ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Сайншандын агаар сааралтахын учир
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 475 удаа уншсан
2017-01-27 10:09:11

Нийслэлд утаа гамшгийн түвшинд хүрч эцэг эхчүүд нэгдэж, дуу хоолойгоо төр засгийн чихнээ хүргэж эхэллээ.

 

Хотын утааг хөдөөгийнхөн телевизээр харж, сошиал хэрэгслээр үзэж толгой сэгсэрч, санаа зовнин, эрүүл агаарт амьдарч байгаадаа баярлаж суудаг боловч “Өвлийн цагт Сайншанд хотод утаа униар ихэслээ. Нөгөө гайхал утаа нь хаяанд ирчихээгүй байгаа” гэх олны яриа хааяа чих дэлсэж, хавар болохтой зэрэгцэн мартаж  орхисоор хэдэн оныг үдэв.

 

Оршин суугаа хотынхоо агаар, агаарын бохирдол ямархуу байгаа талаар сурвалжилж мэргэжлийн байгууллагуудын хаалгыг тогшиж багагүй явлаа. Эхлээд Дорноговь аймгийн УЦУОША-аар оров.

 

Энэ байгууллага Сайншанд хотын агаарын чанарыг 10 дугаар сараас гуравдугаар сар хүртэл өдөрт гурван удаа, дулааны улиралд хоёр удаа агаарын хүхэрлэг хий, азотын давхар исэл PM10, тоосонцор зэрэг  үзүүлэлтийг байнга хэмждэг аж.

 

Агаарын бохирдлыг хэмжихдээ MNS 4585:2007 стандартад суурилж  хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж нь 20 микро грамм метр куб, азотын  давхар исэл нь 40 микро грамм метр куб байхаар баталж мөрддөг байв. Гэхдээ энэ стандарт нь сүүлд шинэчлэгдсэн байна.

 

1. Зөвшөөрөгдөх хэмжээнээс үе үе давдаг

 

Дээрх  зургийг 2016 оны 12 дугаар сарын дундуур Сайншандын ар хөтлийн өврөөс урагш гэр хорооллын чиглэлд дурандахдаа буулгасан. Өвлийн цагт заримдаа өглөө, оройд Сайншанд хот утаатай  болчихоод байгаа нь эндээс харагдана. Харин утааны хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээндээ байна уу?

 

УЦУОША-ны Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ш.Амарбилэгийн хэлснээр агаарын чанарыг дээрх стандартад жилийн дунджаар, 24 цагийн дунджаар, тухайн хугацааны 20 минутын дунджаар ямар байна гэдгийг харьцуулж судалдаг байна.

 

Дорноговь аймагт агаарын чанарыг хянадаг төхөөрөмж зөвхөн нэг л бий. Үүнийг  Сайншанд хотод суурилуулжээ. Сайншанд сумын хувьд 20 минутын дундаж, 24 цагийн дундаж агууламж  нь ялангуяа өвлийн улиралд, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж стандартаас давсан тохиолдлууд цөөнгүй ажиглагддаг болж.

 

Ялангуяа салхины хурд тогтуун үед. Жишээ нь тус байгууллагаас Сайншанд хотын агаарт 2015 нэгдүгээр сард 30 удаа хэмжилт хийхэд хоногийн дундаж утга нь зөвшөөрөгдөх хэмжээнээс найман удаа, хоёрдугаар сард долоон удаа, гуравдугаар сард нэг удаа хэтэрсэн бол 2016 оны нэгдүгээр сард зөвшөөрөгдөх хэмжээндээ, хоёрдугаар сард хоёр удаа хэтэрсэн, гуравдугаар сард зургаан удаа тус тус хүлцэх хэмжээнээсээ хэтэрчээ.

 

2.  Сайншанд хот утаатай болох нөхцөл бүрдсэн үү?

 

Нийслэлээс зүүн урагш засмал зам даган машинаар, галт тэргээр 460 км довтолгоод хүрчихдэг Дорноговь аймаг 66.6 мянга гаруй хүн амтай.

Аймгийн төв Сайншанд хотод 24 мянга орчим, хилийн боомт Замын-Үүд суманд харьяалалгүй иргэдтэйгээ нийлээд 20 орчим мянга, нийт 40 гаруй  мянга буюу хүн амын 60 орчим хувь нь  дээрх томоохон хоёр сууринд суурьшин амьдарч байна.

 

Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээс үзэхэд Сайншанд хотын хүн ам  2013 онд 22011, 2014 онд 22666, 2015 онд  23191, 2016 онд  24059 болж байнга нэмэгджээ. Замын-Үүд сумын хүн ам 2013 онд 15863, 2014 онд 16306, 2015 онд 15702, 2016 онд 17519 болж  нэмэгджээ.

