ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Японы Элчин сайдын зөвлөх Дорноговьд зочлов

Энэ оны хоёрдугаар сарын 07-ноос 08-нд Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт  Элчин сайд М.Такаокагийн  зөвлөх Кикүчи Минорү Дорноговь аймагт зочиллоо.

Тэрээр  Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн  зарим  ажлуудтай  танилцжээ.

 

“Өвсний үндэс” хөтөлбөр нь  хөгжиж буй орнуудын олон талт хэрэгцээг хангах, төрийн бус байгууллага, эмнэлэг, ерөнхий боловсролын сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн болон бусад ашгийн бус байгууллагуудыг  төсөл хэрэгжүүлэхэд нь санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлдэг  манай улсад хэрэгждэг гадны орны томоохон төсөл аж.

 

Дорноговь аймагт  дээрх хөтөлбөрийн  хүрээнд сургууль, цэцэрлэгийн анги танхим,сурах орчныг тохижуулахаас өгсүүлээд хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хөрөнгө оруулалтыг амжилттай  хийжээ.

 

Хамгийн сүүлийн жишээг дурдахад  “Жайка-Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймагт нутгийн ургамлыг тарималжуулан үржүүлэх“ төсөл хэрэгжсэн  бол тус аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэгийн их засварын ажлын хөрөнгийг дээрх хөтөлбөр санхүүжүүлсэн.

 

Элчин сайдын зөвлөхийг аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг бусад албаны хүмүүсийн хамт  хүлээн авч уулзаж  хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлж, цаашид Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төв, Сайншанд сумын ерөнхий боловсролын нэг, тавдугаар сургуульд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар санал солилцсон аж.

 

Дашрамд дурдахад  Японы Шизүока мужтай Дорноговь аймаг хамтын ажиллагаа тогтоосны таван жилийн ойг 2016 оны наймдугаар сард тэмдэглэсэн бол  дараагийн  таван жилийн гэрээг энэ оны хоёрдугаар сарын 06-наас 11-ний  өдөр   Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Шизүока мужид зочлохдоо зурсан байна.

 



Японы Элчин сайдын зөвлөх Дорноговьд зочлов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0