ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-25
Л.САНДУЙ: “ЯЛАЛТ” СОНИНЫГ ЗАХИАЛААГҮЙ ХҮНИЙГ НАМ ЗАСГИЙН ЭСЭРГҮҮ ХЭМЭЭН ЦОЛЛОДОГ БАЙСАН
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 247 удаа уншсан
2017-05-15 00:43:18

Эх орны дайны ялалтын 72 жилийн ойтой нас чацуу нэгэн тогтмол хэвлэлийн тулгын чулуу Дорноговь аймагт тавигдсан нь “Ялалт” сонин байлаа.
МАХН-ын Төв хорооны УТТ-ны 1944 оны 10 дугаар сарын 24-ны  67 дугаар тогтоолоор 10 аймгийн сонины нэрсийг баталсны дотор Дорноговь аймгийн сонин “Ялалт” нэртэйгээр анхны дугаараа 1945 оны 05 дугаар сарын 09- нд хэвлэжээ.

Мөн УТТ 1944 оны 11 дүгээр сарын 16- нд "Аймгуудад шинээр байгуулах сонины үүргийн тухай 72 дугаар тогтоол баталсан байдаг бөгөөд уг тогтоолд: ..."Ардын хувьсгал анх мандсан цагаас эхлээд хувьсгалт хэвлэлийг байгуулж түүний үзэл суртал, улс төрийн агуулгыг сайжруулах хэрэгт онц анхаарал тавих..."-ыг үүрэг болгов гэжээ.

Дорноговь аймгийн намын хорооны товчооны 1945 оны 11 дүгээр сарын 17-ны  хурлаар сонины эрхлэгч Н.Намжилын илтгэлийг хэлэлцэж байжээ.


“Ялалт” сонин үүсэн байгуулагдсаны түүхт 72 жилийн ой тохиож буй энэ жил тус сонинд ажиллаж байсан ахмад сэтгүүлч, ард түмний гавьяат Л.Сандуйтай уулзаж дурсамжаас нь хуваалцлаа.


-Таньд “Ялалт” сонин үүсэн байгуулагдсаны түүхт 72 жилийн ойн баярын мэндийг хүргэе.


-Баярлалаа.


-Та “Ялалт” сонинтой хэдийнээс эхэлж ажил, амьдралаа холбосон бэ?


-1961 оны 1 дүгээр сарын 01-нд аймгийн Урчуудын эвлэлийн салбарт 19 настай, монгол дээлтэй жаахан хүү дагалдан зураачаар анх ажиллаж эхэлсэн. Тэр үед Урчуудын салбар хоёрхон зураачтай байсан бөгөөд эрхлэгчээр Чимэддорж гуай ажилладаг байлаа.

Манай урчуудын салбарт нэг бүдүүн дарга үе үе ирж, зурсан зургийг нь шалгаж тамга дараад явчихдаг байсан нь Намын хорооны Товчооны гишүүн, “Ялалт” сонины хариуцлагатай эрхлэгч, главлит Д.Батаа гуай байсан юм.

Батаа гуай нэг удаа намайг сүрхий ажиглаж харчихаад Чимэддорж эрхлэгчээс “Энэ юун хүүхэд вэ” хэмээн асууж байна. Эрхлэгч хариуд нь “Гэрэл зурагчин Наваанренчингийн дүү нь байгаа юм, зурах авьяастай хүүхэд юм билээ, би зураач болгохоор авлаа” гэтэл “Аан тийм үү” гээд л гарч одсон.

Хэд хоногийн дараа Чимэддорж гуай надад хэлж байна аа, “За хүү минь чамайг Батаа дарга “Ялалт” сонинд авахаар ярьж бүр Намын хорооны шийдвэр гаргуулж байх шиг байна” гэхэд нь “Би гэдэг хүн уг нь алдартай сайн зураач болно гэж таны дэргэд ажиллаж байгаа юмсан” гэхэд  Эрхлэгч  “Би өгөхгүй гэж гүрийгээд болсонгүй, Батаа дарга гэдийгээд, одоо миний хүү Намын хороо руу оч” гэх нь тэр. Тэр үед дарга нарын үгнээс хэнбугай ч гардаггүй байлаа.

Ингээд дургүйхэн намын хороо руу анх удаа очтол баахан дарга нарын дунд танихаас нөгөө Батаа дарга сууж байна. Бас нэг таних хүн нь манай Дэлгэрэх сумын уугуул Намын хорооны үзэл суртал эрхэлсэн дарга Балдандорж гуай харагдана.

