ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-08-12
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөх олговрыг олгов
2020-02-06 16:43:26

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Дорноговь аймгийн хоёр иргэний ар гэрт нөхөх олговрыг олголоо.

Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн Д.Гончигийн нөхөх олговрыг нэхэмжлэгч түүний төрсөн охин Г.Долгоржав, Д.Гүрнээбазарын нөхөх олговрыг нэхэмжлэгч түүний төрсөн охин болох Г.Дулам нарт тус тусын 80,0 сая төгрөгийн нөхөх олговрын мөнгийг тэдний тэтгэврийн дансанд шилжүүлсэн тухай төлбөрийн баримтыг аймгийн ИТХ-ын дарга, ЦАУЗБСК-ын дарга С.Түмэнбаяр өнөөдөр нэхэмжлэгчдийн үр хүүхдүүдэд нь гардуулав.

Д.Гүрнээбазар нь улс төрийн хилс хэргээр баривчлагдан 1938 онд цаазлуулж байжээ. Харин 1993 онд түүнийг цагаатгасан байна.

Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЦАУЗБСК-ын нарийн бичгийн дарга Н.Хонгорзул “Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан  нөхөн олговор олгохтой холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх, зөвхөн мөнгө өгөөд зогсохгүй хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлж, иргэд, ирээдүйн хүүхэд залуучуудад хэлмэгдүүлэлтийн хор уршгийг ойлгуулах, дахин давтахгүй байхад анхаарч энэ чиглэлийн ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа” гэв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн  дагуу тухайн хүн хэлмэгдэж цаазлуулсан бол 80 сая төгрөг, хоригдож байсан бол 40 сая төгрөгийг ар гэрийнхэнд нь олгохоор хуульчилжээ.

Харин дээрх нөхөн олговрыг Дорноговь аймгийн хэмжээнд 18 хүнд олгохоор Шүүхийн шийдвэр гарсан байна.



Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөх олговрыг олгов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0