 

Аймгийн БОАЖГ-аас авсан мэдээлээс үзэхэд 2011 онд Сайншанд хотод 3352 галлагаатай зуух байсан бол хүн амын суурьшил нэмэгдсэнээр 2016 оны эцсээр 3588 болж гэр хорооллын өрх айл 236 болж нэмэгдсэн гэх.

 

Өөрөөр хэлбэл 236 утаа үүсгэгч яндан нэмэгдсэн. Харин Сайншанд хотод нам даралтын зуух 2011 онд найман ширхэг байсан бол, 2016 онд гурав болж буурсан нь эерэг мэдээлэл болов. Тээврийн хэрэгслийн хяналт, оншилгоонд хамрагдсан тээврийн хэрэгсэл 2014 онд 13175, 2015  онд 14056, 2016 онд 19667 болж тоон үзүүлэлтүүд ихсэж байна.

 

3. Агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлүүд юу вэ?

 

Агаарын бохирдлыг үүсгэгч олон хүчин зүйлүүд байгаа гэж албаны хүн хэлэв. Үүнээс товчилбол азотын давхар исэл NO2 гэх бодис авто машины утаанаас дэгддэг. Дээрх мянга, мянгаар тоологдох авто машин  асах бүртээ л агаарт хорт утаа ялгаруулдаг.

 

Насжилт хэтэрсэн, хуучин авто машин утаа ялгаруулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг. Мөн хүхэрлэг хий SO2 нь нүүрсний хийн шаталтаас гэр хорооллын өрх айл, нам даралтын зуухнуудаас үүдэлтэй.

 

Зөвхөн янданг 0-10кв, 10-аас 100кв, 100-кв-аас дээш хүчин чадалтай зуух гэж ангилах төдийгүй 0-10 кввт-ын зуухад гэр хорооллын айл өрхийн зуухыг хамруулдаг. Нэг өглөө 3588 яндан түүхий нүүрс шатааж чилийсэн гурван сар өрдлөө гэхэд агаарт төдий хэмжээний хорт хий ялгарах нь ойлгомжтой.

 

Үүнээс гадна байгууллага, ард иргэдийг ус, дулаанаар хангадаг “Чандмань-Илч” компани ихээхэн хэмжээгээр утаа ялгаруулдаг. Тэгэхээр гол бохирдуулагч нь түүхий нүүрсний хэрэглээ. Мөн гэр хорооллын тоосжилт, хуурайшилт хүний биед сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Агаарт дэгдэж байгаа утааг хүний хүчин зүйлээс ангид байгаль, газар зүйн онцлог байдал, хонхор газар, мөн агаарын температурын урвуу хамаарлаас шалтгаалж тухайн орчинд нь тогтоон барьдаг нөхцөл байх аж.

 

Агаарын температур дээшээ 100 метрээр дээшлэх тусам 0.6 градусаар буурах ёстой байтал урвуу хамааралтай болсноор эсрэгээрээ градус нь нэмэгддэг аж. Үүнийг мэргэжлийн хүмүүс  тайлбарлахдаа температурын инверс гэх. Температурын инверс нь агаарын бохирдлын гол хүчин зүйл болдог байна.

 

Сайншанд хот газар зүйн байршлын хувьд хойд талаараа хөтлөөр хүрээлэгдсэн, хонхор газарт байршдаг нь инверс тогтох шалтгаан болдог байх нь. Физик шинж чанарын тухайд дулаан агаар нягт багатай хөнгөн байдаг бол хүйтэн агаар нягт ихтэй хүнд.

 

Дулаан агаар, хүйтэн агаар хоорондоо солилцож байх ёстой атал хүйтэн агаар нь доороо орсон тохиолдолд агаарын шилжилт хөдөлгөөн зогсож ямар ч солилцоогүй болдог  аж.

4. Стандартаа өөрчлөх нь нүглийн нүдийг гурилаар хуурсантай адил  уу?

 

Монгол Улс агаарын чанарын хяналтыг гүйцэтгэхдээ MNS 4585:2007 гэсэн стандартыг мөрдөж байжээ.

Дээрх стандартаар агаар бохирдуулагч бодис хүхэрлэг хийн 24 цагийн дундаж нь 20 микрограмм метр куб, азотын давхар ислийнх 40 микрограмм метр куб байжээ. Харин Стандартчилал хэмжилзүйн зөвлөлийн 2016 зургадугаар сарын 23-нд шинэчилж баталсан стандартаар хүхэрлэг хий 50 микрограмм метр куб, азотын давхар исэл 50 микрограмм метр куб болгож өсгөж баталсан аж.