Дөнгөж ортол Батаа гуай намайг Товчооны гишүүдэд шууд танилцуулан “Энэ хүүхдийг “Ялалт” сонинд цайр зурагчнаар авна. Улаанбаатар хотод нэг сарын зурагчны курст суулгаад хүргэн ах Наваанренчингээр нь гэрэл зураг заалгана, товчооны гишүүд батлах уу” гэж ирээд л гараа өргөсний дараа би “Ялалт” сонины цайр зурагчин болсон юм даа. Тэр үе бол 1962 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байлаа.

 

-Тэр үед “Ялалт” сонинд хэчнээн хүн ажилладаг байв. Сонины дугаар, давтамж ямар байсан бол?


-Урчуудын эвлэлд тавхан сар ажиллаж тосон будгаар ганцхан бүтээл хийж байсан намайг очиход сонин маань жижигхэн нэг давхрын умгар байшинд нягтлан бодогч, эрхлэгч тусдаа өрөөнд, бусад нь бөөнөөрөө нэг өрөөнд ажиллана.

Миний хажууд нэг нь үсэг өрөөд л, цаахантай нь хэвлэлтэд бэлтгэх ажил өрнөөд л тийм нэг давчуухан л нөхцөл байсансан. 1965 онд сониныхоо 20 жилийн ой тохиоход би хамт тэмдэглэж байсан юм. Намайг анх ажиллаж эхлэх үед сонин долоо хоногт хоёр удаа гардаг, жижгэвтэр хэмжээтэй байлаа.

70-аас 80-аад оны үед нэг удаагийн хэвлэлтээр 4500 ширхэг хэвлэдэг болсон төдийгүй хэвлэсэн сониныг аймгийн бүх албан газрууд захиалан уншдаг. Өглөө хэвлэгдсэн сонин хэдхэн минутын дотор тараад алга болдог, тийм л байсан.


-Гэрэл зургийн ажлынхаа талаар та дэлгэрүүлж яривал?


-Ингээд би 1962 онд Улаанбаатар хотод нэг сарын цайр зурагчны курст сураад ирэхэд манай сонины цайр зургийн лаборатори технологийн хувьд ашиглалтад хараахан ороогүй байсан тул нэг жил хүлээхээр болов.

Энэ хугацаанд нэрт зохиолч, сэтгүүлч Д.Намжилдорж гуайн гарт очлоо. Лаборатори ашиглалтад ороогүй хэдий ч сониндоо зураг хийх даалгавар авсан юм. Хулдаасаар хийх шаардлагатай гэлээ.

Хулдаасыг нь бас л мэдэхгүй байтал “Чамд би шалны хүрэн хулдаас өгнө, хадаастай, модон шалан дээр зөөлрүүлэх маягаар дэвсдэг хулдаас. Үүн дээр зураг зурна” гэв. “Яаж зураг зурах вэ” гэж асуутал хэлээд өгнө гэж байна. Чи мах иддэг нарийхан хутга, балын харандаа ол гэхээр нь бэлтгэлээ. Намжилдорж гуай өөрөө архи уудаг хэрнээ надад ингэж хэлж билээ.

Намар болохоор малчид архи уугаад л малаа оторлохгүй давхиад байх юм. Зуд болохлоор нэгдлийн мал үхүүлж байна. Тэгэхээр энэ сэдвийг үндэслээд цуврал зураг зур гэв. Хамгийн эхний зураг бол нударга эргүүлж архи уугаад, эхнэр хүүхдээ зовоогоод явж байгаа эрийн тухай, харин дараагийн зураг бол өвлийн хүйтэнд малаа үхүүлсэн малчны тухай. Цаасан дээр хар зургаа гаргаад дараа нь дардсаа буруу харуулаад хулдаасан дээрээ балын харандаагаар зураад нөгөө хутгаараа сийлнэ.

Энэ нь үсэгнийхээ дардаст зориулан бэлдэцээ бэлэн болгож байна гэсэн үг. Энд маш олон удаагийн ажиллагаа шаарддаг учраас товчхон хэлбэл модон барын хэлбэрийг хулдаасан бар дээр буулгаж буй хэрэг. Олон удаа засвар хийсний эцэст бэлэн болгосон дардсаа үсэг өрөгч дундаа хийгээд явуулахад зураг гарна. Энэ мэтээр олон зураг зурсан.


