ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-11-19
Н.Алдарбаяр:Ажлын хариуцлага, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхийн төлөө онцгой анхаарч ажилласан
Х. Эрдэнэбулган > Нийтлэгч | 1808 удаа уншсан
2018-02-05 22:59:45

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяртай ярилцлаа.

-Монголын хамгийн том боомт хот Замын-Үүдийн хүн ам жил бүр өсдөг. Энэ жилийн тухайд?

-2017 оны жилийн эцсээр 18200 мянган байнгын оршин суугчидтай болсон. Түр оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга орчим хүн ажиллаж амьдарч байна. Өдөртөө тус боомтоор зургаагаас найман мянган хүн хил нэвтэрэхээс гадна суудлын тэрэг 800-1000, 100-120 орчим ачааны машин байнга орж гарч байдаг.

-Та Замын-Үүдийн Засаг даргын ажлыг хүлээн аваад тодорхой хугацаа өнгөрчээ. 2017 оны гол ажлаас дурдах уу?

-Өнгөрсөн жилийн 11 дугаар сард миний бие замын-Үүд сумын Засаг даргын  ажлыг хүлээн авсан. Ингээд “Хөгжлийн төлөө бид хамтдаа 2016-2020” мөрийн хөтөлбөр, сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг сумынхаа ИТХ-аар батлуулсан. Тухайн үед сумын ЗДТГ урсгал зардлын 50 орчим сая,  бүтээн байгуулалтын он дамжсан  221 гаруй төгрөгийн өртэй байлаа.

Ажлаа сумынхаа  иргэд хөдөлмөрчид, аж ахуй нэгж байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийнхэнтэй уулзаж ярилцлага өрнүүлж, тэдний санаа бодлыг сонссоноор эхэлсэн. Харин надад нэг л зүйл анзаарагдсан. Ажлын сахилга хариуцлага алдагдсан байсан. Сахилга хариуцлагаа дээшлүүлж байж амьдрал урагшлах юм байна гэж үзээд 2017 оныг  сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарлаж юун түрүүнд  санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхийн төлөө ажилласан. Замын-Үүдийн Төрийн сан болон зарим төсөвт байгууллагууд  санхүүгийн хяналт шалгалтаар багагүй зөрчил, дутагдал илэрсэн байдаг.

Эдгээрийг засаж сайжруулж, төрийн албыг түргэн шуурхай болгож, ил тод байх зарчмыг барьж ажилласны үндсэн дээр хугацаа хэтэрсэн 221 гаруй сая төгрөгийн  өрийг 100 хувь барагдуулсан. Санхүүгийн хувьд ямар нэгэн зарлагыг хэтрүүлэлгүйгээр  31 сая төгрөгийн ашигтай ажилласан юм. Шилэн дансны тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн төлөө онцгой  анхаарч ажилласны үр дүнд  санхүүгийн сахилга хариуцлага дээшлүүлж  онцгой амжилт гаргалаа гэж үзэж байна.

-Төрийн албаны ил тод байдал, хүнд сурталгүй байх зарчим алдагдлаа гэх яриа сүүлийн үед гарах болсон. Замын-Үүд сумын тухайд?

-Төрийн албаны ил тод байдлыг хангахаар төрийн байгуулагуудын угтах танхимыг нэг ижил стандарт тогтоож засаж сайжруулсан. Мэдээллийн самбарт газар зохион байгуулалтын төлөвлөгөө, худалдан авах ажиллагаа, төсөв хөрөнгө гээд шаардлагатай мэдээллийг тогтмол ил тод, тодорхой байдлаар байршуулдаг боллоо. Мөн багийн ИНХ-ыг  сар бүрийн 25-нд зохион байгуулж хэвшив.

ЗДТГ вэб болон пэйсбүүк хуудастай болж сар бүр сонинд мэдээлэл гаргаж  хүмүүст хүргэж, Замын-Үүдийн телевиз, fm радиотой хамтран ажиллаж байна. Иргэдэд мэдээллийг түргэн шуурхай, ил тод хүргэж ажилласнаар  иргэдийн хардлага сэрдлэг үгүй болж төрийн албыг ойлгодог болно гэж үзэж  байгаа.

