ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Х.Баттулга:Дорноговь бусад аймгаас илүү хурдацтай хөгжих боломж бий

Зүүн бүсийн аймгуудад албан томилолтоор ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 27-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд ирж “Саран хөхөө” театрт орон нутгийн ард иргэдтэй уулзлаа.


Уулзалтын эхэнд төрийн тэргүүн  иргэдийн санал хүсэлтийг сонссон бол дараа нь сонирхсон асуултад нь хариулав. Иргэд татварын нэмэгдэл, өргөн хэрэглээний барааны өсөлт, Олон улсын валютын сангийн төсөл хөтөлбөр, утааны асуудал, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ижил олгох, ажилгүйдэл, зээлийн хүү багасгах, намчирхал, тэтгэвэр нэмэх, төрийн алба хаагчийг хууль бусаар халах байдал орон нутагт газар авсан, байгаль орчны доройтол зэрэг тодорхой асуудлаар асуулт асууж, санал бодлоо илэрхийлсэн юм.


Мөн  төмөр зам барихаар  хоёр ч удаа нээлт хийсэн. Гэтэл таны бүтээн босгохоор төлөвлөсөн төмөр  зам өнөөг хүртэл алга гэсэн бол өөр нэг иргэн Ерөнхийлөгч та УИХ-ыг тараана гэж мэдэгдсэн. Энэ талаар тайлбар өгөөч гэв.


Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, “Монгол төрийн тэргүүнээр сонгогдоод хагас жил гаруй боллоо. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийхээр  төлөвлөсөн тодорхой ажлаа иргэд та бүхэндээ хүргэх, мөн та бүхний санал хүсэлтийг сонсох  зорилгоор  ажиллаж байна. Иргэдийн дуу хоолойг орон даяар хүргэхийн тулд телевизүүд хамт явж байгаа.


Хүнсний аюулгүй байдлын талаар Үндэсний чуулган хуралдууллаа. Хил орчмын нутгуудад хүнсний лаборатори байгуулах талаар Засгийн газарт үүрэг өгсөн. 2017 оны есдүгээр сард утаатай холбоотой үндэсний чуулган зохион байгуулсан. Утааны асуудал гамшиг боллоо, энэ асуудлаа эргэж хараач гэж УИХ-д асуудал тавьсан. 20 гаруй жил утаагүй зуух, утаагүй түлш гэж 147 тэрбум төгрөг буюу 60 сая орчим долларыг үргүй цацаж, идэж уужээ.

Утаанаас болж нам харгалзахгүйгээр  эцэг эхчүүд өвдөж, хүүхдүүд хордож байна.  Хэрэв ээ та бүхэн өмнөх шигээ утаагүй зуух тараах шийдвэр гаргавал ард түмэн эсэргүүцнэ. Ийм тохиолдолд би ард иргэдийн талд дуугарах болно гэж эрх баригчдад хэлсэн.  Яагаад гэвэл Ерөнхийлөгч миний бие бүх ард түмнээс сонгогдсон.Түүнээс биш УИХ-ыг тараах талаар яриагүй.



Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж  зээлийн хүүг багасгах талаар Монгол банкинд санал хүргүүлсэн. Монголбанкнаас бага хүүтэй тэтгэврийн зээл олгох зорилгоор банкуудад байршуулсан Нийгмийн даатгалын сангийн төгрөгийн эх үүсвэрийг банкуудын нөөцийн шаардлагаас чөлөөлж бага хүүтэй зээл олгох боломжтой гэж үзсэн талаар албан бичиг ирүүлсэн байна.

Мөн Монголбанк Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон  зарим банкуудтай харилцан тохиролцоод байгаа гэсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх дотоодын компаниудыг дэмжихэд зориулсан санхүүжилтийн схем боловсруулах тал дээр Монголбанк ажиллаж байна.


Эрх мэдэлтэй, мэдээлэлд ойрхон байдаг хүмүүс лиценз гэдэг цаасаар цулайтлаа баяжсан. Үүнийг ил болгоё. Тавантолгой, Оюутолгойн баялгаас ард иргэддээ хувь хүртээж цалин тэтгэврийн зээлийг дарах боломжтой гэж үзсэн. Энэ асуудлаар хууль санаачилж боловсруулахаар Ажлын хэсэг байгуулж УИХ-ын нэр бүхий гишүүд идэвхтэй ажиллаж байгаа. Харин иргэн бүр хувьцаа хүртэх асуудлаар та бүхний дуу хоолой чухал юм. Тэтгэврийн доод хэмжээг 500.000 болгох асуудлыг судалж байна. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд алагчлалгүй өгөх ёстой гэсэн байр суурь бий.


Ажилгүйдэл ядуурлын тухай иргэд их маш их ярьж байна. ОУВС Монголын төрийг удирдаад байна гэж нэг иргэн хэллээ. Үнэн. Бид болох зүйл дээрээ тохиролцоод болохгүй зүйлээ орхих ёстой.  Гадны хэн ч биднийг сайн сайхан амьдралд хүргэхгүй. Шүүхийн шийдвэр дээд шатандаа гарчихсан байхад ажилд нь буцаагаад томилохгүй байгаа талаар Дорноговийн иргэн ярьсан. Би энэ талаар аймгийн удирдлагуудтай ярилцана. Бид 28 жил намаар талцлаа. Үр дүн нь ийм л байна. Дорноговь бусад аймаас илүү хурдацтай хөгжих боломж бий гэж хардаг. Дэд бүтэц сайн хөгжсөн.


Хамгийн урт авто замтай, төмөр замтай, мал аж ахуйтай. Мөн урд хөрштэй хил залгаа. Одоо бид яах  ёстой вэ? Уг нь Төмөр зам барих талаар 2010 онд УИХ-аар бодлого батлуулж байсан. Төмөр замыг барих гэтэл тухайн үеийн Засгийн газар мөнгийг нь өгөөгүй, гацаасан.  Одоо энэ ажлыг Дорноговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан эхлүүлье гэж байна. Төмөр зам барих миний байр суурь хэвээрэй. Эдүгээ Төмрийн хүдэр, нүүрс алт, зэс, ноос ноолуур, мах бүгд түүхий чигээр гадагшаа урссаар. Боловсруулах үйлдвэр рүү бодлогоо чиглүүлж байж ажилгүйдэл, ядуурлаас улс орон гарах учиртай.


Залуучуудаа цэрэгт татах замаар цалинтай, ажилтай, орлоготой болгох боломжийг бүрдүүлье гэсэн. Сард нэгээс хоёр сая орчим төгрөг авч чадвал монгол залуус гадагшаа явах шаардлага гарахгүй. Энэ ажлыг зэвсэгт хүчин, хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлнэ.

Зам, барилгын ажлын бүтээн байгуулалт  өрнөөд эхлэхээр дагаад жижиг бизнес цэцэглэнэ. Бидний уулзалт,  үр дүнтэй байж, та бүхний санал  холбогдох албан тушаалтанд хүрээсэй гэж бодож байна. Уулзалтад оролцсон Дорноговийн иргэд та бүхэнд баярлалаа” гэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 28-нд Говьсүмбэр аймагт ажиллана.



Х.Баттулга:Дорноговь бусад аймгаас илүү хурдацтай хөгжих боломж бий

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0