ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-04-09
Малчин Ө.Дорждэрэмийн Ширээ хүрэн ингэ ихэр ботго гаргажээ
2020-03-18 13:02:55

Сайхандулаан сумын Улааншороот багийн малчин Ө.Дорждэрэмийн Ширээ хүрэн ингэ 03 дугаар сарын 14-нд ихэр ботго гаргажээ.

Ихэр ботго гаргасан ингэний дээд угшил нь хуучнаар БНМАУ-ын аварга малчин Г.Жамьян, аймгийн хошой аварга малчин  Ж.Төмөрбаатар зэрэг сайчуулын тэмээн сүргийн удам угшил аж.

Улс аймагт нэр алдраа цуурайтуулсан аварга малчдын малын удам дамжин манайд ирсэн хэмээн Ө.Дорждэрэм ярьсан юм. Тэднийх бод, бог нийлсэн 500 гаруй толгой малтай.Тэрээр эхнэрийнхээ хамт “Тэргүүний залуу малчин” болж байсан бол түүний эгч Ө.Долгор нь аймгийн аварга тэмээчин болж байв.

Тус сумаас 1940 оноос хойш 17 улсын аварга, сайн малчин төрсөн бол үүний 10 нь тэмээ маллаж аварга малчин болж байжээ. Энэ нь Монгол Улсад давтагдаагүй амжилт гэж сумын Засаг дарга Б.Эрдэнэжаргал өгүүлэв.

1984 онд түмэн тэмээ тоолуулж баяр хийж хийж байсан сумаас тэмээчин Г.Түмэнжаргал, Н.Жамьян, Н.Диваа, Х.Жамбал, С.Банди, С.Болд, Д.Улаан-Ухна, Д.Намжилмаа, Ж.Ганбаатар нар улсын аварга тэмээчин болж байжээ.

Тиймээс Сайхандулаан сумынхан өөрсдийгөө аварга тэмээчдийн өлгий нутгийнхан гэж бахархан ярьдаг байна.  

 

 

Хорь гаруй мянган төл хүлээн аваад байна

 

Дорноговь аймгийн Сайхандулаан сум нийт 193077 толгой малтай. Энэ оны гуравдугаар сарын 18-ны байдлаар  сумын хэмжээнд 20228 төл хүлээн аваад байна. Төл малыг таван таван төрлөөр нь авч үзвэл ишиг 8717, хурга 11225, ботго 135, унага  зургаа, тугал 145 толгойг тус тус бойжуулж байна. Тус суманд энэ жил гадны аймаг сумын 19 өрхийн 27000 толгой мал отроор өвөлжиж хаваржиж буй бөгөөд үүний дийлэнх нь  бог мал байна. Газрын гарц зарим газраа тааруу байснаас гадна бусад аймаг сумын мал олноор өвөлжсөн нь өвөлжилтийг хүндрүүлсэн байна. Тиймээс аймгийн Онцгой комиссоос тус суманд өвс тэжээл хүргэжээ.

 

 Нарийн мэргэжлийн эмч нар Сайхандулаансуманд ажиллав 

 

 

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газраас жил бүр зохион байгуулдаг явуулын үзлэгийн багийнхан өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлчээр Сайхандулаан суманд ажиллажээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилогоо эмчилгээ хийж нийт 431 хүн, давхардсан тоогоор 1394 хүнд үйлчилсэн байна. Чих хамар хоолой үзлэгээр 104, мэдрэл 123, хүүхэд 80, дотор 132, эхо164, нүд 87, сүрьеэ 151, рентген 151, арьс халдварт 102, лабораторийн шинжилгээ 123, зүрхний бичлэг 117 хүнийг үзэж оношилжээ.

Хөдөө орон нутагт хоол боловсруулах, зүрх судас, осол гэмтлийн өвчлөл нийтлэг байгаа талаар эмч нарын төлөөлөл ярив.

 

 



Малчин Ө.Дорждэрэмийн Ширээ хүрэн ингэ ихэр ботго гаргажээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0