2017 онд аймгийн Засаг даргаас хагас жилийн хугацаатай зарласан төрийн албаны ил тод байдлыг хангаж ажиллах, авлигаас ангид байх, сайн засаглалыг түгээх уриатай уралдаанд Замын-Үүд сум аймагтаа тэргүүлсэн. Өмнөх жилүүдэд болж байсан саар муухай зүйлийг орхиж ил тод үйл ажиллагаа явуулж, иргэддээ ойр байж, чадварлаг, мэргэшсэн алба хаагчидтай ажиллах зарчмыг төрийн албанд хэвшүүлэхийн төлөө зорин ажиллаж байна.     

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хийгээд жижиг дунд бизнесийг хөгжүүлэх ажил ямар ахицтай байна вэ?

-Өнгөрсөн жилүүдэд Замын-Үүд суманд Сум хөгжүүлэх  сангийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг 151 иргэн авсан байна. Анхнаасаа зээл танил тохой татах, найз нөхдийн шугамаар олгогдож, зориулалтын бусаар зарцуулагдсан байсныг аймгийн удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу засаж сайжруулахаар ажилласан. Намайг ажил хүлээн авахад Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт 27 сая төгрөг байв.

Бид 140 гаруй сая төгрөгийг татан төвлөрүүлж 120  сая төгрөгийн зээл олгох эрхийг шийдвэрлэсэн бөгөөд зээл олгох комиссыг багийн ИНХ-аар хэлэлцүүлж шинээр байгуулсан. Улаанбаатараас сургагч багш нар урьж  төслийг шалгаруулах аргачлал, мэдлэг мэдээллийг олгосны үндсэн дээр төсөл сонгон шалгаруулалтыг хийсэн.

21 төслөөс долоог нь нээлттэй шалгаруулж,  хугацаа хэтэрсэн 51 зээлдэгчийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд Эрээн хотод хоёр удаагийн үзэсгэлэн худалдаанд, мөн аймгийн үзэсгэлэн худалдаанд удаа дараа  оролцуулсан.

Манай бизнес эрхлэгчид амжилттай оролцож бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүн байр эзэлсэн. Бизнес эрхлэгчидээ дэмжиж тэдгээрийг сонсох, хамтарч ажиллах, хариуцлагыг нь дээшлүүлэх, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх гээд олон зүйл дээр удаа дараагийн танхим, практик хосолсон сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.

Мөн  Замын-Үүд сум газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж газрыг дуудлага худалдаагаар сонгон шалгаруулж олгодог. Гэтэл Газрын тухай хууль зөрчиж үйл ажиллагаа явуулаагүй найман аж ахуй нэгж, 10 иргэний газрыг цуцаллаа.

Өнгөрсөн жилүүдэд дуудлага худалдаагаар 120 гаруй сая төгрөгийг төсөвт төвлөрүүлж байсан бол бид 2017 онд  560-аад сая төгрөгийг төсөвт төлөрүүлж чадсан. Газрын дуудлага худалдааг ил тод явуулсан нь ил тод, хүнд сурталгүй, авлига ашиг сонирхлоос ангид байх нөхцлийг бүрдүүлнэ гэж харж байна.

-Хүн ам нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэг, нийгмийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ өсдөг. Боловсролын үйлчилгээ, дэд бүтцийн хүртээмжийн талаар?  

-Нийгмийн бодлогын салбарт чамлахааргүй ажил хийлээ.Царцаагдсан байсан Замын-Үүдийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийг УИХ-ын гишүүнтэйгээ хамтарч, нэг баг болж ажилласны үр дүнд 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ашиглалтад оруулсан. Шаардлагатай тоног төхөөрөмжийг БСШУС-ын  яамнаас мөн дулаан хангамж зэрэг бусад зардлыг орон нутгаас тус тус шийдсэн.

Өнөөдөр энэхүү сургуульд 1200 гаруй хүүхэд ерөнхий боловсрол эзэмшиж байна. Гурван ээлжээр хичээллэдэг байсныг нэгээс хоёр ээлжтэй болгож улсын стандартад дөхүүлсэн. Мөн хүүхдүүд хичээлээс гадуур сурч боловсрох боломжтой болсон. АНУ-ын Элчин сайдын яамны хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг алслагдсан гуравдугаар багт барьсан.

