ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-13
"Дэлгэрэх" ямааг омгоор баталгаажуулжээ

Ашиг шим сайтай Дэлгэрэх улаан ямаа гаргаж авах судалгааны ажил бүтэмжтэй болж энэ оны гуравдугаар сарын 07-нд болсон ХХААХҮС-ын Зөвлөлийн хурлаар дээрх улаан ямааг омгоор баталгаажуулжээ.

Дорноговь аймгийн ЗДТГ, Дэлгэрэх сумын ЗДТГ-аас хөдөө аж ахуйн салбарт брэнд бүтээгдэхүүн буй болгох, "Дэлгэрэх" омгийн ашиг шим сайтай ямаа гаргаж авахаар анх 2010 онд улсын Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллаж судалгаа хийж эхэлснээс хойшх есөн жилийн хамтын ажиллагааны үр дүн ийн гарч байна.

Энэ хугацаанд хөдөө аж аж ахуй салбарын эрдэмтдийн баг Дорноговьд олон удаа ирж ямааны ашиг шим, түүхий эд, амьдын жин, ноолуурын гарц зэрэг олон төрлийн судалгаа хийж үүнийгээ онол, практик дээр хослуулан судалж МААЭШХ-гийн эрдэмтдийн хурлаар оруулан үнэлгээгээ авч байжээ.

Мөн ХХААХҮС-ын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Дорноговьд хэд хэдэн удаа ирж эрдэмтдийн гаргасан судалгааны дүнг газар дээрх нөхцөл байдалтай харьцуулан үзэж хянан магадласан байна. Өөрөөр хэлбэл ямааны үүлдэр угсаа, ашиг шимийг нарийвчлан үзэж шалгасны дараа Сайдын тушаалаар омгоор баталгаажуулсан нь энэ юм.

Эдүгээ Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд улаан ямааг маллаж буй 25 суурь буюу 25 өрх байгаа бөгөөд тэдгээр малчныд нийт 11 мянга гаруй ямаа буй. Улаан ямааны ноолуур нь жирийн ямааныхаас хэд дахин илүү 13-15 микронтой, жигд, урт ноолууртай өвөрмөц популяци бөгөөд дасан зохицох чадвар сайтай, товаарлаг ашиг шим сайтай, амьдын жин нь ч жирийнхээс илүү юм.

Дашрамд дурдахад“Говь” ХХК Дэлгэрэх ямааны ноолуурын чанарыг судалсны дараа тус сумаас 2016 онд таван тонн ноолуур худалдан авч байсан. Ийн Дорноговь аймаг мал аж ахуй салбартаа анх удаагаа нэгэн цоо шинэ брэндтэй болж буй.



"Дэлгэрэх" ямааг омгоор баталгаажуулжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0