ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-06-02
Т.Энхтүвшин:Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн ч байнгын постыг үргэлжлүүлэн ажиллуулна
2020-03-16 20:04:40

Дорноговь аймгийн Онцгой комиссын хуралдаан гуравдугаар сарын 16-нд болж зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ талаар аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Т.Энхтүвшингээс зарим зүйлийг тодруулав.

 

-Аймгийн Онцгой комиссын ээлжит аравдугаар хуралдаанаар ямар шийдвэр гаргасан бол? Нөхцөл байдал ямар байна?

 

-Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэмийг мөрдөж байгаатай холбогдуулан нөхцөл байдлын үнэлж дүгнэх, шаардлагатай арга хэмжээ авах талаар ээлжит хуралдаан зохион байгууллаа.

Нөхцөл байдал хэвийн хэмжээнд байна. Улсын хэмжээнд тээврийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулж Сайншанд-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн зам дагуу зорчиж буй тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлэн хийх, асуумжийг бөглүүлж цагдаагийн байнгын постыг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргалаа.

Мөн спорт заал, фитнесийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 16-наас нээж, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх, 10-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй зөвхөн бие чийрэгжүүлэх дархлааг дэмжих, ажлыг зохион байгуулах, ариутгал халдваргүйтгэл урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр болсон.

 

-Тусгаарлах байранд байгаа хүмүүсээс дахин шинжилгээ авахаар болсон уу?

 

-Аливаа эрсдлээс сэргийлж баталгааг хангах үүднээс тусгаарлах байранд байгаа хүмүүсээс гурав дахь сорьцын шинжилгээг  энэ оны гуравдугаар сарын 18-нд авч, ХӨСҮТ-д хүргүүлнэ. Шинжилгээний хариу өмнөх шигээ сөрөг гарсан тохиолдолд хүмүүсийг гэр рүү нь  явуулна.

 

-Аймгийн хэмжээнд Онцгой нөхцлийн үед хэрэглэх нөөц бүрдүүлж байгаа гэж сонслоо?

 

-Тиймээ. Аймгийн Онцгой байдлын нөөц бүрдүүлэх, онцгой нөхцөлд хэрэглэх зорилгоор 20 мянган маск, 1000 ширхэг  нэг удаагийн хувцас, онцгой байдлын үед хэрэглэх зургаан гэр, 20 гаруй сая төгрөгөөр ариутгалын бодис гээд шаардлагатай нөөц бүрдүүлж ажиллаж байна.

Мөн Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газарт богино долгионы станц шийдвэрлэлээ. Тавин ортой эмнэлгийг улсын комисс яаралтай авч ажиглалтын байр болгохоор ажиллаж байна. Энд 40 ширхэг орыг бэлдэж байгаа. Бусад хөрөнгийг аймгийн Засаг даргын Нөөц хөрөнгөөс зарцуулж байна.

 

-Аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зориулж ард иргэд хэчнээн төгрөгийн хандив өргөсөн бол?

 

-Ард иргэд, аж ахуй нэгжээс нийт 100 гаруй сая төгрөгийн хандив дэмжлэг хүлээн авсан. Малчдаас 70 гаруй толгой мал хандивласан. Мөн малчид иргэд тухайн сумынхаа Онцгой комисст хандив дэмжлэг үзүүлж байгаа.

Энэ ташрамд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд зориулж малчид, иргэд, аж ахуй нэгжүүд хандив өргөж байгаад аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын даргын хувьд иргэддээ талархал  дэвшүүлье.

Иргэдээс ирүүлсэн мөнгөн хөрөнгө болгоныг аймгийн Онцгой комиссын дансанд төвлөрүүлж Онцгой комиссын шийдвэрээр шаардлагатай үйл ажиллагаанд зарцуулж байна.

 

-Цаашид ямар ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв?

 

-Сайншанд сумын хэмжээнд байгаа хог хаягдлыг цэвэрлэх, ариутгах, нийтийн орон сууцны цэвэрлэгээ үйлчилгээг СӨХ-д хариуцуулж ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тогтмолжуулж үүрэг чиглэлээр хангаж ажиллах, Зүүнбаян, Хамарын хийдэд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг чанартай зохион байгуулах, ариутгалын  автомашиныг Замын-Үүд суманд явуулж гудамж, талбай, ариутгалын халдваргүйтгэлийн ажлыг яаралтай зохион байгуулна.

