ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-25
Г.Хайдав : Эхийн хэвлийд байхдаа л би дуучин болж бэлтгэгдсэн
А. Байгалмаа > Нийтлэгч | 243 удаа уншсан
2017-01-06 20:19:30

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Г. Хайдав гуай  гайхалтай цээл (тенор) хоолойтой дуучин.  Тэрээр тухайн үеийн Зөвлөлтийн нэрт тенор дуучин Сергей Лемешевийн шавь бөгөөд Монголын болон дэлхийн алдартай романс, ари, дууриудын гоцлол дууг дуулж амьдруулсан байдаг. Түүнийг Монголын шинэ үеийн дууны урлагийн “загалмайлсан эцэг” хэмээдэг. Мөн өнөөгийн Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажлыг санаачилж   1963 онд Дуурийн театрын дэргэд байгуулж байжээ. Учир нь тухайн  үед алдарт дуучин маань  Дуурийн театрт ажиллаж байжээ.Тэрбээр "Ленский" ,"Евгений Онегин", "Бор"  "Жаргалын зам", "Юндэн" ,  "Учиртай гурван толгой", "Генерал" ,"Эрвээхэй хатагтай", "Хаан", " Нессундорма" зэрэг дуурийн дүрүүдийг  амжилттай бүтээж байсан. Г. Хайдав гуайтай уулзаж ярилцлаа.

 -Таны ажил амьдралын  анхны гарааг сонирхож байна?
-Анхдагч гэдэг үгэнд хайртай. Монголын хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр орж ажиллаж байгаад Хэвлэлийн үйлдвэрийн инжнерийн сургуульд ЗХУ-д явах урилга авсан юм. Гэтэл  анхны дуу дуулаачдын уралдаан болоод түүнд оролцож тэргүүн байранд шалгарсан. Би анхны түрүүг авч байгаа нь тэр. С.Гончигсумлаа багш маань намайг урлагийн сургуульд ЗХУ-д явахыг зөвлөв. Ингээд би хоёуланд нь шалгалт өгөөд тэнцсэн юм. Тэр үед Улс төрийн товчоо хуралдаад намайг урлагийн сургуульд  сурахыг зөвшөөрсөн.
-Анх та урлагийн тайзанд хэдэн настай гарч байв?
-Анх найман настайдаа  Ленин клубын тайзан дээр гарч орос дуу дуулсан.  Хөдсөн дээлтэйгээ л тайзан дээр бүдчин барин гараад иртэл хүмүүс инээлдээд би учраа олдоггүй гэтэл багш эргээч гэж хашигарлаа. Эргэж хараад би буруу хараад зогссон байснаа мэдсэн. Сандруухан дуулаад дуустал хүмүүс алга ташаад түүнээс их цочиж хөглөж билээ. Энэ дуугаа одоо ч мартаагүй  / дуулж өгөв/
-Таны анхны шагнал?
-Анхны дуу дуулаачдын уралдаанд түрүүлээд 1800 төгрөг урлагийн хорооны даргын гарын үсэгтэй үнэмлэх авсан. Тэр үедээ их мөнгө байсан юм.
-Хамгийн сүүлд тайзан дээр хэзээ дуулав?
Уржигдар дуулсан шүү.” Хун шувуу“-г шавь Д.Ганхуяг, У.Далантай нарын хамт дууллаа. Би хөгшин хэмээх алагчлалд орохыг хүсэхгүй байгаа.
-Тиймээ 100 настай эмээ эрүүл саруул бас завгүй гээд сууж байсан та бол залуу байна
-Ёстой их баярлалаа. Би 88 настай  тэр хүний дэргэд нээрээ залуу байна. Би ч их завгүй явдаг хүн .
-Та яг юу хийгээд завгүй байна вэ?
-Би ном уншдаг. Бас дууныхаа дасгал сургуулилтыг байнга хийнэ. Надад одоо 3000 гаруй ном байгаа.
-Та урын сандаа хэдэн дуутай вэ?
-Нийтдээ 700 гаруй дуутай. 300 гаруй нь  романс ари юм.
-Одоо дуул гэвэл бүгдийг дуулж чадах уу. Хамгийн хайртай дуу чинь аль нь вэ?
-Ихэнхийг нь дуулж чадна. Миний бүтээл гэдэг үр хүүхдээс  ялгаагүй учир бүгдэд нь хайртай. Гэхдээ  “Ээж дээ”  дуундаа илүү хайртай. Хаана хэзээ ч дуулахад бэлэн. Унтаж байхад татаад сэрээсэн ч шууд дуулна.
- Та өөрийгөө хэзээ дуучин боллоо гэж бодсон бэ?
- Эхийн хэвлийд байхдаа л би дуучин болж  бэлтгэгдсэн.Ээж маань агуу дуучдын дууг сонсож, бага насанд тэдний дуулахыг үзүүлэх гэж найр наадамд өвөр дээрээ суулган үзүүлдэг байсан.
-Танд шавь болсон  олон дуучин байгаа?
-Шавь нарынхаа тоог алдсан. Лав л Ардын жүжигчин 10 гаруй , Гавьяат 30 гаруй төрсөн мөн Зууны манлай дуучин ч байна. Шавь нараараа их бахархадаг.Би дуурийн бүх дууг анхлан дуулсан хүн. Харин одоо УДБЭТ-хан намайг тоохгүй байгаад гомддог. 50 жилээр гаргасан номдоо оруулаагүй байна билээ. Би гэртээ уйлж л суулаа.
- Биеийн тамираар хичээллэдэг үү?
-Биеийн тамирийн бүх төрлөөр хичээллэсэн. Бокс тоглож байгаад хамраа цөмлүүлээд савхаар татаж гаргуулж байлаа. Оюутан байхдаа 70 хүний гүйлтийн уралдаанд ороод долоод орж байсан. Ер нь гайгүй хурдтай байж. Багадаа тарвага хөөгөөд гүйцэж байсан юм.
-Таны бие хөнгөн байгаагийн нууц юунд байна вэ?
-Ээжийнхээ нэг сургаалийг ягштал биелүүлдэг. Тэр нь “юуг ч бүү хэтрүүл”гэсэн захиас юм. Хоол ундыг ч яг тааруулж идэж байх хэрэгтэй. Бүх зүйл өөр өөрийн хэмжээтэй.Түүнийг л баримтладаг.
-Та өглөө бүр дасгал хөдөлгөөн хийдэг үү?
-Өглөө сэрнгүүтээ хүн болсныхоо дасгалыг хийдэг. Би хүн гэдэг ээ эхлээд мэдэрч байх хэрэгтэй.  Дараа нь бусад дасгалаа хийгээд нот оо уншиж хоолойг сэрээнэ. Мөн ” УМ “ гэж хамраараа дүнгэнүүлж удаан унших маш сайн шүү дээ.
-Хүн болсны дасгал гэдэг нь юу юм бол?
- Энэ бол инээх. Сэрээд л шууд мишээх хэрэгтэй. Болж өгвөл тачигнатал инээх. Үүгээр хүн цог золбоог олж,  сэтгэлээ сэргээн баясал  төрүүлдэг юм.

 



Г.Хайдав : Эхийн хэвлийд байхдаа л би дуучин болж бэлтгэгдсэн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0