-Та 1963 оноос цайр зургийн чиглэлээр ажиллаж эхэлсэн үү?


-Тиймээ, би хулдаасан бараар ажлаа эхлээд дараа нь цайр зураг руу шилжсэн. Цайр зураг бол хулдаасан барын дэргэд технологийн хувьд нэг алхам дэвшил юм. Нарийн филонкон дээр зургаа авч угаагаад хатаачихна.Дараа нь нөгөө зургаа өсгөгчинд хийгээд нэгдүгээр филм дээр буулгана.

Хоёр талаасаа харагддаг гялтганасан өнгөтэй өргөн филонк. Үүнийг дараа нь сээтэгтэй буулгана. Өөрөөр хэлбэл хавтгай төмөр дээр нөгөө зургаа маш их хүчтэй хороор хордуулахад бидний сонин дээр хэвлэгдэх хэсэг үлдээд нөгөө хэсэг нь уусаад алга болдог. Үүнийгээ дараа нь азотын ислээр бэхжүүлээд, нөгөө үсэг өрөгчдөө цавуугаар наагаад явуулна.

Хулдаасныхаа оронд л цайраар хийж байна гэсэн үг. Үүгээр фото зураг, гар зураг гээд бүгдийг хийж болно. Ингээд л орон нутгаар явж фото зургаа аваад л, сониныхоо зургийг баяжуулж явлаа. Би цайр зургийн чиглэлээр 11 жил ажилласан. Оройгоор аравдугаар анги төгссөн. Миний ажил сайн байсан болохоор 1968 онд намд элсэж Намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангид суралцах бэлтгэлээ хангасаар 1973 онд элсэн суралцсан.

1973 онд сургуульд явахдаа Готовын Түмэнбаяр гэдэг хүүд гэрэл зургийнхаа лабароторийг хүлээлгэн өгөөд сургуулиа төгсөөд буцаад ирэхэд миний бүтээсэн урлан харамсалтай нь дөрвөн гэрэл зургийн сурвалжлагчийн гараар ороод сүйтгэгдчихсэн байсан.


-Та зураг авахдаа ямар аппарат хэрэглэж байв?


-Намайг “Ялалт” сонинд дөнгөж ороход Цогт-Очир гуай гэдэг сайхан намбатай нягтлан байлаа. Түүний сейфэнд оросын “Зорки 4” гэдэг аппарат байж. Хуучны улсууд алсыг харсан нарийн ухаантай байсны жишээ энэ.

Манай сонин алсдаа гэрэл зурагчинтай болно гээд урьдчилаад аваад хадгалчихсан юм байх. Түүнийг надад өгсөн. “Ах чинь гэрэл зурагчин, тэгэхээр ах дээрээ авч очоод заалга” гээд л явуулж билээ. Түүний дараа “Зенит”, “Вера” гээд олон аппарат барьсан.

Хатанбулаг сумын зургийн багш Ууганхүү, зураач Г.Цагаандэрэм, бид гурав хамтарч зураасан зургийн хамтлаг байгуулаад 1986 онд бүх ард түмний урлагийн их наадамд оролцож улсад нэгдүгээр байрт шалгарч алтан медаль авч байсан санагдана.


-Дараа нь та Намын дээд сургуулийг төгсөж ирээд Хэвлэл утга зохиолыг хянах газрын Дорноговь аймаг дахь төлөөлөгчөөр томилогдсон байх аа?


-Намын дээд сургуулийг төгсөх үед миний ажлын туршлага юм юмыг харгалзан үзсэн нь тэр байх Сайд нарын зөвлөлийн харьяа Хэвлэл, утга зохиолыг хянах газрын Дорноговь аймаг дахь төлөөлөгчөөр томилсон.

Тэр үед  энэ ажил Сайд нарын зөвлөлийн харьяанд байсан учир би аймгийн захиргаанд конторлож тэндээс цалингаа авдаг хэрнээ “Ялалт” сонинд очиж долоо хоногт хоёр удаа сониноо уншдаг, хянадаг байлаа. Нэг зүйлийг онцлоход “Главлит”-ыг хүмүүс буруугаар ойлгодог байсан. Хүмүүсийн хэлдгээр бүх юмыг санаатайгаар хавчин дарах, нийтлүүлэхгүй байх үүрэгтэй байгаагүй юм.

