ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Элчин сайд Галт: Монгол Улс руу чиглэсэн АНУ-ын бодлогод томоохон өөрчлөлт гарна гэж бодохгүй байна

Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа.

 

Тэрбээр уулзалтын эхэнд, “Энэхүү ойн баяраа жилийн хугацаанд тэмдэглэнэ. Ойн томоохон арга хэмжээний нэг нь ирэх зургадугаар сард Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга  Монголд айлчлан тоглох гэж байгаа явдал юм. Учир нь АНУ-ын оркестр анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж тоглох гэж байна.

 

Америк-Монголын харилцаа 1987 оноос өргөжин гүнзгийрсээр ирсэн. Ирэх 30 жилд хамтын ажиллагаагаа улам бататгахаар ажиллаж байна. Монголын эдийн засгийг дахин сэргээх, төрөлжүүлэх тал дээр хамтран ажиллах, мөн ардчиллын институциудыг бэхжүүлэх, бат бэх цэргийн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх, бүс нутгийн болон олон талт байгууллагууд дахь монголын эерэг оролцоог дэмжих нь Элчин сайдын хувьд тавьж байгаа нэн тэргүүний зорилт байх болно.

 

Манай хоёр орныг холбож буй хэлхээ холбоо нь олон тооны солилцоо, хэлэлцээр, найз нөхдийн харилцаагаар нягт холбогдсон. Тэгэхээр ирэх он жилүүдад АНУ нь Монгол Улстай хамт байж, бат бэх суурь нь нэгэнт тавигдсан харилцаагаа үргэлжлүүлэн цогцлоох болно” хэмээв. Элчин сайдын мэдээллийн дараа уг уулзалт асуулт хариултаар үргэлжилсэн юм.

 

Визний бодлогын өөрчлөлтөд Монгол Улсыг хамааруулсан зүйл байхгүй

МОНЦАМЭ агентлаг: -Шинэ Ерөнхийлөгч сонгогдсоноор Монгол Улстай харилцах харилцаанд ямар нэг өөрчлөлт гарах уу. Тухайлбал, Элчин сайдын яам шинэ Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш виз олголтдоо хязгаар тавьсан уу?

 

-Манай хоёр орон ардчилсан улс. Ардчилсан орнуудад эрх мэдэл тайван замаар нэгээс нөгөөд шилждэг. Өнгөрсөн жил Монгол Улсад парламентын сонгууль боллоо. Сонгуулийн үр дүнд шинэ парламент, Засгийн газар бүрдсэн. Шинэ Засгийн газар бүрдэж байгаа тохиолдолд шинэ бодлого тодорхойлох нь зайлшгүй.

 

АНУ-д шинэ Засгийн газар бүрэлдээд, шилжилтийн үедээ явж байна. Тиймээс дэлхий даяар баримтлах бодлогодоо шинэ асуудлыг оруулах магадлалтай. Гэхдээ өнгөрсөн 30 жилийн турш харилцаж ирсэн харилцааныхаа туршлагаас харахад, Монгол Улс руу чиглэсэн АНУ-ын бодлогод томоохон өөрчлөлт гарна гэж бодохгүй байна.

 

Визний тухай бодлогоо тодорхойлж дуусаагүй байна. Тодорхойлох шатандаа явж байна. Цагаачлагчид, дүрвэгсэд эсвэл зорчигчдод зориулсан визний бодлогыг эргэн харж, томьёолох явц үргэлжилж байна. Гэхдээ Ерөнхийлөгч Трампын гаргасан визний тухай анхны шийдвэрт Монгол Улс ороогүй. Одоогоор визний бодлогын өөрчлөлтөд Монгол Улсыг хамааруулсан зүйл байхгүй.

 

Өдрийн сонин: -Гадаад харилцааны яамнаас Н2 визний хүсэлт олгох санал хүргүүлсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцэж байгаа болов уу?

 

-Монгол Улсын Гадаад харилцааны яам АНУ-ын Дотоодын аюулгүй явдлын яаманд түр хугацааны ажилтан буюу H2 хөтөлбөрт Монгол Улсыг оролцуулах хүсэлт тавьсан. Энэ нь түр хугацаагаар буюу улирлын чанартай ажилд монголчуудыг ажиллуулах зорилготой хөтөлбөр юм.

 

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам Монгол Улсыг энэхүү хөтөлбөрт оролцох боломжтой гэж үзсэн. Хэрэв хөтөлбөрт оролцох болвол АНУ-д хууль ёсоор түр хугацаанд монгол иргэд ажиллах боломж бүрдэнэ. Энэхүү хөтөлбөрт хамрагдахын тулд хоёр алхам хийх шаардлагатай. Нэгдүгээрт, бидний зүгээс Монгол Улсыг тус хөтөлбөрт оруулахаар нэр дэвшүүлэх ба энэ үйл явц нь ирэх дөрөвдүгээр сард болох байх.

