ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-08-20
Аймгийн төв номын санг МУСГЗ, яруу найрагч А.Эрдэнэ-Очирын нэрэмжит болгохоор шийдвэрлэв

Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны зургадугаар сарын 10-ны шийдвэрээр аймгийн төв номын санг “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, МУСГЗ, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсаны нэрэмжит болгохоор шийдэрлэлээ. Нэрт найрагч тус аймгийн Улаанбадрах сумын уугуул бөгөөд Монголын их утга зохиол, яруу  найрагт түүхийн шинэ хуудсыг нээж “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн  нэгэн үеийн яруу найрагчдын төлөөлөл юм.

Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болжээ. Яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтай. Шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртсэн.
“Монголын шилдэг яруу найргийн цоморлиг”, “Монголын уран зохиолын 108 боть” номонд бүтээл нь нийтлэгдсэн. Түүний бүтээлүүд Орос, Хятад, Энэтхэг улсад орчуулан хэвлэгдсэн байна. МЗЭ-ийн 80 жилийн ойгоор Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн. Тэрээр 2015 онд “Нар зөвийн эх орон” уран бүтээлийнхээ цэнгүүнийг уншигч зон олондоо  хүргэсэн бол мөн онд  Дэлхийн яруу найрагчдын 35 дугаар их хурлаас олгодог Дэлхийн урлаг, соёлын академийн “Шилдэг яруу найргийн төлөө” алтан медалиар шагнуулж байсан юм.



Аймгийн төв номын санг МУСГЗ, яруу найрагч А.Эрдэнэ-Очирын нэрэмжит болгохоор шийдвэрлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0