгон сийлсэн морьтой, дээрх нэр бүхий хүмүүст зориулсан дөрвөн метр өндөр, гантиг чулуун хөшөө босгосон.

Дээрх түүхэн хүмүүсийн хурдан хүлгүүд нь Цэцэн ханы өвгөн ноён Пүрэвжавын хурдтай арсалдан хурдалж байсан Монголын 13 омог адуун сүргийн нэгэн угшил гэж үздэг. Дэндэв тайжийн “Их хээр”, Галсанбандийн “Хүүхэн цагаан” гэдэг нэрт хүлгүүд Хэнтийн Галшар, Сүхбаатарын Орлой нутагт олон удаа  түрүү, аман хүзүү булаацалдаж байсан ажээ. 

 

Ноён хутагтын дурсгалын багана

 

Дорноговь аймгийн Хөвсгөл, Улаанбадрах сумын зааг Дулаан хар уулын өмнө Шувуун шанд  хэмээх газарт арван есдүгээр зууны дорно дахины соён гэгээрүүлэгч,  говийн тавдугаар дүрийн ноён хутагт яруу найрагч Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсэн гэрийн буурь дээр нэгэн дурсгалын багана байдаг.

Ноён хутагтын амьдрал дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор 1989 онд тус аймгийн утга зохиолын нэгдлийн зохиолч Х.Цэрэндорж, Г.Цагаандорж, Б.Төмөрпүрэв, Т.Дашбалдан, аймгийн Эвлэлийн хорооны дарга н.Баясгалан, барилгын инженер н.Баатар нар дээрх баганыг босгожээ.



Дорноговь аймагт буй хөшөө дурсгал

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0