 

Хөтөлбөрт хамруулах шийдвэр нааштай гарах эсэхэд бид баталгаа өгч чадахгүй. Мөн хөтөлбөр цаашдаа одоогийнхоо хэлбэрээр явах эсэхэд баталгаа өгөх боломжгүй.

 

 

 Ил тод байдлын гэрээ хэрэгжсэнээр Монгол Улс хөрөнгө оруулахад тохиромжтой улс гэдэг нь харагдана

 

МҮОНТ: -АНУ сүүлийн өдрүүдэд хууль бус цагаачдад хатуу шаадлага тавьж байгаа. Манай улсаас тус улсад 20-25 мянган хүн ажиллаж амьдарч байна. Шинэ Ерөнхийлөгчийн визний бодлого монголчуудын эрх ашгийг хэр их хөндөх бол? Мөн Элчин сайдаар ажиллах хугацаандаа та хоёр орны эдийн засгийн харилцааг бэхжүүлэх тал дээр ямар зорилт тавиад байна вэ?

 

-Хоёр дахь асуултаас эхлэн хариулъя. Ил тод байдлын хэлэлцээрийг өнгөрсөн сард эцэслэн шийдвэрлэсэн. Энэ үйл явц гуравдугаар сарын 20-нд эхэлнэ. Энэхүү ажил хэрэгжиж эхэлснээр АНУ болон бусад орны хөрөнгө оруулагчдад Монгол Улс хөрөнгө оруулахад тохиромжтой, бизнес хийх боломжтой улс юм гэсэн сэдлийг төрүүлнө гэдэгт найдаж байна.

 

Миний нэн тэргүүнд тавьж байгаа зорилт бол Монгол Улсын эдийн засгийг сэргээх, олон төрөлтэй болгох чиглэл дээр хамтран ажиллах явдал юм. Одоогийн байдлаар ОУВС-гийн маш тогтвортой, сайн багцыг сонгоход нь хамтран ажиллаж байна.

 

Мөн бизнесийн түншүүдтэйгээ тухайлбал, АмЧам буюу Монгол дахь Америкийн худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөл, Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөл зэрэг байгууллагуудтай хамтран америкийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд монголд бизнес хийх, хөрөнгө оруулах боломжийг судлаач ээ гэсэн уриалга гаргаж ажиллаж байна. Мөн дараагийн анхаарал хандуулж байгаа салбар бол ХАА.

 

Ер нь Монгол Улс нь уул уурхайд томоохон хөрөнгө оруулалт хийчихсэн. Өөрөөр хэлбэл, Оюу-Толгойн далд уурхайг санхүүжүүлэх багцад АНУ хамгийн дорвитой хувийг оруулсан. Одоо бол экспортод чиглэсэн, ХАА-н бүтээгдэхүүнийг монголдоо  үйлдвэрлэх тал дээр хөрөнгө оруулах чиглэлийг сонирхож байна.

 

Өнгөрсөн жил АНУ-аас хөдөө аж ахуйн чиглэлийн компаниудын худалдааны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг авчирсан. Энэ жил мөн авчирах болно. ХАА, сэргээгдэх эрчим хүч, франчайсинг, ложистикийн чиглэлийн компанийг оролцуулсан бүрэлдэхүүн байх болно.

Бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хоёрдугаарт АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Reach” төслийн хүрээнд жижиг, дунд ААН-үүдтэй хамтран ажиллах ажлыг эхлүүлээд байна.

 

“Reach” төсөл хэрэгжиж эхэлсэн хэдхэн сарын хугацаанд 200 шахам жижиг дунд ААН-үүдэд 9 сая ам.долларын зээл авахад нь тусалсан. Төслийн нийт хугацаанд 500 гаруй ААН-д 25 хүртэлх сая ам.долларын зээл авахад нь туслах юм.

 

Эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа гурав дахь чиглэл бол Мянганы сорилтын корпораци юм. Мянганы сорилтын корпорацийн 2 дахь компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ундны усыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэхээр болсон. Төслийн нарийн шатлалууд нь хараахан тодорхой болоогүй байна. Гэхдээ 2 дахь компакт гэрээг хэрэгжүүлэх боломжтой гэдэгт итгэлтэй байна.

 

Монгол Улс визгүй зорчих хүсэлтээ гаргасан. Энэ тал дээр хоёр орон ажиллаж байна. Энэ бол маш урт хугацааны үйл явц байх юм. Өөрөөр хэлбэл энэхүү хөтөлбөрт хамрагдахын тулд Монгол Улс нэлээд олон тооны шаардлага хангах ёстой. Энд ялгаатай нэг зүйлийг цохох хэрэгтэй. Визгүй зорчих гэдэг зөвхөн цагаачлалын бус визэнд хамааралтай байдаг.

