ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-09-19
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг барьсанаар тээврийн өртгийг гурав дахин бууруулна
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 248 удаа уншсан
2019-05-25 15:33:51

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслийн нэг Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын шав тавих ёслол тавдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн Будар хэмээх газар боллоо.

2010 оны УИХ-ын 32 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримт”-ын дагуу Монголын өмнөд говь дахь Тавантолгойн ордоос зүүн тийш Дорноговь аймгийн нутгийг хөндлөн дайрч Зүүнбаянтай холбогдох эл бүтээн байгуулалтын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК ажиллаж байгаа бол төмөр замын доод бүтцийн далан, хоолойн ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, төмөр замын дээд бүтцийн ажлыг “УБТЗ”  тус тус гүйцэтгэхээр гэрээлжээ.

Төмөр замын бүтээн байгуулалтад 3700 орчим хүн, 1352 машин механизм ажиллах бол 3700 орчим хүн ажилтай орлоготой болох  тооцоог албаныхан хийсэн байна.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хѳгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин,  Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирал Ц.Цэнгэл нар оролцож үг хэлэв.Мөн Зэвсэгт хүчний  хийгээд төмөр замын салбарын алба хаагчид орон нутгийн  иргэдийн  тѳлѳѳлѳл оролцов.

Төмөр замын бүтээн байгуулалтын эхний ээлжийн санхүүжилтийг "Монголын төмөр зам" ТӨХК хүүгүй 20 жилийн хугацаатай 750 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт цаас гаргаж, уг үнэт цаасыг нүүрс тээвэрлэлтийн төлбөрөөс суутгах зэрэг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр "Эрдэнэс-Тавантолгой" ХК худалдан авах замаар санхүүжүүлэхээр болжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Бид хийж бүтээж чаддагаа харуулах ёстой

 

Би 2008 онд хамтарсан засгийн газарт Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын ажилд томилогдон ажиллахдаа яамныхаа баг хамт олонтой хамтарч шинэ төмөр зам болон 21 аймгийг авто замаар холбох зураг төсөл боловсруулж байсан. Ингээд 2010 онд Монгол Улс  анх удаа УИХ-аар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталж байв.

Уг бодлогод Монгол Улсад шинээр баригдах төмөр замыг гурван үе шаттайгаар нийт 6600 гаруй км төмөр зам барихаар тусгасан байдаг. Хэдийгээр бодлогоо баталсан ч хөрөнгө санхүүг шийдэлгүй байсаар ажил гацсан. Харин энэ удаа Засгийн газраас шинэ төмөр зам барих ажлын хөрөнгө санхүүг шийдвэрлэсэнд талархаж байна.

Энэ хөрөнгө оруулалт бол гадны валют биш, хүүгийн дарамт биш, гадаад ажилтангүй, өөрсдийн олсон орлогоор санхүүжүүлж байгаа бидний хөрөнгө юм. Бүтээн байгуулалтад оролцож байгаа бие бүрэлдэхүүний цалин хөлс, өмсөж зүүх, идэх хоол гээд бүгд дотооддоо үлдэнэ. Бид хийж бүтээж чаддаггүйн жишээ болох ёсгүй. Харин хийж бүтээж чаддагаа харуулах ёстой гэв.

 

Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:Шинэ төмөр замын сүлжээг ашиглан стратегийн томоохон ордуудаа эргэлтэд оруулна

 

Төмөр замын сүлжээг ашиглалтад оруулснаар Тавантолгойн нүүрсээс гадна зам дагуух 30 км-ийн тойрогт байгаа бүлэг ордуудыг эргэлтэд оруулж улсын эдийн засгийг  тэтгэх, улмаар төмөр замын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой.

Бүтээн байгуулалтад оролцох Зэвсэгт хүчний Жанжин штабын алба хаагчид ,техник хэрэгсэл, төмөр замын мэргэжлийн хүмүүс, инженерүүд бэлэн болсон.Хамгийн гол нь бид улс төржилтөө багасгаж бүтээн байгуулалтдаа анхаарч ажиллах хэрэгтэй байна гэв.

 

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин: Орон нутаг хурдацтай хөгжих боломж бүрдэнэ

 

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд өрнүүлж байгаа шинэ төмөр зам барих төсөл нь  нэмүү өртөг шингээсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хүргэх, улсын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, орон нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийн хүрээг нэмгдүүлэх томоохон боломжийг буй болгоно. Төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж хөрөнгө оруулж, бизнес эрхлэх санал ирж байна.