Тус цэцэрлэг нь орон нутгийн хэмжээнд баригдсан анхны эко цэцэрлэг бөгөөд хүүхэд багачуудын тав тух, эрүүл ахуй, аюулгүй байдал, сурч хүмүүжих орчныг дээд зэргээр хангасан олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж юм. Дээрээс нь зам талбайг засварлах сумын гэрэлтүүлгийг нэмэх, шинэчлэх, нийтийн эзэмшлийн байрны дээвэр, гаднах пассадыг засварлах, хуучирч муудсан 200 гаруй метр замыг засаж сайжруулах, эрчим хүчний 04-ийн шугам шинэчлэх гээд тохижилт үйлчилгээтэй холбоотой олон ажлыг хийж гүйцэтгэлээ.

-Боловсрол гэснээс соёл, спорт нийтийн биеийн тамирын хөгжил хилийн суманд ямар байгаа бол?

-Соёл урлагийн салбартаа чамлахааргүй ажил хийж гүйцэтгэлээ. Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 25 байгууллагуудыг оролцуулж 25 төрлөөр сумын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 3800 гаруй хүн оролцсон. Гандболын  өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Гандболын холбоо, МҮОНРТ-тэй хамтран хөдөө орон нутагт анх удаа зохион байгууллаа.

Тэмцээнд 15 газрын 500 гаруй тамирчин оролцсон бөгөөд хөдөө орон нутагт улсын чанартай тэмцээнийг өндөр хэмжээнд зохион  байгуулж чаддаг гэдгийг харуулсан. Дараа нь чөлөөт бөхийн  олон хотын тэмцээн, сагсан бөмбөгийн залуучуудын лигийн тэмцээн гээд олон уралдаан тэмцээнийг  зохион байгуулсан.Манай сумын тамирчдын амжилт  2017 онд маш өндөр байлаа. Дэлхийн аваргаас мөнгө, Азийн аваргаас хос алт, олон улсын 18, улсын аваргаас 58 медаль хүртсэн. Математикийн зүүн бүсийн олимпиадыг сумандаа  амжилттай зохион байгуулсан.Нийт найман газрын 350 гаруй хүүхэд ирж оролцоход Замын-Үүдчүүд багаараа тэргүүлсэн нь энэ жил Дорноговь аймагт болох математикийн улсын олимпиадыг угтсан томоохон ажил болсон. Хөрш зэргэлдээ Эрээн хоттой спорт урлагийн олон талт харилцааг хөгжүүлж чадлаа. Урлагийнхныг дэмжиж 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Эрүүл мэндийн салбарт 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн.Энэ ажлынхаа бүтээмжээр аймгийн ЭМГ-аас хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн сумаар шалгарсан. Эмч нар Эрээн болон Хөх хотын эмнэлэгт  туршлага судлаr, дадлагажсан. Багш нар болон сурагч солилцооны чиглэлээр Эрээн хотын сургуулиудтай танилцсанаас гадна Засаг даргын миний хүсэлтээр Замын-Үүдийн сургуульд  хоёр хятад багш ирж II, III сургуульд монгол хүүхдүүдэд  хятад хэл зааж эхэллээ.

Хүүхдүүд сонгож суралцах боломжтой. Замын-Үүдийн консулын газартай нягт хамтарч ажилласнаар  консулын газар бидэнд олон зүйл дээр дэмжлэг үзүүлж байна. Мөн  Цагдаагийн байгууллагад 60-70 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн.Цагдаагийн ерөнхий газраас хөдөөгийн сумын дунд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн сумаар манай сумыг шалгаруулсан.

Замын-Үүд суманд  баригдаж байсан спорт цогцолборын ажил юу болсон бэ?

2013 онд, тухайн үеийн Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Замын-Үүдэд ажиллахдаа   Шинэ сум төслийн хүрээнд нэн шаардлагатай дөрвөн барилга буюу  цэцэрлэг, сургууль, эмнэлэг, спорт цогцолбор барихаар 15 тэрбум  төгрөгийн  хөрөнгө оруулах асуудлыг шийдвэрлэж тендер зарлах эрхийг нь өгсөн байдаг. Миний бие ажил хүлээн авах үед дээрх төслүүдээс цэцэрлэг л ашиглалтад орсон байсан.

