ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Зам тээврийн ослоос сэргийлэх дөрвөн сарын аяныг зарлав

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Орон нутгийн замын хөдөлгөөн- Хөдөлгөөний соёл” нэртэй дөрвөн сарын аяныг зохион байгуулж эхэллээ.

Мянганы замын босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам Дорноговь аймгийн нутгаар 408 км үргэлжилдэг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ зам дээр жолооч нар хурд хэтрүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй явснаар авто тээврийн осол олон гарах болсон.

Аймгийн Цагдаагийн газраас гаргасан мэдээллээс үзэхэд энэ оны эхний таван сарын байдлаар зам тээврийн хэрэг 29 удаа гарсан бол  осол 107  удаа гарч  зургаан хүн нас барж, 16 хүн гэмтсэн  байна.

Тиймээс зам дээр    эргүүлийн  постыг 24 цагаар ажиллуулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр жолооч нарын машинд “Хурдаа хас” гэсэн үгтэй наалт нааж, зорчигч нарт санамж, сэрэмжлүүлэг өгөх ажлыг  зохион байгуулж байна.

Аяны талаар аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн албаны дарга, хошууч н.Батбаяр “Дээрх аяныг Цагдаагийн Ерөнхий газрын даргын баталсан хуваарь, удирдамжийн дагуу зохион байгуулж байгаа. Дорноговь аймгийн нутгаар дайран өнгөрч байгаа орон нутгийн замын эвдрэл гэмтэл харьцангуй гайгүй. Осол гарах шалгаан нь ихэнх тохиолдолд зөвхөн жолооч нарын хариуцлагаас үүдэлтэй. Гэрэл шилжүүлдэггүй, хамгаалах бүсийг зүүдэггүй, хүүхдийг зориулалтын бусаар тээвэрлэдэг байдал нийтлэг.

Мөн шөнө оройн цагаар зам дээр мал гарч ирдэг тул малаа  хараа хяналттай байлгах, малчдад хандсан уриалга, санамжийг гаргаж байна.Болзошгүй осол гарсан тохиолдолд хамгаалах бүс зүүснээр эрсдлийг багасгадаг. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх ёстой” гэв.

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны нээлтийг Улаанбаатараас Замын-Үүд  чиглэлийн улсын чанартай авто замын хэсэг Сайншанд сумын угтах цагаан хаалганы зогсоолын талбайд зохион байгуулж “Шанд жолоо” компаний жолооч нарт  500 ширхэг тараах материал  тараажээ.



Зам тээврийн ослоос сэргийлэх дөрвөн сарын аяныг зарлав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0