 

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа: Төмөр зам баригдсанаар тээврийн хөлс 3 дахин буурна

 

Зүүнбаян-Тавантолгойн төмөр зам эдийн засаг, улс төр, орон нутгийн хөгжлийн хувьд үр ашгаа өгнө. Урьдчилсан тооцоогоор 2500-3000 орчим хүн  ажлын байртай болно.

УБТЗ, “Монголын төмөр зам” ТӨХК,-ийн хамтарсан Ажлын хэсэг төмөр замын трассын дагуу чиглэл тогтоох ажлыг гүйцэтгэсэн. Зүүнбаянд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос” өдөртөө 21 вагоноор түүхий нефть ачиж Замын-Үүдийн хилийн боомтоор урагш нь экпортолж байгаа.

Мөн сардаа 150 вагоноор нүүрч ачиж байна. Хуучин замын нөхцөл байдлаа шинэ төмөр замтай уялдуулахын тулд 37 орчим тэрбум  төгрөгийн өөрийн санхүүжилтээр 47 км төмөр замын засварын ажил хийнэ. Модон дэрээ бетоноор солино. Шинэ төмөр зам барихад нэгдүгээрт үе угсрах бааз, мөн хоёр ширхэг ачаа буулгах терминал гээд гүйцэтгэх ажил их бий.

Төмөр зам барих ажлын ТЭЗҮ-д тодотгол хийж сайдын зөвлөлийн хурлаар оруулж дэмжүүлсэн. Тавантолгойгоос урагш авто замаар нэг тонн нүүрсний тээврийн зардал 32 доллар байгаа бол төмөр зам баригдсанаар тээврийн хөлс 3 дахин буюу найман доллар болж буурах тооцоо бий.

Жилдээ 30 сая тонн нүүрс энэ замаар тээвэрлэе гэж үзэхэд 12 жилийн дотор төмөр зам барьсан зардлаа нөхнө гэж тэрээр ярив.

 

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат: Сахилга бат, зохион байгуулалтыг чанад баримталж ажлыг төлөвлөгөөт хугацаанд чанартай гүйцэтгэж хүлээлгэн өгнө

 

Монгол Улсын зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах үйл хэргээ нэр төртэй биелүүлж ирсэний зэрэгцээ энх цагийн бүтээн байгуулалтад манайлан зүтгэж улс орны хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн баялаг туршлагатай.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндэсний бүтээн байгуулалтад гар бие оролцох хариуцлагатай үүргийг төрөөс бидэнд даалгасан нь зэвсэгт хүчний алба хаагчдад ихээхэн найдлага хүлээлгэж буйн илрэл.

Зэвсэгт хүчний алба хаагчид  төмөр замын далан барьж байгуулах бөгөөд ингэснээр мэргэжилтэй боловсон хүчний тоо нэмэгдүүлэх, төсөв хөрөнгийг хэмнэх, зарцуулсан хөрөнгө оруулалт нь эх орондоо үлдэх, залуу үеийг хөдөлмөр зүтгэлээр хүмүүжүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх, эх орныхоо ирээдүй, сайн сайханд итгэх, урам зоригтой амьдрах боломжийг бүрдүүлэх болно.

Бид энэхүү бүтээн байгуулалтад оролцохдоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, сахилга бат, зохион байгуулалтыг чанад баримталж төлөвлөгөөт хугацаанд чанартай гүйцэтгэж хүлээлгэн өгнө гэв.

Шав тавьсан газраас баруун тийш Тавантолгой хүртэл 270 гаруй км бол зүүн чиглэлд Зүүнбаян хүртэл 145 орчим км байгаа аж.

Зүүнбаянгийн чиглэлд төмөр зам барьснаар энэ нь Сайншанд-Замын-Үүд чиглэлийн төмөр замтай холбогдож Тавантолгойн нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Хятадын зах зээлд үнийн өрсөлдөөнд байдлаар олон гарцаар зэрэг нийлүүлэх, БНХАУ, ОХУ-аар дамжин далайн чанад дахь Япон, Солонгос, зэрэг гуравдагч зах зээлд өндөр үнээр уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлж борлуулах боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж буй.

Нээлтийн ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч төмөр замын бүтээн байгуулалтад оролцох зэвсэгт хүчний хээрийн анги, алба хаагчдын амьдрах нөхцөл, бусад үйл ажиллагаатай танилцсанаас гадна Дорноговь аймгийн төв Сайншанд сумаас зүүн хойд чиглэлд Алтанширээ сум руу тавьж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсанаар төрийн тэргүүний Дорноговь аймагт хийсэн албан томилолт өндөрлөсөн юм.



Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг барьсанаар тээврийн өртгийг гурав дахин бууруулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0