Харин өнгөрсөн жилд бид сургуулиа ашиглалтад орууллаа. Спорт цогцолборын барилга асуудалтай хэвээр байна. Учир нь барилгаа барих явцдаа гүйцэтгэлээ түрүүлж мэдүүлээд санхүүжилтээ аваад алга болчихсон.Өөрөөр хэлбэл“ гүйцэтгэгч Фронт гейт” ХХК  5.8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй барилгын 2.5 тэрбумыг аваад барилгаа араг ястай нь үлдээсэн.

Түүнээс хойш хэдэн жилийн нүүр үзэж байна. Эмнэлгийн барилгын хувьд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр зураг төсвийг нь өөрчилж барьсан төдийгүй 20 гаруй төрлийн зөрчил илэрсэн учир үйл ажиллагааг нь зогсоосон. Тухайн үед ажил хариуцсан хүмүүс нь хариуцлага, сэтгэлгүй  ажилласан юм уу гэж боддог.

-Цааш нь үргэлжлүүлэхийн тулд одоо яах ёстой вэ?

- УИХ-ын гишүүн болон аймгийн удирдлагууд барилгын ажлыг дуусгах чиглэлээр бүхий л түвшинд уулзаж ярилцаж байна. Барилгын ажлыг дуусгах болон буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах гээд. Эдгээр  барилгууд хугацаандаа ашиглалтад орсон бол Замын-Үүдийнхэнд үйлчилгээ үзүүлээд, иргэд ч үр шимийг нь хүртэх байсан. Бид 18 мянга орчим  хүн амтай атал 60 ортой эмнэлгээр үйлчлүүлдэг, соёлын төвгүй хэрнээ төмөр замын умгар соёлын төвд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Монгол Улсын томоохон боомт өнөөдөр ийм л байдалтай байна.

 Замын-Үүдэд баригдаж байгаа ложистикийн бүтээн байгуулалт энэ онд дуусах уу?

-Бүс нутгийг хөгжүүлэх ложистикийн төв Замын-Үүд суманд баригдаж байна. Ложистикийн төвийн бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны 40 сая долларын хөнгөлөлттэй зээл, таван сая долларын буцалтгүй тусламж, мөн Монгол Улсын Засгийн газрын 26 сая долларын хөрөнгө оруулалтаар 2012 оноос эхлэн зураг төсвийг нь гүйцэтгэж барьж эхэлсэн байдаг.

Бүтээн байгуулалтыг олон улсын нээлттэй тендерт шалгарсан БНХАУ-ын 21 дүгээр товчоо гүйцэтгэж буй. "Одоогоор ложистикийн төвийн 3.6 км цэвэр усны шугам, төмөр замын гүүрэн байгууламж, 1.6 км авто зам, 11.5 км төмөр зам,  110 кв цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл зэрэг ажлыг хийж дуусгасан.

Ложистикийн төвийг ашиглалтад оруулснаар төмөр замын ачааллыг гурав дахин бууруулж нарийн царигаас өргөн цариг руу ачаа шилжүүлэн ачих, Монгол Улсын импорт, экспортын барааны дамжин өнгөрөх хүчин чадлыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн хөдөлмөр, цаг хугацааг хэмнэх олон боломж бий бөгөөд өнгөрсөн онд бид 80 гаруй түр ажлын байрыг бий болгож хамтарч ажилласан бол ложистикийн төв бүрэн ашиглалтад орсноор 300 гаруй ажлын байр бий болох тооцоо бий.

-Бог малын хорио цээрийн бүс байгуулж малыг шинжилгээнд хамруулж хөлөөр нь урд хөрш рүү экспортлох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ажил эхэлсэн үү?

-Засгийн газрын тогтоолын дагуу аймгийн удирдлагуудтай хамтраад мал эрүүлжүүлэх, хорио цээрийн бүсийг Замын-Үүдэд байгуулж байна.Одоо хашаа нь баригдаад дууссан. Ирэх гуравдугаар сард барилга байгууламж нь ашиглалтад орно.

