ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Эмнэлгийн удирдах ажилтнууд зөвлөлдөв

Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 16-наас 19-нийг хүртлэх хугацаанд Сайншанд хотноо болов.

 

Зөвлөгөөнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын 35 гаруй удирдах ажилтан, эмчлэгч их эмч нар оролцож салбарын өнөөгийнд байдал, тулгамдсан асуудлууд, 2016 оны ажлын амжилт бүтээл, цаашид хэрэгжүүлэх  ажлын талаар ярилцлаа.

 

Төсөв санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, эм эргэлтийн сангийн хамтын үйл ажиллагаа,  эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тус тус сайжруулах, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх аймгийн дэд хөтөлбөрт санал оруулах зэрэг нэн түрүүнд шийдвэрлэвэл зохих асуудлын талаар ярилцаж, санал солилцов.

 

Мөн “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр хөтлөлт” “Жирэмсний хяналт, түүний ач холбогдол” сэдвээр  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй зайн сургалт, “Бөөрний архаг өвчтөнг эмчлэх, сувилах арга зүй” зэрэг танхимын сургалтыг зохион байгуулав.

 

Эмнэлгийн байгууллагын удирдах ажилтнуудад Монгол Улсын гавьяат багш н.Пүрэвдорж  “Ёс зүйгээс зан чанарын ёс зүйд шилжих нь” сэдвээр лекц уншсан нь оролцогчдын  сонирхлыг татсан аж.

 

Эрүүл мэндийн салбарын 2016 оны ажил үйлсийг дүгнэхэд Өргөн сумын Эрүүл мэндийн төв, Сайншанд сумын Уламжлалт анагаах ухаан, рашаан сувиллын газар салбартаа тэргүүлсэн байна.

 

Зөвлөгөөний үеэр 2016 оны 12 дугаар сард магадлан итгэмжлэлийн шалгалтыг амжилттай давсан тус аймгийн  эрүүл мэндийн зургаан байгууллагад батламжийг нь гардууллаа.

 

Дөрвөн өдөр үргэлжилсэн удирдах ажилтны зөвлөгөөнөөр оролцогчид шинэлэг, олон талын хэрэгцээтэй мэдээлэл сонссоноос гадна эмнэлгийн ажилтны ёс зүй,сахилга хариуцлагыг дээшлүүлж, сэтгэлд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллахаар болов.

 

Дашрамд дурдахад эрүүл мэндийн салбарт санхүү, хүний нөөцийн  асуудал хамгийн тулгамдсан асуудал болжээ.  



Эмнэлгийн удирдах ажилтнууд зөвлөлдөв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0