Тэр үед манай сонинд юунаас болсон юм бүү мэд нэг улс төрийн алдаа гарсан. Цэргийн нууц задруулсан юм байх. “Главлит”-ын том үүрэг бол хөрөнгөтний гаж үзэл суртал шингэсэн өгүүлэл, мэдээ, материал олон нийтэд тараахаас болгоомжлох, хоёрдугаарт цэргийн нууцыг хадгалах гэсэн зарчимтай.

Ингэж би Дорноговь аймагт 11 жил главлитаар ажиллаад  байхад 1988 он  гарч Ардчиллын салх дөнгөж сэвэлзэж байх үед Сайд нарын зөвлөлийн дэргэд Хэвлэл утга зохиолыг хянах газрыг татан буулгахад эргээд сониндоо сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн.

“Главлит”-ын ажил хийж байх үедээ би хөдөө сумдаар явж сурвалжлага хийж, төв орон нутгийн сониндоо мэдээ нийтлэл хэвлүүлдэг байлаа.Сонины бүх жанараар бичсэн байна. Шог найруулал, тэмдэглэл гээд нэлээд бий. Зураг гэхэд бар зургаар эхлээд, фото, зураасан зураг гээд л үргэлжилсэн.

Харин “Ялалт” сониныхоо 70 жилийн ойд зориулж сонины үүх, түүх, сэтгүүлчдийн бүтээлийн хэсгээс харуулсан номыг хэвлэлтээс өлгийдөн авч уншигчид, ард иргэддээ хүргэсэн. Харин үүнээс залуу сэтгүүлчдэд хэрэгтэй, тэдэнд гарын авлагаа болохуйц материал их бий дээ.


-Тэр үеийн сэтгүүлчдийн тухай дурсвал?


-Намайг анх гэрэл зургийн сэтгүүлч болоход хөтөлж оруулсан хүн бол “Ялалт” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан сэтгүүлч, Д.Намжилдорж гуай. Би энэ хүнийг дээд зэргээр хүндэлж дурсан санадаг.

Дорноговь аймагт 1920-иод оны үед ирж ажиллаж байсан орос эмч Агатовагийн орчуулагч, бие дааж орос хэл сурсан мундаг сэхээтэн байлаа. Дорноговийн уран зохиолын дугуйланг анхлан үндэслэгч байсан. Анхны эрхлэгчээр Норовын Намжил гэдэг хүн ажиллаж байсан.

Тэр хүн “Ялалт” сонины 20 жилийн ойгоор уригдаж ирж байлаа. Дэлэгийн Батаа гуай, Дансранжав гуай, Чиваачижий гуай, “Хөлс” Далантай гээд олон сайхан сэтгүүлч хөдөө ажиллаж байсан.Тэдний зарим нь “Үнэн” сонины орон нутгийн сурвалжлагч байсан. Намжилдорж гуай гэхэд сонины томоохон нийтлэл бичнэ. Дансранжав гуай ч мөн адил шүлэгт анхаардаг.

Тэр үеийн томчууд яг сэтгүүл зүйн чиглэлд анхаараагүй, голдуу орчуулгад анхаарсан байх жишээтэй.


-“Үнэн” сонины тусгай сурвалжлагч  тухайн үедээ  “Том” хүн байсан гэлцдэг. Энэ тухайд таны бодол?


-Тэр үнэн. “Үнэн” сонин бол Намын төв хороо, Засгийн газрын гол сонин байсан юм. Үнэн сонины сурвалжлагч том эрхтэй байлаа. Зарим үед аймгийн даргатай хөдөө сумдаар давхина, шаардлагатай үед дуудлагын машин унаад явах эрхтэй. 11 дүгээр бааз гэж өдий төдий дуудлагын 69 машинтай бааз байв даа.

Дуудлагын унаа унаж сурвалжлагад явахад зардлыг нь “Үнэн” сонин төлдөг журамтай. Заримдаа тэд “Ялалт” сониныхоо сэтгүүлчидтэй хамт явдаг. Олон сайхан хөдөлмөрийн сайчуулын, малчдын, үйлдвэрийн ажилтнуудын ажил бүтээлийг ард түмэндээ хүргэсэн дээ.