 

Цагаачлалын бус гэхээр оюутны, аялал жуулчлалын эсвэл бизнесийн чиглэлээр зорчиж байгаа хүмүүсийн виз байдаг юм. Цагаачлалын виз нь энд ямар ч хамааралгүй асуудал. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Цагаачлалын визээр зорчиж байгаа иргэд АНУ-д өөрсдийн зорилгоор зорчиод буцаж ирэх шаардлагатай байдаг. Энэ бол маш урт хугацааны зорилт байдаг. Үүний тулд хамтран ажиллаж байна.

 

Ийгл телевиз: -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төвийг сахих санаачилгыг гаргаад буй. Хэрэв Монгол Улс төвийг сахих болвол аливаа эвслийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болно гэсэн яриа байдаг. Энэ тал дээр та юу гэж бодож байна вэ?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал дээр энэхүү санаачилгаа зарласан. Бид энэ үйл явцыг анхааралтай ажиглаж, энэхүү санал боловсруулагдах явцад асуудлыг тодруулж асууж байсан. Одоо бидний ойлгож байгаагаар бол энэхүү төсөл парламентад өргөн баригдсан ч хэлэлцэх шатандаа яваа гэж ойлгож байгаа.

 

 

АНУ-ын визний хураамж дэлхий даяар бүх улсад адил байдаг

 

Үндэсний шуудан: -АНУ-ын визний хураамж бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байдаг. Үүнийг бууруулах бололцоо бий юу?

 

-АНУ-ын визний хураамж дэлхий даяар бүх улсад адил байдаг. Виз олгох бүхий л үйл явцын өртөгийг уг хураамжид шингээсэн байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Виз мэдүүлэгч нар өөрсдийн авч байгаа үйлчилгээнд мөнгөө төлж байна гэсэн үг. Бид дэлхийн даяар, түүний дотор Монгол Улстай виз олголтын явцыг үр ашигтай, аль болох хурдан шуурхай болгох тал дээр байнга анхаарч ажиллаж ирсэн.

 

Түүний нэг нь ЭСЯ-наас хашаан дахь виз мэдүүлэгч нарыг хүлээн авдаг америкт хийлгэсэн монгол гэр юм. Өмнө нь виз мэдүүлэгч нараас өвлийн хүйтэнд гадаа удаан хүлээж байна гэсэн гомдлыг хүлээж авдаг байсан. Өнөөдөр бид виз мэдүүлэгч нарыг тохилог, дулаан гэрт хүлээн авч, тэдний тав тухыг хангаж ажиллаж байна.

 

"Дэлхий анирт монгол бахархал" нэвтрүүлэг: Монголын тухай таны сэтгэгдлийг сонсвол?

 

-Миний төрөлх нутаг Коларадо муж. Мужийн нийслэл Денвер хот Улаанбаатар хоттой эгч дүүсийн найрсаг харилцаатай. Манай Элчин сайдын яам Денверийн гудамжинд байрладаг. 30 жилийн найрсаг харилцааны ойгоо тэмдэглэж буй энэ үед бид цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлохоор ажиллаж байна. 2015 онд АНУ-ын Энх тайвны корпус монголд ажиллаж эхэлсний 25 жилийн ойг тэмдэглэсэн.

 

Энэ жил бид нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна. АНУ нь Монгол Улсын зэвсэгт хүчинтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах болсонд бид талархаж байгаа.

 

Үүний зэрэгцээ бид Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр хамтарна. Бид иргэд хоорондын харилцаа, солилцооны чиглэлийг өргөжүүлэхээр ажиллаж байна.

 

Өнгөрсөн жил ЕБС-ийн ахлах ангийнханд зориулсан солилцооны шинэ хөтөлбөрийг эхлүүлж байсан ба энэ жил уг хөтөлбөрөө улам өргөжүүлж сурагчдыг бүтэн жилийн хугацаатай суралцуулах гэж байна. Ирэх сараас сурагчдын өргөдлийг хүлээн авч эхэлнэ.

 

Мөн өнгөрсөн жилийн зургадугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри Монгол Улсад айлчлахдаа Залуу манлайлагчдад зориулсан шинэ хөтөлбөрийг зарласан бөгөөд энэ нь амжилттай үргэлжилж байна.

"Монцамэ" агентлаг  Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

 

 

 



Элчин сайд Галт: Монгол Улс руу чиглэсэн АНУ-ын бодлогод томоохон өөрчлөлт гарна гэж бодохгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0