 

-Уул уурхайн тээврийн хэрэгслийг Онцгой нөхцөлд зохион байгуулах тухай хурлаар ярилцаж байсан?

 

-Аймгийн МХГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах талаар Хатанбулаг сумын Ханги боомтод ажилласан.

Энэ талаарх мэдээллийг сонслоо. Нүүрс тээврийг нэвтрүүлэхдээ авто машиныг ариутгаж, жолоочийг маск зүүлгэж, нэг удаагийн хувцас өмсүүлэн хил нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

БНХАУ-ын Эрээн хотын боомтын хяналтын талбайд хүнд даацын нүүрс тээвэрлэх зориулалт бүхий чингэлэгтэй 31 тээврийн хэрэгсэл, Мандал боомтын нүүрс буулгалтын талбайд хүнд даацын нүүрс тээвэрлэх зориулалттай 92 автомашиныг энэ сарын 17, 18-нд багтаан нааш нь хилийн боомтуудаар оруулах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулна.

Жолооч нарыг аль болох хятадын талд хонуулахгүйгээр өдөр нь машинтай нь оруулах талаар ажиллаж байна.  Голомтын бүсэд хорио цээрийн дэглэмд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын /Цагдаа, Онцгой байдал, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналт/ хоол хүнс, дархлааг дэмжих, витаминжуулах ажлыг шийдвэрлэж ажиллана.

 

-Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж дуусч байна уу?

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хаваржилт хүндэрсэн, цаашид хүндэрч болзошгүй сумдад малчин өрх, малын тоо, отор нүүдэл, бэлчээрийн даац зэргээс хамааруулан нийт 190 тонн өвс, 260 тонн тэжээл олгож байна.

Өвөлжилт хүндэрсэн Мандах, Айраг, Алтанширээ, Сайхандулаан зэрэг суманд өвс тэжээлийг ахиу хуваарилсан байгаа.  Аймгийн хэмжээнд Мандах сум бэлчээр  муудаж өвөлжилт хамгийн их хүндэрсэн.

 

-Нөөцийн махны хүрэлцээ ямар байна?

 

 

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сайншанд, Замын-Үүд зэрэг суманд энэ сарын 12-ноос нөөцийн мах худалдаалж эхэлсэн. Нөөцийн махыг Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Суман зурхай” ХХК нийлүүлж байна. Нэг кг үхрийн махыг  7500, хонины махыг 8500 төгрөгөөр тус тус худалдаалж буй. Өнөөдрийн байдлаар 17 тонн мах зарсан байна.

Шаардлагатай тохиолдолд “Суман зурхай” ХХК Улаанбаатар хотод бэлтгэсэн 150 тонн нөөцийн махаа Дорноговьд татан борлуулах боломжтой.

ХХААХҮ-ийн Сайдын шийдвэрээр энэ жил нөөцөлсөн махыг эксортод гаргахгүй гэсэн. Тиймээс халдварт өвчний хорио цээрийн үед ард иргэдийн махны хэрэгцээг тасалдалгүй хангасан тохиолдолд орон нутгаас дээрх компанид экспортын зөвшөөрөл олгохыг дэмжих хүсэлтийг ч ХХААХҮЯ-д гаргаж болно. Тиймээс энэ хавар махны хомсдол үүсэхгүй байх.

 

-Халдварт өвчин, хорио цээрээс үүдэж  аймгийн орлого, эдийн  засгийн нөхцөл байдалд хүндрэл гарч байна уу?

 

-Мэдээж хөл хорио тогтоогоод олон нийтийн ажил зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан нь эдийн засагт хүндрэл учруулж байна.

Гэхдээ бид төсөвт тодотгол хийхгүйгээр энэ хүндрэлийг давж гарахын төлөө шаардлагатай орлогын  эх үүсвэрийг бүрдүүлэх тал дээр ажиллаж байна. 

Х.Эрдэнэбулган



Т.Энхтүвшин:Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн ч байнгын постыг үргэлжлүүлэн ажиллуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-17 01:16:52
    ?????: Энэ өвчнийг Дорноговьчууд шуурхай илрүүлж зогсоож чадсан шүү. Амжилт хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-17 01:15:35
    zochin : Amjilt husie