Дарга нар заримдаа “Үнэн сонины сурвалжлагчаас цэрвэнэ. Үнэн сонины нүүр хуудсанд сумын нэг даргыг аль эсвэл нэг сумын ажлын тухай шүүмжлээд биччихсэн тохиолдолд намын хорооны хурлаар донгодох, ажил сайжруулах арга хэмжээ авах, шүүмжлэлийн мөрөөр сониноос эргэн сурвалжлах зэрэг ажлыг эрчимтэй өрнүүлдэг байсан.

Өөрөөр хэлбэл “Манай сонинд танай нэгдлийн тухай ийм мэдээлэл гарсан байна, тиймээс ажлаа сайжруул, хийсэн ажлынхаа тайланг тэдний дотор нааш нь мэдээл” гээд л нам ард түмний хооронд амьд холбоо үүсгэдэг байж. Сонин хэвлэл үнэхээр хүчтэй байсан.

Одоо  ямар ч сайхан юм бичсэн төрийн түшээд нь анхаарахаа больчихож дээ. Сонин хэвлэлийг намын дайчин хурц зэвсэг гэж нэрлэж, аймгийн айл бүрээр захиалуулна. Сургуулийн сурагч хүртэл захиалж уншдаг. “Ялалт” сониныг захиалан уншаагүй хүнийг бараг л сэхээтэн биш, нам засгийн эсэргүү шахуу болгож бичнэ шүү дээ.


-Тэр үед сум бүрт идэвхтэн бичигч байсан?


-Тийм ээ. Оросын хувьсгалч Ленин “Гурав, дөрвөн сэтгүүлчтэй байснаас 30, 40 идэвхтэн бичигчтэй байвал тэр сонин амьд сонирхолтой мэдээллээр дүүрэн байх болно” гэж хэлсэн нь бий. Тэр үнэн үг. “Ялалт” сонин маань хоёроос гурван жилийн дотор нэг удаа идэвхтэн бичигчдийн зөвлөгөөн хийдэг.

Арваад идэвхтний бүлэгтэй. Тэр нь тухайн сумын намын үүрийг түшиглэнэ. Тэгээд идэвхтэн бичигчдийг чиглүүлдэг, шагнаж урамшуулна.Одоогийнх шиг нэг мэдээллээ төвийн бүх хэвлэл нь хуулаад тавьдаггүй байлаа.

Нэг суманд хамгийн багадаа долоон идэвхтэн бичигчтэй байсан. Ингээд идэвхтэн бичигчдийнхээ материалыг хүлээн авч шаардлага хангаагүй заримыг нь буцаадаг, үүрэг чиглэл өгдөг байх жишээтэй. Мөн бас захидал харилцаа их өрнөдөг байлаа.


-Идэвхтэн бичигчдийн дунд хэн нэгнийг “матаж” бичдэг хүн байсан уу?


-Ялих шалихгүй зүйлээр өөрийн хувийн үзлээ гаргаж бичдэг мэр сэр хүн байсан л байх. Гэхдээ харьцангуй гайгүй шүү. Сум, нэгдлийн дарга нарыг хааяа шүүмжилнэ үү гэхээс биш аймгийн Намын хороог барагтай л бол шүүмжлэхгүй дээ. Бас аймагт “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” сонины орон тооны бус сурвалжлагчид ч ажиллаж байлаа.


-Ялалт сонины хамгийн сүүлчийн дугаар хэдэн он хүртэл гарсан юм бол?


-1990 он гарахад “Ялалт” сонин задарч зөвхөн сонины редакци  аймгийн захиргааны байранд Хэвлэл радиогийн нэгдсэн төв болж төвлөрсөн юм. Зах зээл эхэлсэн ч бид захиргааны байрандаа төвлөрч сониноо гарган, телевиз, радиогийнхоо нэвтрүүлгийг бэлтгэх зорилгоор хэдхэн сэтгүүлч ялгараад үлдчихсэн байлаа.

Харин сонины хэвлэх үйлдвэрийг цэнхэр ногоон тасалбараар үйлдвэр эрхэлсэн орлогч Бат-Өлзий, мастер Шуурган гэдэг хоёр хүн хувьчилж авсан. Ажилчид ч цувран гарсаар үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг хятад руу төмрийн наймаанд өгч, үлдсэн байшинг зараад юу үгүй дуусгасан юм.