Монгол Улс малаа эхлээд эрүүлжүүлээд Замын-Үүд сумын нутгаар  хөлөөр нь экспортод гаргах боломж бүрдэж байна гэсэн үг. Энэ үйл ажиллагаа бол  малчдын орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх томоохон ажил бөгөөд орон нутгаас тухайн компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж хамтарч ажиллаж байгаа.

-Хилийн боомт хотын гадаад харилцааны тухайд та юу хэлэх вэ?

-Бид гадаад харилцаагаа өргөн хүрээнд хөгжүүлэх эхлэлийг тавилаа. Мөнхийн хөрш Эрээн хоттой олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүрээнд санамж бичиг байгуулсан. Төмөр замын төв талбайн зорчигчийн буух тавцанг  Эрээний хөрөнгөөр засварлаж, суудлын машин ариутгах байгууламжийг 700 гаруй сая төгрөгөөр барьж өгсөн бол, орчин үеийн био 00-ийг хоёр ширхэгийг манайд нийлүүллээ.

Консулын  дэмжлэгээр амьдралын боломж муутай  33 өрхийн хүүхдүүдэд нэг удаа 550 гаруй мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Үүнийг  жил бүр уламжлал болгон өгч байхаар болсон. Бид энэ хугацаанд гадаад харилцааны асуудалд хэрхэн хандах талаар Тагнуулын Ерөнхий газрын Замын-Үүд дэх салбартай хамтран нэг цонхны гадаад бодлогын талаар томоохон сургалт зөвлөгөөн зохион байгуулсан.

Хил хамгаалах туслах хүчний зөвлөгөөнийг зохион байгуулж хилийн байгууллагад 22  сая төгрөгийн  тусламж үзүүлсэн.Иргэд, төрийн байгууллагын 44 алба хаагчдыг хил хамгаалах үйлсэд татан оруулах ажлыг хилийн сумд дундаас анх удаагаа зохион байгуулсан. Хил хамгаалах ажилбол зөвөн хилийн цэргийн  ажил биш хилийн суманд ажиллаж, амьдарч байгаа хүн бүхний үүрэг гэж ойлгож байгаа.

-Энэ онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтаас дурдвал?

Олон бүтээн байгуулалтыг нэрлэж болно. 2018 оныг Замын-Үүд сумын ЗДТГ-аас  “Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн ил тод байдлыг бэхжүүлэх жил” болгон зарласан. Жилиин ажлынхаа нээлтийг хоёрдугаар сарын 05-нд Замын-Үүд сумынхаа иргэд байгууллагынхаа дунд зохион байгуулснаас гадна өнгөрсөн оныхоо тайланг тавьсан. Монгол Улсын импортын барааны 70 гаруй хувь, экспортын 35 хувь нь тус боомтоор эргэлддэг.

Өнгөрсөн жил Замын-Үүд боомтоор 1.1 сая тонн ачаа төмөр замаар гарсан нь түүхэнд байгаагүй амжилт болсон.Ингээд үзэхээр Замын-Үүд бол яах аргагүй Монгол Улсын  хөгжлийн гарц юм.Тийм учраас Замын-Үүд сумыг Монгол Улсын Их хурал, Засгийн  газрын хэмжээнд анхаарч ажиллаж байна. 2017 оны  12 дугаар сард Монгол Улсын  Их хурлын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин манай суманд албан томилолтоор ажиллахдаа Чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсан.

БНХАУ-ын талаас 50 гаруй сая доллар, Монголын талаас найм орчим сая гээд нийт 60 гаруй сая доллараар  усан хангамж, ариутгах татуурга, дулааны станц, цахилгаан хангамж, авто зам холбоо зэрэг багц ажлын бүтээн байгуулалт дууссан. Заримыг нь Улсын комисс хүлээж авсан заримынх нь тохируулгын ажил хийгдэж байна. Энэ жил Улсын комисст зарим барилгыг хүлээлгэн өгөх байх. Үүнийг даруйхан хүлээж авч энэ онд Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээнэ гэж хэлээд явсан.