Агаар бохирдуулагч хүхэрлэг хийн стандартыг өсгөж баталснаар өмнө нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч байсан үзүүлэлтүүдийг хэвийн гэж үзэх болсон тухай аймгийн МХГ-ын байгаль орчны улсын байцаагч н.Одпүрэв ярьсан.

 

Цаашдаа агаар бохирдож, хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс илүү гарах бүрт л стандартаа өөрчлөөд байх уу? Утааны асуудал хол хэвтэнэ гэж уужуу тайван суусаар байтал нийслэлийн эмгэнэлт байдал дэргэд ирэх вий.

 

Төгсгөл

 

2013 онд Дорноговь аймгийн ЗДТГ, Хөгжлийн бодлогын хэлтэс, УЦУОША хамтарч Сайншандын агаарын чанарын хязгаарлалтын бүс тогтоох судалгааны ажлыг эхэлж байсан хэдий ч төсөв хөрөнгө, бусад шалтгааны улмаас дуусгаагүй орхижээ.

 

Уг нь дээрх судалгаагаар өвлийн цагт Сайншанд хотын хэд хэдэн цэгүүдэд агаарын чанарын хэмжилт хийж, хамгийн бохирдолттой хэсгүүдийг тогтоож тухайн бохирдолтой хэсгүүдэд мөрдөх журмыг боловсруулан хэрэгжүүлэх чухал ажил байж.

 

Агаарын бохирдлыг багасгах асуудлаар сүүлийн жилүүдэд орон нутгаас авч хэрэгжүүлсэн дорвитой арга хэмжээ байхгүй гэж албаны хүн хэллээ. Жил бүр шинээр орон сууц барьж, иргэдийг орон сууцжуулсан нь ихээхэн дэвшил юм.

 

Мөн хэд хэдэн удаа утаагүй зуух хийгээд боловсруулсан түлш авчирч туршиж үзжээ. Байгаль хамгаалах асуудлыг бодлогын түвшинд аймгийн БОАЖГ хариуцдаг бол стандарт дүрэм журамд хяналт тавьдаг  байгууллага нь Мэргэжлийн хяналтын газар юм. Утааны асуудлаар орон нутгаас ямар ажил хийхээр төлөвлөснийг сонирхлоо.

 

Аймгийн Засаг даргын 2016-2020  оны “Хөгжлийн төлөө хамтдаа” мөрийн хөтөлбөрийн байгаль орчныг хамгаалах чиглэлийн бүлэг асуудалд “Агаарын чанарын хязгаарлалтын бүсийг тогтоох, агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ авна” хэмээн тэргүүлэх зорилт болгон тусгажээ. Ямар ч байсан  орон нутгаас агаарын бохирдлын асуудлыг зөнд нь хаяагүй байна.

 

Агаарын бохирдол, утааны асуудлыг шийдэх гарц нь хямд үнэтэй орон сууц барих, гэр хороолол руу чиглэсэн халуун, хүйтэн, бохирын устай шугам татах, аль болох түүхий нүүрснээс татгалзах зэрэг санаачилгыг Сайншанд хотын зарим иргэд хэллээ. Харин орон сууцны тухайд ам метр нь 650 мянган төгрөгөөр Сайншанд, Замын-Үүд суманд хэд хэдэн барилга барьж энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 

Магадгүй эрчим хүчний  шөнийн тарифыг хөнгөлөх асуудал ч байж болох. Нөгөө нэг зүйл нь агаарын чанарыг хянах цэгийг зөвхөн Сайншандаас гадна Замын-Үүд суманд байгуулах шаардлага байна.

 

Одооноос дохио өгөөд байгаа утааны асуудлаа эртхэн цэгцэлж эрүүл агаартай, хүний амьдрах таатай орчныг бүрдүүлсэн хот болгохын төлөө бултаар зүтгэхгүй бол утаанаас дайжиж урагш, хойшоо нүүдэллэх  цаг ирэхгүй гэх баталгаа байхгүй болов уу.

 

Яг хэн, хэзээ нэрлэснийг хэлж мэдэхгүй ч “Элгэмсэг”, “Өөриймсөг” хэмээн олноо нэршиж заншсан байгаль, түүх, оюун санааны гайхамшигт бүтээлийн өлгий болсон Сайншанд хот цаашдаа Дорноговьчуудын нэрийн хуудас, аялагч жуулчдын очих дуртай газар байх эсэх нь говьд  сүндэрлэсэн талын хотдоо суурьшин амьдрагч иргэн бүрийн ухамсар, нутаг орны удирдлагын зөв бодлогоос шууд шалтгаалах биз ээ.



Сайншандын агаар сааралтахын учир

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-01-27 10:47:07
    Irgen: Тоо баримт сайтай сайхан нийтлэл бичжээ. Та бүхэнд амжилт хүсье