Хэдийгээр үйлдвэр хаалгаа барьсан байхад “Ялалт” сонин 1994 он хүртэл тасралтгүй хэвлэгдэж байгаад эдийн засгийн бэрхшээл тулгарч сэтгүүлч Б.Төмөрпүрэв “Цаасан шувуу” нэртэйгээр үргэлжлүүлэн гаргасан байдаг. 2011 оноос сэтгүүлч Ж.Заяабаатар “Өнөөдрийн ялалт” нэртэйгээр үе үе гаргаж байлаа.


-Тэгээд л та тэтгэвэртээ гарсан хэрэг үү?


-УИХ-аас гаргасан алдарт тогтоолоор дөрвөн хүүхэд төрүүлж 35 нас хүрсэн эмэгтэйчүүдийг, улсад 20 жил ажилласан, 10 жил нь хортой нөхцөлд ажилласан 45 хүрсэн эрчүүдийг тэтгэвэрт гаргах юм болоод би гэдэг хүн 1992 онд тэтгэвэрт сууж чөлөөт уран бүтээлч болсонсон.


-Дорноговь аймгийн түүхэн хөжилтэй холбоотой гэрэл зургийн өв сан танд бий. Гэрэл зургийн чиглэлээр хэчнээн үзэсгэлэн гаргасан бол?


-Гэрэл зураг бол нэгдүгээрт түүх, хоёрдугаарт соёл, гуравдугаарт архив, дөрөвдүгээр баримт юм. Зах зээл эхэлмэгц л монголчуудын амьдрал хүндхэн байдалд орсон. Гэрэл зургийн “Говь нутаг” ХЭАА байгуулаад өөрийнхөө анхны уран бүтээлийг 1992 онд гаргалаа.

Тухайн үед аймгийн даргаар Л.Одончимэд, ИТХ-ын даргаар Б.Нямдорж нар ажиллаж байхад нь урилга заллага явуулж үзэсгэлэнгээ үзүүлж байсан. Би зээл авахаас их айна. Зээл авахгүй хулчигнасаар байгаад хамаг боломжоо алдсан юм.

Ингээд нэг л юм барьж авья гэж бодоод морь сонирхдогийн хувьд Монголын хурдан морь, банди тайж адуугаар 10 гаруй ном бичсэн. Энэ хэдий болтол орлого олох вэ дээ. Ингээд би дөрөв дахь номоо гаргасны дараа 1991 онд Дорноговь аймгийн 60 жилийн ой болж морьдын бай шагналтай хамтатган миний ном, хуанли хоёрыг бэлэглэх нь үлдэцтэй юм гэж наадмын комисст хэлтэл зөвшөөрсөн.

Дөрвөн зуу гаруй ширхэг номоо нэг бүрийг нь 3000 төгрөгт борлуулсан хэрэг. Ингээд би амьдралдаа барьж үзээгүй нэг сая гаруй төгрөг олж билээ.

 

-Сая гаруй төгрөг тухайн үед их мөнгө байсан. Та мөнгөө юунд зарцуулсан бэ?


-Нэг сая гаруй төгрөгөөрөө юу хийх тухай гэр бүлийнхэнтэйгээ ярилаа.Тэр үед зургийг нарийн филонк дээр аваад Эрээнд очиж угаалгадаг байсан. Би Өвөрмонгол зурагчинтай танилцахад “Компьютерээр зураг засварлаж угаадаг иж бүрэн технологи надад байна.

Та зураг авдаг хүн гурван сая төгрөгөөр ав” гэдэг юм байна. Гурван сая төгрөг надад давшгүй ажил байлаа. Тэгээд хотод ирээд сураглатал нөгөө иж бүрэн технологи нь нэг сая төгрөг гэдэг байгаа. Фото аппарат, дэлгэц, сканнер, процессорыг нийлүүлээд 2000 оны үед авч байсан.

Ингээд юу ч мэдэхгүй би компьютерийн анхны сургалтад сууж эхэлснээр одоогийн энэ “Говийн өнгө" гэрэл зургийн студийн суурийг тавьсан юм. Одоо хүүхдүүд үргэлжлүүлж авч явна.


Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

 



Л.САНДУЙ: “ЯЛАЛТ” СОНИНЫГ ЗАХИАЛААГҮЙ ХҮНИЙГ НАМ ЗАСГИЙН ЭСЭРГҮҮ ХЭМЭЭН ЦОЛЛОДОГ БАЙСАН

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0