Чөлөөт бүсэд олгосон газар дээр энэ оны хавраас үйлдвэр, үйлчилгээ, зочид буудал зэрэг цөөнгүй салбарт бүтээн байгуулалт өрнүүлнэ. Ингэснээр Замын-Үүд суманд суурьшил нэмэгдэж, зах зээл тэлж, ажлын байр нэмэгдэх боломжтой. Энэ жилийн томоохон ажлын нэг бол Чөлөөт бүсийг ашглалтад оруулах явдал. Мал Эрүүлжүүлэх бүс, ложистикийн төв, нарны цахилгаан станц, гуравдугаар багийн нутагт шинээр Багийн Ажлын албаны байр, өрхийн эмнэлэг ашиглалтад оруулна.

Мянганы замын босоо тэнхлэгийн дагуух Сайншанд-Замын-Үүдийг холбосон замын дутуу хэсэг буюу 600 орчим метр замыг ашиглалтад оруулах төлөвлөгөө бий.Сум доторх жижиг замууд, нийтийн эзэмшлийн орон сууц, дулаан хангамжийн асуудлыг долоон нийтийн эзэмшлийн орон сууц, гурван төрийн байгууллагыг төв зууханд холбосноор таван уурын зуухыг буулгасан.

Ингэснээр утаа тодорхой хэмжээгээр багасахаас гадна дулааны үнэ буурсан. Бид Замын-Үүд сумыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөтэй уялдуулж бодлого зорилт, үндсэн чилэлээ тодорхойлон ажиллаж байна.

-Шинээр баригдсан дулааны станцын ашиглалтын зардлыг дийлэхгүй гэж орон нутаг үзэж байгаа. Ер нь цаашид ашиглалтыг ямар байгууллага хариуцах вэ?

-Дулааны станц 90 мBт-ын хүчин чадалтай. Нийт 17.9 сая ам долларын өртгөөр бүтсэн. Замын-Үүд сумын дулааны хэрэглээ нийт 18 орчим   мBт. Үүнд жилдээ гурван тэрбум төгрөгийн орлого олдог бол дулааны станцыг ажиллуулсан тохиолдолд урьдчилсан тооцооллоор жилдээ 12 орчим тэрбум  төгрөгийн зардал гарах тооцооллыг хийсэн. Өнөөгийн бидний хэрэглээ энэ хөрөнгийг   төвлөрүүлэх боломж байхгүй.

Гэхдээ орон нутгийн өмчит “Чандмань бадрал” компанийн одоогийн байгаа бүтцийг хэвээр нь ажиллуулах саналыг тавьсан. Тиймээс ашиглалтыг Чөлөөт бүсэд хариуцуулахаар шийдвэрлэж байх шиг байна. Чандмань бадрла компаднид 100 гаруй ажилтан ажиллаж байгаа. Харин станц, ариутгах татуурга ажиллаж эхэлсэн тохиолдолд 200 гаруй хүний ажлын байр шинээр гарна. Дээр нь  дулааныг хэрэглэгчиддээ хүргэх шугам хоолойн ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулах шаардлага бий.

-Хил дамнасан Чөлөөт бүсийг  БНХАУ илүүтэй сонирхоод байх шиг?

-Хоёр талын ашиг сонирхол адилхан байгаа гэж ойлгож байна. Засгийн газар хооронд хэлэлцэж тохирох асуудал. Чөлөөт бүсийг барьж ашиглалтад оруулах талаар төр засгийн хэмжээнд олон жил ярьсан.

Замын-Үүд сум өдрийн жуулчин хүлээж авах бааз суурь боломж хэр байна?

-БНХАУ-ын Эрээн хотод жилдээ 1.7 сая жуулчин хүлээн авдаг гэсэн. Үүнээс ядаж бид 50 гаруй мянган жуулчныг хүлээн авдаг болбол Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр, рестораны орлого нэмэгдэж эдийн засаг сайжрах боломжтой.Өдрийн жуулчин хүлээн авах тал дээр УИХ-ын гишүүн аймаг орон нутгийн удирдлага ихээхэн  дэмжиж ажиллаж байгаа.

Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр компани бий. Нэг нь Төмөр замын аялал жуулчлалын бааз, нөгөө нь “Цайны зам” ХХК-ийн бааз.Энэ баазуудад аялал жуулчлалын үйлчилгээ тулгуурлаж байгаа. Бид аялал жуулчлал хөгжүүлэх дэд бүтэцээ сайжруулж жуулчдын сонирхлыг татах үзүүлбэрүүд, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн гээд олон төрлийн зүйлийг зах зээлд нэвтрүүлэх хэрэгтэй. Үүнийг төр дангаараа авч явж чадахгүй.

Хувийн хэвшилтэй  хамтарч босгоно. Зохицуулалтыг төр бодлогоор хийж хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийх эрх нь нээлтэй. Жуулчдад сайхан сэтгэл үлдээх, аюулгүй байдлыг нь хангах тал дээр онцгой анхаарах ёстой.

-Хил гаалийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал яригдсан. Хэзээ ажил хэрэг болох вэ?

-БНХАУ-ын Эрээний боомтоос Монгол Улсын  Замын-Үүдийн боомт руу нэвтрэхэд жижигхэн лонх руу орж ирж байгаа  юм шиг санагддаг. 1990-ээд оны төлөвлөлтөөр явж байна. Хоёр автобус  буюу 90 орчим хүн орж ирэхэд л жижиг заал нь дүүрчихдэг. Гэтэл зорчигчдын урсгал нэмэгдсээр.

Тийм учраас Замын-Үүд боомтын хүчин чадлыг сайжруулах талаар онцгой анхаарах ёстой.Энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамны түвшинд яригдаж  буй. Удахгүй шийдэгдэх байх гэж найдаж байна.   

Замын-Үүдэд нэн тулгамдсан ямар асуудал байна?

-Олон асуудал бий. Бид гурван зүйлийг чухал гэж үзэж байгаа. Юун түрүүнд эрүүл мэндийн асуудал.Замын-Үүд сум хөл хөдөлгөөн ихтэй. Нэгдүгээрт сүрьеэ, хоёрдугаарт  бэлгийн замын өвчлөл, гуравдугаарт элэгний вс вирүс. Дээрх өвчинтэй тэмцэхийн тулд аймгийн Засаг дарга, салбарын яам, Эрүүл мэндийн газартайгаа хамтраад эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж, тоног төхөөрөмжийг шинэчилж байна.

Хүн амд үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал их. Хилийн боомт учир хүн амын суурьшил, хөдөлгөөн ихсэж байгаа нь халдварт өвчин дэлгэрэх  шалтгаан болж буй. Дорноговь аймагт бүртгэлтэй сүрьеэтэй иргэдийн 50 хувь нь Замын-Үүдэд бий.       

Хоёр дахь нь гэмт хэрэг.Нийгмийн хэв журмыг сахиулах зорилгоор  нийт 39 сая төгрөгийн хөрөнгөөр 41 ширхэг теле камер худалдан авч сумын гол уулзвар гарцуудад нэгдүгээр сарын дундуур байршууллаа. Гурав нь 360 градус эргэдэг камерь байгаа. Орчин үеийн хүчин чадал бүхий камер. Цагдаагийн албанд удирдлагын төв нь ажиллаж байгаа.

Хилээр орж гарч буй арилжаа наймаа эрхлэгчид, буудал цэнгээний газрын нөхцөл байдал болон авто тээврийн хөдөлгөөнийг хянах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хотыг хараа хяналттай болгох зорилгоор цаашдаа Замын-Үүдийг бүрэн камержуулах зорилт бий. Дээр нь олон нийтийн цагдаагийн тоог нэмэх асуудлыг зохих шатны байгууллагад тавьсан.

Гурав дахь чухал асуудал бол Замын-Үүд сум өөрийн орлогыг нэмэгдүүлэх явдал.Орлогоо нэмэгдүүлж байж орон нутаг хөгжинө.Бид аймгийн төсөвт өнгөрсөн жил 2.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

-2017 оны 11 дүгээр сарын 02-нд Замын-Үүд суманд алга болсон Д.Сэржмядаг охиныг эрэн хайх  ажиллагаа ямар түвшинд явж байна?  Охин амьд мэндэ олдох найдлага байна уу?

-Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Сэржмядаг охин алга болоод бараг гурав сар болж байна. Охиныг алга болсон цагаас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга болон  хууль хяналтын байгууллагууд, Замын-Үүд сумын удирдлага, харьяалах байгууллагууд, бүгд л санаа зовниж, санаачилга гаргаж, иргэдийн оролцоотойгоор 1000 гаруй хүнийг дайчилж гурав хоног эрэн хайх  ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.

Үүний дараа хэрэг цагдаагийн байгууллагад бүрэн шилжиж эрүүгийн хэрэг үүссэн. Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргын тушаалаар  Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Охиныг амьд мэнд олдоосой гэж аймаг орон нутгийн удирдлага, сайхан сэтгэлт хүн бүхэн л хүсэж, санаа зовниж байгаа.Сум өөрийнхөө хэмжээнд ГХУСАЗСЗ-өөс хэргийн илрүүлэхэд нөлөөлөхүйц, үнэтэй мэдээлэл өгсөн хүнд таван сая төгрөг, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан мөн л  үнэтэй мэдээлэл өгсөн хүнд 50 сая төгрөг амалсан бол аймгийн Засаг дарга 10 гаруй сая төгрөг болон сайн санаат хүмүүс дэмжлэг туслалцаа үзүүлсэн.

 



Н.Алдарбаяр:Ажлын хариуцлага, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхийн төлөө онцгой анхаарч ажилласан

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-02-19 21:26:19
    ??????: Энэ Замын үүдийн төрийн албаны дарга нар нь ямарч боловсролгүй Хүмүүс байдаг гэсэн ийм байж яаж Хотоо хөгжүүлэх вэ.хүмүүс зөв хэлжээ.Боловсон хүчин муутай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-02-19 21:22:48
    ?????: Энэ замын үүдийн зарим төрийн байгууллагын нь дарга нар ямарч боловсролгүй 7 р анги төгссөн хүн Хүртэл байдаг гэсэн ийм Байж яаж мёнёжмёнт ярих вэ дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-02-09 23:57:47
    irgen: Yuch hiigeegui baij hiitsen ym shig burahaa bolij vz.zamiin vvdiin bvh l alban tushaal deer chinii hamaatan sadan hud urag bvgd l suuj bna.ajilaa meddeg amitan neg shirhegch baihgui boon hvnd surtal l bdag shdee aldar bayraa.zahiin jishee helhed tanai MAN iin gishvvn gegdeh salerik tsementnii hulgaich.teeshnii achigch Ganbold bagiin zasag hiigeed ywaj bgag chi medej bga.chamaig zasag bolsonoos hoish zamiin vvd hogond barigdaj.gemt hereg olshirch hvnii nyalah hvvhed hvrtel oldohgui bga.hvvhed alga bolhoos omno kamerjuulah yostoig hen hvngvi medej bga.chinii tanil tal hamaatan sadan namiinhaa gishvvdiig bvh alban tushaald tawisan buruu vildelees bolj olon hvn hohirch bga gedegiig chii medehvvv.bidniig hvvhed bhad 7n honogt neg udaa bvh niiteeree ******** tsewerlegeend garch.manai zamiin vvd shirhegch hoggui bdag bsn.odoo bga bdalaa haraldaa end tendgui bitvv ********.tomor zamiin zvvn hoid bolon zvvn mch,1 mch2 iin zvvn talaar bitvv ********.aldarbayaraa hatuuhan helhed chii bolon chinii naimiin hulgaich hudalch naimaachin nowshuud ta bvgd hezeech toriin alba hashij chadahgui tentsehchgui.yuuch hiigeegui yuuch hiij chadahgui baij hudalaa vnen vlger suuhaa bolij vz.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-02-08 12:01:54
    ????????: Замын үүдийн захирагчийн албаны дарга гээд авгай ажлаа мэдэхгүй дандаа хүний заавраар хөдөлнө шүү өөрөө зайлчиж болдоггүй юм байхдаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-02-08 09:44:27
    Зочин: Tord baihad noyn nuruutai tulguurtai zaluu